Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/804

 

 

 

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч С.Алтай,

хохирогч ***, түүний өмгөөлөгч Ц.Долгорсүрэн,

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Э.Оргил, Ц.Оргил нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2310012960528 дугаартай, 1 хавтас хэргийг 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, *** ХХК-д хэвлэл мэдээллийн төлөөлөгч ажилтай, ам бүл-1, ганцаараа амьдардаг, *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *** (РД:***),

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга: Яллагдагч *** нь үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш, хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас гаргасан мэдүүлэгт:

1.Шүүгдэгч *** мэдүүлэгтээ: *** миний уурыг хүргэж, өдөж байгаад хүлээж хүсэж 300,000 төгрөгөөс дээш хохирол гаргах гэж ийм зүйл хийлгэсэн. Би гэрт нь очиж түлхүүрийг нь хийхэд цоожоо сольсон байсан. *** өмнө манай хаалгыг олон удаа эвдэж байсан. Би цагдаа шүүх гэж байгаагүй. Энд 1,700,000 төгрөгийн хохирол гэж байна. Би өөрийгөө буруутай гэж үзэхгүй байна. Би нэг удаа очиж хаалгыг нь нүдсэн. 2 удаа гэж байгааг мэдэхгүй байна. Бодвол камерын бичлэгээр баталгаажиж байх шиг байна. Би 2 удаа очоогүй. Нэг л удаа очсон. гэх мэдүүлэг,

2. Хохирогч *** мэдүүлэгтээ: 2016 онд ***тай танилцсан. Хэсэг хугацаанд уулзаж байгаад уулзаж үерхэж эхэлсэн. Хааяа гэрт нь хамт байсан. Зарим тохиолдолд муудалцах үе байсан. 2021 онд би “Академи-2” хотхонд өөрийн байртай болсон. Түүнээс хойш болж бүтэх юм болов уу гэж уулзаж байсан боловч бүтэхгүй байсан учраас болъё, ажлын харилцаатай байя гэж хэлсэн. Үүнээс хойш би ажилд нь тусалж байсан. Асуудал хэрээс хэтэрч над руу байнга залгаж, уулзъя гэж дарамталдаг болсон. Тэгээд би харьцахаа болъё, мэндтэй устай байя гэж хэлсэн. *** 2 дугаар сард намайг гэртээ байхгүйг мэдсээр байж манай гэрийн хаалгыг эвдэх үйлдэл гаргасан. Дараа нь 2023 оны 3 дугаар сарын 08-нд шилжих шөнө манай хаалгыг дахин эвдэж, хонхойлгож цохиж, домофон систем эвдсэн. Үүнээс гадна Богд уулын зогсоол дээр болсон үйл явдал байгаа. Намайг охинтойгоо агаарт явж байхад хүүхэд рүү дайрсан асуудал гарч байсан. Үүн дээр торгуулийн арга хэмжээ авагдсан. гэх мэдүүлгийг тус тус гаргасан.

 

Хоёр. Эрүүгийн 2310012960528 дугаартай хэргээс:

 

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр иргэн ***гоос “хаалга болон хаалганы домофоны төхөөрөмжийг гэмтээж, устгасан” гэсэн утгатай гаргасан гомдол, мэдээлэл бүртгэгдсэн тухай баримт (хавтаст хэргийн 6 дахь тал),

            2. 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 9-10 дахь тал),

3. Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: Би 2016 онд *** гэдэг хүнтэй танилцаад 2017 оноос хойш дотно харилцаатай болсон. ***гийн “Баянмонгол” хорооллын түрээсийн байранд ирж очин амьдардаг байсан. Бид хэд, хэдэн удаа салж нийлсэн. 2022 онд ***тай уулзаад хоёулаа дотно харилцаатай байхаа болиод найз нөхдийн холбоотой байя гэж хэлснээс болж бид хоёр маргалдаж муудалцсан. *** нь намайг ажлын нэр хүнд болон охиныг чинь хүмүүсээр ёс бус зүйл хийлгүүлнэ гэх мэтээр сүрдүүлдэг байсан. 2022 оноос 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүртэл би ***гийн “***” сайтын ажилд нь тусалдаг байсан. Энэ харилцаа маань хэтрээд намайг хардах, ажилд маань хөндлөнгөөс оролцдог болсон. Би ***д хоёулаа харилцахаа больё гэж хэлсэн. *** нь 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр нам айг байхгүй үед миний амьдардаг Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, “Академи 2” хотхоны 36/01 дүгээр байрны 2402 тоотод ирээд хаалганы бариул хугалж, домофон эвдэлсэн. Би ***д гэртээ байхгүй гэж хэлээд байхад хаалга болон домофон зэрэг зүйлүүдийг эвдэлсэн. Би 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ***тай утсаар ярьж хоёулаа эвтэй байя гэрийн хаалга эвдэлснийг чинь уучиллаа гэж хэлсэн. Дараа нь 03 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө *** нь маск зүүсэн, саравчтай малгай, малгайтай цамц өмссөн ирээд хаалганы дуран болон хаалгыг хонхойлгож цохисон байсан. Энэ үйл явдлаас өмнө миний ажилладаг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Төрийн ордонд ирж намайг хэл амаар доромжлон толгой руу цохиж биед халсан. Тиймээс би цагдаагийн байгууллагад гомдол гаргаж өгсөн. Бид хоёр хүүхэдгүй. Гэр бүлийн баталгаа байхгүй. 2017 онд хэдэн сар хамт амьдарч байсан. Би ***гийн гэрт нь ирэн очин байдаг байсан. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Гомдолтой байна. Эд зүйлийг устгаж сүйтгэсэн сэтгэл санааны дарамтад байсан. Гэрийн хаалгыг эвдэлсэн. Машиныг чинь хүртэл эвдэлнэ гэж хэлж байсан. 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр би охинтойгоо Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсан толгойн тавцан дээр зогсож байхад *** ирсэн. Тухайн үед миний биед халдаж дайрч давшилсан, би хоёулаа дараа ярилцъя гэхэд тоохгүй байсан. Би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөөд ***д Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авагдсан. Түүнээс хойш *** танихгүй дугаараас залгаад “чи намайг цагдаад өгөөд барахгүй, хаалга үүдийг чинь эвдэлсэн нь багадсан байна, мөнгийг нь өгч байгаад зодно, чи араа харж яваарай” гэж хэлж байсан, ярианы бичлэг нь байгаа. Надад нэмж ярих зүйл байхгүй. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-17 дахь тал),

4. “Хас Үнэлгээ” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №1296 дугаартай: ...DP90 Домофон 1 ширхэг 500,000 төгрөг, бүргэд хаалга /герман/ 1 ширхэг 1,200,000 төгрөг, нийт 1,700,000 төгрөг гэж тогтоосон. гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 21-26 дахь тал),

5. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудад: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх, иргэний үнэмлэхийн, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанууд, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хавтаст хэргийн 51-55 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй.

 

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

 

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: шүүгдэгч ***гийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эд хөрөнгө гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. гэсэн дүгнэлтийг,

            Хохирогчийн өмгөөлөгч Ц.Долгорсүрэн: Шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна. гэсэн дүгнэлтийг,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Оргил: Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн бодит нөхцөл байдлыг нарийвчлан тогтоох ёстой байсан. Дан ганц бусдын хаалга эвдсэн үйлдлийг авч хэлэлцэж байгаа, үүний шалтгаан нөхцөлийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосны үндсэн дээр энэ үйлдлийг хийх байсан, энэ үйлдлийг хийх болсон шалтгаан нь гэр бүлийн харилцаатай холбоотой асуудал байдаг. Гэр бүлийн гишүүн хоорондоо маргалдаж, бие биеийнхээ эд хөрөнгийг эвдэх, бие биедээ тунирхах асуудал байдаг. Эрүүгийн хуульд зааснаар хэт нэг талыг барьж, зөвхөн хохирогчийн талыг барьж мөрдөн ажиллагаа явуулсан нь гэмт хэрэг гэж авч хэлэлцэхгүй. *** нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байгаа хувийн байдалтай боловч мөрдөн шалгах ажиллагаагаар энэ хүний хувийн байдлыг тогтоох ажиллагаа хийхгүй байна. Энэ хоёр хүн гэр бүлийн хамааралтай хүмүүс байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын гэдэг ойлголтод гэр бүлийн хамаарал бүхий этгээд орох уу, үгүй юу. Энэ талаар олон хүсэлт гаргасан боловч хангаагүй. ***гийн хаалга эвдсэн нь үнэн, энэ нь гэмт хэрэг биш гэж байгаа нь үндэслэлтэй. Тиймээс ***г гэм буруугүйд тооцож өгнө үү. Хаалга эвдсэн асуудал нь гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгө, гэр бүлийн харилцаа хэзээ төгссөн бэ гэдэг талаар мөрдөн шалгах ажиллагаа хангалтгүй явагдсан. ***д түлхүүр нь байж байгаа. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байна. гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Оргил: Өмгөөлөгч Ц.Оргилын гаргасан саналыг дэмжиж байна. гэх тайлбарыг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна. 

1.1 Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч *** нь үргэлжилсэн үйлдлээр хохирогч ***гийн Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, “Академи” хотхоны 36-1 дүгээр байрны 2402 тоотод 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр очиж байрны хаалганы бариулыг  хугалж, домофоныг гэмтээсний улмаас 500,000 төгрөгийн,

- мөн тоотод 2023 оны 03 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө очиж хаалгыг хонхойлгон гэмтээсний улмаас 1,200,000 төгрөгийн нийт 1,700,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт нь:

- Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр иргэн ***гоос гаргасан гомдол (хавтаст хэргийн 6 дахь тал),

            - 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 9-10 дахь тал),

- Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-17 дахь тал) болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг,

- Хас Үнэлгээ хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №1296 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 21-26 дахь тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

1.2 Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж  заасан ба мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн үндсэн шинжийг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” бол гэж тодорхойлсон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол гэм буруугийн санаатай хэлбэр болох талаар хуульчилсан.

Хууль зүйн ойлголтоор эд зүйлс, өмч хөрөнгийн биет байдалд үйлчилсэн гаднын хүчин зүйлийн үр дүнд биет байдлын хувьд бүрэн устгагдах, эсхүл дахин ашиглаж, хэрэглэх бололцоогүй анхны шинж чанар, байдлаа бүрэн алдахыг “устгах” гэж ойлгохоор; бусдын эд зүйлс, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдал нь алдагдаж, тухайн эд хөрөнгийн ашигтай байдал, чанар үр дүн алдагдах, түр хугацаагаар зориулалтын дагуу ашиглаж, хэрэглэх бололцоогүй болгохыг “гэмтээх” гэж ойлгох бөгөөд хохирогчийн хаалга болон хаалганы бариул, домофон систем зэргийг эвдэж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулжээ.

Хэргийн тогтоогдсон үйл баримт, цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч нь хохирогчийн хаалганы бариул болон домофон системийг эвдэлсэн байх ба эвдэрсэн эд хөрөнгийн үнийг “Хас Үнэлгээ“ ХХК-аас нийт 1,700,000 төгрөгөөр тогтоосон, тус эд хөрөнгийн хохирол  учирсан нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна. Түүнчлэн шүүгдэгч ***  нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлджээ. Тодруулбал шүүгдэгчийн үйлдэл ухамсарт үйлдлээр хийгдэж байгаа тул санаатай үйлдэл юм.

Бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх үйлдлийн улмаас эд хөрөнгийн өмчлөгч, хууль ёсны эзэмшигчид бага хэмжээнээс дээш хохирол учирснаар уг гэмт хэрэг төгссөнд тооцогдох хэлбэрийн болон материаллаг бүрэлдэхүүний шинжийг агуулахаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгоно, 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж заасан бөгөөд шүүгдэгчийн гэмтээсэн эд хөрөнгийн үнийг хөрөнгийн үнэлгээний дүгнэлтээр 1,700,000 төгрөгөөр тогтоосон нь хуульд заасан бага хэмжээ буюу 300,000 төгрөгөөс дээш хэмжээнд хамаарч байх тул шүүгдэгчийн үйлдэл бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

            Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан, шүүгдэгч *** нь бусдын эд хөрөнгийг гэмтээх гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр буюу 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр, 2023 оны 03 дугаар сарын 08-аас 09-ний өдөр шилжих шөнө тус тус үйлдсэн байх тул дээрх заалтыг журамлах үндэслэл бий болсон байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчдөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий этгээд хаалга эвдсэн,    “бусдын” гэх шинжид гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн хамаарах эсэх нь эргэлзээтэй гэх байр суурийг илэрхийлжээ, шүүгдэгчийн үйлдэл нь гэмт хэрэг биш, гэм буруугүйд тооцож өгнө үү гэж мэтгэлцсэн ба шүүхээс шүүгдэгчийг цагаатгах үндэслэл тогтоогдоогүй. Тодруулбал Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт Монгол улсын иргэн “халдашгүй чөлөөтэй байх” эрхтэй гэж заасан. Мөн орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална гэж заасан. Эрүүгийн хуулиар мөн иргэний эд хөрөнгийн эрхийг хамгаалсан ба уг эрх зөрчигдвөл гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

Мөн гэмт хэргийн халдлагын зүйл болох хаалга, хаалганы бариул, домофон зэрэг эд хөрөнгө нь хавтаст хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр хохирогч ***гийн буюу нэг хүний өмчлөлийн хөрөнгө болох нь (хавтаст хэргийн 27 дахь тал) баримтаар авагдсан байна.

Нөгөө талаас шүүгдэгч *** нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай гэх утгаар бусдын эд хөрөнгийг гэмтээж хохирол учруулсан нь эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжгүй гэж шүүгдэгч болон түүний өмгөөлөгчдөөс гаргасан тайлбарыг хүлээн авч хэргийг хэрэгсэхгүй болгох, цагаатгах үндэслэлгүй гэж үзсэн болно. Учир нь: Шүүгдэгч хохирогч нарыг гэр бүлийн харилцаа хамааралтай байсан нь хэн нэгний өмчид дураар халдах эрх олгогдсон гэж үзэхгүй бөгөөд шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

            Шүүгдэгч ***, хохирогч *** нарын хооронд үүссэн хувийн таарамжгүй харилцаа нь тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл гэж үзэхээр байна.

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ***г үргэлжилсэн үйлдлээр “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

            1.3 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан. 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэндэд ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж тус тус заажээ. 

Шүүгдэгч *** нь 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хохирогч ***гийн данс руу хохирол, хор уршигт 1,700,000 төгрөгийг хуурай эгч *** шилжүүлсэн гэх бөгөөд хохирогч уг мөнгө сая өөрийн дансанд шилжин орсон талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

2.1 Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:                      

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж тус тус хуульчилсан.

 

            2.2 Яллах, өмгөөлөх талын гаргасан санал, дүгнэлт:

            Улсын яллагч санал, дүгнэлтдээ шүүгдэгч ***гийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, үйлдлийн арга хэрэгслийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгох ял оногдуулах саналтай. гэсэн дүгнэлтийг,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Оргил: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих нөхцөл байдал байдаг. Үүний 1.4-дэх заалтад ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тогтоосон байхыг шаарддаг. Хөнгөрүүлэх, хүндрүүлэх нотлох баримт байхгүй байхад гэм буруутайд тооцож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хохирогчийн зүй бус үйлдлийг тогтоогоогүй. Энэ байдлын улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь заалтад заасан нөхцөл байдлыг тогтоогдоогүй байхад гэм буруутайд тооцож байна. Шүүгч прокурор гэм буруутай нь тодорхой болсон гэж байна. Нотлох баримт нь хаана байна вэ, нотолсон баримт байхгүй. Нотлох баримтыг үндэслэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх асуудал яригдах байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийг харгалзаж үзэх нь зүйтэй. Нэгэнт ял халдааж байна. Өмгөөлөгч нь байр суурьгүй байж болохгүй. Тиймээс доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү. Шүүгдэгч ажил эрхэлдэг, нийгмийн даатгал төлдөг нөхцөл байдалтай байгаа.гэсэн дүгнэлтийг,  

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Оргил: Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хэргийн гэмт хэрэг үйлдсэн санаа, сэдэлт тогтоогдсон гэж үзлээ. Хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.6, 1.5, 1.7 дахь заалтад заасан нөхцөл байдал хамаарч байна гэж үзэж байгаа учраас эдгээр заалтыг харгалзан үзнэ үү. гэсэн дүгнэлт, тайлбарыг тус тус гаргаж мэтгэлцсэн.

            Хохирогчийн өмгөөлөгч Ц.Долгорсүрэн: Тусгайлан санал гаргаагүй болно.

            2.3 Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.

            Шүүгдэгч ***гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаагаар ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна

Шүүгдэгч ***г “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн, нөгөө талаас шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлсөн хэдий боловч өөрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, үр дагаврыг ухамсарлаагүй зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг хангалттай тогтоогоогүй, хохирогчийн зүй бус үйлдэл шалтгаалсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байгааг харгалзах тухай тайлбарыг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгчдийн дүгнэлтдээ дурдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан бие махбодын, сэтгэл санааны албадлагын, эд хөрөнгийн, албан тушаалын, бусад байдлаар эрхшээлд орсны улмаас гэмт хэрэг үйлдсэн, 1.4 дэх заалтад заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, 1.5 дахь заалтад заасан өөрийгөө илчилсэн, бусдын үйлдсэн гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг олоход тусалсан, 1.6 дахь заалтад заасан нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн, 1.7 дахь заалтад заасан байнгын хүчирхийлэл, дарамтад өртсөний улмаас өөрийгөө хамгаалах зорилгоор хохирогчид халдаж гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал хэргийн нотлох баримтаар шүүгдэгчийн үйлдэлд тогтоогдоогүй тул эдгээр заалтаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл болохгүй юм.

Тус хэрэгт хохирогчийн зүй бус үйлдэл шалтгаалсан эсэх талаар хавтаст хэрэгт авагдаагүй ба анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж хуульчилсныг дурдах нь зүйтэй.

 

3. Бусад шийдвэрлэвэл зохих асуудлын талаар: Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн нэг ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

            ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***г үргэлжилсэн үйлдлээр Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***г 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч ***д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн нэг ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч ***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ДОРЖСҮРЭН