Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 32

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Прокурор: А.Амгалан

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Оюунтунгалаг

Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Ц  

Нарийн бичгийн дарга: А.Ариунаа нар оролцов.

Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны  өдрийн 2020/ШЦТ/41 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Н.Ж-д холбогдох 2028000210010 дугаартай эрүүгийн хэргийг иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц-ийн давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ам бүл 6, эцэг, эх, эхнэр, дүү нарын хамт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Н.Ж нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 20 цагийн орчимд Өмнөговь аймгийн Гурвантэс сум Шивээхүрэн хилийн боомтоос 15 километрт байх засмал зам дээр Г.Б-ын эзэмшлийн улсын дугаартай Mercedes Benz ML-350 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэн М.Э-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Солонго нь шүүгдэгч Н.Ж-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ж-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ж-ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд шүүгдэгч Н.Ж, иргэний хариуцагч Г.Б  нараас тус бүр 149537,50 төгрөгийг гаргуулан нийт 299075 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Д.С-д олгох, иргэний хариуцагч “Ч.М.Н.С“ ХХК-аас нийт 6655389 төгрөгийг гаргуулан хохирогч М.Э-д 2272314 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.С-д 299075 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Г.Б-т 4084000 төгрөгийг тус тус олгохоор тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч М.Э-ын нэхэмжлэлээс 545600 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, 11090400 төгрөгийн нэхэмжлэлийг, Д.С нэхэмжлэлээс 901850 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогч М.Э хэлэлцэхгүй орхисон эм, эмчилгээний төлбөр 545600 төгрөг болон өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлыг цаашид эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээд Н.Ж, Г.Б, “Ч.М.Н.С” ХХК нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч М.Э-д 2834367 төгрөгийг төлсөн, иргэний нэхэмжлэгч Г.Б нь шүүгдэгч Н.Ж-с 4084000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц  давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо:  “Миний бие Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдсэн Н.Ж-д холбогдох эрүүгийн хэрэгт тус шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/41 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолын “Ч.М.Н.С” ХХК-д холбогдох хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

1. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй; Шүүхийн шийтгэх тогтоолын 9-р талд “Шүүгдэгч Н.Ж-ийн зорчиж байсан засмал зам нь “Ч.М.Н.С” ХХК-ийн хариуцдаг зам бөгөөд замын тухайн хэсэг нь аюулгүй зорчих боломжгүй болох нь Улсын мэргэжлийн хяналтын ахлах байцаагчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа боловч “Ч.М.Н.С” ХХК нь зам, замын байгууламжийг засварлах, арчлан хамгаалахад замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх инженерийн шийдэл гаргахыг хориглох, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зорчих боломжгүй талаарх замын тэмдэг тэмдэглэлийг байрлуулах үүргээ биелүүлээгүйн улмаас уг замаар Н.Ж зорчсон болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдож байна” гэжээ. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар зам тээврийн осол нь Шивээ хүрэн хилийн боомтоос нааш 15 км-т байх засмал зам дээр болсон нь гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Поошигноос урагшаа 5км газарт засмал замын баруун талд жижиг хар өнгийн автомашин газар хэвтүүлчихсэн байдалтай байсан гэх мэдүүлэг мөн осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 71 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдсон байдаг. Гэтэл Улсын мэргэжлийн хяналтын ахлах байцаагчийн дүгнэлтээр 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн аадар борооны улмаас Шивээхүрэн боомтоос нааш 1.5 км -22.2 км-ийн хооронд нийт 34 хэсэгт борооны улмаас эвдрэл үүссэн тул энэ хэсэгт авто тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй гэсэн дүгнэлт гарсан байдаг. Өөрөөр хэлбэл гэрч нарын мэдүүлэгт дурдагдсан Поошиг хэмээх газар нь газар зүйн байршлын хувьд Шивээхүрэн хилийн боомтоос нааш 20 км-т байрладаг бөгөөд яг тухайн Поошиг хэмээх газраас цааш Шивээ хүрэн хилийн боомт хүртэлх зам эвдрэлтэй тул ашиглах боломжгүй болсон нь Улсын мэргэжлийн хяналтын ахлах байцаагчийн дүгнэлтээр тогтоогдсон гэсэн үг юм. Уг дүгнэлттэй холбоотойгоор нийт 22.2 км эвдэрсэн замыг бүхэлд нь хаасан. Ингэхдээ хааж байгаа замын эхлэл нь Шивээ хүрэн хилийн боомтоос нааш 22.2 км-ийн наана байх ба зам хаасан талаарх хориглосон тэмдэг нь яг уг замыг хааж байгаа тэр эхлэл хэсэгт байршуулсан талаар И.Н өгсөн гэрчийн мэдүүлэг, иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц миний гаргасан “Ингэхдээ хаасан замын эхлэл болон төгсгөл хэсэгт тэмдэг, тэмдэглэгээ байршуулсан” гэх тайлбар, түүнд хавсаргасан 8 хуудас гэрэл зургийн үзүүлэлт зэрэгт тусгагдсан байдаг. Хаасан замын эхлэл хэсэг нь газар зүйн байршлын хувьд осол болохоос 7.2 км-ийн наана буюу Поошиг гэх газраас Шивээ хүрэн хилийн боомтын чиглэлд ойролцоогоор 22.2 км зайд байрладаг. Мөн тухайн хаасан замын эхлэл хэсгийг тээврийн хэрэгсэл нэвтрэн гарах боломжгүй болгож шороон овоолго, туузан хашилт, хориглосон тэмдэг зэргийг байршуулсан /гэрэл зургийн үзүүлэлт 8 хуудас/ тул бодит байдал дээр түүнийг анзааралгүйгээр засмал замаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг үргэлжлүүлэх боломжгүй гэсэн үг юм. Тэгэхээр бодит байдал дээр Н.Ж осол гарахаас 7.2 км орчмын өмнө зам хаасан талаар хориглосон тэмдгийг харсан бөгөөд энэ үед засмал замаас гарч шороон зам руу орж хөдөлгөөнийг цааш үргэлжлүүлэхдээ буцаж хаасан замын дунд хэсэгт дур мэдэн нэвтрэн орсон болох нь ашиглах боломжгүй болж хаасан замын нийт урт Шивээ хүрэн хилийн боомтоос нааш 22.2 км-н зайд, осол болсон газар нь Шивээ хүрэн хилийн боомтоос нааш 15 км зайд, Поошигноос цааш 5км зайд засмал зам дээр болсон. Хаасан замын эхлэл хэсэгт тэмдэг, тэмдэглэгээ байршуулсан талаарх гэрэл зургийн үзүүлэлт /8 хуудас/ зэрэг баримт, мэдүүлэг, дүгнэлт, хэргийн газрын үзлэг зэргээр нотлогдож байна. Энэхүү осол болсон хэргийн газрын байршил болон нийт хаасан замын урт, газар зүйн байршлын хувьд осол болохоос 7.2 км-н наана замыг хааж хориглох тэмдэг байршуулсан зураг, хавтаст хэрэгт авагдсан баримт зэргээс үзэхэд Н.Ж осол гарахаас 7.2 км-ийн орчмын өмнө зам хаасан талаар хориглосон тэмдгийг харсан байх боломжтой нөхцөл байдал болон ямар үндэслэлээр хаалттай замын дундаас нэвтрэн орох болсон шалтгаан зэрэг хэрэгт ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан нь хэргийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлж, шүүхийн тогтоох хэсэгт заасан үндэслэл нь бодит байдалд нийцээгүй байдлаар шийдвэрлэх гол шалтгаан болсон гэж үзэж байна. Дээрх нөхцөл байдлыг орхигдуулсны улмаас шүүх “...,зорчих боломжгүй талаарх замын тэмдэг тэмдэглэлийг байрлуулах үүргээ биелүүлээгүйн улмаас уг замаар Н.Ж зорчсон болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдож байна” гэж үзэн “Ч.М.Н.С” ХХК-ийн Кемпээс Шивээ Хүрэн хилийн боомт хүртэлх чиглэлд нийт ойролцоогоор 38.2 км замд зам хаасан талаар ямар ч тэмдэг, тэмдэглээ байршуулаагүй мэтээр дүгнэж “Ч.М.Н.С” ХХК-ийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Шивээ хүрэн хилийн боомтын Гаалийн газарт зам хаасан талаар албан мэдэгдэл хүргүүлж байсан. Мөн тухайн авто машинд сууж явсан гаалийн байцаагч нар нь өдөр тутамдаа тэрхүү замаар зорчдог. 2019 оны 06 сараас хойш тухайн замыг хааж, ашиглахгүй байгаа талаар хамгийн сайн мэдэж байх боломжтой хүмүүс юм. Гэтэл тухайн осолд орсон автомашинд зорчиж явсан хүмүүс зам эвдэрсэн, замыг хаасан, хажуу талын шороон замаар зорчиж байгаа талаарх мэдээллийг Н.Ж-д өгөх ослоос урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой байсан. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн гэрчийн мэдүүлэгт “...зам 6 сард бороо орж эвдрээд хаасан байсан, хажуугийн шороон замаар явдаг, Н.Ж энэ талаар мэдээгүй байх” хэмээн энэ талаар дурдсан байдаг. Мөн анхан шатны шүүхэд иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц миний гаргасан тайлбартай хамт хавсралтаар хэрэгт авагдсан 8 хуудас гэрэл зургийн үзүүлэлт бүхий хориглосон тэмдэг, тэмдэглэгээ, замын хашилт хаалт, шороон овоолго, туузан хязгаарлалт зэргийг байршуулж байгаа тэмдэг тэмдэглэгээний фото зураг болон осол, хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлт болох нотлох баримтууд хоорондоо харилцан зөрүүтэй байхад хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтийг үндэслэл болгон авахдаа тайлбарт хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтийг үгүйсгэж байгаа үндэслэлийг заагаагүй байна.

2. Мөрдөн шалгах ажиллагаанд нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүйн улмаас шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Шүүхийн шийтгэх тогтоолын 9-р талд “...3амын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2.4 “зам дээр болон түүний ойр орчимд ажил, үйлчилгээ хийхдээ замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах”, 19.3 “Зам, замын байгууламжийг төлөвлөх, барих, өргөтгөх, засварлах, арчлан хамгаалахад замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх инженерийн шийдэл гаргахыг хориглоно” гэх заалт, Замын хөдөлгөөний дүрмийн 7,1 “Замын хөдөлгөөнийг зохион байгуулахад МИ8 4597, М1Ч8 4759 стандартаар тогтоосон замын тэмдэг, тэмдэглэлийг МИ8 4596 стандартад заасны дагуу хэрэглэнэ” гэснийг тус тус зөрчсөнөөр уг зам тээврийн осол гарсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлтэй байна гэжээ. 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 01-07-035/309 тоот Авто тээврийн Улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр замын эвдрэл гэмтэл нь Гамшгийн тухай хуулийн 4.1.2-т заасан байгалийн аюулт үзэгдэл буюу аадар борооны үерийн улмаас үүссэн болох нь тогтоогдсон. Зам хариуцагч “Ч.М.Н.С” ХХК нь Авто замын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1. “Авто зам, замын байгууламж болон авто тээврийн хөдөлгөөнд аюул учирч болох нөхцөл байдал үүссэн, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон, авто замд засвар хийх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд авто замыг түр хугацаагаар хааж болно” гэж заасны дагуу Улсын ахлах байцагчийн дүгнэлтийг үндэслэн Шивээ хүрэн хилийн боомтоос нааш 22.2 км замыг бүхэлд нь хаасан байдаг. Эндээс үзэхэд уг зам нь байгалийн аюулт үзэгдлийн улмаас эвдэрч, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон тул хаасан болох нь нотлогдож байна. Зам хаасантай холбоотойгоор уг зорчих боломжгүй 22.2 км замыг засварлах тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгжүүдтэй Зам хариуцагч манай компанийн зүгээс засварын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр хандсан боловч засварлах замын эвдрэлийн хэмжээ нийтдээ 2 км орчим болох тул ийм бага хэмжээний зам засварын ажил гүйцэтгэхээс татгалзсан тул замыг засварлалгүй өдийг хүргэсэн байдаг. Анхан шатны шүүхээс зам арчлалтыг хариуцсан компани зам, замын байгууламж дээр засвар, ажил, үйлчилгээ явуулж байхдаа тэмдэг тэмдэглэгээ байршуулаагүй, замын хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөхүйц инженерийн аюултай шийдэл гаргасан буруутай гэж үзэн “Ч.М.Н.С” ХХК-ийг иргэний хариуцагчаар тогтоосон нь үндэслэлтэй хэмээн үзэж зам тээврийн ослоос үүссэн хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тогтоосон. Гэтэл зам хариуцагч компани нь зам дээр болон түүний ойр орчимд ямар нэгэн ажил, үйлчилгээг хийгээгүй бөгөөд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс зөвхөн замыг хааж, энэ талаараа холбогдох аж ахуй нэгж, төрийн байгууллагад мэдэгдэл хүргүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаас харагддаг. Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 19.3 “Зам, замын байгууламжийг төлөвлөх, барих, өргөтгөх, засварлах, арчлан хамгаалахад замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх инженерийн шийдэл гаргахыг хориглоно” гэснийг зөрчсөн гэх шинжээчийн дүгнэлтэд зам хариуцагч байгууллага буюу “Ч.М.Н.С” ХХК нь ямар нэгэн зам, замын байгууламжийг төлөвлөх, барих, өргөтгөх, засварлах, арчлан хамгаалах үйл ажиллагааг хийсэн эсэх нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогддоггүй бөгөөд замын хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөх инженерийн ямар шийдэл гаргасан нь ч мөн баримтаар тогтоогдоогүй байдаг. “Ч.М.Н.С” ХХК нь тухайн замыг хариуцагч компанийн хувьд аюулт үзэгдлийн улмаас зам эвдэрч, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон нийт 22.2 км замыг Улсын ахлах байцаагчийн дүгнэлтэд заасны дагуу замыг түр хаах үйл ажиллагааг л хэрэгжүүлсэн байдаг. Шинжээчийн дүгнэлт болон шүүхийн шийтгэх тогтоолд заасан замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн үндэслэлүүд болон стандартуудад зам хаасан тохиолдолд тухайн замын дунд хэсэгт тэмдэг, тэмдэглэгээг байршуулах үүргийг заагаагүй. Зөвхөн хааж буй замын эхлэл болон төгсгөл хэсэгт тэмдэг, тэмдэглэгээг байршуулж болох талаар заасан. Түүнчлэн Замын хөдөлгөөний дүрмийн 7.1-д заасан тэмдэг, тэмдэглэгээний стандартуудад зам хаахад байршуулах тэмдэг, тэмдэглэгээг тусгайлан заагаагүй. Үүнээс үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүйн улмаас шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.

3. Шүүх хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай нотлох баримтыг цуглуулаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Ж-өөс осол гарахаас 7.2 км-ийн наана замыг хаасан тухай хориглосон тэмдэг, тэмдэглэгээ байсан эсэхийг тодруулаагүй, осол, хэргийн газрын үзлэгийг осол болсон газрын ойр орчмын 500 м-1 км-ийн зайд үзлэг хийсэн байх ба замыг хэрхэн хаасан талаар, осол болсон газар нь хэвийн ашиглалтад байсан зам дээр гарсан эсэх эсхүл хаалттай байсан замын хэсэгт гарсан эсэх, зам хаасан эхлэл гэх Шивээ хүрэн хилийн боомтоос нааш 22.2 км-ийн зайд хориглосон тэмдэг, тэмдэглээ байсан эсэхийг тогтоогоогүй нь хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хангалттай нотлох баримтыг цуглуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагчид уг хэргийн иргэний нэхэмжлэлтэй холбоотойгоор ач холбогдолтой нотлох баримтыг гаргаж өгөх хангалттай хугацаа олгоогүй бөгөөд иргэний хариуцагчаар татсан тогтоолыг танилцуулсан өдөр хэргийн материалыг танилцуулж, иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс мэдүүлэг авч хэргийг прокурорт шилжүүлсэн байдаг. Ингэхдээ хавтаст хэрэгт авагдсан 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 71 дугаартай шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлтэд шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар бичсэн саналыг шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй хэмээн дурдсан нь мөрдөн шалгах ажиллагаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлээр Өмнөговь аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/41 дугаартай шийтгэх тогтоолын “Ч.М.Н.С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг нь давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Иргэний хариуцагч “Ч.М.Н.С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц гомдлын үндэслэлдээ “шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөрдөн шалгах ажиллагаанд нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүйн улмаас шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, шүүх хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай нотлох баримтыг цуглуулаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” байна гэсэн нь учир дутагдалтай бөгөөд өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд нотлох баримтад үндэслэн /бодит байдалд нийцсэн/ хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байгаа болно. Тодруулбал хэргийн хүрээнд гэрч Б.Д нь “...замыг эвдэрснээс хойш засмал замыг хааж шороо асгахдаа тэнд ямар нэгэн анхааруулсан тэмдэг хийгээгүй байхгүй байсан. Одоо харин зам эвдрэлтэй гэсэн тэмдэг хийчихсэн байсан...” гэж мэдүүлдэг бөгөөд Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 71 дугаартай дүгнэлтэд “...Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйл, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг 13.2.4 “Зам болон түүний ойр орчимд үйлчилгээ хийхдээ замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах”, 19.3 “Зам, замын байгууламжийг төлөвлөх, барих, өргөтгөх, зөөвөрлөх, өөрчлөн хамгаалахад замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх инженерийн шийдэл гаргахыг хориглоно”, мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.1 ”3амын хөдөлгөөнийг зохион байгуулахад МЫ5 4597, ММ5 4759, стандартаар тогтоосон замын тэмдэг, тэмдэглэлийг М^5 4596 стандартад заасны дагуу хэрэглэнэ” гэсэн заалтыг замын ашиглалт хариуцсан аж ахуйн нэгж нь тус тус зөрчсөнөөр уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна” гэсэн нь замыг хариуцан ажилладаг “Ч.М.Н.С” ХХК-ний хууль, журамд заасан үүргээ биелүүлээгүй үйлдэл тус зам тээврийн осол гарахад нөлөөлсөн болохыг нотолж байна. Мөн хавтаст хэрэгт гомдол гаргагч Т.Ц ”...Би гарсан шинжээчийн дүгнэлтүүдийг уншиж танилцлаа. Дүгнэлттэй холбогдуулж санал хүсэлт байхгүй” гэж мэдүүлдэг бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүний зүгээс шинжээчийн дүгнэлтүүдтэй холбоотой санал, хүсэлт гаргадаггүй нь дээрх 71 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй хэмээн хүлээн зөвшөөрч байсныг нь харуулж байна. Иймээс өмгөөлөгчийн зүгээс иргэний хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлүүд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай үгүйсгэгдэж байна гэж үзэж байна. Нэмж дурдахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй” гэж заасан байхад иргэний хариуцагч “Ч.М.Н.С” ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц нь энэхүү хуулиар олгосон эрхдээ хамаарахгүй асуудлаар гомдол гаргасан байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/41 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

 Прокурор А.Амгалан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, шинжээчийн дүгнэлтүүдийг магадлан шалгуулах талаар ямар нэгэн хүсэлт гомдол гаргаагүй. Өнөөдрийн шүүх хуралдаанд иргэний хариуцагчийн төлөөлөгч нь хариуцагчаар татсан тогтоол болоод эрх, үүргийг ойлгоогүй мэтээр ярьж байгаа нь хуулийн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл мөрдөн  байцаалтын шатанд иргэний хариуцагчийн хувьд 2020 онд 02 дугаар сарын 02-ны өдөр шинжээчийн дүгнэлттэй танилцсан байдаг. Энэ талаар ямар нэгэн гомдол хүсэлт байхгүй талаар бол өөрийн гараар бичиж өгсөн байна. Мөн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хавтаст хэргийн материалтай танилцсан байдаг. Энэ хавтаст хэрэгт авагдсан бүх нотлох баримтуудтай танилцаад ямар нэгэн гомдол санал байхгүй. Өөрөөр хэлбэл энэ эх сурвалжийг магадлан шалгуулах баримт байхгүй талаарх тайлбарыг өөрийн гараар бичсэн байдаг. Тэгээд 3-4 сарын дараа ийм гомдол гаргаж, хэргийг дахин шалгуулъя гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэсэн тайлбарыг гаргаж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Хэрэг танилцуулсны дараа, шинжээчийн дүгнэлтийг танилцуулсны дараа иргэний хариуцагчаар тогтоосон тогтоол танилцуулсны дараа шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн дээр анхан шатны шүүх хурал гээд шат шатанд энэ эрхээ эдлэх бүрэн боломж байсаар байхад эдлэхгүй явж байгаад “Ч.М.Н.С” компаниас 6 сая гаруй төгрөг гаргуулах ёстой юм аа гэсэн шийдвэр гарсны дараа гомдол гаргаж байгаа нь хариуцлагаас зайлсхийх зорилгоор эдгээр гомдолд дурдсан үндэслэлүүдээ гаргаж ирж байна. Иймээс энэ давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Хамгийн гол үндэслэл нь шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан баримтуудаар бол тухайн зам дээр аюултай гэх хэсэг газар болгон дээр тэмдэг тавиад л засвар үйлчилгээ хийгээд явах ёстой байсан. Танай компанийн буруу гэж үзэж үндэслээд байгаа боловч яг хуулиараа бол аюулт үзэгдэл тохиолдсон үед авах арга хэмжээ нь замыг хаах байсан. Өөрөөр хэлбэл манай компанид тусгай зөвшөөрөл байхгүй тэр зам дээрх эвдрэл гэмтлийг засах эрх байхгүй. Дээрээс нь хуулиар олгогдсон тэр үүрэг нь болохоор зөвхөн замыг хаах байсан. Хаахдаа ямар тэмдэг тэмдэглэгээ тавих ямар стандартаар тавих, замын аюулгүй байдлыг хангах талаар замын тухай хууль болон дүрэм стандартад заасан ямар ч заалт байхгүй. Хамгийн ойролцоо байсан заалт нь орохыг хориглох тэмдэг байсан. Болсон үйл явдал, гэрчийн мэдүүлгээс тогтоогдож байгаа үйл явдлаас харахад хурд хэтрүүлсэн үйлдэл байгаа. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ яг жолоочийн гэм буруугийн асуудлыг авч хэлэлцэхдээ хэргийн байдлыг бүрэн тогтоогоогүй байдаг. Мөн гэм буруутай гэж тооцож байгаа үндэслэлүүд нь тодорхойгүй. Мөн түүнчлэн “Ч.М.Н.С” ХХК-ийг хариуцагчаар татаж байгаа энэ хуулийн заалт үндэслэлүүд нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Яг хуулийн ямар заалтыг нь зөрчсөн талаар тодорхойгүй, тэр нь нотлогдоогүй. Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад ч компанийн зүгээс ч буруу үгүйг нь шалгах тийм боломж бололцоог олгоогүй. Цаг хугацааны хувьд ч давчуу байсан. Анхан шатны шүүх болон бусад шалган шийдвэрлэх ажиллагааны явц боломж байсан гэдгийг би ойлгож байна. Яг тэр 02 дугаар сараас хойш бол гүйлгээг тогтоогоогүй. Компани бүхэлдээ сул зогсолт хийсэн учраас компанийн  зүгээс хэрэгт шалгалт хийгээд явах боломжгүй үе байсан” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц-ийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр бичсэн давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

“Шүүгдэгч Н.Ж нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 20 цагийн орчимд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээ хүрэнгийн хилийн боомтоос 15 км-т байх засмал зам дээр Г.Б-ын эзэмшлийн 44-33 УНҮ улсын дугаартай Mercedes Benz ML-350 маркийн  тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч М.Э-ын биед сээрний 11/12 нугалмын их биеийн шахагдсан хугарал, баруун дал, бугалганы цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...овоолсон шорооноос зайлахын тулд рулиэ нөгөө тал руугаа дарсан. Тэр үед миний баруун гар талын 2 дугуй шороон дээгүүр харайлгаж гараад шарвалт үүсэж эргэсэн. Рулиэ буцаад дарсан боловч эргүүлж хариулж амжилгүй замын хажуу руу унасан” гэх мэдүүлэг, хохирогч М.Э-ын “...гэнэт түс тас гээд явчихсан. Нэг сэрэхэд машин хажуу талаараа уначихсан, хөдлөх гэсэн чинь биеэ хөдөлгөж чадахгүй байсан. Жолооч залуу орж ирээд намайг татаад машинаас гаргасан” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг давхар нотолсон мэдүүлгийн эх сурвалж тодорхой гэрч М.А “...гэнэт л жолооч “хөөе” гэж дуугарахаар нь би сэртэл өмнө талд засмал зам дээр байсан овоолсон шороон дээгүүр үсэрч байх шиг байсан. Тэгээд машин онхолдох шиг болсон” гэх, гэрч Д.Х “...машины өмнө талд овоолсон шороо харагдсан. Тэгээд машин тэр овоолсон шорооны хажуугаар гараад, хамраараа газар мөргөх шиг таг гээд чимээ гарсан” гэх, иргэний нэхэмжлэгч Д.С “...машины өмнө овоолсон шороо харагдахаар нь энэ их хурдтай яваа машин яаж зогсох юм бол, нэг юм боллоо доо гээд бодтол машин зүүн тийшээгээ дараад буцаагаад баруун тийшээ дартал машин онхолдох шиг болсон” гэх, гэрч Ц.Б “Поошигноос хил тал руугаа явдаг засмал замын баруун талд хар өнгийн автомашин онхолдсон байдалтай байсан. Замын хажууд Энхмандахыг газар хэвтүүлчихсэн тариа хийж байсан. Харин А, Х, С гурвын биед ил харагдах шарх гэмтэл гайгүй байсан” гэх, гэрч Б.Д“...Поошигноос урагшаа 5 км газарт засмал замын баруун талд жижиг хар өнгийн авто машин онхолдсон байдалтай хүмүүс нь замын хажуу талд нь байсан” гэх, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.Б-ын “...би ажил амжихгүй байхаар нь Ж-ийг тэр мэргэжлийн хяналтын хүмүүсийг Шивээхүрэн боомт руу хүргэж өгчхөөд ир гээд машинаа өгөөд явуулсан. Тэгээд 20 цагийн үед байх нэг танихгүй дугаараас залгаад “танай дүү чинь машинтайгаа Поошигны хавьд онхолдсон байна. Намайг хэлээд өгөөч гэж дүү чинь хэлүүлж байна” гэж утсаар хэлсэн” гэх мэдүүлгүүд, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 71 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 376 дугаартай дүгнэлт, осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна” гэж анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаарх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй, анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Н.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхдээ Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар  нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна. Хэргийн бүх ажиллагааг хянахад иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц-ийн давж заалдах гомдолд заасан үндэслэлүүд нь иргэний нэхэмжлэгч, хохирогч М.Э-ын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...тэр засмал зам нь шулуун засмал зам байсан. Зам дээр овоолсон шорооны хажууд замын хориотой анхааруулах тэмдэг байгаагүй. Зуны үерийн улмаас зам нь эвдэрсэн юм. Тэгээд тэр замыг шороогоор хаачихсан, тойрч явдаг байсан юм. Замаа засаагүй байсан юм” /1 хх-28/ гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Г.Б-ын 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...замын осол гарсан газар нь шороо овоолсон байсан. Тэр шороо овоолсон газар нь ямар нэгэн замын тэмдэг, тэмдэглэгээ байхгүй байсан” /1 хх-32/ гэх мэдүүлэг, гэрч Н.Ж-ийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...шулуун засмал зам байсан. Тэр хавьд ямар нэгэн замын хориотой тэмдэг байгаагүй. Замын баруун талын явдаг чиглэл дээр нь овоолсон шороо байсан” /1 хх-36/ гэх мэдүүлэг, гэрч М.А 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...засмал зам нь шулуун засмал зам байсан. Тэр хавьд ямар нэгэн замын хориотой тэмдэг байгаагүй” /1 хх-38/ гэх мэдүүлэг, гэрч Д.С 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...тэр хавьд ямар нэгэн замын хориотой тэмдэг байгаагүй” /1 хх-42/ гэх мэдүүлэг, гэрч И.Н 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...энэ засмал зам нь 2010 онд ашиглалтад орж улсын комисс хүлээж авч ашиглах зөвшөөрөл өгсөн юм. Шивээхүрэн боомтын зорчигчийн засмал замыг манай компани нь хариуцан ажиллаж байна. Манай замаар хувь болон улсын бүх л автомашинууд даацын зөвшөөрөгдсөн хэмжээгээр зорчигчийг зөвшөөрч байгаа” /1 хх-45-46/, гэрч Б.Д 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...замыг эвдэрснээс хойш засмал замыг хааж шороо асгахдаа тэнд ямар нэгэн анхааруулсан тэмдэг хийгээгүй, байхгүй байсан. Одоо харин зам эвдрэлтэй гэсэн тэмдэг хийчихсэн байсан” /1 хх-47/ гэх мэдүүлэг, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 71 дугаартай дүгнэлтэд “...Зам тээврийн осол гарахад зам, замын нөхцөл байдал нөлөөлсөн байх үндэслэлтэй. Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйл, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг 13.2.4 “Зам дээр болон түүний ойр орчимд ажил, үйлчилгээ хийхдээ замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах”, 19.3 “зам, замын байгууламжийг төлөвлөх, барих, өргөтгөх, засварлах, арчлан хамгаалахад замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх инженерийн шийдэл гаргахыг хориглоно”, мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.1 “Замын хөдөлгөөнийг зохион байгуулахад MNS45978 MNS4759 стандартаар тогтоосон замын тэмдэг, тэмдэглэлийг MNS4596 стандартад заасны дагуу хэрэглэнэ” гэсэн заалтыг зам ашиглалт хариуцсан аж ахуйн нэгж нь зөрчсөнөөр уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна" /1 хх-55 гэсэн дүгнэлт, иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цийн 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...би гарсан шинжээчийн дүгнэлтүүдийг уншиж танилцлаа. Дүгнэлттэй холбогдуулж санал хүсэлт байхгүй”, “Шивээхүрэн боомтын зорчигчийн засмал замын эвдэрсэн хэсэгт яагаад замын анхааруулах, хориотой тэмдэг, заалт хийгээгүй юм бэ, уг шороог замын голд нь яагаад асгаж овоолсон юм бэ гэсэн мөрдөгчийн асуултад ...энэ талаар мэдэхгүй байна” /1 хх-93/ гэх мэдүүлэг, яллагдагч Н.Ж-ийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...засмал зам нь шулуун байсан. Тэр хавьд ямар нэгэн замын хориотой тэмдэг байгаагүй. Замын баруун талын явдаг чиглэл дээр нь овоолсон шороо байсан” /1 хх-99/ гэх мэдүүлэг, иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц нь 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хавтас хэргийн материалтай мөрдөн шалгах ажиллагааны явцад танилцаад хүсэлт, гомдол гаргасан талаар бичээгүй /1 хх-168/ гэсэн тэмдэглэл, авто осол 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 20 цагийн орчимд гарсны дараа “Ч.М.Н.С” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 19/267 тоот албан бичигт “...аж ахуйн нэгж байгууллагуудад мэдэгдэл хүргүүлэх тухай” “Тус компанийн эзэмшлийн Нарийн сухайтын уурхайгаас Шивээхүрэн боомт хүртэлх хатуу хучилттай зам нь өнгөрсөн зуны үерийн улмаас 1,5 км орчим замд эвдрэл гэмтэл үүссэн билээ. Бид дээрх замын засварын ажлыг гүйцэтгүүлэхээр олон компанид хандсан боловч ажлын хэмжээ бага байгаа тул мэргэжлийн компани олдоогүй байна. Дээрх зам дээр оройн цагаар хурд хэтрүүлсэн болон согтуугаар жолоо барьж явснаас үүдэн осол аваар гараад байна. Энэ сард аж ахуйн нэгж байгууллагуудын шинэ жилийн баярын үйл ажиллагаа тохиож байгаатай холбогдуулан осол авсаар гарч болзошгүй байгаа тул ард иргэд болон аж ахуйн нэгж байгууллагууд тус замаар зорчихгүй байх ба зам хэвийн ажиллагаанд ортол замын хажуугийн шороон замаар зорчих шаардлагатай болохыг үүгээр мэдэгдэж байна. Гүйцэтгэх захирал И.Наянтай /1 хх-192/ гэсэн нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдаж байна.

“Зам гэдэг бол нийтийн хэрэгцээнд ашиглахад зориулагдсан байхаас гадна замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй шуурхай зорчих, аюул осолтой байдал бий болгохгүйн тулд замын тэмдэг, тэмдэглэлийг шаардлагатай газар болгонд байрлуулж хөдөлгөөнийг зохицуулдаг байна. Гэтэл шүүгдэгч Н.Ж-ийн зорчиж байсан засмал зам нь “Ч.М.Н.С” ХХК-ийн хариуцдаг зам бөгөөд замын тухайн хэсэг нь аюулгүй зорчих боломжгүй болох нь Улсын мэргэжлийн хяналтын ахлах байцаагчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа боловч “Ч.М.Н.С” ХХК нь зам, замын байгууламжийг засварлах, арчлан хамгаалахад замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх инженерийн шийдэл гаргахыг хориглох, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зорчих боломжгүй талаарх замын тэмдэг, тэмдэглэлийг байршуулах үүргээ биелүүлээгүйн улмаас уг замаар жолооч Н.Ж зорчсон болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдож байна” гэж анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж дүгнэв.

Автозамын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт “...Авто зам замын байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг хангаагүйгээс иргэн, хуулийн этгээдэд хохирол учирсныг хууль, хяналтын байгууллага тогтоосон бол тухайн авто зам хариуцагч болон эзэмшигч уг хохирлыг хариуцан төлнө” гэж заасны дагуу “Ч.М.Н.С” ХХК-аас хохирлыг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгох нь хууль зүйн үндэслэлтэй. Тухайн зам тээврийн ослын улмаас үүссэн гэм хорын хохирлыг иргэний хариуцагч “Ч.М.Н.С” ХХК-аас гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэхдээ анхан шатны шүүх нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шийтгэх тогтоолд хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэв.

Иймд иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц-ийн “шийтгэх тогтоолын “Ч.М.Н.С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц-ийн “шийтгэх тогтоолын “Ч.М.Н.С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/41 дугаар шийтгэх тогтоолын тогтоох  хэсгийн 4 дэх заалтын “Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1,” гэсний дараа “512 дугаар зүйлийн 512.1, 512.4, Авто замын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэг” гэж  нэмсүгэй.

3. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                          ШҮҮГЧИД                                        Х.ГЭРЭЛМАА

                                                                                                  Ш.ТӨМӨРБААТАР