| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 126/2025/0010/3 |
| Дугаар | 221/МА2026/0577 |
| Огноо | 2026-08-06 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2026/0577
| 2026 оны 08 сарын 06 өдөр | Дугаар 221/МА2026/0577 | Улаанбаатар хот |
|
|
|
|
Д.Пгийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Зоригтбаатар,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Одмаа,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгч Д.П,
Хариуцагч Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дарга А.Д,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 126/ШШ2026/0027 дугаар шийдвэр,
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Д.П,
Хариуцагч Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын дарга А.Д,
Нэхэмжлэлийн шаардлага: Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” Б/02 дугаар тушаал, 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Ажил хүлээлцэх комисс томилох тухай” А/04 тоот тушаалуудыг тус тус хүчингүй болгуулж, Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын дотоод аудиторын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацаа болох 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс шүүхээр хэргийг шийдвэрлэх хүртэл буюу 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх цалин, нөхөн олговор 57,199,472 төгрөгийг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийхийг даалгах, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгах,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн Д.П,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д, Л.Д,
хариуцагч Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дарга А.Д,
хариуцагчийн өмгөөлөгч Н.Э, Ц.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Ө,
Хэргийн индекс: 126/2025/0010/3.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Пгээс анх Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын дарга А.Дд холбогдуулан “Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” Б/02 дугаар тушаал, 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Ажил хүлээлцэх комисс томилох тухай” А/04 тоот тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2026 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын дотоод аудиторын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олговор 60,355,923 төгрөгийг гаргуулж, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах”-аар нэмэгдүүлэн,
2026 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд “Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” Б/02 дугаар тушаал, 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Ажил хүлээлцэх комисс томилох тухай” А/04 тоот тушаалуудыг тус тус хүчингүй болгуулж, Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын дотоод аудиторын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацаа болох 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс шүүхээр хэргийг шийдвэрлэх хүртэл буюу 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх цалин, нөхөн олговор 57,199,472 төгрөгийг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийхийг даалгах, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгах” хэмээн эцэслэн тодорхойлсон.
2. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 126/ШШ2026/0027 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 49 дүгээр зүйлийн 49.1, 57 дугаар зүйлийн 57.2, 57.2.2, 62 дугаар зүйлийн 62.1, 62.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Пгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” Б/02 дугаартай тушаал, 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Ажил хүлээлцэх комисс томилох тухай” А/04 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын газрын аудиторын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаа буюу 15 сар 25 хоногийн цалинтай тэнцэх нөхөх олговор болох 38.298.910 (гучин найман сая хоёр зуун ерэн найман мянга есөн зуун арван) төгрөгийг нэхэмжлэгч Д.Пд олгож, тус хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийхийг Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын даргад даалгаж”,
2 дахь заалтаар “Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, 57.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох “Ажилгүй байсан хугацаа болох 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацааны нөхөн олговор 18.900.562 (арван найман сая есөн зуун мянга таван зуун жаран хоёр) төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэгч Д.Пгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож” тус тус шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:
3.1. Шүүх миний цалин хөлсний олговор нэхэмжилсэн нэхэмжлэлээс ээлжийн амралтын олговор, урамшуулал, орон нутгийн нэмэгдлийг хасахдаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 тоот тушаалаар баталсан "Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын 1.5-д заасныг баримтлан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Тус журам нь зөвхөн ажилтны сарын дундаж цалинг бодох аргачлалыг зохицуулдаг журам юм. Иймд ажил олгогчийн буруутай үйлдлээс болж хохирсон ажилтны бусад хууль ёсны нэмэгдэл, олговрыг шийдвэрлэхэд хэрэгжүүлэх журам биш юм.
3.2. Улсын Дээд шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 001/XT2026/0024 дүгээр тогтоолоор маргаан бүхий Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 48 дугаар тогтоолыг хүчингүй болгосон тул ажил олгогчийн шийдвэр анхнаасаа хууль бус байсан нь тогтоогдсон учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дүгээр зүйлийн 127.1-д зааснаар ажилгүй байсан бүх хугацааны олговрыг бүрэн хэмжээгээр олгож шийдвэрлэх байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлд зааснаар улирлын үр дүнгийн урамшуулал, орон нутгийн нэмэгдэл, ээлжийн амралтын цалин нь миний цалин хөлсний салшгүй хэсэг юм. Шүүх ээлжийн амралтын олговрыг хасаж тооцсон нь үндэслэлгүй.
3.3 Ажил олгогч нь Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг хууль ёсоор биелүүлээгүй, намайг ажилд маань эгүүлэн авах үүргээ хугацаандаа биелүүлээгүй, надад ажил үүрэг хүлээлгэж өгөөгүй, ажилгүй байлгасан буруутай этгээд юм. Би жил гаруй хугацаанд ажилгүй цалин хөлсгүй амьдрал хүндэрсэн тул амьдралын зайлшгүй шаардлагаар Сэлэнгэ аймаг болон Шүүх шинжилгээний ерөнхий газарт түр хугацаагаар ажилласан нь хариуцагч байгууллагыг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасан “ажилгүй байсан бүх хугацааны олговрыг олгох”-д заасан хохирол (олговор) төлөх хуулиар хүлээсэн үүргээс нь чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
3.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар ажил олгогч ажилтны нийгмийн даатгалыг хуульд заасан хэмжээгээр (байгууллагаас төлөх 12.5 хувь) төлж, тайлагнах үүрэгтэй. Нэхэмжлэгч миний бие "Цалин хөлс, олговроо нэхэмжилсэн тооцоолол" хүснэгтээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой гаргаж, байгууллагаас төлөх 12.5%-ийн нийгмийн даатгалын шимтгэлийг багтаасан байхад шүүх ямар нэгэн хийлгүйгээр хасаж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийг уншиж үзэхэд анхан шатны шүүхээс нөхөн олговор болох 38,298,910 төгрөгт ажил олгогч ажилтны нийгмийн даатгалыг хуульд заасан хэмжээгээр (байгууллагаас төлөх 12.5 хувь) төлөх мөнгөн дүнг үндэслэлгүйгээр хассан байгаа юм. Ингэж хассан байдал нь миний нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтрийн бичилт дутуу орхигдож иргэн би санхүү болон тэтгэврийн даатгалаар хохирч байна.
3.5. Монгол улсын Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 238 дугаар тогтоолоор миний үндсэн цалин 1,452,000 төгрөгөөс 1,539,000 төгрөг болж өссөн байхад шүүх хуучин, нэмэгдээгүй байсан үеийн цалингаар тооцсон байна. Цалин хөлс нэмэгдсэн тохиолдолд шинээр тогтоогдсон дүнгээр дундаж цалинг бодох ёстой гэж үзэж байна. "Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын 2.1.2-д нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж цалинг тооцоолж гаргах талаар заасан байна. Гэтэл ажиллавал зохих өдрийн тоонд хувааж тооцсон нь миний нөхөн олговрын хэмжээг үндэслэлгүйгээр бууруулж, хуулиар батлагдсан журам зөрчигдөж байна гэж үзэж байна.
3.6. Ажиллавал зохих өдрийн тоонд хувааж тооцсон нь миний нөхөн олговрын хэмжээг үндэслэлгүйгээр бууруулж, хуулиар батлагдсан журам зөрчигдөж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийг удирдлага болгон анхан шатны шүүхийн 2026 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэрт өөрчлөлт оруулж, миний гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 57,199,472 төгрөгийг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.
4. Хариуцагч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:
4.1. Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 48 дугаар тогтоолын биелэлтийг хангаж, Д.Пг томилсон тушаалыг хүчингүй болгосон. Ийнхүү ажил олгогчийн зүгээс гаргасан шийдвэр нь Төрийн албаны тухай хуульд заасан Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлсэн бөгөөд маргаан бүхий захиргааны актыг ажил олгогч өөрийн дураар гаргаагүй ба уг тогтоолоос үүдэн ямар эрх зүйн үр дагавар гаргахыг тогтоох бус энэ тохиолдолд үүрэгжүүлсэн тогтоолыг хуулиар заавар биелүүлэх үүрэгтэй. Иймээс Төрийн албаны зөвлөл ямар нэгэн хариуцлага хүлээхгүй үлдэж түүнийг биелүүлсэн доод шатны захиргааны байгууллага хариуцагч болж буй шударга ёсонд нийцэхгүй байхад шүүх энэ талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан.
4.2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-д заасны дагуу эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг биелүүлсэн нь энэхүү хэргийн гэм хорыг хариуцан арилгах этгээд биш гэж үзэж байгаа бөгөөд Төрийн албаны зөвлөлийг маргаан бүхий нэхэмжлэлийн хариуцагчаар авч үзээгүй шийдвэр гаргасан.
4.3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг тогтоохдоо нийгмийн даатгалын шийтгэл төлөлтийн лавлагааг гаргуулан авч дүгнэлт хийгээгүй бөгөөд нэхэмжлэгч нь 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газарт аудитораар томилогдож 2026 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар чөлөөлөгдөж, 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/101 тоот тушаалаар Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Санхүү бүртгэлийн шинжилгээний хэсэгт шинжээчээр ажиллаж байгаа нь Төрийн албаны хүний нөөцийн удирдлага мэдээллийн системд идэвхтэй төлөвтэй бүртгэлтэй байна. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд шүүгчийн ямар ажил хөдөлмөр одоо эрхэлж байгаа талаар асуухад ажилгүй, сурч байгаа гэсэн хариу өгсөн нь шүүхэд худал мэдээлэл гаргаж байгаа гэж үзнэ.
4.4. Иймд нэхэмжлэгчийн ажил эрхлэлтийн лавлагаа болон нөхөн олговрын бүрэлдэхүүн буюу цалин хөлсний тооцоололд орсон мэргэжлийн зэргийн нэмэгдлийг тус тус хасан тооцуулах. Учир нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар ажил олгогч нь тухайн албан хаагчийн мэргэжлийн үр дүн, төсвийн хүрэлцээтэй байдал зэргийг харгалзан уг нэмэгдлийг олгох бөгөөд олгох эсэх шийдвэр нь ажил олгогчийн эрх хэмжээний асуудал байх тул шүүх олгохоор цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулах тооцох боломжгүй юм. Иймд хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэрийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогчдоос гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
3. Маргаан бүхий үйл баримтын тухайд хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар,
3.1 Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 48 дугаар тогтоолоор Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн нэхэмжлэгч Д.Пг аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дотоод аудитораар шилжүүлэн томилсон Б/01 дүгээр тушаалыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.3, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэж дүгнэн, хүчингүй болгож, тогтоолын биелэлтийг Төрийн албаны зөвлөлд мэдээлэхийг хариуцагчид үүрэг болгож шийдвэрлэсэн.
3.2. Энэ дагуу хариуцагч Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” Б/02 дугаартай тушаалыг гарган, “Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дүгээр Д.Пг ажилд томилох тухай тушаалыг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцож” шийдвэрлэн, мөн өдрийн огноо бүхий А/04 дүгээр тушаалаар Ажил хүлээлцэх комисс томилж, Д.Пгийн ажлыг хүлээлцсэн.
3.3 Нэхэмжлэгчээс Төрийн албаны зөвлөлийн дээрх тогтоолыг эс зөвшөөрч шүүхэд хандан нэхэмжлэл гарган маргасныг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 001/ХТ2026/0024 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч Д.Пгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 48 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн үйл баримт тус тус тогтоогдсон.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” хэмээн заасан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын дотоод аудиторын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацаа болох 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс шүүхээр хэргийг шийдвэрлэх хүртэл буюу 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх цалин, нөхөн олговор 57,199,472 төгрөгийг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийхийг даалгах, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
5. Тодруулбал, маргаан бүхий захиргааны акт гарах үндэслэл болсон Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 48 дугаар тогтоолыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 001/XT2026/0024 дүгээр тогтоолоор хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэсэн энэ тохиолдолд хууль бус тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд гаргасан Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” Б/02 дугаар тушаалыг хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй. Мөн, Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэхэд цалин, урамшуулал олгох журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална” гэж, 57 дугаар зүйлийн 57.1-д “Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно” 57.2-д “Төрийн албан хаагчийн цалин хөлс нь: 57.2.2-т “Захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, цолны, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдэл, нэмэгдэл хөлснөөс” бүрдэнэ хэмээн зааж, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журамд төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, улирлын ажлын үр дүнг үндэслэн төрийн албан хаагчид мөнгөн урамшууллыг олгохоор тус тус зохицуулсан.
Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн бодитоор ажиллан албаны чиг үүрэг хэрэгжүүлээгүй, ажлын үр дүнгийн гүйцэтгэлээ дүгнүүлээгүй тохиолдолд урамшуулал, ээлжийн амралтын олговор зэргийг нэхэмжлэгчид олгох хууль зүйн боломжгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
6. Харин Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Ажил хүлээлцэх комисс томилох тухай” А/04 дүгээр тушаал нь байгууллагын дотоод зохион байгуулалтын шинжтэй, дотогш чиглэсэн буюу Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасан захиргааны актын шинжийг агуулаагүй байхад анхан шатны шүүх тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, улмаар хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт тухайн нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг үндэслэн хүлээн авахаас татгалзсан өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч болон хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 126/ШШ2026/0027 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 49 дүгээр зүйлийн 49.1, 57 дугаар зүйлийн 57.2, 57.2.2, 62 дугаар зүйлийн 62.1, 62.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Пгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” Б/02 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын газрын аудиторын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаа буюу 15 сар 25 хоногийн цалинтай тэнцэх нөхөх олговор болох 38.298.910 (гучин найман сая хоёр зуун ерэн найман мянга есөн зуун арван) төгрөгийг нэхэмжлэгч Д.Пд олгож, тус хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийхийг Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын даргад даалгаж,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.1-т заасныг үндэслэн “Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Ажил хүлээлцэх комисс томилох тухай” А/04 дугаартай тушаалыг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Ц.ОДМАА
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА