| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 128/2025/0387/3 |
| Дугаар | 221/МА2026/0571 |
| Огноо | 2026-08-06 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2026/0571
| Дугаар 221/МА2026/0571 | Улаанбаатар хот |
Ц.Эын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Зоригтбаатар,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2026/0547 дугаар шийдвэр,
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Ц.Э,
Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга,
Гуравдагч этгээд Д.Н, Д.Д,
Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А/523 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г,
гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Ө,
Хэргийн индекс: 128/2025/0387/3.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Эаас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А/523 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2026/0547 дугаар шийдвэрээр “Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 23 дугаар зүйлийн 23.4.2, 23.4.3, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А/523 дугаартай захирамжийг хүчингүй болгож” шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:
3.1. Шүүхийн шийдвэрийн "Үндэслэх нь” хэсгийн 1-д “нэхэмжлэгч Ц.Э өөрийн төрсөн эгч Ц.Хаас Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Баяндөхөмийн 1*** тоот хашаа байшинг шилжүүлэн авах хүсэлтийг 2001 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн Газрын албанд гаргаж, тус дүүргийн Засаг даргын 2001 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 155 дугаар захирамжаар Ц.Эад Баяндөхөмийн 1*** тоот хаяг газар ашиглах эрх олгосон” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг хашаа байшинг иргэн Ц.Эын эгч Ц.Х, түүний нөхөр С.Б нар нь ашиглаж байгаад газар дээр буй үл хөдлөх хөрөнгийг С.Б барьж нэхэмжлэгч Ц.Э нь Ц.Хаас дүүргийн Засаг даргын 2001 оны 155 дугаар захирамжаар газар ашиглах эрхийг шилжүүлэн авсан гэх үйл баримт хэрэгт, нотлох баримт хэрэгт авагдаагүй болно. Учир нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Газрын тухай хууль, Нотариатын тухай хуулиар хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээгүй газрыг болон үл хөдлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгүй үл хөдлөх хөрөнгийг бусдад худалдах, шилжүүлэх үндэслэлгүй юм.
3.2. Гуравдагч этгээд Д.Д, Д.Н нар нь тус нэгж талбар бүхий хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээг 2019 онд авсан боловч 2005 оноос хойш уг газрыг эзэмшиж, амьдарч байгаа бөгөөд газрын төлбөр, тог, хогны мөнгийг тогтмол төлж хууль ёсны дагуу өдийг хүртэл эзэмшиж байна.
3.3. 1994 оны Газрын тухай хуулиар иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 700 м.кв хүртэл хэмжээтэй газар ашиглуулах гэрчилгээ олгохоор, 2002 оны Газрын тухай хуулиар 700 м.кв хүртэлх хэмжээтэй газрыг иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлж, өмчлүүлэхээр зохицуулсан тул Ц.Эад 1600 м2 газрыг ашиглуулах хуулийн зохицуулалт байхгүй. Ц.Эад Газрын тухай хууль 2002 онд батлагдаж 2003 оноос хэрэгжиж эхэлснээс хойш одоог хүртэл газар эзэмшүүлэх тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэр гараагүй. Газар эзэмших гэрээ, гэрчилгээгүй хуульд заасны дагуу газар эзэмших эрх үүсч байгаагүй тул иргэн Ц.Эад 2001 оны 155 тоот захирамжаар ашиглах эрх олгосон гэх газарт гуравдагч этгээдүүдэд давхцуулан олгосон гэж дүгнэх хуулийн үндэслэлгүй байна. 2002 онд газрын тухай хууль батлагдсан, хамгийн сүүлд мэдээллийн санд бүртгэх зохицуулалттай, 2001 оноос газар ашиглах захирамжтай байж гэрээ, гэрчилгээ авах хүсэлтээ гаргаж байгаагүй, амьдарч байгаагүй тог, хогны мөнгө, газрын төлбөр 1 ч удаа төлж байгаагүй нь тогтоогдож байхад шүүх “...гэрээ байгуулж, гэрчилгээ олгоогүй учраас төлөх боломжгүй байж” гэж дүгнэсэн нь Газрын тухай хуулийг илт мушгин гуйвуулж буруу тайлбарлан хэрэглэсэн
3.5. Хариуцагчаас уг нэгж талбар нь Ц.Эын нэр дээр бүртгэгдэх боломжгүй, нэг иргэний нэр дээр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 922 м2 газрыг олгох хууль эрх зүйн үндэслэлгүй талаар тайлбарласныг шүүх дүгнээгүй.
3.6. 900м2 газрыг Д. Н болон Д.Д нарын нэр дээр шинээр газар эзэмших тухай хүсэлтийг 2018 онд дүүргийн Газрын албанд гаргасны дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр А/358 дугаар захирамжаар шийдвэрлэж 15 жилийн хугацаатайгаар газар эзэмших гэрчилгээ олгосон талаарх нотлох баримт, бичгээр гаргасан тайлбар хэрэгт авагдсан байхад анхан шатны шүүхээс гуравдагч этгээдийн тайлбарын утгыг буруу тайлбарласан.
3.7. Хариуцагч байгууллагаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн холбогдох заалтуудыг баримталсан нь зөв биш ч нэхэмжлэлийг хангахгүй байх үндэслэлгүй гэдэг нь хууль хэрэглээ, утга агуулгын хувьд ойлгомжгүй. Д.Д, Д.Н нарт холбогдох хэсгийг нөхцөл байдлыг тодруулж дахин шийдвэрлэх хүртэл 6 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн"-ийг үндэслэж Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А/523 дугаар захирамжаар иргэн Ц.Эад Баянзүрх дүүргийн Засаг даргын 2001 оны 155 дугаар захирамжаар газар ашиглуулах тухай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэснийг шүүх үнэлж дүгнээгүй.
3.8. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2.1-д заасны дагуу сонсох ажиллагаа хийсэн талаар тайлбар болон нотлох баримтыг гаргасан боловч уг нотлох баримтыг захиргааны хэргийн анхан шатны шүүх анхаарч үзээгүй тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2026/0547 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын зүгээс давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
3. Маргаан бүхий үйл баримтын хувьд,
3.1. Нэхэмжлэгчээс анх Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны А/358 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Д.Д, Д.Н нарт газар эзэмших эрхийг давхардуулан олгосныг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2022/0145 дугаар шийдвэрээр “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Газрын тухай /1994 оны/ хуулийн 38 дугаар зүйлийн 1, 3-д заасныг баримтлан маргаан бүхий дүүргийн Засаг даргын 2019 оны А/358 дугаар захирамжийн Д.Д, Д.Н нарт холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон.
3.2. Тухайн шүүхийн шийдвэрээр, нэхэмжлэгч Ц.Э өөрийн төрсөн эгч Ц.Хаас Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Баяндөхөмийн 1*** тоот хашаа байшинг шилжүүлэн авах хүсэлтийг 2001 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн Газрын албанд гаргаж, тус дүүргийн Засаг даргын 2001 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 155 дугаар захирамжаар Ц.Эад Баяндөхөмийн 1*** тоот хаягт газар ашиглах эрхийг олгосон. Мөн хаягт орших газрыг ашиглах эрхийг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2002 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 298 дугаар захирамжаар Ц.Бид олгож, Ц.Б нь 2003 оны 12 дугаар сарын 17-ны өдөр уг газраа Д.Дд шилжүүлж, дүүргийн Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 10 дугаар захирамжаар Д.Дд дээрх хаягт газар эзэмших эрх олгосон.
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн А/358 дугаар захирамжаар Д.Дд 1***б хаягт 700 м.кв, Д.Над 1***а хаягт 223 м.кв газар эзэмшүүлсэн бөгөөд ийнхүү эзэмшүүлсэн газар нь Ц.Эын дүүргийн Засаг даргын 2001 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 155 дугаар захирамжаар Ц.Эад ашиглах эрх олгосон Баяндөхөмийн 1*** тоот хаягт байрлах газартай давхацсан.
Нэхэмжлэгч Ц.Э газар ашиглах эрхээ сунгуулах, эзэмших, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхээр хүсэлт гаргаж байсныг нотлох баримт байхгүй, түүнчлэн Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд нэгж талбарын 18659312822905 дугаар бүхий газрын кадастрын зураг /1-р хавтасны 18/ бүртгэгдсэн боловч Ц.Эад газар эзэмших эрх олгосон захирамж гараагүй.
Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн А/358 дугаар захирамжаар Д.Дд эзэмшүүлсэн 700 м.кв, Д.Над эзэмшүүлсэн 223 м.кв газар нь Ц.Эад мөн дүүргийн Засаг даргын 2001 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 155 дугаар захирамжаар ашиглах эрх олгосон газартай бүхэлдээ давхцалтай байгаа нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчсөн гэж дүгнэсэн.
3.3. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А/523 дугаартай захирамжаар Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 37 дугаар зүйлийн 37.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.3, 40.1.5, 40.2, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар 43.1, 49 дүгээр зүйлийн 49.3.1, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2022/0145 дугаар шийдвэрийг тус тус үндэслэн “Тус дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөм 17 дугаар гудамжны 04 тоот газрыг ашиглагч Цэрэнбалтавын Эын газар ашиглах гэрчилгээг хүчингүй” болгон шийдвэрлэсэн болох нь тус тус тогтоогдсон.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан бөгөөд тухайн маргааны хувьд шүүх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А/523 дугаартай захирамжаар Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 37 дугаар зүйлийн 37.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.3, 40.1.5, 40.2, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар 43.1, 49 дүгээр зүйлийн 49.3.1-д тус тус үндэслэн нэхэмжлэгч Ц.Эын газар ашиглах эрхийг хүчингүй болгон шийдвэрлэсэн үндэслэлд хууль зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх ёстой.
5. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:” гээд 4.2.1-д “хуульд үндэслэх;”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах;” 42 дугаар зүйлийн 42.1-д “Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ”, 42.2-д “Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ”, 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” хэмээн,
Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ цахим системээр гаргах...” 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:” 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;”, 40.1.3-д “шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй;”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;”, 40.2-д “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” хэмээн тус тус заасан.
6. Хуулийн дээрх зохицуулалтыг маргааны үйл баримттай холбон авч үзвэл захиргааны зүгээс газар эзэмшигч хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд урьдчилан сануулах, тодорхой хугацаа тогтоох зэргээр боломж олгох нь захиргааны үйл ажиллагааны зорилго, зарчимд нийцэх бөгөөд ийнхүү зөрчлийг арилгах боломжит арга хэмжээ авсаар байхад газар эзэмшигчийн зүгээс үүргээ биелүүлээгүй тохиолдолд газар эзэмших эрхийг хүчингүй болгох нь захиргааны бүрэн эрхэд хамаарах тул тухайн шийдвэрт тавих шүүхийн хяналтын цар хүрээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д заасанчлан “захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэх” хүрээгээр хязгаарлагдана.
7. Тухайн тохиолдолд, хуулийн хүчин төгөлдөр болсон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2022/0145 дугаар шийдвэр нь нэхэмжлэгчээс маргаан бүхий газрыг ашиглах эрхээ сунгуулах, эзэмших, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхээр хүсэлт гаргаж байсныг нотлох баримт байхгүй ч тухайн газар ашиглах эрхийг олгосон дүүргийн Засаг даргын 2001 оны 155 дугаар захирамжийг хүчингүй болгосон талаар ямар нэгэн шийдвэрийг гаргаагүй байхад тухайн байршилд давхцуулан гуравдагч этгээд Д.Д, Д.Н нарт газар эзэмших эрх олгосон нөхцөл байдлыг шалган тогтоож, дахин шинэ акт гаргах арга замаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын газрын эрхийн маргааныг шийдвэрлэхийг хариуцагчид даалгасан агуулгатай.
Энэ хүрээнд хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын даргаас маргааны бүхий захиргааны акт болох 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн А/523 дугаар захирамж гаргасныг захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2 дахь хэсэгт заасан өөрийн сонгох боломжийг хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Гэтэл анхан шатны шүүх энэхүү үйл баримтыг буруу үнэлж, “...шүүхийн шийдвэрийг үндэслэн дүүргийн Засаг даргаас маргаан бүхий 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн А/523 дугаар захирамжийг гаргаж, уг захирамжаар Ц.Эын Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөм 17-04 тоот газрыг ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн, ...” гэж зааснаар захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, шүүхийн шийдвэрт тусгагдсан ажиллагааг гүйцэтгэх үүрэгтэй гэж заасантай нийцээгүй” хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй.
8. Нэхэмжлэгч Ц.Эын хувьд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөмийн 1*** тоот хаягт байрлах газрын ашиглах эрхийг дүүргийн Засаг даргын 2001 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 155 дугаар захирамжаар олж авснаас хойш маргаан бүхий захиргааны акт болох дүүргийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн А/523 дугаар захирамж гарах хүртэл хугацаанд газрын гэрээ, гэрчилгээг авахаар захиргааны байгууллагад хандаж байгаагүй. Газрын төлбөрийг төлөөгүй энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.3, 40.1.5 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй.
Нэхэмжлэгчээс хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга 2022 оны А/523 дугаар захирамжийг гаргахдаа мэдэгдэх сонсох ажиллагаа хийгээгүй нь хууль бус хэмээн маргах боловч тухайн үйл баримт нь нэхэмжлэгчийн газрын төлбөр төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг үгүйсгэх хангалттай тодорхой үндэслэл болж чадахгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
9. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2026/0547 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.3, 40.1.5-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч Ц.Эаас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн А/523 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА