Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/04

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

         Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хосбаяр,

           Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Дашням,  

           Шүүгдэгч Б.У нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Ут холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

        Шүүгдэгчийн байцаалт: Монгол иргэн,Б.У

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.У нь 2023 оны 07 дугаар сарын 06-ны шөнө 00 цагийн орчим Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах А102 дугаартай улсын чанартай авто замд ... ... улсын дугаартай Тоёота королла филтер загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дугаар заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” болон мөн дүрмийн 2 дугаар хавсралтын Замын тэмдэглэл 1.4 дүгээр заалт “1.1-1.3 ...тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэснийг тус тус зөрчин эсрэг урсгалд орсны улмаас ...... улсын дугаартай Волво загварын тээврийн хэрэгслийг мөргөн, ... ... улсын дугаартай Тоёота королла фиелдэр тээврийн хэрэгсэлд зорчигч Д.Оийн амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Гэм буруугийн талаар:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсанд тооцуулсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

           Шүүгдэгч Б.У нь 2023 оны 07 дугаар сарын 06-ны шөнө 00 цагийн орчим Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах А102 дугаартай улсын чанартай авто замд ... ... улсын дугаартай Тоёота королла филтер загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дугаар заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” болон мөн дүрмийн 2 дугаар хавсралтын Замын тэмдэглэл 1.4 дүгээр заалт “1.1-1.3 ...тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэснийг тус тус зөрчин эсрэг урсгалд орсны улмаас ...... улсын дугаартай Волво загварын тээврийн хэрэгслийг мөргөн, ... ... улсын дугаартай Тоёота королла филтер тээврийн хэрэгсэлд зорчигч Д.Оийн амь нас хохирсон үйл баримт тогтоогдож байна.

 

          Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн иргэний нэхэмжлэгч Д.Ё-цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Даланжаргалан сум өнгөрөөд явж байтал эсрэг чигийн урсгалаар урдаас хойш чиглэлтэй явж байсан суудлын авто машин гэнэт урсгал сөрөөд өөдөөс чиглээд ороод ирсэн. Би баруун гар талын замын хөвөө рүү шараад тоормос гишгэсэн боловч тухайн суудлын машин маш хурдтай ямар ч хурд сааруулж тоормос гишгэлгүй шууд урсгал сөрж орж ирээд миний жолоодон явсан ...... улсын дугаартай Волво маркийн тээврийн хэрэгслийн урдаас мөргөж осол гаргасан. Би осол гарсны дараа машинаас бууж 00 цаг 10 минутад 103 дугаарын утас руу осол болсон талаар дуудлага өгсөн. Тухайн суудлын машиныг эрэгтэй хүн жолоодож явсан жолооч нь орилоод машиндаа хавчуулагдсан байсан. Онгойлгож чадаагүй би жолоочийг машинаас гаргах гэж машины хаалгыг хөшиж байх хугацаанд онцгой байдлын хүмүүс ирээд жолоочийг машинаас гаргаж эмнэлэг авч явсан. Тухайн машины жолоочийн хажуу талын урд суудалд эмэгтэй хүн сууж явсан байсан. Тухайн эмэгтэй ямар нэгэн хөдөлгөөн дуу чимээ гаргахгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх 24-рт/,

           -Гэрч Э.У-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Талийгаач Д.О нь миний том хүү Б.Уын эхнэр нь байгаа юм...2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр манай хүү Б.У эхнэртэйгээ Улаанбаатар хотод үзүүлж жирэмсний хяналтад оруулна. Улаанбаатар хотод эмнэлэгт цаг авсан 2023 оны 07 дугаар сарын 07-ны өглөө 09 цаг эмнэлэг дээр бэлэн очсон байх ёстой гээд хүүхдээ надад үлдээгээд эхнэрийнхээ хамтаар миний эзэмшлийн ... ... улсын дугаартай Тоёота королла фиелдэр маркийн тээврийн хэрэгсэлтэй 2023 оны 07 дугаар сарын 06-ны орой Сайншандаас Улаанбаатар хот руу 22 цагийн орчимд гарсан...” гэсэн мэдүүлэг /хх 26-рт/,

           -Гэрч Х.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Айраг сумын эрүүл мэндийн төвд дуудлагын эмчээр үүрэг гүйцэтгэн ажиллаж байтал 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө 00 цаг 15 минутад Айраг сумаас хойш 10 километрт зам тээврийн осол гарсан. Биеийн байдал нь хүнд байна” гэсэн дуулга ирүүлсний дагуу би... осол болсон газарт очсон... Суудлын авто машины жолооч эсрэг талын суудалд 30 орчим насны эмэгтэй хүн бид нарыг дуудлагаар очих үед ослын газарт нас барсан байсан. Тухайн суудлын авто машины жолоочийн биед үзлэг хийхэд архи согтууруулах ундааны зүйл амнаас үнэртээгүй. Тухайн жолооч архи дарс уугаагүй, ухаан санаа эрүүл байсан...” гэсэн мэдүүлэг /хх 28-рт/,

           -Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн ... дугаартай “...Амь хохирогч нь дээрх хавсарсан гэмтлүүдийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ. Гэсэн дүгнэлт /хх-ийн 68-70 ху/,

           -Техникийн шинжээчийн ... дугаартай “...... ... улсын дугаартай Тоёота королла филтер маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.У нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-р заалт буюу “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, ЗХД-ийн 2-р хавсралт Замын тэмдэглэл 1.4-р заалт буюу 1.1-1.3 ...тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна. ... ... улсын дугаартай тоёота королла филтер маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.У нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-р заалт ЗХД-ийн 2-р хавсралт Замын тэмдэглэл 1.4-р заалтуудыг тус тус зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 104-105-рт/, 

           -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 123-рт/ шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Уын өгсөн “...Талийгаач манай гэр бүлийн хүн байсан. Албан ёсоор гэр бүлийн баталгаагүй. Эхнэр маань жирэмсэн байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж дүгнэлээ.

 

           Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.

 

           Шүүгдэгч Б.У нь 2023 оны 07 дугаар сарын 06-ны шөнө 00 цагийн орчим Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах А102 дугаартай улсын чанартай авто замд ... ... улсын дугаартай Тоёота королла филтер загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дугаар заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” болон мөн дүрмийн 2 дугаар хавсралтын Замын тэмдэглэл 1.4 дүгээр заалт “1.1-1.3 ...тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэснийг тус тус зөрчин эсрэг урсгалд орсны улмаас ...... улсын дугаартай Волво загварын тээврийн хэрэгслийг мөргөн, ... ... улсын дугаартай Тоёота королла филтер тээврийн хэрэгсэлд зорчигч Д.Оийн амь нас хохирсон үйл баримт тогтоогдсон шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн нас барсан нөхцөл байдал хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол...” гэж гэмт хэргийн үндэс шинжийг хуульчилсан ба мөн зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг заасан.

 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд /2015/ заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг тогтоох зорилгоор Монгол Улсын Засгийн газраас Замын хөдөлгөөний дүрмийг 2018 онд шинэчлэн баталсан.

 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “жолооч" гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг” ойлгоно гэж заасан.

          

           Тиймээс тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг чанд баримтлах үүрэгтэй, хэрэв уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүсэж бий болох гэнэтийн осол, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж байх үүрэг бүхий этгээд юм.

          

           Шүүхээс тогтоосон дээр дурдсан хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрх хохирол, хор уршигт хүргэсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, бүрэн төгссөн гэмт хэрэг байна гэж үзнэ.

 

           Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.У нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дугаар заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” болон мөн дүрмийн 2 дугаар хавсралтын Замын тэмдэглэл 1.4 дүгээр заалт “1.1-1.3 ...тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэж заасныг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарч, хохирогч нас барсан гэж үзэх үндэслэлтэй байна.          

 

           Прокуророос шүүгдэгч Б.Уын үйлдлийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний амь насыг хохироосон гэмт хэргийн шинжээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

           Иймд шүүгдэгч Б.Уыг дээрх болгоомжгүй үйлдлийн улмаас зам тээврийн осол гарч, уг машинд зорчин явсан Д.О барсан нь хоорондоо шалтгаант холбоотой байх тул шүүгдэгч Б.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

           Хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно...”, 2-т “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг хор уршигт тооцно...” гэж тус тус заасан. 

 

           Шүүгдэгч Б.Уаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Алтаннавч нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирогчийн зүгээс гомдол саналгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн /хх 22-рт/ байх тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

           Мөн уг гэмт хэргийн улмаас хохирогч Д.О нь нас барж, бага насны нэг хүүхэд өнчирч үлдсэн бөгөөд тэдний сэтгэл зүй болоод амьдралд нөхөж баршгүй, орлуулшгүй хор уршиг учирсан гэж үзэн цаашид гарах хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

  1. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

          Шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

 

  Шүүгдэгч Б.У нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзлээ.

 

        Шүүгдэгч Б.Уын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журам, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр, хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй хувийн байдал, мөн хохирол төлбөргүй  байдал, улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэлээ.

 

          Шүүгдэгчид шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, мөн дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

 

           Бусад асуудлаар:

 

           Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б-ийн У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Автотээврийн хэрэгсэл хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ут оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын хугацааг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг анхааруулсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

           9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ОДБАЯР