Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/952

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баянмөнх,

Шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2128/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт А-гийн Б-д холбогдох эрүүгийн 2305000001887 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1964 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, УСУГ-т шугамын засварчин ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг гэх, *** тоотод оршин суух хаягтай, одоо *** тоотод амьдардаг гэх /РД:***/, урьд ял шийтгэлгүй, Б овогт А-ийн Б.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч А.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч А.Б-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч А.Б нь 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 12 цагийн үед Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ дагавар хүү Д.Н-тай хамт архидан согтуурч, улмаар үл ойлголцох, хэрүүл маргааны улмаас Д.Н-ын хүзүүн тус газарт хутгаар нэг удаа хатгаж, түүний эрүүл мэндэд нь “хүзүүнд шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дахь тал), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 10-11, 12-13 дахь тал),

хохирогч Д.Н-ын: “...А.Б нь миний хойд аав байгаа юм, намайг 6 настай байхад гэж санаж байна, манай ээжтэй хамт амьдарч эхэлсэн. Одоо хамт 30 орчим жил амьдарч байна. Б манай ээж хоёр дундаасаа 1 хүүтэй. 2023 он 9 дүгээр сарын 08-ны өглөө гурван хүүхдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгчхөөд гэр лүүгээ орох гээд явж байхад Б нь шал согтуу доороос өгсөөд ирж байсан. Тэгэхээр нь би зогсоод юу болсон бэ гэсэн чинь “Миний карт алга болчихлоо” гэсэн юм ярьж байсан. Тэгээд миний машины урд суудлын доор 2 лаазтай пиво байсан чинь цонх онгорхой байсан чинь шууд шүүрээд авчихаар нь би боль, орж унт гэж хэлээд гэр лүүгээ машинаа тавиад хувцсаа сольчхоод ажил руугаа гарсан чинь Б манай хойд талд гэр лүүгээ ороогүй гудамжинд картаа хайгаад яваад байсан. Тэгэхээр нь би дэлгүүрээс 1 шил архи аваад гэр лүү нь орсон. Б нэг ахтай хамт бид гурав хамт ууж байгаад тэр ах гараад явчихсан. Б бид хоёр хоёулаа үлдчихсэн байсан. Тэгсэн над руу агсраад зайл манайхаас яв энээ тэрээ гэж байсан. Би тухайн үед аргадаад унт гээд гайгүй болоод буцаад агсраад байсан. Би 00 орчхоод ороод ирсэн чинь нэг гартаа заазуур, нөгөө гартаа хутга барьчихсан байсан. Тэгээд би янз бүр болоод байхаар нь би гэрээс нь гарах гэж байсан чинь хүзүү рүү нэг цохисон. Тэгээд ална энээ тэрээ гээд дайраад байхаар нь эргээд харсан чинь гартаа хутгатайгаа байсан. Тэгэхээр нь хутгыг нь булаацалдаж байгаад авч чадахгүй болохоор нь гадна хаалгыг нь дараад зогсож байхад хүзүү дагаад халуу дүүгэхээр нь гараараа тэмтэрч үзэхэд цус гарчихсан байсан. Би нэлээн хэсэг хаалгыг нь дарж байгаад чимээгүй болчихоор нь доошоо явсан. Тэгээд ерөнхийдөө автобусны буудал ороод ажил руугаа явсан. Яг ажил руугаа ороод ухаан алдаж унасан байна лээ. Манай ажлын эмч боолт хийж өгөөд, гэрийнхнээ дуудаад 103-аар ГССҮТ рүү хүргэгдсэн юм. Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** тоотод манай манай хойд аав Б нь 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 12 цагийн орчимд нэг удаа хүзүү рүү заазуур юм уу хутгаараа цохиж миний хүзүүг зүсэж гэмтээсэн. Тухайн зүсэгдсэн шарх нь 2 см орчим урттай, дотогшоо гүн орсон, артерийн судас арай дайраагүй байна гэж хэлж байсан. Тухайн үедээ бас нэг судас тасарсан гэж байсан, баруун чигчий хуруу дагаад мөр лүүгээ дагаж бадайраад байгаа. Мөн хутга булаацалдах хоорондоо баруун гарын ядам хурууг бага зэрэг зүссэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-23 дахь тал),

гэрч Р.У-ийн: “...А.Б нь миний нөхөр байгаа юм. Д.Н нь миний хүү бөгөөд А.Б-гийн дагавар хүүхэд юм. 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 13 цаг 57 минутад 77002250 дугаараас “хүүхэд чинь цус алдаад хүнд хутгалуулсан гэж байна. Бид анхан шатны тусламж үзүүлсэн, түргэн дуудсан, яаралтай ир” гэсний дагуу би Баруун салаанд очсон. Очиход хүү Д.Н нь хоолойдоо анхны тусламж авч боолгосон байдалтай ГССҮТ-д ирсэн. Одоо хагалгаанд орох заалттай, эмч нь ирж шийднэ гэсэн. Юу болсон талаар асуухад хойд аав хутгалчихсан гэж хэлсэн. Манай хүү хүүхдээ сургуульд нь хүргэж өгөөд харих замд нь хойд аав Б-тэй таараад манай гэрт уусан юм шиг байгаа юм. Тэгээд зүгээр ууж байснаа гэнэт чи муу дагавар гээд харааж зүхээд ална тална гээд хутга заазуур барьчихсан зогсож байсан гэсэн. Тэгээд арай ч хутгалчихгүй байлгүй гээд гарах гэтэл араас нь нэг юм хүрэх шиг болоод эргээд харсан хутгатай байхаар нь шууд зугтаагаад ажил дээрээ очсон гэж хэлсэн. Манай нөхөр тухайн үед нэлээн согтуу байсан юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-28 дахь тал),

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 11742 дугаартай: “...Д.Н-ын биед хүзүүнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 34-35 дахь тал), хохирогч Д.Н-ын бичгээр гаргасан “...Сэтгэцийн дүгнэлт гаргах шаардлагагүй. А.Б-гээс нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй. Хоорондоо сайн дураараа ярилцаж тохирсон. Иймд хэргийг хялбар аргаар шийдэхэд татгалзах зүйл байхгүй...” гэх хүсэлт (хавтаст хэргийн 108 дахь тал) болон шүүгдэгч М.Б-гийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ. 

Шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог ба хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан байна.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч А.Б нь 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 12 цагийн үед Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ дагавар хүү Д.Н-тай хамт архидан согтуурч, улмаар үл ойлголцох, хэрүүл маргааны улмаас Д.Н-ын хүзүүн тус газарт хутгаар нэг удаа хатгаж, түүний эрүүл мэндэд нь “хүзүүнд шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч А.Б нь хохирогч Д.Н-ын хүзүү хэсэг рүү нь хутгалахад түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч А.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч А.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Н-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон.

Хохирогч нь хавтаст хэрэгт хохирол, хор уршигтай холбогдуулан баримт гаргаж өгөөгүй, шүүгдэгч нь хохирогч Д.Н-т 1.250.000 төгрөгийг эмчилгээний зардалд нөхөн төлсөн, хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд “...Сэтгэцэд учирсан хор уршгийн дүгнэлт гаргах шаардлагагүй. А.Б-гээс нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй...” гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч А.Б-гээс гаргуулах хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв.       

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч А.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч А.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. (хавтаст хэргийн 109 дэх тал) 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган (хавтаст хэргийн 110-111 дэх тал), яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч А.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч А.Б-гийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон талуудын ял тохиролцсон нөхцөлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.     

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус зааснаар шүүгдэгч А.Б-д нь оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт А-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д 450 /дөрвөн зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/-н сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Б-д сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Н-т 1.250.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА