| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2023/0432/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/443 |
| Огноо | 2023-12-04 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 2023/ШЦТ/443
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2023/0432/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням,
Улсын яллагч Г.Уянга,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ***т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2318000000635 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн 12 дугаар цэцэрлэгийн багш ажилтай, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ***тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, *** ,
Холбогдсон хэргийн талаар:
*** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *** нь 2023 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дархан зах” худалдааны төвийн “***” торго, бөс барааны лангуунд худалдагчаар ажиллаж байхдаа ***ийн мартаж орхисон 1,237,000 үнэ бүхий “Iphone” загварын гар утсыг бусдын, өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан болох нь:
Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дархан зах худалдааны төвийн 1 давхарт бөс бараан дээрээс худалдан авалт хийж байгаад тооцоо хийх гээд цүнхэн дотор байсан гар утсаа үзэхэд миний гар утас алга болсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад бүртгүүлээд яахав гэж бодоод орхичихсон байж байгаад өнөөдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр одоогийн ашиглаж байгаа “iphone 11 pro” загварын гар утсаа өмнө алга болгосон “iphone 11 pro” загварын гар утсанд бүртгэлтэй байсан apple id хаягийг хийж үзтэл *** гэсэн хэрэглэгч миний алга болгосон хаягт бүртгэгдсэн байсан. Тухайн хүний хаяг дээр хадгалагдсан байсан зургууд нь миний одоогийн ашиглаж байгаа “iphone 11 pro” загварын гар утасны галлерей хэсэгт ороод ирсэн. Ингээд цагдаагийн байгууллагад хандсан. Би өөрийн алдсан цагаан өнгийн “iphone 11 pro” загварын гар утсаа 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 1,600,000 төгрөгөөр 3 удаа хувааж төлөх нөхцөлтэйгөөр Дархан захын 11 дүгээр лангуунаас худалдаж авсан. Миний алдсан гар утас нь 256GB багтаамжтай, ямар нэг эдэлгээний сэвгүй, өнгөгүй резинэн утасны гэртэй байсан. Миний алдсан гар утасны имэй код нь 353830106070223” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 08/,
Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...*** нь 2023 оны 07 дугаар сараас 08 дугаар сарын хугацаанд 20 орчим хоног манайд ажилласан. Манайх өөрсдөө ажиллуулах боломжгүй болчхоод хэсэг хүн ажиллуулсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12/,
Шүүгдэгчээс “iphone 11 pro” загварын гар утсыг хүлээн авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 38-40/,
“Дамно” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 23-110 дугаартай, эд зүйлийн үнэлгээ хийсэн: “iphone 11 pro” загварын 256GB багтаамжтай гар утас 1,237,000 төгрөг” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 23-24/,
Яллагдагч ***ын мэдүүлэг /хавтаст хэргийн 30/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч ***ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч *** нь шүүх хуралдаанд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг аргаар хууль бусаар хэрэг хүлээлгэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал байдал тогтоогдохгүй байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч ***т шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд прокурорын санал болгож шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээнд, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг өрхийн ам бүлийн тоо, орлогын хэмжээг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ***ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***т 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар бүр 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД