| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2020/00194/И |
| Дугаар | 181 |
| Огноо | 2020-08-03 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 181
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р багт оршин суух, Э.Э-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг, оршин суух хаягийн бүртгэлтэй, одоогоор Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэгт төрсөн ах А.Н-д түр оршин суух, А.Б-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хонгорзулыг суулцуулан, нэхэмжлэгч Э.Э хариуцагч А.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б 2009 оны 12 сарын 18-ны өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүл болж амьдарсан. Б гэр бүл болсноос хойш 2011 оны 10 сарын 11-нд охин Б.О төрсөн. Миний бие мэргэжил дээшлүүлэхээр Дархан хотын ШТУИС-ын харьяа сургуульд суралцах хүсэлтэй байсан учир нөхөр Б ярилцаж 2017 онд элсэн орсон. Эчнээгээр суралцаж 2018 оны 12 сард даалгавраа авч шалгалтаа өгөх зорилготой явсан. Намайг явсан өдрөөс хойш охин О үлдсэн боловч өдөр бүр хүмүүс авчирч архи ууж байгаа тухай охин О 6 настай байсан, утсаар уйлж залгаж хэлсэн тул өөрийн төрсөн ах Э.Э-т охиныг минь гэртээ аваад байлгаж байгаач гэж гуйсан. Ах маань гэрт очиход Б ажлынхаа газрынхаа Г гэх залуутай архи уугаад гэр нь хүйтэн охин минь гадуур хувцастайгаа даарсан сууж байна гэж хэлсэн. Б хамт амьдрах хугацаанд янз бүрийн шалтаг хэлж архи ууж, ааш зан нь эвдэрч согтуугаар хэрүүл хийж, хэл амаар доромжилж, хардаж сэрдэж, хэрүүл маргаан тасрахгүй байсан. Намайг шалгалтаа өгч дуусаад гэртээ ирэхэд согтуу хэл амаар доромжлоод байсан учир би хувцсаа аваад ахындаа очсон. Хэсэг хугацаанд тусдаа байж уучлалт гуйгаад ирэх байх гэж бодсон боловч банкны зээл хийж авсан газар хашаа, приус-10 маркийн суудлын авто машин зэргийг зарж үгүй хийсэн. Онцгой байдлын 49-р ангид ажилладаг байсан. Ажил дээрээ согтуу очиж ажлаасаа халагдсан байсан. Ингээд бүх зүйлээ зарж ажлаасаа гараад 2018 оны 7 сард Хэнтий аймагт байгаа сурагтай байсан. Би фэйсбүүк хаягаар орж үзэхэд Б.Н гэх хүүхэнтэй хамт амьдарч байгааг мэдсэн. Иймд Б эхнэртэй болсон тул би охин О-ийг өөрийн асрамжиндаа авч, 2018 оны 02 сараас хойшхи хүүхдийн тэтгэлэг гаргуулж авах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч А.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие А.Б нь 2009 оны 04 сард Э танилцаад 2009 оны 12 сарын 18-нд гэрт орж, гэрлэлтээ батлуулж, охин Б.О 2011 оны 10 сарын 11-ний өдөр мэндэлж ам бүл 3-уулаа болж аз жаргалаар дүүрэн амьдарч байсан. Аавын гэрээс гарч өрх тусгаарлахдаа эцэг эхээс уламжлуулсан цуулбар уньтай иж бүрэн 4 ханатай хуучны гэрт, цалингийн зээл хийж тавилга гэрийн хэрэгцээт бусад зүйлсийг бэлдэж бэр гуйж нэр хүндтэй тусдаа гарсан. Миний бие Монгол Улсын Үндсэн хууль болон Гэр бүлийн тухай хуульд заасан үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх тэжээж, тэтгэх үүргүүдээ бүрэн биелүүлж ирсэн. Бидний хувьд амьдрал ахуй болж байсан бөгөөд эхнэр Э.Э нь Дархан хотын дээд сургуульд суралцах болсон. Сургалтын төлбөр дутаж байсан учир миний ах болох А.Б-ийн 5 ханатай гэрийг барьж, 4 ханатай гэрээ зарж төлбөрт нэмэрлэсэн. Дархан хот руу ирж, очих, буцах явцад амьдрах байрны түрээс, хоол хүнс, сургалтын төлбөр гэх мэт санхүүгийн асуудал тулгарч байсан ч тухай бүрт нь хүнээс их хэмжээний хүүтэй мөнгө зээлж, приус10 маркийн авто машиныг ломбарданд тавьсан. Суралцаж байх хугацаандаа надад удаа дараа худал хэлж өөр хүнтэй учирч явсан. Би мэддэг байсан ч болих байлгүйдээ гэж найдаж явсан. 2017 оны өвөл явахдаа тэр хүнтэйгээ байнгын чаталдаг байсан. Надтай ярихдаа хичээлтэй байна, завгүй байна гэж шалтаглаж хэлээд тэр хүнтэйгээ зугаалж салхинд гарч явдаг. Би сүүлдээ тэсэхгүй Facebook хайсан. Утсаар залгаж яагаад ингээд байгаа учир байдлыг нь асуухад шууд уурлаж, элдвээр хэлж харааж би чамаас сална гэж хэлээд утсаа тасалсан. Энэ хугацаанаас таарч тохирихоо больсон. Гэтэл тухайн хугацаанд миний бие үр хүүхдээ харж тэжээн тэтгэх, өсгөн хүмүүжүүлэх үүргээ цаг ямагт биелүүлж байсан. Намайг ажилд гарч байхад Дархан хотоос ирээд цэцэрлэгээс охиныг минь гэрээс эд зүйлсээ аваад юу ч хэлэлгүй явсан. Би уулзаж ярилцах гэх болгонд зугтаадаг. Утсаар залгаж ярихад элдвээр хэлж хараадаг байсан. Би Э-ийн дүү Э.Э бүх болсон зүйлийг хэлэхэд эгч ямар сонин юм бэ, за за өөрсдөө учраа ол гэж хэлж байсан. Удаа дараа охиноо бодон эвлэрэх гэж би зүтгэсэн. Сүүлдээ би бүтэхгүйг ойлгосон. Хөдөө яваад ирэхэд гэрийн хаалга цоожийг эвдэж хулгай орсон мэт харагдаж байсан. Э-ээс асуухад тавилга эд зүйлийг авч явсан байсан. Намайг гэрт байх хугацаанд ирээгүй байж эзгүйд ингэж аашилсанд би их гутарсан. Хашаа, машинаа зарж хүнээс зээлсэн хүүтэй мөнгө, ломбард бусад өрийг дарж барагдуулж, Хэнтий аймагт эцэг эхтэйгээ амьдарсан. Сүүлийн жилүүдэд намайг баримт нотлогоогүй гүтгэж, ерөөсөө эцэг хүний үүргээ огт биелүүлээгүй мэт хандаж шүүхэд нэхэмжлэл гаргасанд харамсаж байна. Иймд эхнэр Э.Э-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би шүүхэд тайлбараа өгсөн. Э.Э намайг байнга гүтгэж байдгаа болимоор байна. Би Э.Э-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ тэтгэлгийг 2008 оны 2 дугаар сараас эхлэн тогтоолгоно гэдгийг хүлээн зөвшөөрхгүй. Миний бие тусдаа амьдралтай болсон тул цаашид эвлэрэх боломжгүй. Охин Б.О нь миний төрсөн охин мөн тул тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.
Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч А.Б д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Б.О-ийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч А.Б , нэхэмжлэгч Э.Э нар нь 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар гэрлэлтээ иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлэн хамтран амьдарч байсан гэр бүлийн гишүүд байна.
Нэхэмжлэгч Э.Э нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...нөхөр маань архи ууж ааш зан нь эвдэрч, согтуугаар хэрүүл хийж, хэл амаар доромжилж, хардаж сэрдэж, хэрүүл маргаан тасрахгүй, намайг ямар ч үед дэмждэггүй, байнга дарж байх хүсэлтэй, түүнчлэн хардаж сэтгэлийн дарамт их үзүүлж байсан бөгөөд өөр бусадтай гэр бүлийн харилцаатай болсон тул гэрлэлтээ цуцлуулна... гэж, энэ талаар хариуцагч А.Б ...Байнга гүтгэж байдгаа болимоор байна. Би үр хүүхдээ хуулийн дагуу харж хандаж байсан, Э.Э нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна... гэж тайлбарлаж байна.
Гэрлэгчид нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Сум дундын шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч талууд тусдаа амьдраад 2 жил 5 сар болсон, зан харилцааны хувьд таардаггүй, өргөдөл гаргагч, уригдагч нар нь гэр бүлийн харилцааг үргэлжлүүлэх тал дээр санаачлага гаргаагүй, уригдагч тал нь архи, согтууруулах ундаа хэрэглэдэг, гэр бүлдээ анхаарал халамж тавьдаггүй, хардаж сэрддэг нь гэр бүлийн орчинд дарамт болдог, хэн аль нь гэрлэлт цуцлуулах асуудалд санал нэгдэж байгаа ба эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох хүсэлтийг бичгээр тус тус гаргасан зэргийг үндэслэн Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 28.1.4-д зааснаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байна.
Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар гэрлэгчид хоорондын таарамжгүй харьцаанаас болж, 2018 оноос гэр бүлийн хамтын амьдралыг үргэлжлүүлэх боломжгүй тусдаа амьдарч байгаагаас эвлэрэх боломжгүй болсон, хариуцагч А.Б нь өөр бусадтай хамтран амьдарч байгаа ба Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан гэрлэлтийг цуцлахад хориглох үндэслэл тогтоогдоогүй болно.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасан эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэгч Э.Э хариуцагч А.Б нарын гэрлэлтийг цуцлав.
Гэрлэгчдийн хамтран амьдрах хугацаанд 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдөр охин Б.О төрсөн болох нь төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байгаа ба зохигчийн хэн аль нь төрсөн эцэг, эх гэдэгт маргаагүй байна.
Гэрлэгчдийг тусдаа амьдарснаас хойшхи хугацаанд охин Б.О эх Э.Э асрамжинд өсөж, сургуульд сурч байсан байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асурамжийн асуудлыг шийдвэрлэхэд шүүх түүний саналыг харгалзан үзнэ гэж зааснаар Б.О саналыг өмгөөлөгч байлцуулан авсан болно.
Хариуцагч А.Б нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Б.О эх Э.Э асрамжинд үлдээж шийдвэрлэв.
Хүүхдийг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа нь хүүхэд эхийн оршин суугаа газрын харъяаллаар суурь боловсрол, эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаагийн зэрэгцээ хүүхдийн оршин суугаа газрыг шийдвэрлэж буй хэрэг бөгөөд эцэг А.Б , эх Э.Э нар тусдаа амьдарч байгаа явдал нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй, цаашид хүүхдийн хүмүүжил, хөгжилд тэгш хариуцлага хүлээх учиртай.
Гэр бүлийн тухай хууийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ., мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй. гэж хуульчилсан байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т ...хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүрэгтэй..., мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т ...хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй гэж хуульчилснаар 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Б.О 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг А.Б аас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч Э.Э нь тусдаа амьдарч эхэлсэн буюу 2018 оны 02 дугаар сараас хойшхи хүүхдийн тэтгэлэг гаргуулж авах хүсэлтэй байна гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх гэрлэлт цуцласнаар хүүхдийн тэтгэлгийг тогтоож байгаа тул 2018 оны 02 дугаар сараас эхлэн тэтгэлгийг тогтоох боломжгүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг нэхэмжлэгч Э.Э хариуцагч А.Б нарт хэвээр үргэлжилнэ.
Талууд эд хөрөнгийн маргаан гаргаагүй болохыг дурдаж, нэхэмжлэгч Э.Э хариуцагч А.Б аас гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж, нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д тогтмол хугацаанд төлөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлно гэж зааснаар нэхэмжлэгч Э.Э нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 33.594 төгрөг, нийт 103.795 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Төрийн банкин дахь 100182700941 тоот дансанд төлснийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн, улсын орлого болгож, хариуцагч А.Б аас 103.795 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Энхчимэгт олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Э, хариуцагч А.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2011 оны 10 сарын 11-ний өдөр төрсөн охин Б.О-ийг эх Э.Э асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2011 оны 10 сарын 11-ний өдөр төрсөн охин Б.О-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар тутам эцэг А.Б аас гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү охин А.О хэрэгцээнд зарцуулахыг эх Э.Э-т тайлбарласугай.
5.Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгч Э.Э улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 103.795 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, хариуцагч А.Б аас улсын тэмдэгтийн хураамж 103.795 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Энхчимэгт олгосугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах А.О даалгасугай.
8.Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлт цуцласны бүртгэлд бүртгүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорин нэгжтэй тэнцэх хэмжээний /20.000/ төгрөгийн торгуулийн шийтгэл хүлээх болохыг дурдсугай.
9.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.
10.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг мэдэгдсүгэй.
11.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг танилцуулсугай.
13.Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ