| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2024/0002/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/04 |
| Огноо | 2023-12-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/04
2023 12 25 2024/ШЦТ/04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2023/0002/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,
Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,
Шүүгдэгч /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт************** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2318000000655 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт************** РД:******* ,******* -ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 53 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,******* , нөхөр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын******* багийн******* тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 02-ны шөнө 22 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын******* багийн гудамжны тоотод иргэн гэрт архи уусан гэх шалтгаанаар хутгалж эрүүл мэндэд нь зүүн сарвуу, зүүн бугалгад хатгагдсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн “Маргах зүйл байхгүй, хийсэн хэргээ хүлээн зөвшөөч гэмшиж байна.” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2318000000655 дугаартай хэргээс:
Хохирогч мөрдөн байцаалтад 2023 оны 11 дүгээр сарын 11, 30-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...2023 оны 11 дүгээр сарын 02-ны орой 22 цагийн үед танил эгч болох гэрт очиж 1 шил архи хувааж уугаад сууж байтал гаднаас том эгч болох гаднаас согтуу орж ирсэн бөгөөд халааснаасаа хутга гаргаж ирээд ямар ч үгийн зөрүүгүй манай гэрт архи уулаа гээд миний зүүн булчин, зүүн гарын сарвуу, зүүн мөрний орчим хутгаар зүсэж гэмтээсэн. Тэгээд гэрээс яв гээд хөөхөөр нь тэднийхээс арай гэж зугтаж гарсан. ...Миний зүгээс гомдол, санал байхгүй тул хэргийн материалд хавсаргуулах баримт байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5-6, 8 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтад 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн: “...Тус хэргийн хохирогч нь 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 09-ний өдрийг хүртэл хугацаанд Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн яаралтай тусламж үйлчилээ авч S41.1 Бугалганы ил шарх оношоор, S61.7 бугуй ба сарвууны олон ил шарх оношоор нийт 315,000 төгрөгийн эмчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан. Иймд дээрх мөнгийг Төрийн сан дахь 100900020080 дугаарын дансанд төвлөрүүлэх шаардлагатай байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,
Гэрч мөрдөн байцаалтад 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр мэдүүлсэн: “... гэх хүнтэй би танилцаад 4-5 жил болж байгаа юмаа. Учир нь манай хөрш айлын хүүхэн байгаа юм. бид хоёрын хувьд хэн хэн нь архины хамааралтай ба хааяа нийлээд архи уучихдаг. Гэтэл 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр бид хоёр уулзаад гэх айлд орж архи уусан ба надаас түрүүлж гарч яваад манай гэрт очсон байсан. Харин би араас нь нэлээн согтуу байдалтай яваад ороход миний худалдаж авсан махаар дураараа хоол хийж байхаар нь би тэр үедээ архины халуундаа уур хүрсэн. Мөн намайг нэг шил архи олоод ирээч гэхээр нь би эгч болох*******ээс мөнгө авах санаатай гэрт нь очсон баийг гэрт минь байж хоол хийж идээд архи нэхээд байна гэж эгчдээ хэлсэн чинь эгч мөн согтуу байж таараад гэрээсээ гараад манайх руу явсан. Харин би эгчийн гэрт нь үлдэж унтаж амарсан. Тэгээд маргааш өглөө нь босоод юу болсон талаар асуухад чи өчигдөр гэрт орж ирээд хов зөөснөөс болж би гэх хүүхэнтэй маргалдаж түүнийг хутгаар зүссэн байна гэж хэлж байсан. Миний хувьд эгчийн гэрт үлдсэн байсан учраас тэр хоёрын дунд болсон талаар мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,
Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1121 дугаартай: “...ийн биед зүүн сарвуу, зүүн бугалганд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтас хэргийн 22 дахь тал/,
****** мөрдөн байцаалтад 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр сэжигтнээр, 11 дүгээр сарын 25-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр миний дүү болох Оюунжаргал 18 цагийн үед манай гэрт ирж дүү бид хоёр нийлж дэлгүүрээс архи аваад хувааж уусан. Ингээд сууж байтал миний төрсөн дүү болох гаднаас согтуу байдалтай орж ирээд манай гэрт хүн ирчхээд гарахгүй, миний авсан хүнсээр хоол хийж идээд байна. Бас намайг архи аваад ир гээд явууллаа. Энэ хүүхнийг хөөгөөд гаргаад өгөөч. Би гэртээ хономоор байна гэхээр нь би дүүгийнхээ үгэнд орж согтуудаа тэр хүнийг нь хөөж гаргах санаатай дүүгийнхээ гэр рүү явсан. Тухайн үед би нэлээн согтуу байсан учраас зарим зүйлийг сайн санахгүй байна. Ямар ч байсан миний санаж байгаагаар гэрт нь хоол хийж байгаа бололтой битүү уур манан болсон байсан. Мөн би тэр хүүхэнтэй барьцалдаж аваад зууралдаж байснаа санаж байна. Тэгээд нэг мэдэхэд гэртээ буцаад ороод ирчихсэн унтаж байсан ба дүү болох ****** бас манай гэрт унтаж байсан. ...Би халааснаасаа хутга гаргаж ирснээ санахгүй байна. Мөнийн гарыг зүссэнээ санахгүй байна. ...Сүүлд нь өмсөж явсан хувцасныхаа халаасыг ухаад үзсэн чинь эвхэгддэг хумсны хутга байсан. Тэр хумсны хутга дотроо жижиг хэмжээтэй хутгатай. Гэхдээ одоо тэр хутгаа хайгаад олохгүй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18, 30 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.
Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч ****** биед учирсан зүүн сарвуу, зүүн бугалгад хатгагдсан шарх бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч шүүгдэгч шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 5 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт************** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгчт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд талууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, дээрхээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР