| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2020/00211/И |
| Дугаар | 215 |
| Огноо | 2020-09-04 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 215
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Төрмөнх
Нэхэмжлэгч А.М
Хариуцагч Б.Э нарыг оролцуулан нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар багт оршин суух А.М нэхэмжлэлтэй хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р багт Б.Э холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 07 сарын 21-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч А.М шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А.М нь нөхөр Б.Э 1999 онд танилцаж, хамтран амьдарч байгаад 2001 оны 03 сарын 09-ны өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүл болж амьдарч байна. Б.Э гэр бүл болсноос хойш 2000 оны 07 сарын 20-ны өдөр охин Э.Н 2003 оны 08 сарын 11-ний өдөр хүү Э.Д 2007 оны 02 сарын 11-ний өдөр охин Э.Г 2016 оны 10 сарын 30-ны өдөр охин Э.Э нар төрж бид одоог хүртэл хамт амьдарч байна. Б.Э нь сүүлийн жилүүдэд архи их ууж, ааш зан нь эвдэрч, согтуугаар агсам тавьж, хэрүүл маргаан тасрахгүй амар тайван орчин бүрдэхгүй байх болсон. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд Б.Э гэрлэлтээ цуцлуулж, хүү Э.Д охин Э.Г охин Э.Э нарыг өөрийн асрамжид тогтоолгох хүсэлтэй байна. Би нөхөр Б.Э хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэжээ.
Хариуцагч Б.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э миний бие А.М ийн нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Шүүхэд өгсөн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие эхнэр А.М тэй 1999 онд танилцаж, хамтран амьдарч байгаад 2001 оны 03 сарын 09-ны өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүл болж амьдарч байна. Гэр бүл болсноос хойш 2000 оны 07 сарын 20-ны өдөр охин Э.Н 2003 оны 08 сарын 11-ний өдөр хүү Э.Д 2007 оны 02 сарын 11-ний өдөр охин Э.Г 2016 оны 10 сарын 30-ны өдөр охин Э.Э нар төрж бид одоог хүртэл хамт амьдарч байна. Би сүүлийн жилүүдэд архи их ууж байгаа нь үнэн. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд гэрлэлтээ цуцлуулж, хүү Э.Д охин Э.Г охин Э.Э нарыг ээжийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрч байна гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч А.М нь хариуцагч Б.Э холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Б.Э нь гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч тайлбарыг гаргасан байна.
Нэхэмжлэгч А.М ийн гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нэхэмжлэгч А.М нь хариуцагч Б.Э 1999 онд танилцаж, гэр бүл болж 2001 оны 03 сарын 09-ний өдөр гэрлэлтээ батлуулж, 2020 оны 01 сар хүртэл хамтран амьдарч байсан нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгч А.М , хариуцагч Б.Э нар нь хоорондын хувийн таарамжгүй харьцааны улмаас үзэл бодол таардаггүй, гэрлэгчид нь 2020 оны 01 сараас хойш өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байгаа, зохигчид нь гэрлэлтийг үргэлжлүүлэх санаачилгыг хэн аль нь гаргаагүй зэрэг нь гэрлэлт цуцлуулах шалтгаан үүссэн байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж заасан байна.
Гэрлэгчид нь цаашид эвлэрэх боломжгүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүй байна гэж шүүх үзлээ. Учир нь гэрлэгчид нь цаашид хамтран амьдрах бодит нөхцөл тогтоогдохгүй байна.
Зохигчид нь хоорондын хувийн таарамжгүй харьцааны улмаас үзэл бодол таардаггүй, 2020 оны 01 сараас хойш өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байгаа нөхцөл байдал, зохигчид нь гэрлэлтийг үргэлжлүүлэх санаачлагыг хэн аль нь гаргаагүй зэргийг харгалзан шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй, гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна гэж үзлээ.
Зохигчид нь 2003 оны 08 сарын 11-ний өдөр төрсөн хүү Э.Д 2007 оны 02 сарын 11-ний өдөр төрсөн охин Э.Г 2016 оны 10 сарын 30-ны өдөр төрсөн охин Э.Э нарыг төрсөн эх А.М ийн асрамжид үлдээх талаар тохиролцсон нөхцөл байдал, хүүхдүүдийн нас, эцэг, эхийн халамж, ахуй нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүүхдүүдийн хүмүүжил, эрүүл мэндэд тавих анхаарал халамж, хүүхдийн өсөх, хүмүүжих орчин, зохигчдын хүсэлт зэргийг харгалзан үзээд хүүхдүүдийг эх А.М ийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх нь эцэг, эхийг үүрэг гэж тус тус тодорхойлсон байна.
Нэхэмжлэгч А.М тэй нь 2003 оны 08 сарын 11-ний өдөр төрсөн хүү Э.Д 2007 оны 02 сарын 11-ний өдөр төрсөн охин Э.Г 2016 оны 10 сарын 30-ны өдөр төрсөн охин Э.Э нар нэг гэрт хамт амьдарч байгаа бөгөөд одоогоор хүүхдийн өсөж хүмүүжиж байгаа орчныг өөрчлөх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг нэхэмжлэгч А.М , хариуцагч Б.Э нарт хэвээр үргэлжлэхийг дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч А.М ийн хариуцагч Б.Э холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч А.М нь том охин Э.Номин одоо 20 нас хүрсэн, асрамжийн асуудлыг шийдвэрлэх шаардлагагүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч А.М ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн
82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-120 дугаар зүйлд
тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.М, хариуцагч Б.Э нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2003 оны 08 сарын 11-ний өдөр төрсөн хүү Э.Д 2007 оны 02 сарын 11-ний өдөр төрсөн охин Э.Г 2016 оны 10 сарын 30-ны өдөр төрсөн охин Э.Э нарыг төрсөн эх А.М асрамжид үлдээсүгэй.
3.Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч нь хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах А.Оюун-Эрдэнэд даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.М ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, хариуцагч Б.Э улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.М т олгосугай.
6.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг танилцуулсугай.
8.Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ М.ЭНХМАНДАХ