Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2018/01611

 

­­­­­

 

 

 

 

 

 

 

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/01690 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Б-т холбогдох,

14 332 950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Бтай аман хэлцлийн дагуу 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэл автопомп машинаар ажил хийж гүйцэтгэсэн. Ажлын хөлсийг бартераар төлөхөөр, мөн 1 м.куб талбайг захиалагч талын саналыг харгалзаж 5 000-6 000 төгрөг байхаар тохиролцоод, 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс хариуцагч ажлаа хийж эхэлсэн. Хариуцагч ажилдаа хойрго, ажлыг их алдагдуулдаг. Урьдчилаад хийсэн ажлын хөлсөнд 47 257 200 төгрөг олгосон. Хэрэгт материалаас үзэхэд 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 10 502 000 төгрөгийн үлдэгдэл байна шүү гэж мессеж бичсэн байдаг. 10 сарын 07-ны өдөр үлдэгдэл төлбөр төлөхгүй бол хуулийн байгууллагад хандлаа шүү гэхэд ок тэгвэл 150 литр түлш өгөөрэй гэсэн байдаг. Үүнээс  хойш 1 020 000 төгрөгийн ажил хийсэн, 9 508 500 төгрөгийн ажлыг хийгээгүй, алга болсон.

Тооцоо нийлсэн актыг үзүүлэхээр, би сайн дураараа зураагүй гэж ярьдаг нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл байдаггүй тул тооцоо нийлэх акт дээрх үнийн дүн болон алдангийг хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байгаа. Тооцоо нийлсэн актаа бичгээр үйлдсэн мөн бусад шаардлагыг хангаж байгаа тул тооцоо нийлсэн гэрээ гэж үзэж байна. Ажил гүйцэтгэх гэрээг бичгээр үйлдэх шаардлагагүй, үнийн дүн байхад хангалттай байдаг тул ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэж байна. Бетон зуурмаг авдаг байгууллагын үнийн дүнг харгалзан тохиролцоод явдаг гэж гэрчүүд мэдүүлсэн. Бетон зуурмаг авсан компанитай автопомпны тооцоо нийлсэн акт болон бусад тооцоо нийлсэн актуудтай шүүхэд нотлох баримтаар өгсөн. Хариуцагч тал татгалзлаа нотолсон баримт гаргаж өгдөггүй, өгсөн нь шаардлага хангадаггүй.

2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар хариуцагчийн авсан бетон зуурмаг, шатахуун, дизель түлшний бэлэн мөнгө болон хийж гүйцэтгэсэн ажлын талаар талууд тооцоо нийлж акт үйлдэхэд, хариуцагчийн тооцооны үлдэгдэл 9 508 500 төгрөг болсон. Хариуцагч нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор автопомп машинаар ажил хийж барагдуулна эсвэл 2016 оны 11 дүгээр сарын 10-ны дотор бэлэн мөнгөөр төлнө гэж тохиролцсон бөгөөд хугацаа хэтэрвэл 0,5 хувийн алданги төлөхөөр тохирч, гарын үсэг зурсан боловч тохирсон хугацаанд ямар нэгэн төлөлт хийгээгүй, манай байгууллагыг хохироосоор байна. Иймд үлдэгдэл  төлбөр 9 508 500 төгрөг, талуудын тохиролцсоноор 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш алданги 4 753 250 төгрөг, эрэн сурвалжлах нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөг, нийт 14 332 950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч талыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

  Хариуцагч болон түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2012 оноос хойш 44,50 метр урттай автопомпоор бетон зуурмаг шахах ажил хийсэн. 2016 оны хавар “Сонсголон бетон зуурмаг”-ийн менежертэй тохиролцон зах зээлийн үнээр  хөлсөндөө бартерын бараа болон бетон зуурмаг авахаар тохиролцон ажилласан. Ажлын хөлсөндөө бетон зуурмагаа авья гэж хүсэх тоолонд цемент байхгүй гэдэг шалтгаанаар биднээс цементийн мөнгөө авдаг байсан.

Тухайн үед хэл ам гаргаагүй. Намар тооцоо нийлэхээр очтол ажлыг маань 50 хувь доогуур үнэлсэн байсан тул дахин тэдний ажилд яваагүй. Тооцож үзэхээр нэхэмжлэгчээс 26 413 100 төгрөгийн авлагатай, үүнийг гаргуулах хүсэлтэй байна. Өөрөөр хэлбэл, анх ажил олж өгөхөд 150 000 төгрөгөөр авья гэж байхад 152 000 төгрөгөөр гээд илүү бичсэн байсан. Миний хийсэн ажил, явсан тээврийн хөлснөөс нэхэмжлэгчийн өгсөн бетон, дизель түлш нийт 47 258 200 төгрөгийг хасч тооцвол манай хийсэн ажил 73 710 300 төгрөг байгаа бөгөөд зөрүү болох 26 413 100 төгрөгийг авах ёстой. Э ХХК-ийн өөрсдийн тооцоо нийлсэн актыг тулган шаардаж тооцоо нийлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Хүлээн зөвшөөрөхгүй гэсэн бичиг байхгүй болохоос биш алдангийг хүлээн зөвшөөрсөн гэж гарын үсэг зураагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 9 508 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 824 450 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 167 086 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Талууд 1 м.куб бетон зуурмагийг ямар ханшаар тооцож нийлүүлсэн тухай маргадаг. Нэхэмжлэгч Э ХХК нь 1 м.куб бетон зуурмагийг 6 000 төгрөгөөр, хариуцагч Д.Б 7 700-8 800 төгрөгөөр харилцан тохиролцсон гэж маргаан гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээг бичгээр байгуулж хэн аль нь гарын үсэг зурж баталгаажуулаагүй, мөн нэхэмжлэгчээс өгсөн тооцоо нийлсэн акт гэх баримтад хариуцагч Д.Б нь харилцан тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулаагүй. Харин ч “хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн бичсэн бичиглэл байдаг. Энэ нь нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ хангалттай нотлох үүргээ биелүүлээгүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Мөн түүнчлэн нэхэмжлэгч Э ХХК-ийн өөрийн гаргаж өгсөн баримтууд болох бусад байгууллага болох “Помп Дүйнхэржав Баясаа гэсэн тооцоо нийлсэн акт” “Астра интернэйшнл” ХХК-д гаргасан помп шахагч машины тооцоо, “Үүлэн хан уул” ХХК-ийн тооцоо зэрэг акт, үнийн саналыг үндэслэн маргааны үнэлгээг тодорхойлж байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна.

Хариуцагч нь иргэний хувьд харилцан тохиролцож ажил хийгээгүй, өөрийн байгууллагын автомашин механизмаар ажил хийсэн гэсэн тайлбарыг өгдөг. Энэхүү тайлбартай хавсарган өөрийн захирал ажил эрхэлдэг Эмиралдплес ХХК-ийн гэрчилгээ дүрмийн хуулбарыг хавтас хэрэгт хавсаргасан байдаг. Гэтэл шүүх нэр зааж байгууллагатай эрх зүйн харилцаанд ороогүй, иргэн Д.Бтай тохиролцсон гэж дүгнэсэн нь учир дутагдалтай. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

 

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч Д.Бт холбогдуулан үлдэгдэл төлбөр 9 508 500 төгрөг, алданги 4 753 250 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлах нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, нийт 14 332 950 төгрөг гаргуулахаар шаардсаныг /хх.1/ хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх.15/

2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн тооцоо нийлсэн акт /хх.6/ болон шүүхэд гаргасан зохигчдын тайлбараар хариуцагч нь өөрийн автопомп машинаар 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн “Э” ХХК-д ажил хийж гүйцэтгэх, уг ажлын хөлсөнд бетон зуурмаг, шатахууны талон, дизель түлш зэргийг авахаар харилцан тохиролцсон нь тогтоогдсон, талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-т зааснаар гэрээний гол нөхцөлийг амаар харилцан тохиролцож, хийж гүйцэтгүүлсэн ажил, нийлүүлсэн бетон зуурмагийн хэмжээний тухайд маргаагүй, зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Нэхэмжлэгч нь автопомп машинаар бетон зуурмаг шахахдаа 1 м.кубын үнийг захиалагч гуравдагч этгээдийн саналыг харгалзан 5 000-6 000 төгрөг байхаар тохиролцсон гэж тайлбарласныг хариуцагч үгүйсгэн үнэлгээг зөвшөөрөхгүй маргасан боловч 7 700-8 000 төгрөгийн үнэлгээгээр тохиролцсоноо баримтаар нотлоогүй, нэхэмжлэлийг няцаагаагүй тул шүүх “Э” ХХК-ийн 2016 онд “Үүлэн Хан-уул”, “Астра интернэйшнл” компаниудын бетон зуурмагийг ажлын үнэлгээтэй дүйцүүлж /хх.94, 96-97/, мөн гэрч П.Энхтөр, Э.Чаминчулуун нарын мэдүүлэгт /хх.64-68/ үндэслэн 1 м.куб бетон зуурмагийн үнийг 6 000 төгрөгөөр тооцон хариуцагчаас 9 508 500 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, хариуцагчийн энэ талаарх давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Нэхэмжлэгч “Э” ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн тооцоо нийлсэн актыг үндэслэл болгож алдангид 4 753 250 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч хариуцагч Д.Б нь тооцоо нийлсэн актыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй, үнийн дүнг зөвшөөрөхгүй гэж бичжээ. Иймд талуудын алдангийн талаар харилцан тохиролцсон гэж үзэхгүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу алданги нэхэмжлэх эрх нэхэмжлэгчид үүсэхгүй.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан бетон зуурмагийн дагалдах баримтаар /хх.115-118/ Д.Бтай амаар харилцан тохиролцож ажил гүйцэтгүүлсэн нь тогтоогдсон тул хариуцагч Д.Бын өөрийн “Эмиралдплес” ХХК-ийн автопомп машинаар гэрээний дагуу ажил хийж гүйцэтгэсэн гэх тайлбар үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/01690 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 167 086 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                                Ч.ЦЭНД

 

                                                                                           А.ОТГОНЦЭЦЭГ