Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 227

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багт оршин суух Г.Э нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр багт оршин суух Н.С-т холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Э хариуцагч Н.С шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго нар оролцов.

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэхэмжлэгч Г.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.С бид хоёр 5 жил гаруй хамтдаа амьдарсан. 2006 онд гэрлэлтээ батлуулсан. Том хүү С.А 2006 оны 04 сарын 18-нд, охин С.М 2011 оны 02 сарын 11-нд төрсөн. 9-14 насны 2 хүүхэдтэй. Би 2011 оны 07 сараас хойш одоог хүртэл тусдаа амьдарч байна. Нөхөр Н.С нь архи их уудаг, зоддог байсан. 2009 оноос хойш гэр бүлээс гадуур харилцаатай болсон. Түүнчлэн 2 хүүхдийг минь бас зоддог байсан. Энэ бүхнийг би үр хүүхдүүдийнхээ төлөө тэвчиж, амьдардаг байсан боловч сүүлдээ арга ядаад явсан. Би одоо Сүхбаатар аймагт 2 хүүхдийнхээ хамтаар өөр шинэ амьдрал зохиож хамтдаа амьдарч байна. Одоо 8 сартай жирэмсэн. Бид хоёрт дундын эд хөрөнгийн маргаан байхгүй. Цаашид хамт амьдрах боломжгүй. Би шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандсан. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү С.А  охин С.М нарыг миний асрамжид үлдээн, эцгээс нь хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэмж гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.С миний бие Г.Э 5 жил гаруй хамтдаа амьдарч байгаад Г.Э нь гэр бүлээс гадуур харилцаатай болж 2 хүүхдийг минь надаас салгаж авч яваад одоог хүртэл эргэж уулзуулаагүй билээ. Надад Г.Э  хэлж байгаагаар гэр бүлээс гадуур харилцаа байгаагүй бас хоёр хүүхдэдээ гар хүрч байсан удаа байхгүй болно. Би Г.Э  гаргасан салах хүсэлтийг зөвшөөрч байгаа. Би хүүхдээ зодож байгаагүй. Г.Э  муудалцдаг байсан, би тэр үед архи уудаг байсан. Намайг ажилдаа яваад ирэхэд Энхчимэг хүүхдээ аваад явчихсан байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Ү Н Д Э С Л Э Х нь:

Нэхэмжлэгч Г.Э нь хариуцагч Н.С холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Н.С нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч тайлбараа гаргасан байна.

Зохигч 2006 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гэр бүл болсныг 2006 оны 07 дугаар сарын 05-ны өдөр бүртгүүлэн албан ёсоор гэрлэлтээ батлуулж тэдний дундаас 2006 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүү С.А  2011 оны 02 дугаар сарын 11-ний өдөр охин С.М нар төрсөн болох нь ............... дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, С.А  С.М нарын төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн баримт болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Гэрлэгчид нь хамт амьдрах хугацаанд зан харьцааны таарамжгүй байдал, бие биенээ үл хүндэтгэх, үзэл бодлын зөрүүтэй байдал зэргээс гэрийн дотор таарамжгүй байдал бий болж, улмаар 2011 оны 07 дугаар сараас одоог хүртэл тусдаа амьдарсан, хэн аль нь хамтран амьдрагчтай болсон, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй дуусгавар болсон, цаашид хамтын амьдралаа үргэлжлүүлэх санаачилгыг аль аль нь гаргаагүй зэрэг нөхцөл байдлууд нь тэдний гэрлэлтийг цуцлах шалтгаан болж байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.  

Нэхэмжлэгч Г.Э  хүүхдүүдийг өөрийн асрамжид авах тухай шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй байдлаас гадна хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуй нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүүхдийн хүмүүжил, эрүүл мэндэд тавих анхаарал халамж, хүүхдийн өсөх, хүмүүжих орчин, хүүхдүүдийн асрамжийн талаар өгсөн санал, 2011 оны 7 сараас хойш өнөөдрийг хүртэл эхийн асрамжид 2 хүүхэд өсөж бойжиж буй нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд 2006 оны 04 сарын 18-ны өдөр төрсөн хүү С.А, 2011 оны 02 сарын 11-ний өдөр төрсөн охин С.М нарыг эх Г.Э  асрамжид үлдээх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

Иймд зохигчийн гэрлэлтийг цуцалж, хүү С.А  охин С.М нарыг эх Г.Э  асрамжид үлдээж шийдвэрлэсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү С.А  охин С.М нарыг 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар тутам тэтгэлэг гаргуулан эцэг Н.С тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч Г.Э төлбөрийн чадваргүй, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, нэн ядуу гэсэн үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Н.С-аас гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад 70200 төгрөгийн, 2 хүүхдийн тэтгэлэгт ногдох 87271 төгрөг нийт 157471 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж, төрийн сангийн дансанд оруулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

Т О Г Т О О Х нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч  Г.Э, хариуцагч  Н.С нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2006 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү Н.С 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин С.М нарыг эх  Г.Э  асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2006 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү Хатгин овогт С.А, 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин С.М нарыг 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Н.С тэжээн тэтгүүлсүгэй.

4. Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн  улсын бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах А.Оюун-Эрдэнэд даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч Г.Э нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.С-аас улсын тэмдэгтийн хураамж 157471 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн дансанд оруулж улсын орлого болгосугай.

7.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ                       Р.БАТБАЯР