Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 194

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг оршин суух, П.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг оршин суух, Ү.С  холбогдох,

4.193.167 /дөрвөн сая нэг зуун ерэн гурван мянга нэг зуун жаран долоон/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул, нэхэмжлэгч П.Б хариуцагч Ү.С нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ү.С нь 2017 оны 11 сарын 03-ны өдрөөс 2018 оны 07 сарын 24-ний өдрийн хооронд худалдагчаар ажиллах хугацаандаа 1.931.219 төгрөгийг дутагдуулсан. Ажлаас гараад дутагдлаа төл гэсэн боловч эгч нь дутагдлаа төлнө, би цаашид дутагдал гаргахгүй сайн ажиллана гэж гуйгаад байхаар нь ажилд нь үлдээсэн боловч 2018 оны 07 сарын 24-ний өдрөөс 2019 оны 07 сарын 25-ны өдрийн хооронд ажиллахдаа 4.037.167 төгрөгийг дутагдуулсан. Ү.Сэвжидмааг төл гэхэд сар сард нь бага багаар нь төлнө гэсэн боловч одоог хүртэл төлж барагдуулаагүй. Иймд Ү.С 4.037.167 төгрөг болон бусдад дур мэдэж зээлсэн 156.000 төгрөг, нийт 4.193.167 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ү.С шүүхэд гаргасан тайлбартаа: 4.193.167 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй байна. Би 6 сарын цалин амралтын 700.000 төгрөг, урамшууллын мөнгө зэргийг нэхэмжилж байна. ...Би нотлох баримтуудаа бүгдийг гаргаж өгсөн. Надад одоо ярих зүйл байхгүй гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ү.С нь 2017 оны 07 дугаар сард сарын 300.000 төгрөгөөр цалинжуулахаар амаар тохиролцон манай дэлгүүрт худалдагчаар ажиллаж эхэлсэн. Ажилд орсноос хойш 4-5 сарын дараа тооллого хийхэд 1.931.219 төгрөгний дутагдал гаргасан. Тэгээд Ү.С эгчийг дутагдал гаргасан тул цаашид ажиллуулахгүй гэхэд нотариатаар оръё, би үргэлжлүүлэн ажиллая, дахиж дутагдал гаргахгүй гэхээр нь нотариатаар гэрчлүүлэн үргэлжлүүлэн ажиллуулсан. Ү.С нь цалин, амралтын мөнгөнөөсөө дээрх дутагдуулсан 1.931.219 төгрөгийг төлж барагдуулсан. Тэгээд 2018 оны 7 дугаар сараас 2019 оны 6 дугаар сарын хооронд ажиллахдаа 4.037.167 төгрөгийн дутагдлыг дахин гаргасан, мөн бусдад 156.000 төгрөгний бараа зээлээр өгсөн байгаа юм. Энэ талаараа өөрийн гараар дэвтэрт бичиж, тэрхүү бичиг нь Сэвжидмаагийн бичиг мөн гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан тул 4.193.167 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.

Манай дэлгүүр барааны дэлгүүр, 1250-аад нэр төрлийн бараа байдаг. Тиймээс тооллогыг сар бүр хийгээд байх боломж байдаггүй юм. Шинээр ирсэн барааг хоёулаа байж байгаад хүлээлцдэг, орлогоо өдөр өдөрт нь би авдаг юм. Ү.С нь өдрийн орсон орлогоны мөнгөнөөс надад дутуу өгч, өөрөө хэрэглэсээр ийм хэмжээний мөнгө дутагдуулсан гэж бодож байгаа гэв.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Бичиг хэрэг, бэлэг дурсгал, цахилгаан бараа, тоглоомын Цэцэг-1 дэлгүүрийн худалдагчийн ажлыг 2017 оны 7 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд О гэж хүнээс ажлыг хүлээж авсан. Эхлээд ажиллаж байхдаа би 1.931.219 төгрөгийг дутагдуулсан нь үнэн бөгөөд үүнийгээ төлж барагдуулсан. Би 2019 оны 6 дугаар сарын 23-нд ажлаасаа гарах тул эртхэн тооллогоо хийгээрэй гэж Б т хэлж байсан боловч тулгаж буюу 6 сарын 22-23-ны өдрүүдэд тооллого хийсэн. Тэгээд тооллого хийж дуусаагүй байхад буюу 6 сарын 22-ны орой түлхүүрийг надаас авсан асуудал байгаа. Анх ажил хүлээлцэхэд эвдэрхий бараа их байсан, би анзаарахгүй хүлээж авсан байсан. Намайг ажиллах хугацаанд 2017 оны 11 дүгээр сар, 2018 оны 3 дугаар сарын 18, 2019 оны 6 сарын 22-нд гээд 3 удаа л тооллого хийсэн. Надад хувьдаа бэлэн мөнгийг ашигласан зүйл байхгүй, Б  орлогоо оройдоо хураагаад авдаг байсан. Бусдад 156000 төгрөгний бараа зээлүүлсэн нь үнэн боловч тэр хүмүүстэй уулзахад Б т мөнгийг өгсөн гэж надад хэлсэн. Тиймээс 4.193.167 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Би өдөрт хэдэн төгрөгний ямар бараа зарсан талаараа тэмдэглэл хөтөлдөггүй. Миний болон П.Б ийн хариуцлагагүй байдал үүнд байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж, дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч П.Б нь хариуцагч Ү.С холбогдуулан тооллого хийхэд дутагдал гаргасан 4.037.167 төгрөг, бусдад зээлүүлсэн 156.000 төгрөг, нийт 4.193.167 /дөрвөн сая нэг зуун ерэн гурван мянга нэг зуун жаран долоон/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Ү.С бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Ү.С П.Б нар нь харилцан тохиролцож, 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 22-ныг хүртэл хугацаагаар Цэцэг-1 барааны дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа 2019 оны 6 сарын 22-23-ны өдрийн тооллогоор 4.193.167 төгрөгийг дутагдуулж, үүнээс 156.000 төгрөгийн барааг бусдад зээлээр өгсөн үйл баримт тогтоогдож байна.

Иргэний хэргийн материалын 62 дугаар хуудсанд авагдсан Ariel нэртэй тооны дэвтрийн 6 дугаар талд авагдсан 2019.07.25-нд тооллого тулснаар 4.037.167 төгрөг дутав. 2019.7.25-наас хойш сар бүр төлж дуусгана. Ү.С гэж бичсэн баримт хэрэгт авагдсан ба нэхэмжлэгч талаас хамтран хийсэн тооллого, уг дэвтэрт хийгдсэн бичилт зэргийг үндэслэн хариуцагч Ү.С 4.193.167 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж шаардах эрхээ тодорхойлжээ.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ., 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно., 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр гэрээ хийнэ. гэж тус тус зааснаар нэхэмжлэгч П.Б хариуцагч Ү.С нарын хооронд хэлцэл хийгдсэн гэж үзэхээр байна.

Тодруулбал: Хариуцагч Ү.С нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ...цаашид Цэцэг барааны дэлгүүрт хохирол учруулахгүйгээр хамтран ажиллах болно гэж худалдагчаар ажиллах хүсэл зоригоо илэрхийлснийг нэхэмжлэгч П.Б хүлээн авч, сарын 300.000 төгрөгөөр цалинжуулан хамтран ажиллахаар харилцан тохиролцсон байна.

Хэдийгээр зохигчийн хооронд бичгийн гэрээ байгуулагдаагүй боловч Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан Хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Хариуцагч Ү.С нь П.Б надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, мөнгө яагаад дутсаныг мэдэхгүй, би хүлээн зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Шүүх хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх, үүрэгтэй танилцуулж, баримтад гарын үсэг зуруулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь үүрэг хүлээнэ, 25.2.2-д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч энэхүү үүргээ биелүүлж өөрийн татгалзлаа нотлоогүй байна.

Түүнчлэн хариуцагч нь хэргийн материалын 62 дугаар хуудсанд авагдсан Ariel нэртэй тооны дэвтрийн 6 дугаар талд авагдсан 2019.07.25-нд тооллого тулснаар 4.037.167 төгрөг дутав. 2019.7.25-наас хойш сар бүр төлж дуусгана. Ү.С гэж бичсэн бөгөөд энэхүү дэвтэр дээрх бичгийг хариуцагч Ү.С бичсэн эсэхэд шинжилгээ хийлгэхээр нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авч, 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр шинжээчээр Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албыг томилжээ.

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2020.08 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд Ariel гэсэн бичвэртэй, Цэцэг дэлгүүр 1 гэж хаягласан дэвтрийн 6 дугаар хуудсанд байх 6 мөр гар бичвэр, гарын үсгийг хариуцагч Ү.С бичсэн байна гэжээ.

Хэргийн материалд цугларсан нотлох баримтууд болон зохигчийн тайлбараар Ү.С нь Цэцэг-1 барааны дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байхдаа 4.037.167 төгрөгийг дутаасан, 156.000 төгрөгийн барааг бусдад зээлээр өгсөн болох нь нотлогдож байна.

Хариуцагч Ү.С нь Цэцэг-1 барааны дэлгүүрт 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс ажиллаж эхэлсэн ба 2017 онд хийсэн эхний тооллогоор 1.931.219 төгрөгийг дутааж, дутагдуулсан 1.931.219 төгрөгийг хэрхэн төлж барагдуулах талаар баталгаа гарган, нотариатаар гэрчлүүлэн, төлж барагдуулсан болох нь зохигчийн тайлбар, хэргийн материалын 2 дугаар хуудсанд авагдсан 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нотариатаар гэрчлүүлсэн Хохирол барагдуулах баталгаа гаргах нь бичгээр нотлогдож байгаа ба үүнээс үзэхэд хариуцагчийн хайнга, хариуцлагагүй үйлдэл байгааг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн хариуцагч Ү.С нь хэдний өдөр, хэдэн төгрөгний үнэлгээтэй бараануудыг орлого авч, хэдэн төгрөгний барааг худалдсан, үүнээс хэдэн төгрөгийг П.Б т хүлээлгэн өгсөн талаар тэмдэглэл хөтөлдөггүй гэж шүүх хуралдаанд тайлбарласныг дурдах нь зүйтэй байна.

Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хувьд өөрт учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй байх тул хариуцагч Ү.С дутагдуулсан 4.037.167 төгрөг, бусдад зээлээр өгсөн барааны үнэ 156.000 төгрөг, нийт 4.193.167 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.Б т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хариуцагч Ү.С нь 2020 оны 04 сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа ... би 6 сарын цалин, амралтын 700.000 төгрөг, урамшууллын мөнгө зэргийг нэхэмжилж байна. гэсэн ба шүүхээс хуульд заасны дагуу сөрөг нэхэмжлэлийг гаргах эрхтэйг тайлбарласан боловч сөрөг нэхэмжлэлийг гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ү.С 4.193.167 /дөрвөн сая нэг зуун ерэн гурван мянга нэг зуун жаран долоон/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.Б т олгосугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82.041 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Ү.С улсын тэмдэгтийн хураамжид 82.041 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.Б т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг танилцуулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.БОЛОР-ЭРДЭНЭ