Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 72

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Болор, 

улсын яллагч С.Энхтуул,

шүүгдэгч М.Туяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Санжаажамц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн Мөнхөөгийн Туяад холбогдох эрүүгийн 201725030104 дугаартай хэргийг 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Салдан долоон овгийн Мөнхөөгийн Туяа, 1963 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээл 26 дугаар гудамжны 35 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЧК63070108.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч М.Туяа нь 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ка ресторанд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлан иргэн Г.Баярсайханыг хүч хэрэглэн зодож биед нь хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч М.Туяа мэдүүлэхдээ: “…Би тэр гацуурыг түлхээгүй. Баярсайхан уг гацуурыг түлхэж унагаасан юм. Би гомдлыг нь барагдуулж гацуур модыг нь авч өгсөн. Ийм насны хүн байж, хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүгдэгч М.Туяа нь мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэхдээ: “…2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр би Тэнгэрийн сүлдэр холбоо төрийн бус байгууллагын шинэ жилд оролцсон бөгөөд шинэ жилийн арга хэмжээ тухайн өдрийн 18:00 цагт Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ка нэртэй ресторанд эхэлсэн байдаг. Ингээд баярын арга хэмжээнд оролцож байхдаа л сэтгэл санаа тааруу байсан тул тааралдсан хүндээ гомдлоо илэрхийлэх санаатай уйлж байсан. Харин миний энэ үйлдлийг хүмүүс буруугаар ойлгосон юм шиг байгаа юм. Баярын арга хэмжээ болж байхад зовлон яриад байна гэж надад хэлж байсан. Тэгээд л сэтгэл санаа тааруу үедээ бага зэрэг архи уугаад түүндээ согтчихсон. Тэгээд л Баярсайхантай маргаан үүсгэсэн байна. Би өөрөө ч тухайн үедээ Баярсайхантай маргалдсан талаараа мэдэхгүй байсан юм. Ер нь өөрийгөө хянах чадваргүй байдалтай согтсон байна. Уг нь би архи дарс их хэрэглээгүй сэтгэл санааны байдлаас болоод л согтчихсон байна лээ. Өөр надад ярих зүйл алга…/хх-49/, …Би Баярсайханыг гараараа цохисон гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Харин танхайрсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би шилэн стаканаар түүнийг огт цохиогүй, зүгээр л гараараа 1 удаа л цохиж авсан юм…” гэжээ /хх-51-52/.

Хохирогч Ц.Баярсайхан мэдүүлэхдээ: “…Монголын бөөгийн тэнгэрийн сүлдэр төрийн бус байгууллагын шинэ жилийн арга хэмжээ 2016 оны 12 дугаар сарын 18-ны оройн 18:00 цагт Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ка ресторанд эхэлсэн байдаг. Шинэ жилийн арга хэмжээ оройн 22 цагт дууссан бөгөөд арга хэмжээ дуусч өндөрлөсөн байхад М.Туяа гэдэг эмэгтэй тэнд агсам тавьж эхэлсэн ба хүн болгон руу дайраад хэрүүл маргаан үүсгэж байгаад гараад явчихсан байдаг. Тэгснээ дахин орж ирээд та нар цагдаа дууддаг хэн бэ гэсэн, тэр үед хэн ч цагдаа дуудсан зүйл байхгүй байсан. Тухайн үед Долгормаа, түүний нөхөр Баттөмөр бид гурав хоол идээд сууж байсан юм. Тэгснээ миний сууж байсан ширээ рүү дайраад байсан бөгөөд би хоол идээд сууж байтал энэ хоол идээд яг хэн бэ гээд над руу шууд дайраад цохиод авсан. Би хажуу тийшээ сандал руу налаад унасан. Тэгтэл хажуунаас хэдэн хүмүүс салгаад авсан юм. Тэгтэл миний зүүн нүдний доод хэсгээс цус гараад эхэлсэн ингээд түргэн тусламж дуудаж тусламж үзүүлсэн байдаг. …М.Туяа намайг ширээн дээр хоол идээд сууж байхад хажуу талаас гүйж ирээд үснээс зулгаах гэхээр нь хажуу тийш болсон тэгсэн стакантай цайг шүүрч аваад нүүрэнд цохисон юм…” гэжээ /хх-25-26/.   

Гэрч С.Мөнхдулам мэдүүлэхдээ: “…Би 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ка ресторанд орой 18:00 цагаас шинийн 00:00 цаг хүртэл хугацаанд хуваарийн дагуу үйлчлэгчээр ажиллаж байсан юм. Энэ үед манай рестораны давхарт байгууллагын шинэ жил болж 18 цагт эхэлсэн байдаг. Тухайн шинэ жилд ойролцоогоор 90 орчим хүн оролцсон байдаг. Ерөнхийдөө байгууллагын шинэ жил хэвийн ямар нэгэн маргаан болоогүй гайгүй өрнөж байсан гэтэл одоо нэрийг нь мэдэх болсон Туяа гэгч настайвтар эмэгтэй нь их согтсон байдалтай хүн хүн дээр очоод л юм яриад маргаан үүсгэх гээд байгаа байрын л байдалтай байсан. Би хувьдаа Туяа гэгчийг их гайхаж байна зүрхний өвчтэй юм болов уу ч гэж бодсон. Тэгээд хамт шинэ жилдээ оролцож байгаа нэг эмэгтэй хүнтэй Туяа нь зууралдаад байсан тэгэхдээ шинэ жилийн гацуур модыг унагаачихсан юм. Энэ үйл явдал болж байхад 23:00 цаг болж байсан. Тэгээд ч цагийн хугацаа нь дууссан байсан тул хүмүүсээ гаргаж эхэлсэн байдаг. Би ч ойр орчмын эд зүйлээ цэвэрлээд ер нь бүх хүмүүс гараад явсан харин уг шинэ жилийг зохион байгуулж байгаа бололтой Туяад цохиулсан Баярсайхан нь мөн зохион байгуулж байсан  эмэгтэй эрэгтэй хоёртой хамт үлдсэн байсан. Баярсайхан нь хамт зохион байгуулсан эрэгтэй эмэгтэй хоёртойгоо үлдээд лифтэн цай уугаад хоол идэж байсан юм. Тэр үед миний анзаарснаар уг шинэ жилийг зохион байгуулж байсан тул хоол унднаасаа нээх идээгүй юм шиг байна лээ. Гэтэл Туяа нь гадна талын хаалгыг цохиж нүдээд байсан манай хаалга шилэн хаалга учир онгойлгож өгсөн. Гэтэл ресторанд орж ирээд ширээн дээр сууж байснаа 1 дүгээр ширээн дээр сууж байсан Баярсайхан руу ёолкны чимэглэл гялгар хуванцар бөөрөнхий тоглоомыг гэнэт аваад шидчихсэн. Тэгснээ Туяа нь босож очоод Баярсайхантай зууралдаад авахаар нь би дундуур нь орж маргааныг нь зогсооход Баярсайханы нүдний доод хэсгээс /аль нүдийг нь санахгүй байна/ цус гарсан байсан. Би Туяа гэж эмэгтэйг холдуулаад зайтай газар суулгасан байсан. Баярсайхан нь босож ирээд ууж байсан цайныхаа стаканыг газар шидэж адилхан цус гаргана шүү гэж Туяад хэлсэн. Тэгээд удалгүй цагдаа ирсэн байдаг. Туяа Баярсайхантай зууралдах үед би салгасан тэр үед Баярсайханы нүдний доод хэсгээс цус гарсан байсан тэгэхэд ширээн дээр байсан лифтэн цайтай хоёр стакан бүрэн бүтэн хөдлөөгүй байсан. Тэгэхээр Туяа нь Баярсайханы нүдэнд ямар нэгэн зүйл гартаа барьж байгаад цохиогүй...” гэжээ /хх-27-28/.

Гэрч Ц.Рэнчиндулам мэдүүлэхдээ: “...Одоо нэрийг нь мартсан байна нэг албан байгууллагыг төлөөлж Баярсайхан гэдэг хүн тэр өдрөөс хэд хоногийн өмнө 60 гаруй хүний шинэ жилийн захиалга өгсний дагуу 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 18:00 цагаас эхлээд 22:00 цаг хүртэл хугацаанд шинэ жилийн арга хэмжээ эхэлсэн байдаг. Шинэ жилийн үйл ажиллагаа манай байгууллагын ресторан хэсэгт болсон бөгөөд үйл ажиллагаа хэвийн болж явагдаж байсан. Ингээд орой 21 цаг өнгөрч байх үед одоо нэрийг нь мэдэх болсон Туяа нь хүн болгон руу үсчээд дайраад байсан. Би бодохдоо нилээн согтсон байна гэж ойлгосон. Гэтэл нилээд олон хүнтэй маргаан үүсгээд яваад байсан. Ингээд бид нар ч үйл ажиллагаагаа өндөрлөж байгаа цаг дууссан гэдгийг хэлээд хүмүүсийг гаргаж байсан. Мөн ширээн дээр байх стакан бусад саваа бүгдийг нь л цэвэрлэсэн ширээнүүдээ хоосон болгосон байсан. Манай үйлчлэгч Мөнхдулам хүртэл түүнийг тайвшруулж байгаад эхлээд гаргаад явуулсан байдаг. Тэрний дараа дахиж ороод ирэхээр нь дахиад нэг удаа гаргасан. Тэр үед уг шинэ жилийг нөгөө талаас зохион байгуулж байсан Баярсайхан нь хоёр хүнтэй үлдээд хоол ундаа идээд сууж байсан. Гэтэл рестораны гадна талын шилэн хаалгыг цоожилсон байхад Туяа нь нүдээд байхаар нь шилэн хаалга хагалж магадгүй гэж бодоод хаалгыг онгойлгож өгсөн. Тэгээд орж ирэх үед нь би зөрөөд гал тогооны өрөө рүү орсон юм. Гэтэл хэсэг хугацааны дараа маргаан болоод байгаа бололтой чимээ гарахаар нь яваад очиход Баярсайханы нүдний доод хэсгээс нь цус гарсан байдалтай Туяа нь орилж хашгичсан байдалтай байсан бөгөөд маргааныг хоёр тийш болгочихсон байсан...” гэжээ /хх-29-30/.

Гэрч А.Баттөмөр мэдүүлэхдээ: “...Манай эхнэр Долгормаа болон Баярсайхан, Туяа нар нь Монголын бөөгийн тэнгэрийн сүлдэр холбоо ТББ-ийн гишүүд байгаа юм. Эхнэр Долгормаа, Баярсайхан бид гурав төрийн бус байгууллагын шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулах комиссоор явж байгаад Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ка ресторанд 2016 оны 12 дугаар сарын 18-ны оройн цагаас 22:00 цаг хүртэл хувиартай шинэ жилийн арга хэмжээнд төрийн бус байгууллагын 94 хүн оролцсон байдаг. Шинэ жилийн баярын үйл ажиллагаа хөтөлбөрийн дагуу явагдаж манай байгууллагын тэргүүн үгээ хэлээд үйл ажиллагаа дууслаа гэдгээ мэдэгдээд явсан байдаг. Тарах болж байхад Туяа нь хүмүүст гомдоод байгаа бололтой уцаарласан байдалтай яваад байсан. Туяа нь тухайн байгууллага буюу рестораны ёолкны модноос тэвэрч аваад хугалж гэмтээсэн бөгөөд сүүлдээ Туяаг машинд суулгаж өгөөд явуулсан ер нь бүх хүмүүсийг тараачихаад. Баярсайхан, эхнэр Долгормаа бид гурав ресторанд үлдэж сүүлийн тооцоогоо хийх гээд үлдсэн байхад Туяа нь рестораны гадна талын шилэн хаалгыг нүдээд явахгүй байсан. Тэгээд ажилчид нь онгойлгоод өгчихсөн юм байна лээ. Туяаг орж ирэхэд манай эхнэр доошоо буучихсан байсан харин би зогсож байхад гэнэт гүйж очоод Баярсайхантай зууралдаад авсан. Тэгэхээр нь гүйж очоод хоёр тийш нь салгахад доошоо тонгойгоод нүднийх нь доод хэсгээс цус гараад эхэлсэн. Тэгээд л хаанаас юм цагдаа ороод ирсэн. Өөр зүйл болоогүй...” гэжээ /хх-31-32/.

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ¹484 дүгээр дүгнэлт:

“1. Ц.Баярсайханы биед зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх-42/.

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-55/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-54/, оршин суух хаягийн тодорхойлол /Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, хх-53/, Сиди-г эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан тогтоол /хх-23/, хохирогч Ц.Баярсайханаас ирүүлсэн СД-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-24/, хохирогч Ц.Баярсайханы “…Ц.Баярсайхан миний бие М.Туяад гомдол, санал байхгүй, эмчилгээний төлбөрт 9.900.000 төгрөг хүлээн авлаа. Цаашид М.Туяагаас нэхэмжлэх зүйлгүй…” гэх хүсэлт /хх-65/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.Туяа нь 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ка ресторанд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлан иргэн Г.Баярсайханыг хүч хэрэглэн зодож биед нь хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ц.Баярсайханы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ¹484 дүгээр дүгнэлт болон шүүгдэгч М.Туяагийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Уг гэмт хэрэг нь хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлөөгүй байхад шалтаг шалтгаангүйгээр бусдыг илтэд үл хүндэтгэхдээ хүч хэрэглэсэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн шинжтэй, танхайн гэмт хэргийн сэдэлттэй байна.

Иймд шүүгдэгч М.Туяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

            Шүүх, шүүгдэгч М.Туяад ял шийтгэхдээ түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогчид хохирол төлбөрийг сайн дураар төлсөн зэргийг харгалзан үзэж, хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Салдан долоон овгийн Мөнхөөгийн Туяаг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Туяад 3 /гурван/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Туяад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт заасныг журамлан эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хэргийг хадгалах хугацааг дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

6.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч М.Туяад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Туяад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

           

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.ХАЛИУН