Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/863

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

Улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Билгүүн,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ******* овогт ******* *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305019741270 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.          

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, онцгой байдал-гамшгаас хамгаалах алба мэргэжилтэй, “*******” компанид аврагч гал сөнөөгчөөр ажилладаг гэх, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулан 1 дүгээр хэсэг гудамж, 10-339 тоотод оршин суух хаягтай, /РД:*******/, урьд ял шийтгэлгүй, ******* овогт ******* *******.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Заамарын зам” ХХК-ийн хангамжийн менежерээр ажиллахдаа байгууллагын мөнгөн хөрөнгөнөөс 3,430,039 төгрөгийг хувьдаа авч завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч *******г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтыг хавтаст хэргээс шинжлэн судлав. Үүнд: 

1. ******* ХХК бэлэн мөнгөөр хийсэн худалдан авалтын тооцооны хуудас (хавтаст хэргийн 11-14 дэх тал), 

2. Хохирогч “*******” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Рагчаасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ******* ХХК-ийн менежерээр ажиллаад 2 жил болж байгаа бөгөөд 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Лхагвасүрэн овогтой ******* гэх хүнийг хангамжийн менежерээр хөдөлмөрийн гэрээ болон нууцлалын гэрээ хийж ажилд авсан бөгөөд 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл ажиллах хугацаандаа компанийн нийт хангамжийн менежер лүү шилжүүлсэн мөнгөн хөрөнгөнөөс 3,430,039 төгрөгийг зөрүү гарч 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 800,000 төгрөгийг, 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 615,735 төгрөгийг, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөгийг ******* өөрөө өгсөн бөгөөд үлдэгдэл 1,814,665 төгрөгийг одоо хүртэл өгөхгүй удаа дараа холбогдоход удахгүй өгнөө л гэж хэлсээр байгаад байгаа. Би ******* гэх залуутай хөдөлмөрийн болон нууцлалын гэрээ хийсэн бөгөөд манай 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр ажилд ороод 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр ажлаас халагдсан. Манай компанид учирсан хохирол мөнгийг бүгдийг нь барагдуулж өгсөн. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 109 дэх тал),

3. ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн №170 дугаартай “ажилд томилох тухай” тушаал (хавтаст хэргийн 45 дахь тал),

4. ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн №189 дугаартай “хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаал (хавтаст хэргийн 44 дэх тал),

5. ******* ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн №30/23 дугаартай: “...******* нь 2023 оны 6 сард үлдэгдэл 1,400,000 төгрөгийг манай компанид төлж барагдуулснаар тооцоо дуусаж, манай компанид өр төлбөргүй болсон...” гэх мэдэгдэл (хавтаст хэргийн 115 дахь тал),

6. Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би ******* ХХК-нд хөдөлмөрийн гэрээ болон нууцлалын гэрээ хийж хангамжийн менежерээр 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр ажилд орсон бөгөөд 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл ажиллах хугацаандаа компанийн нийт хангамжийн менежер лүү шилжүүлсэн мөнгөн хөрөнгөнөөс мөн тооцоо алдсаны улмаас 3,430,039 төгрөгийн зөрүү гарч би өөрөө өөрийнхөө буруу гэдгийг хүлээн зөвшөөрч 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 800,000 төгрөгийг, 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 615,735 төгрөгийг, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөгийг өгсөн бөгөөд үлдэгдэл 1,814,665 төгрөг үлдээд байгаа. Би мөнгийг нь бага багаар төлөөд байгаа бөгөөд 5 дугаар сарын 30 гэхэд төлж дуусгана. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчийн хохирлыг барагдуулна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 120 дахь тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******гийн хувийн байдалтайгаар холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 67 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 68 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 69 дэх тал), шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт (хавтаст хэргийн 70 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 71 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын хуулбар (хавтаст хэргийн 72 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч *******гаас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хавтаст хэргийн 55-56 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан “хөрөнгө завших” гэмт хэрэг нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж өөрийн өмчийн адил захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байхыг шаарддаг. 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч “*******” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Рагчаасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон шүүгдэгч *******гийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, ******* ХХК бэлэн мөнгөөр хийсэн худалдан авалтын тооцооны хуудас, ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн №170 дугаартай “ажилд томилох тухай” тушаал, ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн №189 дугаартай “хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаал зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Заамарын зам” ХХК-ийн хангамжийн менежерээр ажиллаж байхдаа түүнд итгэмжлэн хариуцуулсан байгууллагын мөнгөн хөрөнгөнөөс 3,430,039 төгрөг завшиж “*******” ХХК-д 3,430,039 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахай сэдэлтэй байх бөгөөд хохирогч ******* ХХК-нд 3,430,039 төгрөгийн бэлэн мөнгөний хохирол учирсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдсон. 

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан, үүний улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан бага хэмжээнээс дээш хохирол бусдад учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч ******* нь Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч *******д ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон байна.

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн байдал, учирсан хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх байдал болон тодорхой эрхэлсэн ажилтай зэрэг хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, түүнийг 2700 (хоёр мянга долоон зуу)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 (хоёр сая долоон зуун мянга)-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан. 

Иймд шүүгдэгч ******* нь оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж байна.

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас “*******” ХХК-д 3,430,039 төгрөгийн хохирол учирсан болох нь ******* ХХК-ийн бэлэн мөнгөөр хийсэн худалдан авалтын тооцооны хуудас, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр нотлогдсон.

Шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч “*******” ХХК-д 3,430,039 төгрөг нөхөн төлсөн болох нь ******* ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн №30/23 дугаартай: “...******* нь 2023 оны 6 сард үлдэгдэл 1,400,000 төгрөгийг манай компанид төлж барагдуулснаар тооцоо дуусаж, манай компанид өр төлбөргүй болсон...” гэх мэдэгдэл (хавтаст хэргийн 115 дахь тал), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул гэмт хэргийн хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч *******гаас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 2700 (хоёр мянга долоон зуу)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 (хоёр сая долоон зуун мянга)-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.      

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав)-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д сануулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч “*******” ХХК-д 3,430,039 төгрөгийн хохирол нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА