Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 138/ШШ2020/00902

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д.А нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.О холбогдох 

“373 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Оюунтуяа,

          Нэхэмжлэгч Д.А,

                                          Хариуцагч Б.О нар оролцов.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.А нь 2019 оны 8-р сарын 15-нд хань, үр хүүхдүүдийн хамт хадлан тэжээл бэлдэхээр гарсан. О нь өвс авна, 1000 ширхэг гээд бид ярилцаад 500 ширхэг өвсний 1 500 000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлсэн. Бид 9 сард өвсийг бэлэн болгоод ирж аваарай гэж удаа дараа хэлсэн боловч ирэхгүй байсаар 10-р сард ирж 700 ширхэг өвс авснаас 1ш х3500, 200ш 3500=700000 төгрөгөөс 250000 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгийг өдий хүртэл өгөхгүй байна. Иймээс эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрэхгүй байгаа тул шүүхэд хандлаа. Оаас үлдсэн 450000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

       Нэхэмжлэгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2500 төгрөг гэж огт ярьж тохироогүй. Бид хадлан буугаад өвс аваад явснаас хойш үлдэгдэл мөнгөө зөндөө нэхсэн, гэтэл нэг ч хариу өгөөгүй. Манай нөхөр зах дээр таараад миний дүү нэг уулзъя гэтэл за гээд зах руу ороод гарч ирээгүй. Иймд миний 350 000 төгрөг буюу эвлэрүүлэн зуучлалын 23 000 төгрөг нийт 373 000 төгрөгийг Оаас гаргуулж өгнө үү. Манай нөхөртэй 1 боодол өвсийг 2500 төгрөг гэж ярьж тохирсон юм байхгүй. 

     Бид 2019 оны 9 сарын эхээр 1000 боодол өвсийг бэлэн болгож Оыг ирж ав гэж хэлсэн. Гэтэл ирж авахгүй байсаар 10 сарын 01-нд хадлан бууж, үүнээс хойш 10 сарын 05-нд ирж өвсөө авсан. 500 боодол нь ногоон өвс байсан ба гадна тал нь шарласан байсан. Энэ өөрөө ирж авахгүй байсаар байгаад нар салхинд шарласан. Сүүлийн 200 боодол өвсийг шар байна гэж хэлэхэд нь авахгүй байж болно гэхэд авна гээд авсан. Нийт 700 боодол өвс өгсөн. Үлдсэн 200 боодол өвсний үнэ 600 000 төгрөгийг өгөх байсан. Эвлэрүүлэн зуучлахад хандсан боловч эвлэрэхгүй гэсэн. Иймээс шүүхэд хандсан. Одоо 117 боодол өвсийг 3 000 төгрөгөөр бодож 350 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 23 000 төгрөг, нийт 373 000 төгрөг нэхэмжилж байна. О нь өвс авах талаар манай нөхөр бид хоёртой тохирсон, бичгийн гэрээ хийгээгүй гэв.

       Хариуцагч Б.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь Д.А гэгч иргэнтэй 1 боодол өвсийг 3000 төгрөгөөр 1000 боодол өвс авахаар тохирч 2019 оны 8 сард түлш, тос, мяндас боолт ажлын хөлсний урьдчилгаа болгож 1 500 000 төгрөг шилжүүлсэн. 9 сард өвсөө авах байсан боловч миний бие Хятад улсад ажлаар явж байсан тул 2019 оны 10 сард өвсөө авах болсон. Тухайн өдөр 800 000 төгрөгөөр том машин хөлсөлж очсон боловч арай гэж 700 боодол шар өвс байсан. Би морь тэжээх зорилгоор яг 1000 боодол ногоон өвс авах ёстой байсан. Үлдэгдэл 300 боодол өвсөө Баяндун сумын иргэнээс 1 боодлыг 4000 төгрөгөөр авч унааны зардал 400 000 төгрөг дахин нэмэлтээр зарцуулсан. Тохирсон ёсоор 1000 боодол ногоон өвс өгөөгүй учир авсан бүх 700 боодол шар өвсийг 1 боодлыг 2500 төгрөгөөр тооцож үлдэгдэл мөнгө болох 250 000 төгрөгийг Д.Ад өгч, нөхөрт нь утсаар хэлсэн болно. Тухайн үед ингэж тооцоо дууссан.  

       Хариуцагч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1000 боодол ногоон өвс авахаар тохирсон. Гэтэл 1000 боодол өвсөө өгөхгүй харин талбай дээрээс нь нуруулдаагүй 700 боодол шар өвс авсан. Тухайн үед таны өвс шар байна шүү гэдгийг хэлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би нэхэмжлэгч Агийн нөхөр болох Жааяа гэж дууддаг Жамсран ахтай өвс авах утсаар ярьж тохиролцсон. Надад өгсөн өвс нь шар байсан учраас 3000 төгрөгөөр биш 2500 төгрөгөөр тооцож байна шүү гээд зөрүү мөнгө 250000 төгрөгийг шилжүүлж энэ талаар Жааяа ахад утсаар хэлж байсан. Өвсний мөнгө болох урьдчилгаа 1,5 сая төгрөг болон зөрүү мөнгө 250000 төгрөгийг манай эхнэр шилжүүлж байсан. Энэ 2-ын хэнийх нь данс руу шилжүүлсэнийг мэдэхгүй, бодвол эхнэрийнх нь данс руу шилжүүлсэн байх. Би Атай өвс авах талаар ямар ч тохиролцоо хийгээгүй. Өвс авах, өгөх, үнэ ханш, урьдчилгаа бүгд түүний нөхөртэй ярьж тохирсон асуудал. Утсаар 2 хүнтэй зэрэг ярих боломжгүй гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:  

Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Б.Оаас “өвсний үнэ 450 000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж хариуцагчаас өвсний үнэ 350 000 төгрөг, эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 23 000 төгрөг, нийт 373 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжсэн болно.

            Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Бид тохирсон ёсоор өвсийг бэлтгэсэн. Харин О нь тохирсон хугацаандаа өвсөө ирж аваагүйгээс өвсний гадна тал нь шарласан. Ингээд 10 сарын 5-нд ирж 700 ширхэг өвс авсан. 200 ширхэг өвсийг нь шар байна гэж хэлэхэд нь би түүнд авахгүй байж болно шүү гэж хэлэхэд авна гээд аваад явсан. О нь өвс авах талаар манай нөхөр болон надтай ярьж тохирсон. Бид 3000 төгрөгөөр өвсөө худалдахаар тохирсон учраас О нь өвсний үнийг төлөх үүрэгтэй...” гэж,

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзаж буй үндэслэлээ “...Би анх өвс худалдан авах талаар Агийн нөхөр Жамсран Жааяа/ ахтай утсаар ярьж тохиролцсон. Ингэхдээ би түүнд адуу тэжээх ногоон өвс 1000 ширхэгийг авмаар байна гэхэд тэрээр 1 ширхэгийг 3000 төгрөгөөр худалдана, урьдчилгаа мөнгө хэрэгтэй гэхээр нь 1,5 сая төгрөгийг өгсөн. Гэтэл анх тохирсон ёсоор 1000 ширхэг ногоон өвсөө өгөлгүй, 700 ширхэг шар өвс өгөхөөр нь түүнтэй ярьж шар өвс байгаа учраас 3000 төгрөгөөр биш 2500 төгрөгөөр бодно гээд зөрүү мөнгө 250 000 төгрөгийг өгч бидний тооцоо дууссан. Би Атай өвс авах талаар тохиролцоогүй, нөхөртэй нь утсаар ярьж тохиролцсон, утсаар 2 хүнтэй зэрэг ярих боломжгүй...” гэж тус тус тайлбарлан маргажээ.

            Шүүх талуудын гаргаж өгсөн нотлох баримт, тайлбарын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Учир нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Д.А болон хариуцагч Б.О нарын хооронд 2019 оны 08 дугаар сард 1000 ширхэг ногоон өвсийг 3000 төгрөгөөр “худалдах-худалдан авах гэрээ”-ний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж зохицуулсан.

Гэвч нэхэмжлэгч Д.А нь “...О нь нөхөр бид хоёртой тохиролцож өвс худалдан авахаар болсон...” гэж, хариуцагч Б.О нь “...Д.Агаас өвс худалдан авах талаар ярилцаж тохироогүй, харин түүний нөхөр Жамсран /Жааяа гэж дууддаг гэх/ ахтай 1000 ширхэг ногоон өвс худалдах, худалдан авахаар тохиролцсон...” гэж тус тус маргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно” гэж заасан.

Гэтэл Д.А нь шүүхэд өөрийн нөхөр н.Жамсрангийн өмнөөс нэхэмжлэл гаргах, түүнийг бүрэн төлөөлөх бүрэн эрх олгогдсоныг нотлох, Иргэний хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан итгэмжлэлийг шүүхэд ирүүлээгүй байна. Үүнээс гадна Б.Отай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болохоо баримтаар нотолж чадаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.А нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй бөгөөд түүнийг энэ үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан “худалдах-худалдан авах гэрээ”-ний харилцаа үүсээгүй байгаа тул нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Б.Оаас гэрээний үүргийн биелэлт буюу өвсний үнэ 350 000 төгрөг болон эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 23 000 төгрөгийг тус тус шаардах эрхгүй гэж үзнэ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Агаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14 150 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Оаас “373 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэгч Д.Агийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14 150 /арван дөрвөн мянга нэг зуун тавь/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ЖАРГАЛТУЯА