Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 3622

 

 

 

 

 

 

 

 

 

                     2020       10          20  

             101/ШШ2020/03622

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Г ” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н.У -д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 29,733.41 ам доллар буюу 79,038,540 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,  2014 оны 08 сарын 12-ны өдрийн  КГ14102 дугаартай Картын зээлийн эрх нээх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“Н.У нь 2014 оны 08 сарын 12-ны өдөp Г тай кредит карт эзэмших гэрээ байгуулан 10,000 ам долларыг жилийн бэлэн бус гүйлгээний 24 хувь, бэлэн мөнгө авсны 42 хувийн хүүтэйгээр 2 жилийн хугацаатай зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн зээлийн эрхтэй карт нээлгэн зарцуулалтыг хийсэн болно. Зээлдэгч кредит карт ашиглан гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрөө гэрээний нөхцөлд төлөхгүй банкийг хохироож байх тул Г наас иргэн Н.У д холбогдох нэхэмжлэлийг гаргасан. Иргэн Н.У  нь картын зээлийн зарцуулалтыг бэлэн бусаар хийгээгүй байх тул гэрээний 2.1 дэх хэсэгт заасны дагуу сарын 3.5 хувь, жилийн 42 хувийн хүүтэйгээр буюу бэлэн мөнгө авсны хүүгээр бодсон болно. Зээлийн эрх хэтрүүлсний хүү 2 хувиар, зээлийн хугацаа хэтрүүлсний хүү 1 хувиар тус бүр тооцсон ба эдгээр хүүг сар бүрийн 20-ны өдрөөс тооцсон. Зээлдэгч нь кредит карт ашиглан гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрөө гэрээний нөхцөлөөр төлөхгүй банкийг хохироож байгаа тул зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 9,815.69 ам доллар, зээлийн хүүгийн төлбөр 12,088.05 ам доллар, зээлийн эрх хэтрүүлсний төлбөр 1,648.50 ам доллар, зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөр 6,181.17 ам доллар, нийт 29,733.41 ам доллар хуримтлагдсан байна. Нэхэмжлэл гаргасан 2019 оны 07 сарын 02-ны өдрийн Монгол банкны ам долларын албан ханш 2,658.24 төгрөг байсан ба нэхэмжлэлийн үнийн дүнг төгрөгт хөрвүүлэхэд 79,038,540 төгрөг болсон тул иргэн Н.У аас гаргуулж өгнө үү.

2014 оны 08 сарын 12-ны өдөр байгуулсан Картын зээлийн эрх нээх гэрээ нь Иргэний хуулийн нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчсөн гэх зүйл байхгүй. Банкны тухай хууль, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн холбогдох хуулийн зохицуулалтын дагуу хийсэн гэрээ. Өөрөөр хэлбэл зээлдэгчийн авсан зээлээ төлөөгүйгээс үүссэн энэ маргааныг шүүх дээр ирэнгүүт хууль зөрчсөн гэж хэлж болохгүй. Торгууль гэж бичсэн нь нэмэгдүүлсэн хүү, анз хэрэглэсэн зүйл байхгүй. Хугацаа хэтрүүлсний торгууль буюу нэмэгдүүлсэн хүү тооцно гэсэн зохицуулалттай заалт байгаа. Хариуцагчийн зүгээс энэ заалтыг торгууль гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“Хариуцагч Н.У  нь нэхэмжлэгч Г тай 2014 оны 08 сарын 12-ны өдөр KГ14102 тоот Картын зээлийн эрх нээх гэрээг байгуулсан. Нэхэмжлэгчийн хувьд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ зээлийн үндсэн төлбөрт 9,815.69 ам.доллар, зээлийн хүүгийн төлбөрт 12,088.05 ам.доллар, зээлийн эрх хэтрүүлсэн төлбөрт 1,648.50 ам.доллар, зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөрт 6,181.17 ам.доллар, бүгд 29,733.41 ам.долларыг 2019 оны 07 сарын 02-ны өдрийн Монгол банкны ам.долларын албан ханш 2,658.24 төгрөгөөр тооцож нийт 79,038,540 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй байна. 1/ Зээлийн үндсэн төлбөр 9,815.69 ам.доллар, зээлийн эрх хэтрүүлсэн төлбөр 1,648.50 ам.долларын хувьд. Талууд 2014 оны 08 сарын 12-ны өдрийн KГ14102 тоот Картын зээлийн эрх нээх гэрээг 2014 оны 08 сарын 12-ны өдрөөс 2016 оны 08 сарын 12-ны өдрийг хүртэл буюу 2 жилийн хугацаатай байгуулж, карт эзэмшигчид ам.доллар, төгрөгийн зээлийн эрх нээсэн ба банк картанд зээлийн эрх нээсэн өдрөөс эхлэн зээлийг ашиглах эрх нээгдэхээр талууд харилцан тохиролцсон. Уг гэрээгээр зээлийн эрхийн хэмжээг доллараар 10,000 ам.доллар, төгрөгөөр 5,000,000 төгрөг, өдрийн бэлэн мөнгөний хэмжээг 5,000,000 төгрөг, 5,000 ам.доллар байхаар харилцан тохиролцсон. Ийнхүү хариуцагч Н.У  нь 2014 оны 08 сарын 12-ны өдрөөс 2014 оны 10 сарын 16-ны өдрийг хүртэл нийт 1,278.8 ам.доллар авч хэрэглэн 2014 оны 11 сарын 01-ний өдөр 1,500 ам.долларыг буцаан төлж буюу картандаа орлого хийж дээрх зээлийг бүрэн төлсөн ба 221.2 ам.долларын илүү төлөлттэй байсан. Улмаар 2015 оны 07 сарын 09-ний өдөр 5,000 ам.доллар, 2015 оны 07 сарын 10-ны өдөр 5,000 ам.доллар буюу уг гэрээний 2.1 дэх заалтад заасан зээлийн эрхийн хэмжээ 10,000 ам.доллар, өдрийн бэлэн мөнгөний хэмжээ 5,000 ам.доллар, төгрөгийн 5,000,000 төгрөг гэснийг зөрчөөгүй бөгөөд гэрээнд заасны дагуу авч ашигласан болно. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан зээлийн эрх хэтрүүлсэн гэх шаардлага хавтаст хэрэгт авагдсан дансны хуулгаар үгүйсгэгдэж байгаа болно. Yүнээс хойш хариуцагчийн хувьд уг картыг ахин ашиглаагүй бөгөөд төлбөр тооцоо хэтрүүлээгүй. Улмаар зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа буюу 2017 оны 10 сарын 02-ны өдөр 30.48 ам.доллар, 2017 оны 12 сарын 11-ний өдөр 4,500 ам.доллар, 2014 оны 11 сарын 01-ний өдрийн илүү төлөлт болох 221.2 ам.доллар, нийт 4,751.68 ам.долларыг Г анд төлсөн. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжид шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэсэн заалтыг нэхэмжлэгчийн хувьд ноцтой зөрчиж хариуцагчаас зээлд төлсөн нийт 4,751.68 ам.долларыг үндсэн зээлийн төлбөрөөс бус хүүнд тооцож авсан нь хариуцагчийг зээлийн хүүний дарамтад оруулсан, Мөн зээлийн гэрээний хугацаа 2016 оны 08 сарын 12-ны өдөр дууссан байхад Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2-т Yүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан байхад шаардах эрхээ санаатайгаар буюу зээлдэгчийг хүүлэх зорилгоор хэрэгжүүлээгүй. Мөн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгчид сануулаагүй, нэмэлт хугацаа тогтоогоогүй нь хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй байна. Иймд нэхэмжлэгчийн хувьд дээрх хуулийн зохицуулалтын дагуу арга хэмжээ аваагүй, хугацаа хэтрүүлсэн нь хариуцагчийг хүүгийн дарамтад оруулах үндэслэлгүйгээр хүү шаардах нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. 2/ Зээлийн хүүгийн төлбөрийн хувьд: Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж, мөн Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн гуравдугаарт мөн нэмэгдүүлсэн хүү тооцохоор зохицуулсан. Гэтэл нэхэмжлэгчийн хувьд банк бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлд зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангах арга буюу уг гэрээний 2.1-т “хугацаа хэтрүүлсний торгууль 1 хувь байна” хэмээн анзыг хэрэглэсэн нь талуудын хооронд байгуулсан гэрээ нь иргэний хууль тогтоомж болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн. Иймд нэхэмжлэгч “Г ” XXK-ийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох харилцааг Иргэний хуулийн Дөчин дөрөвдүгээр бүлийн хоёрдугаар дэд бүлэгт хуульчилсан. Иргэний хуулийн 451, 452 дугаар зүйлүүдэд зааснаар банк зээлийн эрх бүхий этгээдээс зээл олгох, хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох, харин анзыг /торгууль/ хэрэглэхгүй байхаар хуульчилсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл байна хэмээн заажээ. Ийнхүү талуудын хооронд байгуулсан зээлийн эрх нээх гэрээнд торгууль тооцохоор банкны талаас гэрээнд тусгаж, шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ анз буюу торгууль тооцож нэхэмжилж байгаа нь дээрх гэрээнд хууль буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг зөрчсөн нь тодорхой байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, хуульд харшилсан гэж үзэхээр байна. Хариуцагч Н.У  нь зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа буюу 2017 оны 10 сарын 02-ны өдөр 30.48 ам.доллар, 2017 оны 12 сарын 11-ний өдөр 4,500 ам.доллар, 2014 оны 11 сарын 01-ний өдрийн илүү төлөлт болох 221.2 ам.доллар нийт 4,751.68 ам.долларыг Г анд төлсөн. Үүнээс үзвэл уг зээлийн гэрээний дүн болох 10,000 ам.доллараас нийт төлсөн 4,751.65 ам.долларыг хасаж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “...хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх...” гэж заасныг үндэслэн 5,248.35 ам долларыг буцааж өгөх үүрэг гагцхүү үүсэж байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу хуулиар хориглосон зүйлс талуудын хэлцлийн объект болохгүй тул “Г ” ХХК, Н.У  нарын хооронд байгуулсан 2014 оны 08 сарын 12-ны өдрийн KГ14102 тоот Картын зээлийн эрх нээх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү” гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Г ” ХХК нь хариуцагч Н.У д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 29,733.41 ам долларыг нэхэмжлэл гаргасан 2019 оны 07 сарын 02-ны өдрийн Монгол банкны ам.долларын албан ханш 2,658.24 төгрөгөөр тооцон 79,038,540 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг,

хариуцагч Н.У  нь нэхэмжлэгч “Г ” ХХК-д холбогдуулан 2014 оны 08 сарын 12-ны өдрийн  КГ14102 дугаартай Картын зээлийн эрх нээх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан.

 

             Зохигчдын хэн аль нь эсрэг талын гаргасан шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсэг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

“Г ” ХХК, Н.У  нар нь 2014 оны 08 сарын 12-ны өдөp 10,000 ам доллар, 5,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй, бэлэн бус гүйлгээний зээлийн хүү 2 хувь, бэлэн мөнгөний зээлийн хүү 3,5 хувь, зээлийн эрх хэтрүүлэх боломжит хэмжээ 5 хувь, зээлийн эрх хэтрүүлсний шимтгэл 2 хувь, хугацаа хэтрүүлсний торгууль 1 хувь, картын хүчинтэй хугацаа 2 жил байх нөхцөлтэй КГ14102 дугаартай Картын зээлийн эрх нээх гэрээг байгуулжээ. /хх-14-16/

 

 Зохигчдын хооронд байгуулсан дээр дурдсан гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулах шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ болжээ. Зохигчид гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

            Хариуцагч Н.У  нь зээлийн эрхтэй кредит картаар дараах гүйлгээг хийсэн байна. Үүнд:

  • 2014.08.19-ний өдөр 371,560 солонгос вон буюу 374.28 ам.долларын зарлагын гүйлгээ,
  • 2014.10.12-ны өдөр 161 ам.долларын зарлагын гүйлгээ,
  • 2014.10.12-ны өдөр 58,400 солонгос вон буюу 55.78 ам.долларын зарлагын гүйлгээ,
  • 2014.10.16-ны өдөр 22,000.04 филиппин песо буюу 503.03 ам.долларын зарлагын гүйлгээ,
  • 2014.10.16-ны өдөр 133 ам.долларын зарлагын гүйлгээ,
  • 2014.10.16-ны өдөр 49 ам.долларын зарлагын гүйлгээ,
  • 2014.11.01-ний өдөр 1,500 ам.долларын орлогын гүйлгээ,
  • 2015.07.09-ний өдөр 5,000 ам.долларын зарлагын гүйлгээ,
  • 2015.07.10-ны өдөр 5,000 ам.долларын зарлагын гүйлгээ,
  • 2017.10.02-ны өдөр 30,48 ам.долларын орлогын гүйлгээ,
  • 2017.12.11-ний өдөр 4,500 ам.долларын орлогын гүйлгээ.

           

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй гэж заасны дагуу  зээлдүүлэгч “Г ” ХХК нь зээлдэгч Н.У аас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Н.У  нь зээлийн эрхтэй картаар 2014 оны 08 сарын 19-ний өдрөөс 2014 оны 10 сарын 16-ны өдрийн хооронд 6 удаагийн нийт 1,276.09 ам.долларын зарлагын гүйлгээ хийж, 2014 оны 11 сарын 01-ний өдөр 1,500 ам.долларын орлогын гүйлгээ хийсэн, 2017 оны 07 сарын 09, 10-ны өдөр тус тус 5,000 ам.долларын, нийт 10,000 ам.долларын зарлагын гүйлгээ хийж, 2017 оны 10 сарын 02-ны өдөр 30.48 ам.долларын, 2017 оны 12 сарын 11-ний өдөр 4,500 ам.долларын орлогын гүйлгээ хийсэн болох нь тогтоогдож байна. /хх-117-122/

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /цаашид “БЭБХЭМХТТЗҮАТ хууль” гэх/-ийн 21 дүгээр зүйлийн 4-т зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж зааснаар хариуцагч Н.У  зээлийн эрхтэй картаар гүйлгээ хийснээр түүнд зээл олгогдсон гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 болон БЭБХЭМХТТЗҮАТ хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т зээлдэгч нь зээл, гэрээнд заасан хугацаанд зээлийн хүү, зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зохицуулсан.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 9,815.69 ам доллар, зээлийн хүүгийн төлбөр 12,088.05 ам доллар, зээлийн эрх хэтрүүлсний төлбөр 1,648.50 ам доллар, зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөр 6,181.17 ам доллар, нийт 29,733.41 ам долларыг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

 

Зохигчдын хооронд байгуулсан КГ14102 дугаартай Картын зээлийн эрх нээх гэрээнд “хугацаа хэтрүүлсний торгууль 1 хувь” гэснийг нэхэмжлэгч нь хугацаа хэтрүүлсний торгууль гэж бичсэн нь нэмэгдүүлсэн хүү гэж тайлбарлаж байх боловч зохигчдын хооронд байгуулсан уг заалт нь нэмэгдүүлсэн хүү тооцох хуулийн заалтад нийцэхгүй байх тул зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөр 6,181.17 ам.долларыг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.

 

Хариуцагч Н.У д 10,000 ам доллар, 5,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй карт олгогдсоны дагуу хариуцагч нь 2014 оны 08 сарын 19-ний өдрөөс 2014 оны 10 сарын 16-ны өдрийн хооронд нийт 1,276.09 ам.долларын зарлагын гүйлгээ хийж, 2014 оны 11 сарын 01-ний өдөр 1,500 ам.долларын орлогын гүйлгээ хийн 223.91 ам.долларын илүү төлөлттэй зээлийн тооцоог дуусгаж, улмаар 10,000 ам.долларын зарлагын гүйлгээ хийсэн байх бөгөөд хариуцагч нь олгогдсон зээлийн эрхийн хүрээнд зээл авсан байх тул зээлийн эрх хэтрүүлсэн гэж үзэхгүй. Зээлийн эрх хэтрүүлсэн гэх асуудал нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасантай нийцэхгүй байна. Иймд зээлийн эрх хэтрүүлсний төлбөр 1,648.50 ам долларыг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.

 

Мөн нэхэмжлэгч нь зээлийн үндсэн төлбөр 9,815.69 ам доллар, зээлийн хүүгийн төлбөр 12,088.05 ам долларыг гаргуулахаар шаардахдаа зээлийн кредит картын гэрээний үүргийн зөрчлийг ямар хугацаанаас, хэрхэн тооцон шаардаж буй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, тооцооллоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй.

 

Хариуцагч Н.У  нь 10,000 ам.долларыг 3,5 хувийн хүүтэй буцаан төлөх үүрэгтэй байх бөгөөд нийт 10,350 ам.долларыг төлөхөөс түүний төлсөн 223.91 ам.доллар, 30.48 ам.доллар, 4,500 ам.долларыг тус тус хасч тооцон хариуцагчийн төлөх нийт үүргийг 5,595.61 ам.доллараар тодорхойлж, нэхэмжлэл гаргах үед Монгол банкнаас зарласан ам.долларын ханшийг 2,658.24 төгрөгөөр тооцож нийт 14,874,474.32 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Хариуцагч нь “Г ” ХХК, Н.У  нарын хооронд 2014 оны 08 сарын 12-ны өдөp байгуулагдсан КГ14102 дугаартай Картын зээлийн эрх нээх гэрээнд  торгууль тооцохоор банкны талаас гэрээнд тусгаж, анз буюу торгууль тооцож нэхэмжилж байгаа нь хууль буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг зөрчсөн гэх үндэслэлээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан тус гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

Зохигчид зээлийн эрхтэй кредит картын гэрээг хуульд заасан шаардлагыг хангаж бичгээр байгуулсан, хариуцагч нь зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн үүргийг гүйцэтгэж байсан болох нь тогтоогдож байх бөгөөд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь тэдний харилцан тохиролцсон мөнгө зээлэх, зээлдүүлэх хэлцлийн зорилтыг хангажээ.

 

2014 оны 08 сарын 12-ны өдөp байгуулагдсан КГ14102 дугаартай Картын зээлийн эрх нээх гэрээнд  хугацаа хэтрүүлсний торгууль 1 хувь гэж тохиролцсон нь  452 дугаар зүйлийн 452.2-т банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж заасантай нийцэхгүй байх боловч гэрээний бусад тохиролцоо нь зохигчдын хоорондох зээлийн харилцааны зорилтыг хангаж байх тул тус гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлгүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Н.У аас 14,874,474.32 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Г ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 64,164,065.68 төгрөгт холбогдох хэсэг болон 2014 оны 08 сарын 12-ны өдрийн КГ14102 дугаартай Картын зээлийн эрх нээх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан хэрэгт нотлох баримтаар авагдсан кредит картын хуулгын орчуулгын зардал 84,000 төгрөгийг нэхэмжлэгч, хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулж “П ” ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Н.У аас 14,874,474.32 /арван дөрвөн сая найман зуун далан дөрвөн мянга дөрвөн зуун далан дөрвөн төгрөг гучин хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Г ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 64,164,065.68 /жаран дөрвөн сая нэг зуун жаран дөрвөн мянга жаран таван төгрөг жаран найман мөнгө/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул 2014 оны 08 сарын 12-ны өдрийн  КГ14102 дугаартай Картын зээлийн эрх нээх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 553,143 төгрөг, хариуцагчийн төлсөн 361,550 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч Н.У аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 232,322 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г ” ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Г ” ХХК, хариуцагч Н.У  нараас орчуулгын зардал 42,000 төгрөгийг тус тус гаргуулж “П ” ХХК-д олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                               Д.ЦЭРЭНДОЛГОР