Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 147

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Э.М нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороолол оршин суух Ц.А-д холбогдох

“Хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.М хариуцагч Ц.А шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго нар оролцов.

                                                                             Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэхэмжлэгч Э.М шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.А 2016 оноос 2019 оны хүртэл хамтран амьдарсан. Бид хамтран амьдарч байх хугацаандаа гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд 2018 оны 05 сарын 24-нд хүү А.О төрсөн. Ц.А нь хамтран амьдарч байх хугацаандаа архи уух нь ихсэж, ааш зан нь эвдэрч, эрүүлдээ ч согтуудаа ч хэрүүл маргаан тасрахгүй, хүүхдүүдийнхээ хажууд агсам тавьж амар тайван амьдрах нөхцөлгүй болсон тул 2019 оны 08 сард бид салсан. Иймээс хариуцагч Ц.А-ос хүү А.О-ийн тэтгэлгийг гаргуулан авах хүсэлтэй байна. Ц.А бид хоёр эд хөрөнгийн маргаангүй тул А.О хүүд минь тэтгэлэг тогтоолгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ц.А шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Э.М-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүү А.О нь миний хүүхэд мөн, маргах зүйл байхгүй” гэв.

                                                                                    Ү Н Д Э С Л Э Х нь:

Нэхэмжлэгч Э.М нь хариуцагч Ц.А д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Зохигч нь 2016 оноос 2019 оныг хүртэл хамтран амьдарч, эр эмийн харилцаатай байсан ба тэдний дундаас 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүү А.О төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 4 хуу/, хүүхэд эрүүл саруул бойжиж байгаа талаарх өрхийн эмчийн тодорхойлолт /хх-н 5 хуу/, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Зохигч гэрлэлтээ бүртгүүлээгүй ба Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т зааснаар эцэг, эхийн өргөдлийг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага хүүхдийн эцгийг захиргааны журмаар тогтоожээ.

Зохигчид нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, хүү А.О-ийн  эцэг нь хариуцагч Ц.А мөн болохыг захиргааны журмаар тогтоосон тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэг, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хүү А.О-ийг эх Э.М-ийн асрамжид үлдээж, эцэг нь хүүхдээ тэжээн тэтгэх үүргийнхээ дагуу эцэг Ц.А ос сар бүр тэтгэлэг гаргуулан хүү А.О-ийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.8  дахь хэсэгт заасныг

удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү А.О-ийг эх Э.М-ийн асрамжид үлдээсүгэй.
  2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү А.О-ийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай бол тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ц.А ос сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
  3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
  4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүүхдээ эрүүл, чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэж байгааг сануулсугай.
  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33595 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагчаас 33595 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.М олгосугай.
  6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ                                         Р.БАТБАЯР