Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 136/ШШ2020/00279

 

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 24 өдөр 136/ШШ2020/00279 Дорноговь аймаг.

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Ялалт плаза 1101 тоотод оршин байрлах Шинэхэн Инвест банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг, Өргөн сум, 4-р баг, Сэнж найрамдал 2 гудамж, 7 байр, 2-16 тоотод оршин суух Шарнууд овогт Даваагийн Мөнх-Эрдэнэ /РД:ЕЦ80093079/,

 

Хариуцагч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 2-р баг, 37-р байр, 6 тоотод оршин суух Боржигон овогт Цэрэндуламын Байгалмаа /РД:ЕЮ77120205/ нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 7 359 464 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн, хариуцагч Д.М, Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Шинэхэн Инвест ББСБ-ийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус банк бус санхүүгийн байгууллага нь иргэн Д.М, Ц.Б нартай 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 19/95 тоот Зээлийн гэрээ байгуулан 7 350 000 /Долоон сая гурван зуун тавин мянга/ төгрөгийн зээлийг, жилийн 40 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар олгосон. Гэвч зээлдэгч Д.М, Ц.Б нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, удаа дараа зөрчил гарган 2020 оны 02 дугаар сарын 07-ний өдрөөс хойш зээлийн төлөлт огт хийгдээгүй байна. Өнөөдрийн байдлаар Д.М, Ц.Б нар нь Зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 6 330 510 /Зургаан сая гурван зуун гучин мянга таван зуун арав/, бодогдсон хүү 1 014 273 /Нэг сая арван дөрвөн мянга хоёр зуун далан гурав/, нэмэгдүүлсэн хүү 14 680 /Арван дөрвөн мянга зургаан зуун ная/, Нийт 7 359 464 /Долоон сая гурван зуун тавин есөн мянга дөрвөн зуун жаран дөрөв/ төгрөгийн өртэй болоод байна. Иймд дээрх зээлдэгч нараас бодогдсон үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байгааг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.М шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч Ц.Бтай хувааж нэхэмжлэлийн шаардлага болох 7 359 464 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.

Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан хариу тайлбараа: Миний бие Шинэхэн инвест банк бус санхүүгийн байгууллагаас Хонда Инсаит маркын автомашиныг зээлээр авсан. Машиныг Д.Мөнх-Эрдэнийн нэр дээр авсан бөгөөд батлан даагчаар би бүртгүүлж гар хөлийн үсэг зурсан. Д.М нь холбогдохгүй, удаан хугацаагаар байхгүй байгаа тул, хөөцөлдөх машины бичиг баримтаас эхлээд ажил их байгаа тул энэ хүнийг яаралтай ирүүлэхийг хүсэж байна.

 

Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан нэмэлт тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие энэ оны 2 дугаар сарын 8-ны өдөр Мөнх-Эрдэнийг ажилд нь хүргэх гэж явж байгаад аваарт орж бие эрс муудсанаас эхлээд энэ хүн миний нүдэнд цөөхөн харагдсан. 3 сард Улаанбаатар хотод нурууны хагалгаанд ороход 1 харагдсан. Хонда Инсаит автомашиныг 2019 оны 8 сард Шинэхэн инвест компаниас зээлээр авсан нь үнэн болно. Байгалмаа миний хувьд эрхэлсэн ажилгүй, нэг ч л төгрөгийн орлогогүй, өмнө нь ч тийм байсан. Тус машиныг худалдаж авахад 4 000 000 төгрөгийг Нэт капитал банк бус санхүүгийн байгууллагаас Ц.Б би дангаараа зээлж авсан. 2019 оны 8 сараас 2020 оны 2 сар хүртэл 6 сарын хугацаанд Байгалмаа би л төлж байсан нь үнэн. Миний биеийн байдал ослын дараа тархи, нурууны гэмтлээр 90 хувьтай тогтоогдсон. Иймд төлбөрийг хамтран төлөх боломжгүй тул Д.Мэр төлүүлж өгнө үү гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Шинэхэн Инвест банк бус санхүүгийн байгууллага нь хариуцагч Д.М, Ц.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7 359 464 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Д.М, Ц.Б нар нь 7 359 464 төгрөг төлөх нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байх боловч Д.М 7 359 464 төгрөгийг Ц.Бтай хамтран төлнө гэж, Ц.Б зээлийн гэрээнд гарын үсэг л зурсан, мөн автомашины урьдчилгаа болон 6 сарын зээлийн төлбөрийг дангаар төлсөн тул зээлийн төлбөрийг хамтран төлөхөөс татгалзан маргасан байна.

Д.М, Ц.Б нар Шинэхэн инвест банк бус санхүүгийн байгууллагатай 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 19/95 тоот зээлийн гэрээ байгуулан 7 350 000 төгрөгийн зээлийг жилийн 40 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай авсан байх ба эдгээр үйл үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хийсэн барьцааны гэрээ /Фидуцийн гэрээ хх-13,14/ нь хуулийн хувьд хүчин төгөлдөр гэж дүгнэлээ.

 

Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч тал гаргаагүй боловч хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардаж нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах агуулгатай байна гэж үзэж, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

Зээлдэгч 7 350 000 төгрөгийг бэлнээр авсан, зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлдэгч зээлээ төлөөгүй, гэрээний үүргийн биелэлт зөрчигдсөн үйл баримт нь Бэлэн мөнгөний зарлагын баримт /хх-16/, Зээл түүний хүүг буцаан төлөх хуваарь /хх-12-13/, Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцоолол /хх-17/, хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын аль нэг нь хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчээс хариуцагч нарт зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгэх талаар удаа дараа сануулж, мэдэгдэж байсан гэх бөгөөд энэ талаар хариуцагч маргаагүй тул хуульд заасан нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүйтэй адилтган үзлээ.

 

Хариуцагч нар нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран гүйцэтгэгч байх бөгөөд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч банк өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд буюу хэсэгчилэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр байна.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж хуульчилсан. Мөн хариуцагч нарын тайлбарт үндэслэн тэдний хүлээх үүргийг тус бүрт тооцож үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй гэж дүгнэлээ.

 

Ц.Бгийн шүүх хуралдаанд Шинэхэн инвестээс Д.М зээл авахад гарын үсэг зураарай гэсэн. Хамтран төлнө гэж бодоогүй. Гэсэн хэдий ч 2019 оны 8 сараас 2020 оны 2 сар хүртэл 6 сарын төлбөрийг би төлж байсан гэж, хариуцагч Д.М Би төлбөр төлж байсан. Байгалмаа нь цалингийн данстай хамтран эзэмшигчээр явдаг тул мобайлдаад авдаг гэж мэдүүлсэн. Хэрэгт авагдсан баримтад Д.Мөнх-Эрдэнийн цалингийн данс хамтран эзэмшигчтэй эсэх талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Ц.Бгийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга/хх-33-40/-ийг шинжлэн судлахад 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хооронд нийт 2 250 000 төгрөгийг Шинэхэн инвест банк бус санхүүгийн байгууллагын Хаан банк дахь 5111478907 тоот дансанд шилжүүлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.13 дахь хэсэгт Хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хэн нэг нь төлбөрийн чадваргүй бол үүргийн түүнд оногдох хэсгийг төлбөрийн чадвартай бусад үүрэг гүйцэтгэгчид тэнцүү хуваарилна. гэж заасан. Ц.Б нь 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр авто осолд орж гэмтсэн бөгөөд хөдөлмөрийн чадвар алдалтыг 90 хувиар тогтоосон нь Дорноговь аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 339243 дугаар шийдвэр, тайлбараар тогтоогдож байна. Иймд Ц.Бд хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон буюу төлбөрийн чадваргүй болсон байх тул зээлийн гэрээний үүрэгт шаардсан 7 359 464 төгрөгийг 19/95 тоот зээлийн гэрээний зээлдэгч Д.М төлөх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 19/95 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 7,359,464 төгрөгийг зээлдэгч Д.Мэс гаргуулж, Шинэхэн инвест банк бус санхүүгийн байгууллагад олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 132 701 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 132 701 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.13 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Мэс зээлийн гэрээний үүрэгт 7 359 464 төгрөгийг гаргуулж Шинэхэн Инвест банк бус санхүүгийн байгууллагад олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 132 701 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 132 701 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА