Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 127/ШШ2018/0011

 

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 127/2018/0006/З

 

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баясгалан би иргэн А-ийн нэхэмжлэлтэй, Г-д холбогдох “...тус аймгийн Засаг даргын 2011 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 221 дүгээр захирамжийн хавсралтын 6 дугаарт заасан А-д холбогдох хэсэг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, мөн Хэнтий аймгийн Засаг даргын 2011 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/124 дүгээр захирамжийн хавсралтын 29 дүгээрт заасан У-д холбогдох хэсэг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Хэрлэн сум 3 дугаар баг Шинэ Баянмөнх 06-01 тоот газрыг иргэн А- надад өмчлүүлэх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэн А- шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Миний бие Хэрлэн сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан шинэ Баянмөнхийн гэр хороололд 30 айлыг сонгон шалгаруулна гэсэн мэдээллийн дагуу Хэрлэн сумын газрын даамал Л-тай очиж уулзаад газар эзэмших өргөдөл өгч, дараа нь өргөдлийн дагуу 2009 оны 5 сарын 21-ний өдөр очерлон 6 дугаарт нь зогсож тамга тэмдэг бүхий гэрээнд харилцан гарын үсэг зурж гэрээг хийсэн. Тэрхүү өдөр У- нь миний ард дугаарлан зогсож байсан болно. Үүний дараа аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Билэгсайхан жолоочийн хамт очиж албан ёсны хэмжилт хийж тэмдэг тэмдэглэлээ тавьж баталгаажуулсан . Л-тай захирамж гарсан уу гэж олон удаа биеэр болон утсаар лавлахад таны газар найдвартай хэмжилт хийлгэсэн юм чинь харин ч үзүүрт таарсан байна гээд хэлээд гаргадаг байсан. 2012 оны зун очиход газрын даамал өөрчлөгдсөн Б.Золбоожаргал гэж хүн болсон байв. Б.Золбоожаргалаас захирамж гарсан эсэх талаар лавлаж асуухад миний 06-01 тоот газрыг У- гэх хүн нь хэл ам гаргахаар нь Л- даамал тэр хүнтэй гэрээ байгуулан өгсөн байна гэж хэлсэн. Тэгээд надад Шинэ Баянмөнхийн 5-р гудамжны 01 тоотод захирамж гарсан.

Кадастарын зургийн мөнгөө тушаагаад аймгийн газрын албаны мэргэжилтэн Билэгсайхан гэх хүн дээр очиж уулз гэсэн. Очиход аймгийн газрын албаны мэргэжилтэн Билэгсайхан уг газрыг өөр хүнд 2007 онд олгогдсон гэсэн хариу өгсөн.

Үүнээс 1 сарын дараагаас очиход Шинэ Баянмөнхийн 06-01 тоот газарт У- гэх хүнтэй хийсэн өргөдлийн маягтыг үзүүлсэн. Тухайн үед 2009 онд өргөдлийн маягтыг авч байхад газрын даамал Л- байсан юм. Гэтэл Хэрлэн сумын газрын даамал Б.Золбоожаргал нь тухайн үед байгаагүй хэрнээ миний гэрээтэй давхардуулан хийсэн У-гийн гэрээг оллоо харин миний анх өгсөн өргөдлийн маягтыг олдохгүй байна гэж хариу өгсөн. Мөн У-тай хийсэн гэх тэрхүү гэрээ нь газрын даамлын гурвалжин тамгагүй, Б.Должин даргын гарын үсэгтэй, надтай хийсэн 2009 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 071 тоот гэрээнээс өмнөх өдөр нь хийсэн мэтээр харагдуулахаар 2009 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 01 тоот дугаартай гэрээг хийсэн байсан. У-гийн өргөдлийн маягт нь Л-тай бус Б.Золбоожаргалын нэртэй газрын даамалын гарын үсэггүй, тамга тэмдэггүй, хүлээн авсан цаг, минут байхгүй хуурамч баримт бичиг бүрдүүлэн албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан байдалтай байгаа болно. Энэ талаар хэлэхэд Б.Золбоожаргал нь дээрх бичиг баримтыг миний гарнаас буцаан авч, яваад нотариатаар батлуулаад ирлээ гэж надад өгсөн.

2013 оны 7 сард миний бие нь Хэрлэн сумын засаг дарга Б.Должинтой уулзаж, учраа хэлж гэрээгээ үзүүлсний үндсэн дээр Л-, Б.Золбоожаргал нартай нүүрэлдэн уулзалдсан.

Б.Золбоожаргал нь “Л- мэднэ” намайг ажил хүлээж авахаас өмнөх зүйл учир би мэдэхгүй гэх тайлбар өгсөн. Харин Л- нь А-тэй хийсэн тус гэрээ нь хүчингүй болсон 30 хоногийн дотор хашаа бариагүй тул дараагийн хүндээ шилжсэн. Гомдолтой бол мэргэжлийн хяналтад өргөдлөө өг хэмээн хэлээд гарч явсан. Энэ үед Л- нь мэргэжлийн хяналтад газар хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан болно. У- нь одоог хүртэл хашаагаа хатгаж бариагүй байгаа юм. Б.Должин дарга миний асуудлыг дүрэм журмын дагуу шийдвэрлэж өг хэмээн Б.Золбоожаргалд үүрэг болгосон. Үүнээс 2013 оны 8 сард Б.Золбоожаргалаас лавлаж асуухад 05-01 тоот шийдвэрийн захирамж дээр 02-01 тоот болгож нэмж өөрчлөн бичээд аймгийн газрын албаны мэргэжилтэн Билэгсайхантай очиж уулз гэсэн. Билэгсайхантай уулзахад 02-01 тоот эзэнтэй гэсэн хариу сонссон.

Б.Золбоожаргал нь надад газар олгоно гэсээр маш их хугацаа алдагдсан. 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Аймгийн засаг дарга Ж.Оюунбаатарт өргөдөл бичиж, нарийн бичигт нь хүлээлгэн өгсөн. 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 02/37 тоот бичгийг өөрийн биеэр Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын нарийн бичиг утсаар ярьж хэлсний дагуу 4 сарын 20-ны үеэр гардан авсан.

Тус өргөдлийн хариуд: 2009 онд заасан газарт хашаа барих тухай гэрээ нь 30 хоногийн хугацаанд хашаагаа бариагүй тохиолдолд дараагийн хүнд шилжихээр заагдсан бөгөөд тухайн хугацаандаа уг гэрээ нь хүчингүй болсон байна. Газар өмчлүүлэх тухай өргөдлийг хүлээн авахдаа “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ын 20 дугаар зүйлийн дагуу иргэдээс ирсэн хүсэлтийг хүлээн авсан өдөр, цаг минутаар бүртгэн шийдвэрлэдэг хэмээн дурдсан байсан. Гэтэл миний анх 2009 оны 5 сард өгсөн өргөдлийг архивт байхгүй гэж хэлээд гаргаж өгөхгүй байна. Тухайн газарт одоог хүртэл тог татагдаагүй, хашаа хатгаж айлууд буугаагүй байгаа.Баярхүү даргын хэлснээр У-гийн гэрээ түрүүлж хүчингүй болж дараагийн гэрээ хийсэн надад тухайн газар олгогдох ёстой гэж үзэж байна.

Энэ өргөдлийнхөө хариуг аваад гартал Л-тай тааралдан, өрөөнд нь орж уулзаад энэ газартай минь дүйцхүйц газар олгоно уу? Надад чирэгдэлтэй байна хэмээн миний бие туслахыг гуйсан. Гэтэл намайг аймгийн Засаг даргын 05-01 тоот захирамжийг цуцлуулж л туслая, өөр надад олгох газар байхгүй. Би өөрөө Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт ажилладаг болсон. 0,7 га газар эзэмших эрхээсээ татгалзаж байна гэсэн утгатай өргөдөл бичиж өг гэсэн. 2016 оны 4 сард Хэрлэн сумын газрын даамал З.Урангоотой очиж уулзахад 2011 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 05-01 тоот захирамжаа цуцлуулсан тохиолдолд дараагийн газар авах эрх үүснэ. Газар хүссэн өргөдөл өгөөгүй байхад захирамж гарахгүй. 06-01 тоот захирамжтай холбоотой асуудлыг Л- өөрөө мэдэж байсан, энэ асуудлыг та өөрөө л дараа дараагийн шатны байгууллагуудаар шийдвэрлүүлнэ үү? Би мэдэхгүй гэсэн хариу өгсөн. Төр захиргааны албан тушаалтнуудын буруутай үйл ажиллгаанаас болж одоо хүртэл газар эзэмших эрхээ эдэлж чадахгүй, түрээсийн байранд амьдарч байна. 2009 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 071 тоот гэрээг хүчинтэйд тооцож, У-гийн 2011 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгож, уг газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар А- миний биед газар өмчлөх эрхийг олгож, хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л-, Днар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Аймгийн Засаг даргын 2011 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн А/221 дугаар захирамжийн 1-р хавсралтын 06-рт заасан А-д холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

Уг газар нь 2007 оны аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар батлагдсан Хэрлэн сумын хэмжээнд 2007 онд иргэдэд шинээр өмчлүүлэхээр төлөвлөгөөнд тусгагдсан газарт Шарав овогтой Осгонбаатарт 3-р баг Шинэ Баянмөнх 5-01 тоот 700м2 өмчлүүлсэн газар дээр 2011 онд Хэрлэн сумын газрын даамлаар ажиллаж байсан Б.Золбоожаргал нь суурин болон хээрийн судалгаа хийлгүйгээр газар давхцуулан олгосон байсан. Иймд А-д давхардуулан газар өмчлүүлсэн захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

Аймгийн Засаг даргын 2011 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/124 тоот захирамжийн хавсралтын 29-т заасан У-д өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна.

Хэрлэн сумын 3-р баг Шинэ Баянмөнх 6-01 тоот газрыг аймгийн Засаг даргын 2011 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/124 тоот захирамжаар иргэн У-д өмчлүүлсэн тул энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна” гэжээ.

Гуравдагч этгээд иргэн У- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Миний бие хууль журмын дагуу Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг Шинэ Баянмөнхийн 6 дугаар гудамжны 01 тоотод 07 га газрыг гэр бүлийн хэрэгцээнд өмчилөн авч Улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулсан.

...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь хоорондоо эвлэрч маргаанаа дуусгавар болгосон. Уг эвлэрсэн асуудал нь гуравдагч этгээд миний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөлгүйгээр маргаанаа дуусгасан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд надад гомдол санал байхгүй” гэжээ.

Нэхэмжлэгч А- болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л-, Днар шүүхэд эвлэрлийн гэрээ байгуулснаа бичгээр ирүүлсэн байна.

Эвлэрлийн гэрээнд:

“... Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн 1 дүгээр шаардлагыг хүлээн зөвшөөрч, мөн 2019 оны газар зохион байгуулалтын иргэдэд өмчлүүлэх газраас иргэн А-д эхний ээлжинд өөрийн сонгосон газрыг өмчлүүлэхээр харилцан тохиролцож эвлэрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А- нь Г-д холбогдуулан “...Хэнтий аймгийн Засаг даргын 2011 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 221 дүгээр захирамжийн хавсралтын 6 дугаарт заасан А-д холбогдох хэсэг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, мөн Хэнтий аймгийн Засаг даргын 2011 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/124 дүгээр захирамжийн хавсралтын 29 дүгээрт заасан У-д холбогдох хэсэг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Хэрлэн сум 3 дугаар баг Шинэ Баянмөнх 06-01 тоот газрыг иргэн А- надад өмчлүүлэх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх тухайн нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх явцад нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь харилцан ойлголцож маргаж буй асуудлаараа эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т “.... нэхэмжлэгч нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй" гэж, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах эрхтэй” гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь эвлэрлийн гэрээндээ:

1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн 1 дүгээр шаардлага болох “... Хэнтий аймгийн Засаг даргын 2011 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 221 дүгээр захирамжийн хавсралтын 6 дугаарт заасан А-д холбогдох хэсэг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” гэснийг хүлээн зөвшөөрч,

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь 2019 оны газар зохион байгуулалтын иргэдэд өмчлүүлэх газраас иргэн А-д эхний ээлжинд өөрийн сонгосон газрыг өмчлүүлэхээр харилцан тохиролцож эвлэрсэн байна.

3. Гуравдагч этгээд иргэн У-: Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар миний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөлгүйгээр маргаанаа дуусгасан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд надад гомдол санал байхгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-т “... нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно” гэж заасан.

Тухайн захиргааны хэргийн “нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөхөөргүй байх тул тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарт тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүхээс эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгсөн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-т заасныг баримтлан иргэн А-ийн нэхэмжлэлтэй, Г-д холбогдох “...Хэнтий аймгийн Засаг даргын 2011 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 221 дүгээр захирамжийн хавсралтын 6 дугаарт заасан А-д холбогдох хэсэг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, мөн Хэнтий аймгийн Засаг даргын 2011 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/124 дүгээр захирамжийн хавсралтын 29 дүгээрт заасан У-д холбогдох хэсэг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Хэрлэн сум 3 дугаар баг Шинэ Баянмөнх 06-01 тоот газрыг иргэн А-д өмчлүүлэх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэнтий аймгийн Засаг даргын 2011 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 221 дүгээр захирамжийн хавсралтын 6 дугаарт заасан А-д холбогдох хэсэг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болсонд тооцсугай.

            3. 2019 оны газар зохион байгуулалтын иргэдэд өмчлүүлэх газраас иргэн А-д эхний ээлжинд өөрийн сонгосон газрыг нь өмчлүүлсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргаас 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөг гаргуулан, нэхэмжлэгч А-д олгосугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэнэ.

 

ШҮҮГЧ                               Г.БАЯСГАЛАН