Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 33

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

Прокурор А.Амгалан,

Шүүгдэгч Д.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Дөлгөөн,

Шүүгдэгч А.Ж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Майдри,

Нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний  өдрийн 2020/ШЦТ/48 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч А.Ж, Д.Б нарт холбогдох 2028000380019 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч А.Ж-ийн өмгөөлөгч Д.Майдригийн давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Насанжаргалын  танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэгдсэн,

Монгол Улсын иргэн, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух хаягтай, урьд Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.2, 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял,        

Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн,

Шүүгдэгч А.Ж, шүүгдэгч Д.Б нар нь бүлэглэн иргэн Ш.Б эзэмшлийн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклыг ашиглан 2020 оны 01 дүгээр сарын дундуур оршин суух хохирогч А.Б байшинд хууль бусаар нэвтэрч монгол архи 20 литр, ерөөл архи 1 шил, хэвийн хурууд 30 кг, энгийн хурууд 10 кг, хонины элдсэн нэхий 7 ширхэг, улаан шонхор тамхи 6 блок, лаазтай классик кофе 3 ширхэг, карбин маркийн буу 1 ширхэг, 7 сум, ээзгий  5 кг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 2.202.100 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт,

Шүүгдэгч А.Ж нь ганцаараа 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг, Сум дундын ойн ангийн 8 дугаар талбайн хашаанд байх хохирогч  Н.Т гэрт хууль бусаар нэвтэрч бага гарын халтар мана болон тархи мана, тариат мана хөөрөг, монгол дээл, монгол гутал, гар утасны цэнэглэгч, мөнгөн зүүлт тус бүр 1 ширхэг, мөнгөн бугуйвч, 2 хос ээмэг, мөнгөн бөгж 3 ширхэг, Самсунг Ж6 маркийн гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 2.814.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Солонго нь шүүгдэгч А.Ж, Д.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт  үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.Ж-ийг шүүгдэгч Д.Б-тай бүлэглэн машин механизм ашиглан, хүн байнга амьдрах орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч А.Ж-ийг хүн байнга амьдрах орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Д.Б-ыг А.Ж-тэй бүлэглэн машин механизм ашиглан, хүн байнга амьдрах орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч А.Ж-өд 4 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Б-т 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж-өд оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг,  шүүгдэгч Д.Б-т оногдуулсан 3 /жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ын цагдан хоригдсон 50 /тавь/ хоногийг эдлэх ялаас хасаж тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж-өөс 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Т  100000  /нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Г.М нэг зуун хорих мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ц.С, 776.050 /долоон зуун далан зургаан мянга тавь/  төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Б, Шүүгдэгч Д.Б-аас 776050 /долоон зуун далан зургаан мянга тавь/ төгрөгийг гаргуулан  хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Б тус тус олгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 400.000 /дөрвөн зуун мянга/  төгрөгийг шүүгдэгч  А.Ж, Д.Б нараас тэнцүү хуваан гаргуулан улсын төсвийн орлогод оруулж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг карбин буу, 4 ширхэг сумны хонгиог шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын хэв журмын тасагт шилжүүлэхийг Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Ж-ийн өмгөөлөгч Д.Майдри давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Нэг. ...Миний бие 2020.4.15-ны өдрөөс эхлэн А.Ж-ийн өмгөөлөгчөөр ажиллаж эхэлсэн бөгөөд шийтгэх тогтоолыг бичгээр гарсны дараа Оюунгэрэл өмгөөлөгчөөр дамжуулан анхан шатны шүүхээс гардан авч хохирогч Н.Т утасны дугаар 10 дахь талд бичигдсэнийг үзэж холбоо барьж дансыг нь авч хохирлыг бүрэн төлсөн.

Бусад хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын гэрийн хаягаас өөр мэдээлэл байгаагүй тул хаягаар хайсан.

Иргэний нэхэмжлэгч Г.М шийтгэх тогтоолд бичигдсэн хаягт тийм хүн байгаагүй, иргэний нэхэмжлэгч Ц.С хаягаар очиж дансыг аваад хохирлыг бүрэн барагдуулсан.

Хохирогч Ц.Б, иргэний нэхэмжлэгч Г.М нарын утсыг шүүгчийн туслахаас авч улмаар хохирлыг барагдуулсан.

Өөрөөр хэлбэл, шүүх хохирол төлбөр төлөх үүрэг хүлээлгэхдээ хохирогч нарын дансны дугаар эсхүл холбоо барих утасны дугаарыг өгчихсөн бол хохирлоо төлчих байсан. Шүүгдэгч өөрөө тэдгээр мэдээллийг олж авах ямар ч боломж байгаагүй. Мөн бичиг үсэггүй учраас өөрөө яваад төлөх ч боломжгүй. Мөн цагдан хоригдсон. Энэ нөхцөлд шүүх, прокурорын зүгээс шүүгдэгчийн ар гэрийнхэнд мэдээлэл өгөх үүрэгтэй байсан. Ийнхүү мэдээлэл өгөөгүйгээс А.Ж-ийн ял бүр хүндрэх нөхцөлд хүрсэн байна.

Түүнчлэн шүүгдэгчийн ар гэрийнхэн шүүх хурал болсон талаар, хохирол барагдуулах хугацаа тогтоосон байгаа талаар гэх мэт ямар ч мэдээлэлгүй байсан.

Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч өмгөөлөгчөө өөрөө сонгоно.” гэж заасныг зөрчиж хэрэг хянан шалгах явцад мөрдөгчийн зүгээс И.Оюунгэрэл гэх өмгөөлөгчийг А.Ж-ийн хүсэлт, сонголтгүйгээр авчирч А.Ж-ийн өмгөөлөгчөөр оролцуулсан...шалтгаан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.3-т “монгол хэл, бичиг мэдэхгүй” тохиолдолд заавал өмгөөлөгч оролцуулах ёстой хуулийн шаардлагыг хэлбэрийн төдий хангахын тулд байсан.

И.Оюунгэрэл өмгөөлөгч нь монгол хэл, бичиг мэдэхгүй хүнтэй өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх аман эсхүл бичгээр гэрээ хийх гэж байгаа бол А.Ж-ийн гэр бүл, садан, төрлийн хүнийг байлцуулах .шаардлагатай байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг зөрчсөн.

 Шүүгдэгчийн хувийн байдлыг бүрэн гүйцэт тогтоогоогүй. А.Ж нь 1 нас хүрээгүй нялх хүүхэдтэй бөгөөд түүнд ял ногдуулахдаа энэ хувийн байдлыг зайлшгүй харгалзаж үзэх шаардлагатай. Учир нь хүүхдийн эрхийг бид бүгд хамгаалах ёстой. А.Ж нь гэр бүлээ, дөнгөж төрсөн хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй эцэг хүн юм.

Гурав. ...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна." гэж заасныг буруу хэрэглэсэн.

Даюун маркийн мотоциклыг Ш.Б “...манай дүү Б 2019 оны 12 дугаар сарын сүүлээр сумын төв орно гээд авч явсан...” гэх мэдүүлэг /хх-1-107/ болон шүүгдэгч Д.Б-ын мэдүүлгээс үзэхэд Даюун маркийн мотоцикл нь гэм буруутай этгээд гэгдэх А.Ж, Д.Б нарын өмчлөлийн эд хөрөнгө биш. Харин Ш.Б  гэж ойлгогдож байна.

Иргэний хуулийн 101.1, 106.1 дэх хэсэгт тус тус зааснаар тухайн мотоциклийн өмчлөгч нь А.Ж, Д.Б нар биш юм. Мөн Ш.Б өмчлөлийнх гэдгийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

Анхан шатны шүүх зөвхөн тухайн мотоцикль А.Ж, Д.Б нарын өмчлөлд бүртгэлтэй тохиолдолд хураан авч, хохирол нөхөн төлөхөд зарцуулах боломжтой ч энэ тохиолдлын хувьд хуулийн дээрх заалтыг хэрэглэх ёсгүй байсан.

Харин А.Ж, Д.Б нарын өмчлөлд бүртгэлгүй, өөр хүний өмчлөлд бүртгэлтэй бол тухайн мотоциклийг өмчлөгчид нь буцаан олгох ёстой байсан.

Ийнхүү хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэрэглэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 /удиртгал байхгүй/ болон 3 /тогтоох хэсгийн 6 дугаар заалт эргэлзээ төрүүлж байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ нь ялын бодлого, ноогдох ялын хэмжээтэй шууд холбоотой байдаг учир анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхдээ ноцтой алдаа гаргасан. Мөрдөн шалгах шатанд А.Ж-ийн хуульд заасан үндсэн эрх болох өмгөөлөгчөө өөрөө сонгох, гэр бүлийнхэнтэйгээ харилцах эрхүүд тус тус ноцтой зөрчигдсөн байна. Шүүгдэгч А.Ж өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн асуудлаар маргаагүй. Өмгөөлөгч миний бичсэн гомдолд дурдсан үндэслэлүүдийг харгалзан шүүгдэгч хохирол барагдуулсан нөхцөлийг анхаарч хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялын хэмжээг багасгаж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх нь шүүгдэгч А.Ж, шүүгдэгч Д.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн өмгөөлөгч Д.Майдригийн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлж цуглуулсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч А.Ж, шүүгдэгч Д.Б нар нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв хүрэх замдаа бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын дундуур гэх газарт байрлах хохирогч А.Б байшингийн цонхны бэхэлгээ төмрийг эвдэж, цонхыг хагалж, мөн уг байшингийн залгаа агуулахын хаалганы цоожийг эвдэн тус тус хууль бусаар нэвтэрч монгол архи 20 литр, ерөөл архи 1 шил, хэвийн хурууд 30 кг, энгийн хурууд 10 кг, хонины элдсэн нэхий 7 ширхэг, улаан шонхор тамхи 6 блок, лаазтай классик кофе 3 ширхэг, карбин маркийн буу 1 ширхэг, 7 сум, ээзгий  5 кг нийт зах зээлийн ханшаар 2202100 төгрөгийн эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлж, уг эд зүйлсээ иргэн Ш.Б эзэмшлийн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклд ачиж явсан болох нь,

А.Ж нь ганцаараа 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр талбайн хашаанд байх хохирогч  Н.Т хашаанд орж гэрийн хаалганы гишгүүр доор байсан түлхүүрээр  гэрийн хаалгыг онгойлгон хууль бусаар нэвтэрч бага гарын халтар мана хөөрөг болон тархи мана хөөрөг, тариат мана хөөрөг, монгол дээл, монгол гутал, гар утасны цэнэглэгч, мөнгөн зүүлт, мөнгөн бугуйвч, 2 хос ээмэг зэргийг тус бүр 1 ширхэгийг, мөнгөн бөгж 3 ширхэг, Самсунг Ж6 маркийн гар утас зэрэг эд зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт зах зээлийн ханшаар 2814000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.  

Хохирогч А.Б байшин, хохирогч Н.Т монгол гэр  нь хүн байнга амьдрах зориулалтай, хохирогч А.Б байшингийн залгаа байр нь агуулах эд бараа түр хадгалах зориулалттай байсан, мөн тэдгээрт өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орсон  нь шүүгдэгч нар, хохирогчийн мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

Мөн хохирогч А.Б аймгийн төвөөс хол, хөдөөний айл бөгөөд орших нутаг дэвсгэрийн хил хязгаар, хулгайлж авсан хэмжээ зэргээс түүнийг мотоциклоор тээвэрлэхгүйгээр эзэмшил, ашиглалтад авах, улмаар захиран зарцуулах боломжгүй байсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Ж-ийн Д.Б-тай бүлэглэж үйлдсэн болон дангаараа үйлдсэн үйлдлүүдийг үргэлжилсэн үйлдэлтэй нэг гэмт хэрэг гэж үзэх тул үйлдлүүдийг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаарх дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүгдэгч А.Ж, Д.Б нарыг бүлэглэн машин механизм ашиглан, хүн байнга амьдрах орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А. Ж  дангаараа хүн байнга амьдрах орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсон, тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчилж тэдэнд хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэм бурууд тохирсон, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараас гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод нийцсэн байна гэж үзлээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Ж-ийг шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд хохирол төлбөрийг төлж барагдуулаагүйг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал гэж үзсэн, харин Д.Б-т ямар нөхцөл байдлыг харгалзан үзэж ял оногдуулсан талаар заагаагүй атлаа хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх заалтаас А.Ж-өд 4 жил, Д.Б-т 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцээгүй гэж үзэв. 

Шүүгдэгч нар үнэн зөв мэдүүлэг өгсөн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А.Ж-ийн дангаараа үйлдэж бусдад учруулсан 2814000 төгрөгийн хохирлоос 2514000 төгрөгийн эд зүйлсийг хохирогчид буцаан олгосон байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт   “ял шийтгүүлсэн этгээдийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой  баримтыг гаргаж өгч болно” гэж заасны дагуу А.Ж-ийн давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө Ц.С-д 120000 төгрөг, Г.М-д 100000 төгрөг, Н.Т-д 300000 төгрөг, А.Б-д 230000 төгрөг тус тус төлж хохирол барагдуулсан тухай баримтыг давж заалдах шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон болно.

Иймд давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1  дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно гэсэн эрх хэмжээний хүрээнд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгт хамтран оролцсон оролцооны шинж, гүйцэтгэсэн үүрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирлыг дийлэнх хэсгийг биетээр буцаан олгосон, улмаар уг  эд зүйлсийг худалдаж авсан байсан хүмүүст эд зүйлийн үнийг буцаан төлөх зэргээр хохирол арилгасан байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялын хэмжээг А.Ж-д 2 жил 6 сар, Д.Б-т 2 жил 3 сар болгон хөнгөрүүлж, мөн шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль хэрэглээгүй, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцох талаар заахдаа ойлгомжгүй заасныг зөвтгөн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч А.Ж-ийн өмгөөлөгч Б.Майдригийн гомдлыг гомдолд дурдсан үндэслэлээр бүрэн хангах боломжгүй ч хорих ялын хэмжээг багасгах тухай хэсгийг хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж дүгнэлээ.Үүнд:

  1. Хохирол төлөх үүрэг хүлээлгэсэн заалтыг  биелүүлэх боломж олгоогүй гэх гомдлын үндэслэлийн талаар:

Шүүгдэгч А.Ж-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан хүсэлтийг үндэслэн шүүх 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 11 цагт эхэлсэн шүүх хуралдааныг 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 15 цагт үргэлжлүүлэхээр шүүх хуралдааныг завсарлуулж шийдвэр гаргасан байна. /хэргийн 62-63 дугаар хуудас/

Харин А.Ж нь дээрх хугацаанд хохирлыг төлөөгүй шалтгаанаа “ар гэрийнхэн нь дуудсан, очиход боломжгүй болсон, тэмээ малаа зарах гэхэд болохгүй байна, ямаа самналтаар болъё” гэсэнагуулгаар тайлбарласан, мөн энэ хугацаанд тэрээр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байсан зэрэг нь шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамжаар нотлогдож байна.

Шүүх хуралдаанаар гэм буруутайд тооцсон шүүгдэгчийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэх, хохирол нөхөн төлүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулах эсэхийг хэрхэн шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн эрх хэмжээ бөгөөд шүүхээсхувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгчид бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөх боломжийг олгож шүүх хуралдааныг завсарлуулсан нь энэрэнгүй ёсны зарчмыг хангасан гэж үзнэ.

Түүнчлэн энэ хугацаанд шүүгдэгч А.Ж нь хохирол төлөх тусламж хүсэж Өмнөговь аймгийн төвөөс 300 гаруй км зайтай орших Гурвантэс сумын нутагт өөрийн биеэр очиж ар гэрийнхэнтэйгээ уулзаж байсан талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарлаж байх тул өмгөөлөгч Д.Майдригийн энэ хугацаанд А.Ж цагдан хоригдсон, ар гэрийнхэнтэй нь уулзах зөвшөөрлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан олгоогүй гэх гомдлын үндэслэл бодит байдалд нийцээгүй байна.

Хувийн нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хувь хүний нууцад хөрөнгийн нууц, хөрөнгийн нууцад зөвхөн эд хөрөнгө, оюуны өмч, эрхийн эзэн, эсхүл түүний итгэмжлэгдсэн хүмүүс мэдэх, түүнчлэн эрх бүхий байгууллага албан тушаалтны албан үүргийнхээ дагуу олж мэдсэн мэдээ, баримт бичиг, тоо, гэрээ хэлцэл, биет зүйлийг ойлгоно. Хохирогч нарын хувийн мэдээлэл, дансны дугаарыг шүүгдэгчид шүүхийн зүгээс олгох нь шүүхийн үүрэг бишээс гадна энэ мэдээллийг шүүхээс бусдад тараах нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчмыг зөрчих тул өмгөөлөгч Д.Майдригийн энэ талаарх гомдол үндэслэлгүй.

  1. Яллагдагчийн өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах нь түүний эрх бөгөөд энэ эрхээ эдлэх боломжоор хангах нь шүүх, прокурор, мөрдөгчийн үүрэг юм. Яллагдагч А.Ж нь өмгөөлөгч И.Оюунгэрэлийн хамт өөрт холбогдох мөрдөн байцаалтын ажиллагаанд оролцсон ажиллагааны талаар гомдол хүсэлт гаргаагүй байна.
  2. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан мотоциклийг эзэмшигч Ш.Батбаярт буцаан олгосон, уг мотоцикль нь зах зээлийн ханшаар 400000 төгрөгийн үнэ ханштай болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна./хэргийн 35, 161 дүгээр хуудас/

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу  “Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ” гэсэн хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасан.

Хуулийн энэ зүйл, хэсэгт “эсхүл” гэх холбоос үг хэрэглэгджээ. “Эсхүл” гэх холбоос үг нь зэрэгцсэн хоёр өгүүлбэр хоорондын агуулгын хувьд эсрэг утгаар хуулийн бичвэрт хэрэглэгддэг. Эндээс хэм хэмжээг хэрэглэх эрэмбийн хувьд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг энэ хуулийн тусгай ангид заасан эсэхээс үл хамааран албадлагын арга хэмжээ авч хураахыг хуульчилсан гэж ойлгоно. Энэ нь эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх зорилгод нийцсэн зохицуулалт мөн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж заасан тул шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан мотоциклийг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцнэ.

Иймд уг мотоцикл нь шүүгдэгч нарын өмчлөл, эзэмшлийнх биш тул хууль ёсны өмчлөгч, эзэмшигчид эрх бүхий этгээд хүлээлгэн өгч шилжүүлсэн учир түүний үнийг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй тул тухайн мотоцикль А.Ж, Д.Бнарын өмчлөлд бүртгэлгүй тохиолдолд хуулийн заалтыг хэрэглэх ёсгүй гэх агуулгаар гаргасан гомдол хуульд нийцэхгүй байна.

Мөн өмгөөлөгч гомдолдоо уг мотоциклийн эзэмшлийн талаар “...харин Ш.Б-ынх гэж ойлгогдож байна., ... Мөн Ш.Б өмчлөлийнх гэдгийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй...” гэх эргэлзээтэй байдлаар дурдсан байна.

Дээрх үндэслэлээр өмгөөлөгч Д.Майдригийндавж заалдах гомдлын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Магадлалд дараах асуудлыг тэмдэглэх нь зүйтэй гэж үзсэн болно. Үүнд: Мөрдөгчийн тогтоол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээс Д.Б-ын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаанд мэргэжилтнээр М.С-гийг оролцуулахаар шийдвэрлэсэн байх боловч дээрх ажиллагаанд уг оролцогч нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.7 дугаар зүйлд заасан хөндлөнгийн гэрчээр оролцуулж эрх, үүрэг тайлбарлаж оролцуулсан байна. Шүүх шийдвэртээ энэ нотлох баримтын хууль зүйн үндэслэлийн талаар дүгнээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2.1-т заасантай нийцээгүй ч хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар шүүгдэгч А.Ж, Д.Б нарын үйлдэл тогтоогдож байна.

Д.Б нь Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн байгаа нь хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг хэрэглэж Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох үндэслэл тогтоогдож байна.

Гэвч хэрэгт уг ялыг биелүүлж дууссан эсэх талаар баримт авагдаагүй, прокурор энэ талаар хүсэлт, дүгнэлт гаргаагүй, сүүлийн шийтгэх тогтоолоор оногдуулж байгаа ялын төрөл нь өөр, мөн хэргийн зүйлчлэлд өөрчлөлт орох нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Прокурорын тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 22 дугаар зүйлд заасан ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих үүргийн дагуу өмнөх шийтгэх тогтоол биелэгдээгүй тохиолдолд  Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялыг тус тусад эдлүүлж болох боломжтой гэж үзэв.

Анхан шатны шүүх нь шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хэргийн үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулж үнэлэх замаар тогтоож дэлгэрэнгүй тусгаж бичсэн боловч шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн аль зүйл хэсэгт заасан гэмт хэргийн шинжид нийцэх эсэх талаар дүгнэлт хийгээгүй, мөн хохирлын асуудал шийдвэрлэсний дараа хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар тусгах зэргээр тодорхойлох хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан дараалал, шаардлагын дагуу үйлдээгүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцээгүй, энэ нь шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий зарчимд нийцээгүй гэх үндэслэл болох тул шийтгэх тогтоолыг хуульд заасан шаардлага, дарааллын дагуу үйлдэж байхыг цаашид анхаарах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1  дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2020/ШЦТ/ 48 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын  “... шүүгдэгч А.Ж-д 4 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Б-т 3 жилийн хугацаагаар хорих ял...” гэснийг “... шүүгдэгч А.Ж-д 2 жил 6 сарын /хоёр жил,  зургаан сар/ хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Б-т 2 жил 3 сарын /хоёр жил, гурван сар/ хугацаагаар...”  гэж, 3 дахь заалтын “...шүүгдэгч А.Ж-д оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг  шүүгдэгч Д.Б-т оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг...” гэснийг “...шүүгдэгч А.Ж-д оногдуулсан 2 жил 6 сарын /хоёр жил,  зургаан сар/ хугацаагаар хорих ялыг,  шүүгдэгч Д.Б-т оногдуулсан 2 жил 3 сарын /хоёр жил, гурван сар/ хугацаагаар хорих ялыг...” гэж, 4 дэх заалтыг бүхэлд нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Д.Б-ын цагдан хоригдсон 50 /тавь/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай” гэж, 6 дахь заалтын “...4 дэх хэсэгт...” гэснийг “...2, 3 дахь хэсэгт...” гэж, 8 дахь заалтыг бүхэлд нь “

2. Шүүгдэгч А.Ж-ийн өмгөөлөгч Б.Майдригийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл А.Ж-ийн цагдан хоригдсон 57 /тавин долоо/ хоногийг, Д.Б-ын цагдан хоригдсон 57/ тавин долоо/ хоногийг  хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Шүүгдэгч А.Ж нь давж заалдах шатны шүүх хуралдаан болох хүртэл хугацаанд Ц.С-д 120000 төгрөг, Г.М-д 100000 төгрөг, Н.Т-д 300000 төгрөгийг төлж хохирол барагдуулсан, А.Б-д 776050 төгрөгийн хохирол төлөхөөс 230000 /хоёр зуун гучин мянга/ төгрөг тус тус төлсөн болохыг дурдсугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.НАСАНЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                            Х.ГЭРЭЛМАА

                                                                                                    Ш.ТӨМӨРБААТАР