| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 154/2023/00061/Э/ |
| Дугаар | 2023/ШЦТ/00065 |
| Огноо | 2023-12-20 |
| Зүйл хэсэг | 11.7.2.1., |
| Улсын яллагч | Б.Хосбаяр |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/00065
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Түвшинжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Хосбаяр,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин,
Шүүгдэгч Ш.Шижирбаатар нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2337000800080 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Булган сумын Далт багт оршин суух, Аж мянган овогт Шилхээний Шижирбаатар. /РД:ДЮ73090311/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ш.Шижирбаатар нь Ховд аймгийн Булган сумын Далт багийн нутаг дэвсгэрт орших өөрийн гэртээ 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр, 2023 оны 09 дүгээр сраын 20-ны өдөр, 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрүүдэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн охин Ш.Ариунгэрэлийг зодож гэр бүлийн хүчирхийллийг байнга, хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ш.Шижирбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “…Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би өөрийн үйлдэлдээ дүгнэлт хийж дахин ийм асуудал гаргахгүй гэдгээ илэрхийлж байна. Эхнэр охин хоёроосоо уучлалт гуйсан. Үлдсэн амьдралаа гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө зүтгэж амьдарна. Эхнэр, охин хоёр намайг уучилсан. Хөлөө хугалж хадуулсан. Ш.Ариунгэрэл миний төрсөн охин мөн, миний отгон охин юм. Миний охин гар утас их хэрэглэдэг болохоор нь үүнээс болж үл ойлголцол гарах болсон. Би 2023 оны 03 дугаар сарын 30, 09 дүгээр сарын 20, 09 дүгээр сарын 30-ны өдрүүдэд эхнэр болон охинтойгоо үл ойлголцлын улмаас маргалдсан нь үнэн. 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш архи уугаагүй. Цаашид архи уухгүй. Миний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Ш.Шижирбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 08-ны орой 19 цагийн үед Ховд аймгийн Булган сумын Далт багийн нутаг дэвсгэрт орших гэртээ хаяаны шороо булж байсан ба эхнэрээс банкны карт гуйсан өгөөгүй тэгээд гэрт байсан нэг литрийн шимийн архи байсныг уусан байсан. Тэгээд өгөхгүй гээд байхаар хэрүүл маргаан болсон, би карт авч тамхи тариа авах гэсэн бодолтой байсан хүн юм чинь хоёр хоног өдөржин ажил хийж ядарсан...” гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй хохирогч Ш.Ариунгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр лхагва гариг байсан 19-20 цагийн хооронд аав гаднаас согтуу орж ирсэн ба намайг элдэв янзаар доромжилж байсан ба би тэр үгийг хэлж чадахгүй тэгээд би өөдөөс хэрэлдэж маргалдсан тэгээд аав намайг боож 2-3 удаа буйдан руу шидэж, гарыг маань чанга базаж байсан, тэр үед миний гар болон хоолой аймар өвдөж гар маань улайж, хөхөрч байсан тэгээд яаж гэрээс гарч зугтах бэ? гээд бодож байхад хаалга тогшиж ээж орж ирсэн. Тэгээд уйлж ээжид хэлж чадахгүй байсан. Тэгээд ээж аав 2 маргалдаж хэрэлдсэн бие биедээ гар хүрээгүй. Тэр шөнө ээж бид 2 цагдаад дуудлага өгөөгүй гадаа пирус-20 маркийн саарал өнгийн ээжийн машинд хонож байсан. Дараа нь 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 20-21 цагийн хооронд бас гаднаас согтуу орж ирсэн тэр үед ээж хот руу дүүгийн баярт явсан болохоор гэрт төрлийн 2 дүү болох Ганбатын Нарансолонго, Ганбатын Наранбаатар нарын хамт сууж байсан хэл амаар доромжилж байгаад боож аваад намайг түлхэж байхад гаднаас хөрш айлын Сувдаа эгч орж ирсэн салгаж авсан ба аав над руу дайрч боож авсан тэгтэл дахиад Сувдаа эгч салгасан.Тэгээд гадаа гарч хамаатны 2 дүүгийн хамт хэсэг байсан. Аавыг унтахаар орно гэж бодсон ч даараад тэгээд 3 лаа гэрт орсон харин аав унтаагүй хэвтэж байсан ба уур нь гайгүй болсон байсан” гэх мэдүүлэг,
Ш.Соёлмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: ”...Би Ш.Шижирбаатартай 1999 онд хуримаа хийж гэр бүл болсон. Хурим хийснээс хойшоо 3 жил архи уугаагүй, түүнээс хойшоо архи уудаг болсон архи уухаараа намайг зоддог байсан юм. Нөхөр Ш.Шижирбаатар нь Говь-Алтай аймгийн Алтай сумын хилийн цэргийн 0214 дүгээр ангид ахлагч ажилтай байсан. Бид нар гэрээс хол байдаг байсан учир тэр болгон гомдол, санал гаргаж байгаагүй. Манай нөхөр 2018 онд тэтгэвэрт гарч Булган суманд шилжин ирж оршин суудаг болсон. Манайх 3 залуутай, хүүхдүүд том болсон болохоор зодуулахгүй болсон. Сүүлийн үед архи байнга уудаг, ажлаа хийгээд орой гэрт очихоор амарна гэж байхгүй, хэл амаар доромжлоод, шөнөжин зурагт асаагаад хонодог юм. 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр нөхөр Ш.Шижирбаатар архи ууж ирчихээд охины хөл, гар, хүзүүг нь хөхрүүлсэн байсан учир цагдаад дуудлага өгч, шалгуулж шүүхээс баривчлах шийтгэл оногдуулж байсан. Дараа нь 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр би ажлаасаа орой 19 цагийн орчимд тараад гэртээ ирэхэд гэрийн гадна 3 хүүхэд зогсчихсон эгчээ танай охиныг нөхөр чинь согтуу ирээд зодоод байх шиг байсан гэхээр нь гэрт орох гэтэл хаалга цоожтой байхаар нь цохиход нөхөр Ш.Шижирбаатар онгойлгосон ба ороход манай охин уйлаад газар сууж байсан ба энэ аав чинь намайг аллаа шүү дээ гэж хэлсэн. Манай охин Ариунгэрэлийн хүзүү нь улайсан, хүзүүнд нь формны бүс шиг зүйл байсан. Тэгээд чи хүүхэд аллаа гэж хэлээд хэрүүл маргаан болоод охиноо авч гараад машиндаа 2 хоносон. Тэр хугацаанд архи уугаад гэртээ байж байсан ба бид нарыг тоогоогүй. Энэ удаад нь цагдаад дуудлага өгөөгүй юм. Би 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр охин дүүгийн хүүхдийн сэвлэг үргээх ёслол болно гээд Улаанбаатар хот яваад охин Ариунгэрэлийг аавтай нь хамт үлдээсэн. Тэгтэл 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр манай хөрш Сувд-Эрдэнэ надруу утсаар ярьж танай охиныг аав нь соггуу ирчихээд зодоод байна гэж хэлсэн. Би Улаанбаатар хотоос 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэртээ ирсэн. 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Ш.Шижирбаатар согтуу гэртээ ирээд охин Ариунгэрэл бид хоёрыг гэрт оруулахгүй, янхны зулзага, өлөгчин, пизда гэж янз бүрээр доромжилж машин авч гараад усруу ороод яваад байхаар нь аргаа бараад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Надад би чиний амьдралыг там болгоно гэж ярьдаг. Цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэлснээс хойш гайгүй, архи уусан ч агсам тавихгүй байгаа...” гэх мэдүүлэг,
Б.Сувд-эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 20 цаг өнгөрч байхад нэлээд харанхуй болж байсан. Хөрш айл болох Ш.Шижирбаатарын гэрээс Г.Нарансолонго орж ирж эгчийг зодож байна гэж дуудсан, тэгээд гэрт нь очсон чинь орилж чарлаж байсан ба аав нь охин руу цохих гээд дайраад байхаар нь би дунд нь орж салгасан, тэгээд дахиж дайраад хоолой руу гараа явуулсан чинь би дахиж салгаж авсан. Ийм асуудал болсон ба би хоёр удаа салгаж авсан нь үнэн. Ш.Шижирбаатар согтохоороо байнга орилж чарлаж байдаг архи нь гарахаар зүгээр болдог тул би цагдаад дуудлага өгөөгүй юм...“ гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй гэрч Г.Нарансолонгын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Миний бие 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн дүү Г.Наранбаатар болон үеэл эгч болох Ш.Ариунгэрэлийн хамт гэрт байсан ба орой 20 цагийн үед Ш.Шижирбаатар ах гаднаас согтуу орж ирээд эгч Г.Ариунгэрэлийг хэл амаар доромжилж, орилж чарлаад загнаад байсан. Тэгээд дүү бид хоёр босож ирсэн ба эгч уурлаад дахиад согтуу ирсэн үү гэхэд ах хоолойноос нь боож аваад эгчийг түлхэж унагаасан тэгээд би айгаад хөрш айлын Сувдаа эгчийг дуудаад ирсэн. Тэгээд Сувдаа эгч орж ирж салгаж авсан...“ гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй хохирогч Ш.Ариунгэрэлийн биед учирсан гэмтлийн талаар Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1112 дугаартай:
- Ш.Ариунгэрэлийн биед гэмтэл тогтоогдоогүй гэх дүгнэлт,
- зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол,
- аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл,
- нас тоолсон тэмдэглэл,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас
- Ховд аймгийн булган сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 33, 34 дугаартай шийтгэвэр зэрэг болно.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтооход хангалттай гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч Ш.Шижирбаатар нь Ховд аймгийн Булган сумын Далт багийн нутаг дэвсгэрт орших өөрийн гэртээ 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр, 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр, 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрүүдэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн төрсөн охин Ш.Ариунгэрэлийг зодож бүлийн хүчирхийллийг байнга, хүүхдийн эсрэг үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч Ш.Ариунгэрэлийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1112 дугаартай дүгнэлт, гэрч Ш.Соёлмаа, гэрч Б.Сувдэрдэнэ, насанд хүрээгүй гэрч Г.Наранболонго нарын мэдүүлэг, шүүгдэгч Ш.Шижирбаатарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 33, 34 дугаартай, 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 82 дугаартай шийтгэвэр зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ш.Шижирбаатарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах талаар прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “...гэр бүлийн хүчирхийллийг хүүхдийн эсрэг үйлдсэн...” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Ш.Шижирбаатарын үйлдсэн гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Ш.Ариунгэрэлийн бие махбодод гэмтэл тогтоогдоогүй ба хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь “...Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ш.Шижирбаатахын гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг, хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хөлөө хугалсан, 12 дугаар сарын 13-нд мэс засалд орж хөлөө хадуулсан, одоо суга таягтай явж байгаа болон шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.
Харин шүүгдэгч Ш.Шижирбаатарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Түүнчлэн улсын яллагч “шүүгдэгч Ш.Шижирбаатарт гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн болон мөрдөн шалгах ажиллагааны явцад биеэ зөв авч явж дахин гэмт хэрэгт холбогдоогүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, өөртөө дүгнэлт хийж, чин сэтгэлээсээ гэмшиж байгаа зэргийг харгалзаад шүүгдэгчид 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж үзэж байна” гэх тайлбар дүгнэлтийг гаргаж байна.
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж заажээ.
Шүүгдэгч Ш.Шижирбаатарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн эрүүл мэндийн болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Ш.Шижирбаатарт ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ш.Шижирбаатарт тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Шүүгдэгч Ш.Шижирбаатар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Аж мянган овогт Шилхээний Шижирбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Ш.Шижирбаатарыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Ш.Шижирбаатарт тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг 7.3 дугаар зүйлийн 4, 9 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хязгаарлалтыг зөрчсөн, гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Ш.Шижирбаатарт мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй, /хаалттай/ хорих ангид даалгасугай.
5. Шүүгдэгч Ш.Шижирбаатар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Шижирбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ