| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2020/00136/И |
| Дугаар | 178 |
| Огноо | 2020-07-31 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 178
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул
Нэхэмжлэгч Д.Ц
Хариуцагч Д.Д нарыг оролцуулан нэхэмжлэгч Хэнтий аймгийн Галшар сумын 1 дүгээр багт оршин суух Д.Ц-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р багт оршин суух Д.Д холбогдох “гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2020 оны 05 сарын 29-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч Д.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Д.Д 2007 онд танилцаж, 2008 оны 10 сарын 28-ны өдөр гэрлэлтээ батлуулж, гэр бүл болж амьдарч байсан. Д.Д гэр бүл болсноос хойш 2009 оны 04 сарын 21-ний өдөр охин Д.Э 2012 оны 02 сарын 07-ны өдөр охин Д.Э нар төрж одоог хүртэл хамт амьдарч байна. Д.Д нь ааш зан нь эвдэрч, хэрүүл маргаан тасрахгүй, амар тайван амьдрах орчин бүрдэхгүй байсан тул одоог хүртэл тусдаа амьдарч байна. Миний охин Д.Э одоо 11 настай, 6-р ангид орно, охин Д.Э 06 настай, одоо 2-р ангид орно. Бид тус шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцсон. Цаашид дахин хамтран амьдрах боломжгүй. Тусдаа амьдраад 5 жил болж байна. Бид тус тусдаа гэр бүлтэй болсон. Иймд Д.Д гэрлэлтээ цуцлуулж, охин Д.Э Д.Э нарыг өөрийн асрамжиндаа авч, Д.Д охин Д.Э Д.Э нарт хүүхдийн тэтгэлэг гаргуулж авах хүсэлтэй байна. Бидний хооронд эд хөрөнгийн мараан байхгүй” гэжээ.
Хариуцагч Д.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Д.Д Д.Ц тай 2008 оны 10 сарын 28-ны өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. Гэр бүл болсноос хойш 2009 оны 04 сарын 21-ний өдөр охин Д.Э 2012 оны 02 сарын 07-ны өдөр охин Д.Э нар төрсөн. 2016 оноос хойш одоог хүртэл тусдаа амьдарч байна. Миний охин Д.Э одоо 11 настай, 6-р ангид орно, охин Д.Э 06 настай, одоо 2-р ангид орно. Бид тус шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцсон. Цаашид дахин хамтран амьдрах боломжгүй. Тусдаа амьдраад 5 жил болж байна. Бид тус тусдаа гэр бүлтэй болсон. Би гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Харин 2 охиноо өөрийн асрамжид авна. Хүүхдийн тэтгэлэг төлөхгүй. Би хүүхдүүдээ өөрөө авч, хүмүүжүүлэх хүсэлтэй байна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Би одоо Булган аймгийн Баяннуур суманд амьдарч байгаа. Шүүх хуралдааныг хурдан хийж өгнө үү” гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч Д.Д-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Д.Д нь нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тайлбарыг гаргасан байна.
Нэхэмжлэгч Д.Ц гийн “гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
1-рт. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч Д.Д 2007 онд танилцаж, гэр бүл болж 2008 оны 10 сарын 28-ны өдөр гэрлэлтээ батлуулж, 2016 он хүртэл хамтран амьдарч байсан нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Зохигчид нь хамтран амьдрах хугацаандаа 2009 оны 04 сарын 21-ний өдөр охин Д.Э 2012 оны 02 сарын 07-ны өдөр охин Д.Э нарыг төрүүлсэн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар, одоо хүүхдүүд эрүүл энх өсөж, суралцаж байгаа нь Хэнтий аймгийн Галшар сумын өрхийн эмчийн тодорхойлолт, сургуулийн тодорхойлолт, багийн засаг даргын тодорхойлолт, зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгч Д.Ц , хариуцагч Д.Д нар нь хоорондын хувийн таарамжгүй харьцааны улмаас үзэл бодол таардаггүй, гэрлэгчид нь 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байгаа, тусдаа амьдраад 5 жил болсон, зохигчид нь гэрлэлтийг үргэлжлүүлэх санаачилгыг хэн аль нь гаргаагүй зэрэг нь гэрлэлт цуцлуулах шалтгаан үүссэн байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт “Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална” гэж заасан байна.
Зохигчид нь тус шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцсон боловч талууд эвлэрээгүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүйгээр дуусгавар болсон байна.
Гэрлэгчид нь цаашид эвлэрэх боломжгүй, дахин эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүй байна гэж шүүх үзлээ. Учир нь гэрлэгчид нь цаашид хамтран амьдрах бодит нөхцөл тогтоогдохгүй байна.
Зохигчид нь хоорондын хувийн таарамжгүй харьцааны улмаас үзэл бодол таардаггүй, 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байгаа нөхцөл байдал, зохигчид нь гэрлэлтийг үргэлжлүүлэх санаачлагыг хэн аль нь гаргаагүй зэргийг харгалзан шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ дахин авах шаардлагагүй, гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна гэж үзлээ.
2-рт. Нэхэмжлэгч Д.Ц гийн хүүхдээ өөрийн асрамжид авах тухай хүсэлт, хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуй нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүүхдийн хүмүүжил, эрүүл мэндэд тавих анхаарал халамж, хүүхдийн өсөх, хүмүүжих орчин, 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл эхийн асрамжид хүүхдүүд өсөж бойжиж буй нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд 2009 оны 04 сарын 21-ний өдөр төрсөн охин Д.Э 2012 оны 02 сарын 07-ны өдөр төрсөн охин Д.Э нарыг эх Д.Ц гийн асрамжид үлдээх нь зүйтэй байна. Учир нь:
Нэхэмжлэгч нь хүүхдүүдийг төрснөөс хойш болон 2016 оноос өнөөдрийг хүртэл хүүхдүүдийг өсгөж, хүмүүжүүлж байгаа нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Мөн хүүхдүүдийн асрамжийн талаар санал асуухад эцэг Д.Д цаашид хамтран амьдарна гэх саналыг гаргасан боловч одоогоор хүүхдүүдийн асрамжийг өөрчлөх өөр нөхцөл байдал, нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт “Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ” гэж заасан боловч заавал хүүхдийн саналын дагуу асрамжийн асуудлыг шийдвэрлэнэ гэсэн ойлголт биш бөгөөд шүүх хүүхдийн асрамжийг шийдвэрлэхдээ хүүхдийн саналыг харгалзан үзэж хэрэгт авагдсан бусад нотлох баримт, хүүхдийн одоо өсөж хүмүүжиж буй орчин, бага насны хүүхдүүдийн ээнэгшин дассан нөхцөл байдал, эх хүүхдийн хоорондын харилцаа зэргийг харгалзан үзэж асрамжийн асуудлыг шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Хүүхдүүдийн одоо амьдарч буй өсөж дассан орчныг өөрчлөх тодорхой шалтгаан байхгүй бөгөөд хэрвээ цаашид хүүхдүүдийн хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл тогтоогдсон, эх нь хүүхдүүдийг хуулиар олгосон эрхийг зөрчсөн тохиолдолд асрамжийн талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрх нь хариуцагчид байгаа болохыг дурдах нь зүйтэй.
Иймд хариуцагчийн “хүүхдүүдийг өөрийн асрамжид авна” гэх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна.
3-рт. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт “хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” нь эцэг, эхийн үүрэг гэж заасны дагуу эх Д.Ц , эцэг Д.Д нар нь хүүхдүүдийн хуульд заасан эрхийг хангах үүрэгтэй байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2009 оны 04 сарын 21-ний өдөр төрсөн охин Д.Э-г 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2012 оны 02 сарын 07-ны өдөр охин Д.Э-г 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар тутам эцэг Д.Д гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Д.Ц нь охин Д.Э Д.Э нартай нэг гэрт хамт амьдарч байгаа бөгөөд одоогоор хүүхдийн өсөж хүмүүжиж байгаа орчныг өөрчлөх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг нэхэмжлэгч Д.Ц , хариуцагч Д.Д нарт хэвээр үргэлжлэхийг дурдах нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох нь хуульд нийцнэ.
Иймд нэхэмжлэгч Д.Ц гийн хариуцагч Д.Д гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Д.Ц гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 137390 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, хариуцагч Д.Д гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад 70200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад 87271 төгрөг нийт улсын тэмдэгтийн хураамж 157.471 төгрөгийг гаргуулж, үүнээс улсын тэмдэгтийн хураамж 137390 төгрөгийг нэхэмжлэгч Д.Ц д олгож, улсын тэмдэгтийн хураамж 20081 төгрөгийг төрийн сангийн дансанд оруулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн
82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-120 дугаар зүйлд
тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Ц, хариуцагч Д.Д нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт зааснаар 2009 оны 04 сарын 21-ний өдөр төрсөн охин Д.Э 2012 оны 02 сарын 07-ны өдөр төрсөн охин Д.Э нарыг эх Д.Ц асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2009 оны 04 сарын 21-ний өдөр төрсөн охин Д.Э-г 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2012 оны 02 сарын 07-ны өдөр охин Д.Э-г 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар тутам эцэг Боржигон овогт Д.Д гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү охин Д.Э Д.Э нарын хэрэгцээнд зарцуулахыг эх Ловон овогт Дашийн Цолмонтуяад даалгасугай.
6.Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах А.Оюун-Эрдэнэд даалгасугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Ц гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 137390 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, хариуцагч Д.Д улсын тэмдэгтийн хураамж 157.471 төгрөгийг гаргуулж, үүнээс улсын тэмдэгтийн хураамж 137390 төгрөгийг нэхэмжлэгч Д.Ц д олгож, улсын тэмдэгтийн хураамж 20081 төгрөгийг төрийн сангийн дансанд оруулж улсын орлого болгосугай.
9.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг танилцуулсугай.
11.Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ М.ЭНХМАНДАХ