Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 56

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг, 

улсын яллагч П.Нямцэцэг,

шүүгдэгч Б.Эрдэнэхүү, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг,

насанд хүрээгүй хохирогч Б.Чинзориг, түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч М.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Батцэнгэлийн Эрдэнэхүүд холбогдох эрүүгийн 201625031926 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн  Батцэнгэлийн Эрдэнэхүү, 1995 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлааст 5 дугаар гудамжны 30 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар УХ95011619.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

     Шүүгдэгч Б.Эрдэнэхүү нь 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 5 дугаар гудамжинд Б.Чинзоригийг “муухай харлаа” гэсэн шалтгаанаар маргалдаж улмаар зодож, түүний биед тархи доргилт, баруун чамархай, дагзанд зөөлөн эдийн няцрал, нуруунд зулгаралт, үүдэн дээд баруун, зүүн 1-р шүдний хугарал, хүзүүнд цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж, танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Эрдэнэхүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2016 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр би ус авчихаад усны тэрэг түрээд явж байгаад Чинзоригтой тааралдсан. Би Чинзоригийг муухай хараад байна уу гэж хэлж муудалцаад салж усны тэрэг рүүгээ явсан. Гэтэл Чинзориг араас гинжээ тайлаад үзье гэхэд нь би очоод цохисон. Миний буруу байсан…” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Б.Чинзориг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр би найзыгаа хүлээгээд зогсож байсан. Би харанхуйд эхлээд Эрдэнэхүүг харчихаад таниагүй, худаг ажиллахгүй байгаа гэхэд Эрдэнэхүү яагаад муухай хараад байгаа юм бэ гэсэн. Тэгэхээр нь би хэн муухай харсан юм бэ гэж хэлсэн. Эрдэнэхүү усны тэргээрээ миний урдах замыг хааж тавьснаа учиргүй миний хоолойг боогоод байсан. Тухайн үед би хүзүүндээ гинжтэй байсан тул Эрдэнэхүү миний хоолойг бооход амьсгалж чадахгүй хоолой өвдсөн. Дараа нь миний нүүр рүү нэг удаа цохиход миний нүд харанхуйлаад доошоо дөрвөн хөллөөд унасан. Бид урьд нь муудалцаж байсан ч гар бариад эвлэрээд салсан байсан. Энэ сүүлд болсон зодоон өмнөхтэй огт хамаагүй...” гэв.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Батбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Миний хүү манай ээжийнд байдаг юм. Тухайн өдөр 9 дүгээр сарын 22-ны өдөр байсан. Намайг ажилтай байхад ээж над руу залгаад Чинзориг хүнд зодуулсан байна гэсэн. Хүү маань надад хэлэхдээ, Эрдэнэхүү гэдэг ах гудамжинд тааралдаад намайг муухай харлаа гээд хоолой гинжээр боосон, хоолой боогдоод байна гинжээ тайлъя гэж хэлэхэд нүүр рүү цохисон, би доошоо суугаад тонгойход толгой, нуруу руу дэвсээд байж байхад Тэнгэр ирж салгасан. Тэгээд миний шүд хугарсан байсан гэж ярьсан. Хүү маань бага насандаа үүдэн хоёр шүдээ цохиулж насанд туршдаа хиймэл шүдтэй болж байгаад гомдолтой байна. Хүүгийнхээ шүдийг эмчлүүлэхэд нийт 1.815.000 төгрөгийн зардал гарсан. Ер нь бол Эрдэнэхүү удаа дараа урд нь тааралдахаараа муухай харлаа, ална гэж занадаг байсан гэж байна. Ямар шалтгаанаар манай хүүхдийг занаж зүхэж гэмтээж байдгийг нь асуумаар байна. Эрдэнэхүүд гомдолтой байгаа тул шүдний үнэ болох 1.815.000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ мөнгийг хүүгийн нэр дээр байдаг хугацаатай хадгаламжийг цуцлаад уг мөнгөөрөө хийлгэсэн...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэрч Б.Бира мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…Манай ач манай бэр Лхагвасүрэн нь хүүхдийг гаднаас оруулж ирээд буцаад гараад яваад өгсөн. Удалгүй эргээд гэртэй орж ирэхдээ хамраас нь цус гарсан байдалтай, хувцас хунар нь цус болсон нилээд ууртай орилоод ороод ирэхээр нь юу болов яав гэхэд нэг ах намайг зодчихлоо гэсэн. Нүүр гараа угаагаад энийг хардаа гээд надад шүдээ харуулсан чинь үүдэн хоёр шүд нь үзүүрээрээ хугарсан, хүзүүний эргэн тойрондоо улайгаад битүү улаан болсон уруул нь язраад хавдсан байдалтай байсан. Тэгээд миний утсаар аав руугаа залгаад юу болсон талаар хэлсэн. Юу гэснийг нь сонсоогүй. Тэр өдөр хэдэн цагт орж ирснийг санахгүй байна. Б.Чинзориг нь оройгоор нэг их гардаггүй. Оройтлоо гэхэд 20:00 цагаас хэтэрдэггүй юм…” гэжээ  /хх-23-24/.

Иргэний нэхэмжлэгч М.Батбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…Өдөр ажил дээрээ байж байхад миний хүү Б.Чинзориг нь 18:00 цаг өнгөрч байхад миний 99064941 дугаарын утас руу залгаж “аав би хүнд зодуулаад хоёр шүдээ хугалуулчихлаа гэж хэлсэн” тэгэхээр нь би хаана зодуулсан юм бэ гэж асуусан чинь урд гудамжны зүс таних хүнд зодуулсан гэж хэлэхээр нь Лхагваа эгчийгээ дагуулаад гэрт нь очоод уулз гэж хэлсэн. Тэгээд би орой 21:00 цагийн үед гэртээ ирээд тэр Эрдэнэхүү гэх манай хүүг зодсон айлыг хүү Чинзоригоор заалгуулаад очоод уулзсан чинь Эрдэнэхүү байхгүй, ээж нь гарч ирсэн. ...Миний хүү Б.Чинзоригийг зодсон гэх Эрдэнэхүү нэг бус удаа манай хүүг ямар ч шалтгаангүйгээр муухай харлаа чамайг ална гээд байдаг. Тэгээд хүү Чинзоригоос асуухад мэдэхгүй, намайг муухай харлаа л гээд байдаг, би уг нь зүгээр л хардаг ш дээ гээд байдаг юм. Хүүхдийн насан туршийн шүдийг нь ийм бага насанд нь хиймэл шүдтэй болгосонд гомдолтой байна. Хиймэл шүдийг Нью Дентал шүдний эмнэлэгт хийлгэсэн бөгөөд нийт гарсан зардал 1.815.000 төгрөг болсон. Энэ мөнгийг миний хүүгийн шүдийг хугалсан хүүхдээс гаргуулан авах хүсэлтэй байна…” гэжээ  /хх-21-22/.

Насанд хүрээгүй гэрч О.Тэнгэр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…Би 2016 оны 9 дүгээр сарын 22-ний өдөр гэрээсээ гараад гудамжны дээд үзүүрт байрлах эмээ, өвөөгийн гэж дууддаг дэлгүүр ороод чихэр, бохь авчихаад гараад гудамж руугаа орох гээд явж байтал манай гудамжны Эрдэнээ усны тэргээ түрээд ус аваад явж байтал араас нь Чинзориг гарч ирээд Эрдэнээ авч явсан усаа үлдээгээд буцаж Чинзориг дээр очоод тэр хоёр хоорондоо бие биенийхээ гарыг бариад байж байснаа Эрдэнээ түрүүлж Чинзоригийг гараараа доош нь татаад би холоос харсан болохоор сайн хараагүй. Чинзоригийн цээж юм уу, эрүү орчимд нь өвдөглөөд Чинзориг доош суугаад өвдөглөсөн чинь Эрдэнээ дээрээс нь толгой руу гараар нэг хоёр удаа цохиод, нуруу орчимд нь хоёр удаа өшиглөж байсан. Тэгээд би гүйж очоод Эрдэнээг боль гээд салгаад цааш болгосон чинь Эрдэнээ усны тэргээ аваад явсан. Чинзориг надаас миний шүд яасан байна гэж асуухаар нь шүдийг нь харсан чинь үүдэн хоёр шүд нь доод талаараа эмтэрсэн байдалтай байсан. Тэгээд Чинзориг босоод Эрдэнээг байж байгаараа гээд уурлаад 7-р гудамж руу ороод яваад өгсөн. Тэгээд би Эрдэнээгийн араас гудамж руугаа явсан. Чинзориг огт хариу үйлдэл хийгээгүй. Зодооныг миний харснаар бол Эрдэнээ эхлүүлсэн. Чинзоригийн шүд болон хамраас нь цус гарсан байсан. Өөр ямар нэгэн гэмтэл надад харагдаагүй…” гэжээ  /хх-27-28/.

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн ¹13267 дугаар дүгнэлт:

“1. Б.Чинзоригийн биед тархи доргилт, баруун чамархай, дагзанд зөөлөн эдийн няцрал, нуруунд зулгаралт, үүдэн дээд баруун, зүүн 1-р шүдний хугарал, хүзүүнд цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Тухайн бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэжээ /хх-41/.

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-65/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-61/, оршин суух хаягийн тодорхойлолт “ЧД-ийн 14 дүгээр хороо” /хх-64/, Нью Дентал шүдний эмнэлэгт эмчилгээ, үйлчилгээний төлбөр 1.815.000 төгрөг төлсөн баримт /хх-69, 75/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Эрдэнэхүү нь 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 5 дугаар гудамжинд Б.Чинзоригийг “муухай харлаа” гэсэн шалтгаанаар маргалдаж улмаар зодож, түүний биед тархи доргилт, баруун чамархай, дагзанд зөөлөн эдийн няцрал, нуруунд зулгаралт, үүдэн дээд баруун, зүүн 1-р шүдний хугарал, хүзүүнд цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж, танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь насанд хүрээгүй хохирогч Б.Чинзориг болон иргэний нэхэмжлэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Батбаяр нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Б.Бира, О.Тэнгэр нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн ¹13267 дугаар дүгнэлт болон шүүгдэгч Б.Эрдэнэхүүгийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Уг гэмт хэрэг нь гудамж талбайд үйлдэгдсэн бөгөөд бусдыг илтэд үл хүндэтгэхдээ хүч хэрэглэсэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн шинжтэй, танхайн гэмт хэргийн сэдэлттэй байна.

Иймд шүүгдэгч Б.Эрдэнэхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч М.Батбаяр нь шүүгдэгчээс 1.815.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Б.Эрдэнэхүүгээс 1.685.000 төгрөгийг, мөн тус шүүхийн 10090005406 тоот дансанд урьдчилан байршуулсан 130.000 төгрөгийг  зохих журмын дагуу гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

            Шүүх шүүгдэгч Б.Эрдэнэхүүд ял оногдуулахдаа түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд харгалзаж үзсэн бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овгийн Батцэнгэлийн Эрдэнэхүүг нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэхүүд 3 /гурван/ сар 10 /арван/ хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэхүүд оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Эрдэнэхүүгээс шүүхийн 10090005406 тоот  дансанд урьдчилан байршуулсан 130.000 төгрөгийг зохих журмын дагуу гаргуулж, үлдэх 1.685.000 төгрөгийг шүүгдэгч Б.Эрдэнэхүүгээс гаргуулж, нийт 1.815.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч М.Батбаяр /РД: ЧЖ77051814/-т олгосугай. 

 6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Тогтоолыг  шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эрдэнэхүүд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

           

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН