Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 136/ШШ2020/00291

 

 

 

 

 

 

2020 оны 08 сарын 03 өдөр Дугаар 136/ШШ2020/00291 Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Далай шанд сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга М.Чы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 1-р баг, аюуш гудамж, 5-18 тоотод оршин суух, Боржигон овогт Гонгорын Отгонбаатар /РД:ЕЭ80080792/-д холбогдох

Дорноговь аймаг, Сайншанд сум, 2-р баг, Алтанговийн 102-1 байрны 04 тоот подваль чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Далай шанд сууц өмчлөгчдийн холбооны төлөөлөгч М.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсэгт зааснаар орон сууцны доод хонгил нь орон сууцны өмчлөгчдийн дундын эд хөрөнгөнд хамаардаг ба сууц өмчлөгчдийн холбооноос иргэдийг дэмжих зорилгоор гэрээний үндсэн дээр иргэдэд түрээслүүлдэг юм. Г.О нь 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл тус сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн хөрөнгө болох Алтанговийн 102-1 байрны 04 тоот подвалийг түрээслэн гутал засварын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл хугацаанд түрээсийн төлбөрийг бүрэн гүйцэт төлөхгүй, гэрээ хийхгүй, удаа дараа шаардсан боловч биелүүлэхгүй байгаа тул Дорноговь аймгийн Сайншанд сумын 2-р баг Алтанговийн 102-1 дугаар байрны 04 тоот подвалийг чөлөөлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Далай шанд сууц өмчлөгчдийн холбооны төлөөлөгч М.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорноговь аймгийн Сайншанд сумын Алтанговь худалдааны төвийн 102 дугаар байрны 01 тоот байрны 4 тоот подвалийн давхрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Дээрх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна гэв.

Хариуцагч Г.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.О миний бие Алтанговийн 102-1 дүгээр байрны 4 дүгээр подвалийг чөлөөлөхгүй. Учир нь М. Чулуун нь Далай шанд СӨХ-ын удирдах зөвлөлийн дарга болсныг мэдээгүй. Дундын өмчлөлийн эд хөрөнгийг өөрийн хувийн өмч мэт чөлөөлөхийг шаардаж байгаад гомдолтой байна. Бид энэ подвальд 2007 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд СӨХ-ын дарга гэх С.Одвал нь түрээсийн мөнгийг бэлнээр авах, түрээслэгч нартайгаа зөвлөлдөхгүй хурал зөвлөгөөн хийхгүй түрээсээ нэмэх эсэргүүцвэл гар дараагийн хүн нь бэлэн байгаа гэж дарамталдаг. 2017 онд С.Одвал нь бүх түрээслэгчдээс их хэмжээний мөнгө нэхэмжилсэн тухайн үед С.Одвалыг СӨХ-ын дарга биш болохыг шүүхийн байгууллага тогтоож өгсөн. 2018 онд Сайншанд сумын 2-р багын иргэд нийтийн хурлаар С.Одвалын эрхийг түдгэлзүүлж Жамьянжав гэх залууг томилсон байдаг. Бид цаашид хуулийн дагуу томилогдсон даргатай гэрээ хийх хүсэлтэй байна. С.Одвалыг оршин суугчидтай нээлттэй хуралдаж томилогдсон гэдэгт эргэлзэж байна. гэжээ.

Нэхэмжлэгч Далай шанд сууц өмчлөгчдийн холбооны төлөөлөгч М.Ч нэхэмжлэгчийн хариу тайлбартай танилцаад гаргасан нэмэлт тайлбартаа: Г.Отгонбаяр 2007 оноос хойш одоог хүртэл тус подвальд үйл ажиллагаа явуулж байгаагаа хүлээн зөвшөөрч байна. 2017-02-29-ний өдөр Далай шанд сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн анхдугаар хурлын тогтоолоор М.Чыг сонгосон. Далай шанд СӨХ-ийн захирлаар С.Одвалыг томилсон тогтоолыг шүүхээс авч танилцаад хууль ёсны гэдгийг нь тогтоосон. Жамьяанжав гэдэг залуу сонгогдож байсан боловч ажлаа хийлгүй алга болсон түүхтэй. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.О нь 2007 оноос хойш тус подвальд гутал засварын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд СӨХ-ын дарга С.Одвал гэдэг хүнд түрээсийн төлбөрөө төлдөг байсан. С.Одвал нь 2016.06.01-нээс хойш түрээс төлөөгүй гээд байгаа боловч миний бие 2013.12.02-ны өдөр бэлнээр 200 000 төгрөг, 2014.01.11-нд 520 000 төгрөгийг С.Одвалын хувийн данс руу, 2014.01.30-нд бэлнээр 120 000 төгрөг өгсөн байдаг. Нийтийн өмчийг хувийн өмч мэт үздэг, түрээсийн төлбөрийг хувьдаа хэрэглэдэг байсныг мэдээд бид түрээсээ 2016 оноос өгөхөө зогсоосон. С.Одвал биднээс их хэмжээний мөнгө нэхэж шүүхэд хандсан бөгөөд 2016.05.13-ны өдрийн 136/ШЗ2016/00671 шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. С.Одвал нь хууль бусаар томилогдсон, хэрхэн томилогдсон нь тодорхойгүй. Иймд үүнээс хойш хуулийн дагуу хурлаа хийж шийдвэр гарган гэрээгээ хийнэ үү. Бид гэрээгээ хийж үйлчилгээгээ хэвийн явуулах хүсэлтэй байна. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

Нэхэмжлэгч Далай шанд сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Г.От холбогдуулан Дорноговь аймаг, Сайншанд сум, 2-р баг, Алтанговийн 102-1 байрны 04 тоот подваль чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчаас нэхэмжлэгч Далай шанд сууц өмчлөгчдийн холбоо нь хуулийн дагуу байгуулагдаагүй, удирдах зөвлөлийн дарга М.Ч, гүйцэтгэх захирал С.Одвал нар хуулийн дагуу сонгогдож томилогдсон этгээд биш тул хүлээн зөвшөөрөхгүй, мөн маргаан бүхий Алтанговийн 102-1 байрны 04 тоот подвалийн түрээсийн төлбөрийг төлж байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзжээ.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4 дэх хэсэгт удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сууц өмчлөгчдөөс сонгож, тайланг нь хэлэлцэх, тэдний үйл ажиллагаатай холбогдсон гомдлыг хянан шийдвэрлэх; гэж заасны дагуу 2017 оны 2 дугаар сарын 19-ны өдрийн Далай шанд сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлаар М.Ч нарын удирдах зөвлөлийн 9 гишүүнийг сонгожээ. Тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт Удирдах зөвлөлийн даргыг зөвлөлийн гишүүдийн дотроос олонхийн саналаар сонгоно. гэж заасны дагуу Далай шанд сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн 2017 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн анхдугаар хурлын 01 дугаартай тогтоолоор Далай шанд сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн даргаар Маам овогтой Чулууныг сонгон баталгаажуулжээ.

Далай шанд сууц өмчлөгчдийн холбоо нь Дорноговь аймгийн Сайншанд сум, Алтанговийн 1-р гудамжны 102-р байрны сууц өмчлөгчдийн холбооны чиг үүргийг хэрэгжүүлдэг болох, мөн хуулийн дагуу байгуулагдаж, бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан Далай шанд сууц өмчлөгчдийн холбооны 2017 оны 2 дугаар сарын 19-ны өдрийн бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, Далай шанд сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн 2017 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн Удирдах зөвлөлийн даргыг сонгох тухай 01 дугаартай тогтоол, Далай шанд сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн 2017 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн анхдугаар хурлын тэмдэглэл, тус сууц өмчлөгчдийн холбоог бүртгэсэн Сайншанд сумын Засаг дарга бөгөөд хотын захирагчийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 17 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт сууц өмчлөгчдийн холбоо гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид орон сууцны байшин гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ... орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах гэж, 10 дугаар зүйлийн 10.8.3 дахь хэсэгт дундын өмчлөлийн эд хөрөнгийг бусдад түрээслүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах эсэхийг шийдвэрлэх гэж, 10 дугаар зүйлийн 10.10.7 дахь хэсэгт энэ хуулийн 12.6-д заасан асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэж заасан бөгөөд Далай шанд сууц өмчлөгчдийн холбоо нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах, бусдад түрээслүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах эсэхийг шийдвэрлэх эрхтэй юм. Мөн сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга М.Ч тус холбоог төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлжээ.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөнд дараахь эд хөрөнгө хамаарна: 15.1.1. орон сууцны байшингийн ... доод хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө; гэж заасан. Талуудын маргааны зүйл болж байгаа орон сууцны подваль нь орон сууц өмчлөгчдийн дундын эд хөрөнгө мөн байх бөгөөд зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5-д холбооны дүрэмд заасан бол дундын өмчлөлийн эд хөрөнгийг гэрээний үндсэн дээр тодорхой нэг этгээдийн эзэмшил, ашиглалтад шилжүүлж болно гэж заасан.

Г.О нь Дорноговь аймаг, Сайншанд сум, 2-р бага, Алтанговийн 102-1 байрны 04 тоот подвалийг тохиролцон 2007 оноос хойш түрээсэлсэн, ингэхдээ бичгээр түрээсийн гэрээ байгуулаагүй, мөн түрээсийн төлбөрөө 2016 оноос хойш төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн зүгээс Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт Гүйцэтгэх захирал дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ: 12.4.5.дундын өмчлөлийн эд хөрөнгийг түрээслүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах талаарх гэрээг холбооны нэрийн өмнөөс байгуулах гэж заасны дагуу 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 11 дүгээр албан бичгээр орон сууцны подваль хөлслөх гэрээ байгуулахыг мэдэгдсэн боловч хариуцагчаас нэхэмжлэлд дурдсан шалтгаанаар гэрээ байгуулахаас татгалзжээ.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10.8 дахь хэсэгт Удирдах зөвлөл дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ: 10.8.2.холбооны гүйцэтгэх захирлыг сонгох, чөлөөлөх; гэж заасны дагуу Далай шанд сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн анхдугаар хурлын 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Гүйцэтгэх захирлыг томилох тухай 03 дугаар тогтоолоор С.Одвалыг томилсон нь баримтаар тогтоогдож байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 04 тоот подвалийг 2007 оноос хойш түрээсэлсэн. 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр бэлнээр 200 000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 520 000 төгрөгийг С.Одвалын хувийн данс руу, 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр бэлнээр 120 000 төгрөг түрээсийн төлбөрт төлсөн. Эдгээр мөнгө нь өмнөх сарын төлөгдөөгүй төлбөр байсан. С.Одвал нь түрээсийн төлбөрийг хувьдаа хэрэглэдэг байсан гэх бөгөөд хариуцагчаас төлсөн төлбөрийн хэмжээн дээр маргаагүй болно.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаас үзэхэд өмнө тохиролцсон түрээсийн төлбөрийг хариуцагч Г.О 2016 оноос хойш төлөөгүй, талуудын хооронд түрээсийн гэрээ бичгээр байгуулагдаагүй, нэхэмжлэгчээс хариуцагчтай гэрээ байгуулах тухай мэдэгдэж байсан зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул Г.Оын Алтанговийн 102-1 байрны 02 тоот подвалийг эзэмших, ашиглах эрх нь дуусгавар болсон буюу хууль бус эзэмшигч болсон байна.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. гэж заасны дагуу Далай шанд сууц өмчлөгчдийн холбоо нь Г.Оын хууль бус эзэмшлээс Алтанговийн 102-1 байрны 04 тоот подвалийг чөлөөлөхийг шаардах эрхтэй байх тул нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж, хариуцагч Г.Оын хууль бус эзэмшлээс дурдсан орон сууцыг чөлөөлүүлэхээр шийдвэрлэв.

Хариуцагч нь 48 айлын подвалийг бидний өөрсдийн хөрөнгөөр засуулж, түрээсээ бодон авч байгаад 2014 онд хөөж гаргасан талаар хариу тайлбартаа дурдсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэг, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Далай шанд сууц өмчлөгчдийн холбооноос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Г.Оаас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Далай шанд сууц өмчлөгчдийн холбоонд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Сайншанд сум, 2-р бага, Алтанговийн 102-1 байрны 04 тоот подвалийг Г.Оын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Далай шанд сууц өмчлөгчдийн холбооны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Оаас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА