| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 110/2026/0012/З |
| Дугаар | 221/МА2026/0574 |
| Огноо | 2026-08-06 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2026/0574
| 2026 оны 08 сарын 06 өдөр | Дугаар 221/МА2026/0574 | Улаанбаатар хот |
Б.Мийн
нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Ц.Одмаа
Илтгэгч: шүүгч Г.Мөнхтулга
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагч болон гуравдагч этгээд нарын өмгөөлөгч С.Н,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 1110/ШШ2026/0051 дүгээр шийдвэр
Нэхэмжлэгч: Б.М
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны ээлжит 6 дугаар хуралдааныг даргалагч Н.М,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,
Гуравдагч этгээд: Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Б,
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 25, 26 тоот тогтоолуудыг хүчингүй болгох, Б.Мыг урьд эрхэлж байсан Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, мөн Хурлын ээлжит бус 7 дугаар хуралдааны 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Тайланд дүгнэлт өгч, төлөвлөгөө гаргаж ажиллахыг үүрэг болгох тухай” 44 дүгээр тогтоолын 1 дэх заалтыг хүчингүй болгох,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б, Х.Б,
хариуцагч болон гуравдагч этгээд нарын өмгөөлөгч С.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Ө
Хэргийн индекс: 110/2026/0012/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.М анх шүүхэд хандан, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны ээлжит 6 дугаар хуралдааныг даргалагч Н.Мд холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6 дугаар хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б.М намайг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалаас огцруулсан, Ж.Быг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгосон тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гарган маргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2026 оны 3 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 25, 26 тоот тогтоолуудыг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгох, Б.Мыг урьд эрхэлж байсан Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох” гэж,
2026 оны 3 дугаар сарын 13-ны өдөр “Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 25, 26 тоот тогтоолуудыг хүчингүй болгох, Б.Мыг урьд эрхэлж байсан Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох” гэж тус тус тодруулсан.
Улмаар 2026 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр “Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 7 дугаар хуралдааны 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Тайланд дүгнэлт өгч, төлөвлөгөө гаргаж ажиллахыг үүрэг болгох тухай” 44 дүгээр тогтоолын 1 дэх заалтыг хүчингүй болгох”-оор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн тодорхойлсон.
2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 1110/ШШ2026/0051 дүгээр шийдвэрээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.9, 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 25 дугаар “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах тухай”, 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 26 дугаар “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” 2 тогтоол, 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 44 дүгээр “Тайланд дүгнэлт өгч, төлөвлөгөө гаргаж ажиллахыг үүрэг болгох тухай” тогтоолын 1 дүгээр заалтыг тус тус хүчингүй болгож, Б.Мыг урьд эрхэлж байсан Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс нь дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор үнэлж дүгнээгүй, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй,
3.2 Төлөөлөгчдийн олонхын санал, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өөрөө удирдах ёсны үндсэн зарчмыг шүүх үгүйсгэж, хуулийг буруу хэрэглэсэн. 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр эхэлсэн ээлжит 6 дугаар хуралдаанд төлөөлөгчдөөс хэлэлцэх асуудлын дарааллыг өөрчилж, “Хурлын даргын тайланг сонсох” асуудлыг нэгдүгээрт оруулах санал гаргасныг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонх дэмжсэн байна. Нэхэмжлэгч Б.М өөрөө тус хуралдааныг даргалж байхдаа хэлэлцэх асуудлын дарааллыг олонхын саналаар өөрчилснийг хүлээн зөвшөөрч, ажлын тайлангаа уншиж сонсгосон үйл баримт хэрэгт авагдсан. Төлөөлөгчид даргын тайланг сонсоод хангалтгүй, хууль зөрчсөн үйлдэл их байна гэж үзэж, огцруулах санал гаргасан нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн хуулиар олгогдсон бүрэн эрх бөгөөд олонхын саналаар асуудлыг шийдвэрлэсэн нь хууль ёсны юм. Шүүх нутгийн өөрөө удирдах байгууллагын онцгой бүрэн эрх, олонхын шийдвэрийг хэт хэлбэрдэж, үгүйсгэсэн нь үндэслэлгүй,
3.3 Нэхэмжлэгч Б.М нь хурлыг удаа дараа дур мэдэн хаяж явж, Хурлын хэвийн үйл ажиллагааг тасалдуулсан зөрчил гаргасан. Хурлын дарга нь хуралдааны дэгийг сахиулах, хурлыг тасралтгүй хэвийн явуулах үүрэгтэй атал өөрт нь ашиггүй асуудал яригдангуут хурлыг хаяж явдаг үйлдэл нь мөн хуулийн 52 дугаар зүйлд заасныг зөрчсөн үйлдэл юм. Сумын төсөв батлах хуулийн хугацаа тулсан, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааг гацааж болохгүй зайлшгүй нөхцөл байдал үүссэн тул хуралдаанд оролцож байсан 14-18 төлөөлөгчид гарын үсэг зурж, мэдэгдэл хүргүүлсний үндсэн дээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийн гишүүн Н.Мийг хуралдаан даргалагчаар сонгон хуралдааныг үргэлжлүүлсэн нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах хууль ёсны ажиллагаа байсан,
3.4 Хуралдааны дэг болон хэлэлцэх асуудлын төлөвлөгөөтэй холбоотой шүүхийн дүгнэлт үндэслэлгүй. Анхан шатны шүүх Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2-т заасныг баримтлан огцруулах асуудлыг 2 хоногийн өмнө тараагаагүй, төлөвлөгөөнд ороогүй гэж дүгнэсэн нь буруу, Хурлын даргын ажлын тайланг сонсох асуудал төлөвлөгөөнд албан ёсоор тусгагдсан. Ажлын тайланг сонсох үйл явц нь тухайн албан тушаалтанд үнэлэлт дүгнэлт өгөх, улмаар хууль тогтоомж зөрчсөн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцлага тооцож огцруулах асуудлыг шууд дагалдан үүсгэдэг логик үр дагавар юм”
3.5 Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны 44 дүгээр тогтоолоор Б.Мыг 2025 оны ажлын үр дүнг хангалтгүй гэж дүгнэсэн нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн асуудал юм. Нэхэмжлэгч хурлыг өөрөө хаяж явснаас үүдэг тайланг эцэслэн дүгнэх боломжгүй байдлыг бий болгосон бөгөөд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 7 дугаар хуралдаанаар урьд сонссон тайланд албан ёсоор дүгнэлт өгч, тогтоол гаргасан нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд нийцсэн хууль ёсны шийдвэр юм. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгчээс хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг эсэргүүцэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар
зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж, хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
3. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар,
3.1 Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаар захирамжаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6 дугаар хуралдааны товыг тогтоох, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг батлах Зөвлөлийн хурлыг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 13 цагт товлож,
2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Зөвлөлийн хурлаас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6 дугаар хуралдааныг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 9 цагт хуралдуулахаар шийдвэрлэж, 10 асуудал хэлэлцэхээр төлөвлөгөөг баталсан байна.
3.2 Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 6 дугаар хуралдааныг Хурлын дарга Б.М даргалж, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг танилцуулсны дараа төлөөлөгч нараас хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний дарааллын 2, 3-т байгаа “Хурлын даргын ажлын тайлан сонсох”, “сумын Засаг даргын 2025 онд хийж гүйцэтгэсэн үйл ажиллагааны тайлан”-г хэлэлцэж, үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх асуудлыг хэлэлцсэний дараа сумын 2026 оны төсвийг батлах асуудлыг хэлэлцэх гэсэн санал гаргаж, дээрх байдлаар өөрчлөлт оруулан, Хурлын даргын ажлын тайланг танилцуулж, хэлэлцүүлсэн.
3.3 Улмаар 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хуралдаан үргэлжилж, төлөөлөгч Т.М, С.Х нараас “Хурлын дарга хангалтгүй ажилласан тул огцруулах санал хураалт явуулах” санал гаргахад Хурлын даргаас завсарлага авч, хурлын орхин гарсан тул төлөөлөгчдийн олонхын саналаар төлөөлөгч Н.Мг түр хуралдаан даргалагчаар сонгож, Хурлын даргыг огцруулах асуудлаар ил санал хураалт явуулснаар хуралдаанд оролцож байгаа 17 төлөөлөгчийн 14 төлөөлөгч дэмжсэний дагуу мөн өдрийн 25 дугаар тогтоолоор Б.Мыг огцруулж, 26 дугаар тогтоолоор Ж.Быг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгожээ.
3.4 Б.Мээс Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 25, 26 дугаар тогтоолуудтай холбогдуулан шүүхэд хандан маргаж байх явцад тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 7 дугаар хуралдааны 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Тайланд дүгнэлт өгч, төлөвлөгөө гаргаж ажиллахыг үүрэг болгох тухай” 44 дүгээр тогтоолын 1 дэх заалтаар “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.М нь 2025 оны ажлын үр дүнг хангалтгүй хэрэгжүүлсэн тул “Хангалтгүй” гэж” дүгнэсэн үйл баримтууд тус тус тогтоогдсон.
4. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах тухай” 25 дугаар тогтоол, 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” 26 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, зөв байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
5. Тодруулбал, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо, төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”, 47.2-т “Энэ хуулийн 47.1-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” хэмээн,
Монгол Улсын Их Хурлын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журам”-ын 4.1-д “Зөвлөл нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны бэлтгэлийг хангах чиглэлээр дараах арга хэмжээг авна:” гээд 4.1.6-д “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан эрх бүхий этгээдээс санаачилсан асуудлыг Зөвлөлийн хурлаар урьдчилан хэлэлцэж, шаардлагатай тохиолдолд энэ журмын 4.1.4-т заасан арга хэмжээг авах” хэмээн тус тус заасан.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 29 өдрийн 001/ХТ2024/0048 дүгээр тогтоолд “… нэр бүхий төлөөлөгчдөөс “хурлын даргыг огцруулах” асуудлыг хэлэлцэх асуудлын дараалалд оруулах санал гаргасан, тухайн саналын үндэслэл, шалтгааны талаар шүүхээс ямар нэгэн эрх зүйн дүгнэлт өгөх буюу тухайн шийдвэрийн агуулгыг хянах боломжгүй (political question буюу улс төрийн асуудал); харин тухайн хурлын үйл ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан эсэхийг хянах учиртай” хэмээн тухайлан тайлбарласан.
6. Тухайн тохиолдолд хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар, Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6 дугаар хуралдаанаас өмнө Хурлын даргын ажлын тайланд үнэлэлт өгөх, хариуцлага тооцох эсэх асуудлыг хэлэлцэх тухай саналыг гишүүдээс Хурлын хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах ямар нэг санал, хүсэлтийг гаргаагүй. Харин ээлжит 6 дугаар хуралдааны явцад Хурлын төлөөлөгч Т.М, С.Х, М.Өзгерис нараас “Хурлын даргын ажлын тайланг дүгнэх” болон “Хурлын даргыг огцруулах асуудлаар санал хураалт явуулах” саналыг гаргасан болох нь тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн “...сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасан Хурлын даргыг сонгох, чөлөөлөх, огцруулах бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дах хэсэгт заасан журмыг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан шаардлага хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэх хууль зүйн үндэслэлгүй тул Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 25 дугаар “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах тухай тогтоол” нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.9, 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт тус тус заасныг зөрчсөн , хууль бус...” гэх дүгнэлт хуульд нийцсэн, үндэслэл бүхий байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
7. Нэхэмжлэлийн үлдэх шаардлагын хувьд, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, хот, тосгоны захирагчийн албан тушаалыг төрийн улс төрийн албан тушаалтай адилтган үзэж болно” хэмээн,
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална”, 52 дугаар зүйлийн 52.1.11-т “Хуралд ажлаа жил бүр тайлагнах” хэмээн,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Захиргааны ерөнхий хуулийн 3.1-д заасан үйл ажиллагаа нь захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй” хэмээн тус тус заасан.
Хууль тогтоомжийн дээрх зохицуулалтын дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаал нь төрийн улс төрийн албан тушаалтанд хамаарах бөгөөд түүний “хуралд ажлаа жил бүр тайлагнах” үйл ажиллагаатай холбогдуулан Хурлаас гаргасан улс төрийн шийдвэрт шүүх эрх зүйн дүгнэлт өгөх буюу тухайн шийдвэрийн агуулгыг хянах боломжгүй.
8. Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус”, 109 дүгээр зүйлийн 109.2-д “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн “2026 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр “Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 7 дугаар хуралдааны 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Тайланд дүгнэлт өгч, төлөвлөгөө гаргаж ажиллахыг үүрэг болгох тухай” 44 дүгээр тогтоолын 1 дэх заалтыг хүчингүй болгох” нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж, хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 1110/ШШ2026/0051 дүгээр шийдвэрийн “ТОГТООХ” хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.9, 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах тухай” 25 дугаар, 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” 26 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Мыг урьд эрхэлж байсан Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговор болон, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид /Баян-өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд/ даалгаж, үлдэх “Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 7 дугаар хуралдааны 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Тайланд дүгнэлт өгч, төлөвлөгөө гаргаж ажиллахыг үүрэг болгох тухай” 44 дүгээр тогтоолын 1 дэх заалтыг хүчингүй болгуулах” шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Ц.ОДМАА
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА