Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 127/ШШ2018/0013

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 127/2018/0009/3

 

            Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, шүүгч Н.Балжмаа би: Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Отгонтуяагийн, “Б-ийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 0170511 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 13/09 тоот дүгнэлтээр захиргааны хэрэг үүсгэн

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

О-тус шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “...Тус аймгийн Т- нь “Д- нь 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр “Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг “Хүрдэтий нуруу” гэх газарт түлээний мод бэлтгэх зориулалтаар авсан 0053136 дугаартай эрхийн бичигт заасан зориулалтыг зөрчиж ойгоос 4.2 м3 хэрэглээний мод бэлтгэсэн" гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 300.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан зөрчлийн материалтай танилцаад ОЛСОН нь:

“Иргэн Д- нь 2017 оны 9 дугаар сарын 18-ны өдөр “Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг “Хүрдэтий нуруу” гэх газарт түлээний мод бэлтгэх зориулалтаар авсан 0053136 дугаартай эрхийн бичигт заасан зориулалтыг зөрчиж ойгоос 4.2 м3 хэрэглээний мод бэлтгэсэн” болох нь холбогдогчийн өгсөн мэдүүлэг, эд зүйл баримт бичгийг хураан авсан тухай тэмдэглэл, мод хэмжсэн талаарх тэмдэглэл, хойшлуулашгүй тохиолдолд явуулсан ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол, зөрчлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаагаар эд зүйл, хууль бус орлогыг хураах тухай акт, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас, мод бэлтгэх эрхийн бичиг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх үйлдэл нь зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн мөн эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн шинжтэй байхад зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгууль оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Б- Т-нь тус сумын иргэн Д-г “түлээний мод бэлтгэх зориулалтаар авсан эрхийн бичгийн зориулалтыг зөрчиж, 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр ойгоос 4.2 м2 хэрэглээний мод бэлтгэсэн” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 0170511 тоот шийтгэлийн хуудсаар гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөг буюу 300.000 төгрөгөөр торгож, хохирлын 1.542.240 төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ.

О-нь улсын байцаагчийн дээрх шийдвэрийг хянаад, Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, мөн иргэн Д-гийн ойгоос мод бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй гэх үндэслэл дурдаж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8-д заасны дагуу, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичиж, тус шүүхэд ирүүлсэн болно.

Прокурорын уг дүгнэлтийг Б- Т-хүлээн авч, шүүхэд хариу тайлбар ирүүлэхдээ “Прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

Иймд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “гомдол” гэж ...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргасан прокурорын дүгнэлтийг ойлгохоор заасан. Мөн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд нэмэлтээр оруулсан 7.3 дахь заалтад, гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасан зарчим /шүүх нотлох зарчим/ хамаарахгүй гэж зохицуулсныг дурдах нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Отгонтуяагийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 13/09 тоот дүгнэлтийг хариуцагч Б- Т-хүлээн зөвшөөрснийг баталж, хариуцагч Г.Түмэнжаргалд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Прокурорын дүгнэлт нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул Хэнтий аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн энэхүү захирамжид хэргийн оролцогч гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН ҮҮРГИЙГ

           ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ,ШҮҮГЧ                           Н.БАЛЖМАА