Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 69

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг, 

улсын яллагч П.Нямцэцэг,

шүүгдэгч Д.Цэрэндоной, Г.Цэрэнбаатар, тэдгээрийн өмгөөлөгч Б.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Диймаагийн Цэрэндоной, Гүрбазарын Цэрэнбаатар нарт холбогдох эрүүгийн 201625031903 дугаартай хэргийг 2016 оны 12 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Тайж овгийн Диймаагийн Цэрэндоной, 1982 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Бага тойруу гудамжны 23-р байрны 26 тоотод оршин суух хаягтай,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1270 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн жилийн хугацаагаар хянан харгалзсан, регистрийн дугаар УШ82070517.

2. Тайж овгийн Гүрбазарын Цэрэнбаатар, 1986 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Бага тойруу гудамжны 23-р байрны 26 тоотод оршин суух хаягтай, Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2-р баг, 12-р гудамжны 3 тоотод бүртгэлтэй,

Дорноговь аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2005 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 88 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, регистрийн дугаар УШ86090912.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Д.Цэрэндоной, Г.Цэрэнбаатар нар нь 2016 оны 9 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны 23 дугаар байрны 26 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ялимгүй зүйлээр шалтаглан Б.Наран-Эрдэнэтэй маргалдан улмаар зодож түүний биед зүүн 9, 10-р хавирганы хугарал, тархи доргилт, хамар ясны хугарал, 2 нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, хоёр хацрын төвгөрийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, цээж хэвлийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулж, догшин авирлан танхайрсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Д.Цэрэндоной шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтын шатанд тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна…” гэв.

Шүүгдэгч Г.Цэрэнбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтын шатанд тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэд үнэн зөв бичигдсэн байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй, маш их харамсаж байна...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Б.Наран-Эрдэнэ мэдүүлэхдээ: “...Би Барс-2 худалдааны зах дээр ногоо зардаг. 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр манай ажил дээр Цэрэнбаатар, Цэрэндоной, Батсуурь нар ирж ажиллаад 20.000 төгрөг аваад явсан. Маргааш нь буюу 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр тэр гурав ирж ажиллаад 45.000 төгрөгийг ажлын хөлс гээд авсан. Би мөн тал шуудай ногоо өгөөд хамтдаа Цэрэндонойгийн гэрт ирсэн. Бид нар тэдний гэрт ороод хоол хийж идээд архи ууцгаасан. Миний санаж байгаагаар 0.75 литрийн Бурхан халдун нэртэй 4-5 шил архи авч уусан. Бид нар бүгд нилээн согтсон байсан. Тэгээд нэг ууж байгаад харахад Батсуурь гараад явчихсан байхгүй байсан. Тэгтэл Цэрэндоной, Цэрэнбаатар нар юунаас ч болсон юм мэдэхгүй намайг учиргүй нийлээд зодож эхэлсэн. Би гарч явах гэхэд гаргахгүй зодоод байсан. Би гарч зугтааж яваад баригдаад дахиж хоёуланд нь зодуулсан. Тэгж байтал цагдаа нар ирж тэр хоёрыг авсан. Цагдаа нар хэлэхдээ хажуу айл нь цагдаа дуудсан гэж байсан. Бид нар архи уугаад сууж байтал намайг учир зүггүй зодоод эхэлсэн. Ямар шалтгааны улмаас зодсоныг мэдэхгүй байна. Миний биеийн бүх хэсэг рүү өшиглөж цохиж зодсон. Ингэж зодуулсны улмаас миний хамар болон 2 хавирга хугарсан байгаа. Мөн дотуур цус алдалт ихтэй байсан. Одоо хавирга хугархай тул хамаагүй хөдөлж болохгүй хэцүү байна. Толгой ч гэсэн үе үе хатгаж өвдөөд байна. Би Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2016 оны 9 дүгээр сарын 21-нээс 25-ны өдрийг хүртэл 5 хоногийн хугацаанд хэвтэн эмчлүүлсэн. Ингээд гэрээр хийлгэж, эм тариаг эмийн сангаас авч байсан учир баримт гээд байх зүйл байхгүй байна...” гэжээ /хх-13, 15/.

Гэрч М.Батсуурь мэдүүлэхдээ: “…2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр найз Цэрэндонойтой утсаар ярьж байгаад гэрт нь очиж уулзахад Цэрэнбаатар, Цэрэндоной хоёр Наран-Эрдэнэ гэх залуутай гурвуулаа хамт байсан. Бид дөрөв нийлээд Барс-2 худалдааны төв орсон. Тэр үед Наран-Эрдэнэ бид нарыг дагуулаад ажил хийгээд өг гэж хэлээд хамт явсан. Барс-2 худалдааны төв дээр очоод төмс ялгах ажил хийж орой 17 цаг өнгөрч байхад дууссан. Ингээд бид 4 тэндээсээ гараад шууд Цэрэнбаатарын гэрт очсон. Цэрэнбаатарын гэрт бид 4 нэг шил архи хувааж уусан. Хэсэг сууж байгаад гарч РС тоглоомын газарт очиж 2 цаг тоглож дуусаад караоке ороод мөн 2 цаг гаруй дуулаад хоёр хоёр пиво уучихаад эргээд гэрт нь орсон. Цэрэнбаатарын гэрт эргээд ороход нилээн харанхуй болсон байсан цагийг нь санахгүй байна. Дахиж 2 шил 0.75 литрийн архи гаргаж дөрвүүлээ хуваагаад уусан. Бид дөрөв архи их хэмжээгээр хэрэглэсэн учир нилээн согтоцгоосон. Тэгээд том өрөөнд сандал дээр сууж байтал Цэрэндоной Наран-Эрдэнэ хоёр хоорондоо маргалдсан. Цэрэнбаатар нь ах Цэрэндонойгоо өмөөрөөд босож ирээд Наран-Эрдэнийн нүүрэнд нь гараараа нэг удаа цохисон. Цэрэндоной, Цэрэнбаатар хоёр ах дүүс учир бие биенээ өмөөрөөд хоёулаа Наран-Эрдэнийг газар унагааж байгаад өшиглөөд байсан. Наран-Эрдэнэ нь зодуулж байгаад босоод зугтаах гээд үүд рүү гүйхэд Цэрэнбаатар араас нь барьж аваад ахиад ганц хоёр удаа цохиж харагдсан. Тэгтэл хаалга гаднаас хүн цохиод цагдаа нар ороод ирсэн. Наран-Эрдэнийг Цэрэнбаатар, Цэрэндоной хоёр нийлж зодож гэмтэл учруулсан. Эхлээд Цэрэндоной Наран-Эрдэнэ хоёр архи уусан байхдаа ам зөрсөн ингээд л Цэрэнбаатар нь ахыгаа өмөөрөөд маргааныг эхлүүлж улмаар тэр хоёр нийлээд Наран-Эрдэнийг зодчихсон юм. Цэрэнбаатар, Цэрэндоной нар Наран-Эрдэнийг зодохдоо ямар нэгэн зүйл гартаа бариагүй, гараараа болон хөлөөрөө өшиглөөд зодож харагдсан Тухайн үед Наран-Эрдэнийн нүүр нь нилээн гэмтсэн харагдаж байсан бас хавирга гэмтчихлээ гээд хэлж байсан…” гэжээ /хх-17-18/.

Гэрч Б.Дуламсүрэн мэдүүлэхдээ: “…Би одоо он сар өдрийг нь санахгүй байна. Тэр үеэр манай хажуу талын 26 тоотод зодоон болоод байгаа бололтой дуугаралдаад пэжигнээд хана түжигнээд дуугараад хүүхдүүд айгаад амгалан тайван байдал алдагдуулсан учир цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Хэн нь хэнтэйгээ яаж зодолдсон талаар харсан үзсэн зүйл байхгүй дуу чимээ гараад зодоон болоод байх шиг болохоор дуудлага өгсөн…” гэжээ /хх-73/.

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн ¹13152 дугаар акт:

“"Наран-Эрдэнийн биед зүүн 9, 10-р хавирганы хугарал, тархи доргилт хамар ясны хугарал, 2 нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, 2 хацрын төвгөрийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, цээж хэвлийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй...” гэжээ /хх-20/.

Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-58-61, 74-82, 87-88/, оршин суух хаягийн тодорхойлолт “Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо” /хх-62-63/, хохирогч Б.Наран-Эрдэнийн гаргасан “шүүгдэгч Д.Цэрэндоной, Г.Цэрэнбаатар нарт гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-137-139/ гэх хүсэлт зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, өөрөөр хэлбэл хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Цэрэндоной, Г.Цэрэнбаатар нар нь 2016 оны 9 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны 23 дугаар байрны 26 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ялимгүй зүйлээр шалтаглан Б.Наран-Эрдэнэтэй маргалдан улмаар зодож түүний биед зүүн 9, 10-р хавирганы хугарал, тархи доргилт, хамар ясны хугарал, 2 нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, хоёр хацрын төвгөрийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, цээж хэвлийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулж, догшин авирлан танхайрсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.Наран-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг, гэрч М.Батсуурь, Б.Дуламсүрэн нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн ¹13152 дугаар акт, шүүгдэгч Д.Цэрэндоной, Г.Цэрэнбаатар нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Уг гэмт хэрэг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ялимгүй зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэхдээ хүч хэрэглэсэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн шинжтэй, танхайн гэмт хэргийн сэдэлттэй байна.

Иймд шүүгдэгч Д.Цэрэндоной, Г.Цэрэнбаатар нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар тус тус ял шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Цэрэндоной, Г.Цэрэнбаатар нар нь хохирогч Б.Наран-Эрдэнэд учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Шүүгдэгч Д.Цэрэндоной нь 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 1270 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан хүндэвтэр гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан,

Мөн шүүгдэгч Г.Цэрэнбаатар нь 2005 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 88 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хүндэвтэр гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан ба уг хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.2.1-д зааснаар ялгүй болсон байх тул шүүгдэгч нарыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх, шүүгдэгч нарт ял шийтгэхдээ Д.Цэрэндоной, Г.Цэрэнбаатар нарыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нар нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогчид учирсан хохирол төлбөрийг сайн дураар нөхөн төлсөн, хохирогч Б.Наран-Эрдэнэ нь “...шүүгдэгч нарт гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэснийг харгалзан үзэж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлаггүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Д.Цэрэндоной, Г.Цэрэнбаатар нарын энэ хэргийн учир цагдан хоригдсон 17 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тайж овгийн Диймаагийн Цэрэндоной, Тайж овгийн Гүрбазарын Цэрэнбаатар нарыг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Цэрэндоной, Г.Цэрэнбаатар нарт 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цэрэндоной, Г.Цэрэнбаатар нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Цэрэндоной, Г.Цэрэнбаатар нарын цагдан хоригдсон нийт 17 хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Д.Цэрэндоной, Г.Цэрэнбаатар нарт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг тэнсэж, тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэдгээрийн засрал хүмүүжилд хяналт тавихыг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.  

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Цэрэндоной, Г.Цэрэнбаатар нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

           

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН