| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2020/00213/И |
| Дугаар | 212 |
| Огноо | 2020-09-03 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 212
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго
Нэхэмжлэгч М.Ц
Хариуцагч Б.Э нарыг оролцуулан нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг тоотод оршин суух М.Ц нэхэмжлэлтэй хариуцагч Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 12 хороо суух Б.Э холбогдох хүүхдийн эцэг тогтоолгож, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 07 сарын 23-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч М.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие М.Ц нь Б.Э 2012 оны хавар танилцаад түүнээс хойш 2015 оны 07 сар хүртэл хамтран амьдарч байсан. Хамтран амьдарч байх хугацаандаа 2014 оны 09 сарын 13-ны өдөр хүү Ц.Ч төрүүлсэн. Б.Э нь ажил хийнэ гэж яваад сураггүй болсон. Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд Б.Э хүүхдийн эцгээр тогтоож, хүү Ц.Ч миний асрамжид үлдээж, эцэг Б.Э хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Батноров овогтой Эрдэнэбат миний бие М.Ц ийн нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Энэхүү нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн зарим нэгэн зүйлийг ташаа бичсэн байна. Миний бие М.Ц тэй 2012 оны хавар танилцаад түүнээс хойш 2015 оны 07 сар хүртэл хамтран амьдарч байсан. Хүү Ц.Ч төрсөн эцгээр намайг тогтоохыг зөвшөөрч байна. Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Би хүүгээ ээжийнх нь асрамжид өгөхөд татгалзах зүйлгүй. Би хүүхдийн тэтгэлэг төлнө гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч М.Ц нь хариуцагч Б.Э хүүхдийн төрсөн эцгээр тогтоолгож, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч М.Ц нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч тайлбараа гаргасан байна.
Нэхэмжлэгч М.Ц ийн хүүхдийн эцгээр тогтоолгож, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нэхэмжлэгч М.Ц нь хариуцагч Б.Э хамтран амьдрах хугацаандаа 2014 оны 09 сарын 13-ны өдөр хүү Хан хөгшин овогт Цэдэн-Ишийн Чингүнийг төрүүлсэн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, одоо хүүхэд эрүүл энх өсөж байгаа нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын өрхийн эмчийн тодорхойлолт, зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгч М.Ц , хариуцагч Б.Э нар нь хоорондын хувийн таарамжгүй харьцаа, үзэл бодол таардаггүй байсны улмаас 2015 оноос хойш өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байгаа нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Ц.Ч төрсөн эцгээр Б.Э мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.
Зохигч нь 2014 оны 09 сарын 13-ны өдөр хүү Ц.Ч төрсөн эх М.Ц ийн асрамжид үлдээх талаар тохиролцсон нөхцөл байдал, хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуй нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүүхдийн хүмүүжил, эрүүл мэндэд тавих анхаарал халамж, хүүхдийн өсөх, хүмүүжих орчин, зохигчдын хүсэлт зэргийг харгалзан үзээд хүү Ц.Ч эх М.Ц ийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх нь эцэг, эхийг үүрэг гэж тус тус тодорхойлсон байна.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Ц.Ч 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар тутам эцэг Б.Э гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч М.Ц нь хүү Ц.Ч нэг гэрт хамт амьдарч байгаа бөгөөд одоогоор хүүхдийн өсөж хүмүүжиж байгаа орчныг өөрчлөх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг нэхэмжлэгч М.Ц , хариуцагч Б.Э нарт хэвээр үргэлжлэхийг дурдах нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгч М.Ц ийн хүүхдийн эцгээр тогтоолгож, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-120 дугаар
зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар 2014 оны 09 сарын 13-ны өдөр төрсөн хүү Ц.Ч төрсөн эцгээр Б. Э мөн болохыг тогтоосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2014 оны 09 сарын 13-ны өдөр хүү Ц.Ч эх Хан хөгшин овогт М Ц асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2014 оны 09 сарын 13-ны өдөр төрсөн хүү Ц.Ч 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар тутам эцэг Б.Э-аас гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүү Ц.Ч хэрэгцээнд зарцуулахыг эх Хан хөгшин овогт М.Ц даалгасугай.
6.Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Ц ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 33595 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, хариуцагч Б.Э улсын тэмдэгтийн хураамж 33595 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Ц ид олгосугай.
8.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг танилцуулсугай.
10.Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ М.ЭНХМАНДАХ