Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 0132

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга: Ч.Лхагвасүрэн

улсын яллагч: Д.Цолмон

хохирогч:Д.Баттулга

шүүгдэгч Б.Батболдын өмгөөлөгч : Д.Саранчимэг,

Шүүгдэгч Ц.Таванбаярын өмгөөлөгч Н.Саранчимэг

шүүгдэгч: Ц.Таванбаяр, Б.Батболд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  181  дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт  Боржигон овогт  Цолмонгийн Таванбаяр, Хан хөхийд овогт Батбилэгийн Батболд нарт тус бүр холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн 201625014202 дугаартай хэргийг 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын  биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Боржигон овогт  Цолмонгийн Таванбаяр,1994 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл  5, эцэг, эх, хоёр дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо 40-298 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй,РД:ЙЕ94092715/

2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хан хөхийд овогт Батбилэгийн Батболд, 1996 оны  10 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар  аймгийн Түмэнцогт суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо 026-20 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй,РД:ЛЙ96100111/

Холбогдсон хэргийн талаар:

         Ц.Таванбаяр, Б.Батболд нар нь бүлэглэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөхтэнгэр Ди паб дотор бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж үл ялих зүйлээр шалтаглан Д.Баттулгын эрх чөлөөнд халдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт  холбогджээ.

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

          Шүүгдэгч Ц.Таванбаяр  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:Мэдүүлэг өгөхгүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна би яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.

          Шүүгдэгч Б.Батболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

   Хохирогч Д.Баттулга  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн хэрэг гардаг өдөр бааранд би согтуу орсон үнэн. Шүүгдэгч нар өөрсдийн гэм бурууг хүлээж байгаа, залуу хүүхдүүд учраас ял шийтгэл оногдуулахыг хүсэхгүй байна. Шүүгдэгч Батболд надад учирсан хохирлыг төлсөн, харин шүүгдэгч Таванбаяр 14 хоногийн дотор хохирлыг төлж барагдуулна гэсэн амлалт бичгээр бичиж өгсөн. Би цаашид хамрын мэс засалт орох шаардлагатай байгаа, миний биеийн байдал хэвийн байгаа гэв.

           Шүүгдэгч Б.Батболд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ ... Би энэ өдөр гэртээ байж байхад манай найз Мөнх-Орчлон надруу залгаж бүгдээрээ цэргээс халагдсанаас хойш ойрд уулзсангүй өнөөдөр уулзъя гээд орой 18 цаг өнгөрч байхад Мөнх-Орчлон бид 2 уулзаад Таванбаяртай утсаар ярьж Таванбаярын найз охин Заяагийн ажилладаг “D” бааранд уулзахаар болж уг газарт 19 цагийн орчим уулзсан. Бид 3 уулзаад Таванбаяр бид 2 тус бүр нэг лааз пиво авч уугаад сууж байхад Мөнх-Орчлонгийн найз охин залгаж Мөнх-Орчлон найз охинтойгоо уулзчихаад ирье гээд явсан. Мөнх-Орчлонг явсны дараа Таванбаяр бид 2 ахин нэг нэг лааз пиво авч уугаад сууж байхад гаднаас үл таних нэг нь согтуу нөгөөх нь арай гайгүй халамцуу 2 залуу орж ирсэн. Тэр 2 залуу орж ирээд милээн сууж байхад согтуу залуу нь босч ирээд өөрийнхөө сууж байсан болон хажуу талдаа байсан сандал ширээг унагаад байхаар нь Заяа очоод та яагаад байгаа юм бэ гэхэд тэр согтуу залуу текэн дээр нь очоод тэнд байсан архины бакалыг нь газарт унагаад хагалчихсан энэ үед Таванбаяр очоод та яагаад байгаан гэхэд тэр залуу Таванбаярыг зайл гэхээр нь Таванбаяр чи хаана байгаагаа мэдэж байна уу гэхэд согтуу залуу Таванбаярын хацар хавьцаа нь нэг удаа гараараа цохисон тэгэхээр нь Таванбаяр зөрүүлээд нүүрэн тус газарт нь цохисон тэгэхээр нь би очоод салгах гэтэл согтуу залуу намайг цохиод авсан тэгэхээр нь би согтуу залууг заамдаж аваад нэг удаа хацар луу нь цохиход согтуу залуутай хамт явж байсан найз нь гараад зугатаачихсан. Тэгсэн согтуу залуу намайг зөрүүлээд миний мөрөн дээрээс бариад авахаар нь би тэр залуугийн нүүрэн тус газарт нь цохисон гэтэл тэр залуу надтай зодолдоод эхэдсэн ингээд бид 2 зодолдож байгаад би газарт хальтраад унатал тэр залуу миний дээрээс миний хацарлуу хэд хэдэн удаа цохиход Таванбаяр ирж салгаад уг согтуу залгаад хэд хэдэн удаа нүүрэн болон цээж хэсэг рүү нь цохиж байсан. Ингээд би босч ирээд Таванбаярыг холдуулахад тэр залуу миний гарлуу цохихоор нь би согтуу залуугийн нүүрэн тус газарлуу нь цохиж хөлрүү нь нэг удаа өшиглөсөн энэ үед Заяа ирж бид 2-ыг салгасан. Заяа уг согтуу залууг салгах гэтэл цамцаа тайлж шидээд гарахгүй байж байгаад Заяа гараас нь хөтлөөд гаргасан. Ингээд удалгүй байж байхад Мөнх-Орчлон охиныхоо хамт ирээд Таванбаяр, Мөнх-Орчлон бид 3 тамхилах гээд гарахад уг согтуу залуу 3-лаа болчихсон та бид нар дээр ирээд цагдаад дуудчихсан байгаа наанаа байж бай гээд байсан. Таванбаярыг уг залуутай эхэлж муудалцаад зодолдож байхад нь би очоод салгах гэхэд тэр залуу намайг цохисон тэгэхээр нь би тэр залууг заамдаж аваад зөрүүлэхэд цохиод уг залуу тонгойсон энэ үед Таванбаяр миний хажуу талаас тэр залуугийн нүүрэн тус газарлуу нь хэд хэдэн удаа өшиглөсөн. Таванбаяр бид 2 бага зэрэг халамцуу л байсан. Угаасаа их уугаагүй нэг хүний 2 лааз пиво уусан байсан. Баттулгын биед учирсан Тархи доргилт, зүүн хөмсөгний шарх, зүүн нүдний дээд доод зовхи ба гадна булан, баруун нүдний доод зовхи, зүүн цавины цус хуралт зэрэг гэмтлүүдийг би учруулсан. Харин хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, шарх, зулгаралт, цус хуралт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт гэмтлүүдийг намайг Баттулгыг цохиход доош тонгойх үед Таванбаяр нүүрлүү нь хэд хэдэн удаа өшиглөснөөс үүссэн байх гэж бодож байна. Таванбаярыг өшиглөж байхад би салгаж Баттулга дээш өндийхөд хамраас нь цус гарсан байсан. Бусад гэмтлийг хэн учруулсаныг мэдэхгүй байна. Таванбаяр бид 2-ын үйлдлээс л болсон байх гэж бодож байна. Тухайн үед бааранд Заяа байсан зодоон хийсэн Таванбаяр, Баттулга бид нар л байсан өөр хэн нэгэн байгаагүй гэжээ / хх-ийн 49-51/

Шүүгдэгч Ц.Таванбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ ... Би энэ өдөр найз Батболд, Мөнх-Орчлон нартай найзынх охиныхоо ажилладаг “D” бааранд орой 18 цагийн орчим уулзсан. Бид 3 уулзаад жаахан дуулж сууж байгаад тус бүр нэг нэг лааз пиво уусан. Ингээд сууж байхад Мөнх-Орчлон найз охин дээрээ очино гээд явсан. Тэгээд сууж байгаад Батболд ахин нэг лааз пиво аваад би нэг лааз ундаа авч уусан. Ингээд сууж байхад үл таних 2 залуу орж ирсэн. Ингээд сууж байхад уг 2  залуугийн нэг нь гараад явчихсан чинь үлдсэн согтуу залуу ширээ сандал түлхээд нураасан тэгээд ахин цааш яваад дахин нэг ширээ сандал унагасан энэ үед манай найз охин Заяа текний араас та болиочээ энэ чинь албан газар аятайхан үйлчлүүлээчээ гэхээр нь би согтуу залуу дээр очоод хөөе залуу аятайхан үйлчлүүлээчээ гэтэл тэр залуу чамд ямар хамаатай юм бэ би мэдэж байна гээд босч ирээд намайг түлхсэн тэгэхээр нь би тэр залууг заамдаад аваад хацарлуу нь нэг удаа цохиход нөгөө залуу намайг зөрүүлээд хацарлуу нэг удаа цохисон энэ үед Батболд ирээд уг согтуу залуугийн нүүрэн тус газарт нь 3-4 удаа цохисон энэ үед би салгах гэтэл Батболд нөгөө залууг цохих гэж байгаад намайг цохиж миний хамраас цус гаргасан. Тэгсэн Батболд нөгөө согтуу залууг миний найзын хамраас цус гаргалаа гээд нүүрэн тус газарт нь цохиж байсан бас дараа нь цонхны хажууд авааччихсан нүүр болон цээж рүү нь цохиж байхаар нь би Батболдоо наад залуугийхаа цусыг арч гэхэд Батболд цусыг нь арчих гэтэл согтуу залуу ахин дайраад Батболд тэр залууг ахин зодсон. Ингэж байгаад салахаар нь би хохирогч Баттулгыг баарнаас гаргах гэтэл хальтраад газарт цээжээрээ газарт уначихаад дээш харах үед нь Батболд ирээд цээжин дээр нь дэвсхээр нь би очиж салгаад Баттулгыг баарнаас гаргачихаад байж байхад Баттулга 2 хүн дагуулж ирээд цагдаад хандсан. Би уг залуутай эхэлж муудалцаад зодолдож байхад нь Батболд ирээд уг залуугийн нүүрэн тус газарт нь 3-4 удаа цохисон. Батболд бид 2 бага зэрэг халамцуу л байсан. Батболд 2 лааз, би нэг лааз пиво уусан байсан. Миний хувьд Баттулгыг нэгээс 2 удаа нүүрэн тус газарт нь цохисон. Харин Батболд тэр залуутай зодолдсон. Эхний өгсөн байцаалтан дээр би батболдыг ирэхгүй байх гэж бодоод худлаа ярьчихсан юм. Дараа нь Батболдтой уудзаад чи тэр залууг аймар зодсон байна лээ шдээ гэхэд би цагдаад дээр очиж өөрийнхөө зодсон үйлдлээ хэлнээ гэж надад хэлсэн. Би уг гэмтлийг Баттулгад учруулаагүй. Батболд учруулсан. Тухайн үед бааранд хохирогч Баттулга, манай найз охин Заяа, Батболд бид нар байсан өөр хүн байгаагүй гэжээ. /хх-ийн 53-55 дугаар хуудас/

     Хохирогч Б.Баттулга мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: тухайн үед би маш их согтсон байсан учир манай дүү Батхишиг рүү залгаж ах чинь нилээн согтуу байна чи хаана байна гэртээ байвал тосоод авах юм уугэтэл манай дүү би бэлхээс гарч байна та 2 наанаа хүлээж бай удахгүй очлоо гэхээр нь би даарч байна 2-лаа “Ди” караоке ороод сууж байя гээд уг газар луу ороод тус бүр нэг нэг лааз пиво аваад суусан. Би пиво ууж чадалгүй нойр хүрээд ширээгээ дэрлээд сууж байхад манай найз Ихбат руу хүүхэд нь залгаад ээж бөөлжөөд байна гэхээр нь Ихбат караокены чимээнээс гарч утсаар ярьсан. Энэ үед би босоод 2 сандал түрж хөдөлгөчихөөд эргээд ширээн дээр суухад үл таних нэг залуу ирээд миний толгой руу нэг удаа цохисон. Тэгэхээр нь би урдаас нь барилцаад авсан гэтэл цаанаас нь ахин нэг залуу нэмэгдэж ирээд бид 2-ыг барьцалдсан байхад сүүлд ирсэн залуу нь намайг зодсон. Ингэж байхад манай найз Ихбат гаднаас орж ирээд согтуу хүнийг яагаад зодоод байгаа юм бэ гээд салгасан. Тэгэхээр нь би босч яваад текэн дээр очоод та нар яагаад намайг зодох ёстой юм бэ гээд текэн дээр байсан 4 ширхэг стаканыг гараараа татаад газарт унугууд хагалчихсан. Гэтэл уг 2 залуугийн өндөр нь над дээр ирж нүүр лүү цохисон. Гэтэл жижиг нь намайг унагаж дэвслэж зодсон. Ингэж байгаад тэдгээр залуус намайг баарнаас чирч гаргаад үүдрүү түлхэж унагаад миний нуруу болон зүүн шанаа руу дэвссэн. Тэгэхээр нь би уг залуусаас зугатааж цээж нүцгэн зам хөндлөн гараад такси барих гэтэл машин огт зогсохгүй эмч дууд гэж хэлчихээд яваад байсан. Энэ хугацаанд Ихбат дүү чинь ирж байна гэж намайг аваад манай дүү Батхишиг дээр ирээд “Ди” баарлуу ороод хэн зодоон гаргасан гээд цагдаа дуудчихаад камерын бичлэг үзнэ гээд бичлэгийг үзэхэд миний 2 сандал хөдөлгөөд буцаад сууж байхад намайг зодож байгаа бичлэг байсан. Харин бусад бичлэгийг устгасан байсан. Ингээд бид нар цагдаагийн газарт ирсэн. Би цагдаагийн газарт ирэхээсээ өмнө уг баарны хагалсан стаканаа бүгдийнх нь мөнгийг төлсөн. өндөр залуу нь миний толгой руу цохиж өшиглөж унагаад зүүн шанааруу өшиглөөд байсан. Харин намхан залуу нь мөн адил зодсон. Энэ 2 хүн намайг бүлэглээд зодоод байсан. Тухайн үед миний зүүн шанаа тус газарт 2 язарсан, хамар баруун тийш муруйж цөмөрсөн, бас нурууны доод халцарсан, зүүн гарын шуу хөхөрч хавдсан байсан гэжээ.  /хх-н 15-18/

     Гэрч Д.Батхишиг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:.. би энэ өдөр орой 20 цаг өнгөрч байхад Бэлхийн Хадат гэх зусланд авга ахынхаа гэрт нүүрс буулгаад байж байхад манай ах Баттулгын 95030985 гэсэн дугаараас найз Ихбат гэх залуу нь залгаж танай ах согтуу байна хүрч ирээд авчих гэхээр нь би яг тэр дор нь гараад та нар хаана байна би одоо очлоо гэхэд 16-д байна гээд би 16-ын Содмонгол колонк дээр 21 цагийн орчим ирсэн. Намайг ирэхэд замын хажуу талд манай ах цээж нүцгэн толгой болон цээжин хэсэг нь цус болчихсон зогсож байсан тэгэхээр нь би өөрийхөө куртикийг тайлж өгөөд 102-т залгаж дуудлага өгөөд зогсож байхад “Ди” паб баарнаас ах Баттулгыг зодсон гэх 2 залуу болон 2 хүүхэн нэг залуугийн хамт гараад ирсэн. Тэгэхээр нь би очоод та нар яагаад хүнийг ийм аймар болгочихвоо гэхэд зодсон гэх 2 залуугийн өндөр нь надтай хэрэлдээд байсан. Тэгэхээр би бааранд ямар учир шалтгааны улмаас манай ахыг зодсон болохыг харахаар хяналтын камерыг үзэхэд манай ах Баттулга босч зааланд явж байгаад хүнгүй сул ширээний сандлыг түлхсэн байсан дахин хөдлөөд  цаад талын ширээний сандлыг түлхсэн байсан. Тэгээд эргээд өөрийнхөө ширээн дээр очоод сандал дээрээ суухад араас нь зодсон 2 залуугийн жижиг биетэй нь ирээд шууд нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон байсан үүнээс өөр бичлэг үзүүлээгүй. Ингээд удалгүй байж байхад цагдаа нар ирсэн. Ихбат болон ах Баттулгын надад ярьснаар Ихбатыг утсаар ярих гээд гарахад нь бааранд орилоон болсон гэсэн тэгэхээр нь Ихбат буцаад ороод ирэхэд 2 залуу Баттулгыг унагаагаад дэвсэж байхаар нь Ихбат салгах гэтэл өндөр залуу нь цохих гээд хөөхөөр нь буцаад зугатаасан гэсэн гэжээ.  /хх-н 19—20/

     Гэрч С.Ихбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...утсаар ярьж байтал хүн зодолдож байгаа бололтой дуу чимээ гархаар нь би эргээд ороод иртэл Баттулгын хажуу ширээн дээр сууж байсан 2 залуу Баттулгыг газарт унагаачихсан 2-лаа Баттулгыг зодож байсан. Тэгэхээр нь би очоод салгаад та нар согтуу хүнийг яаж байнаа гээд салгатал Баттулга текэн дээр байсан 5 ширхэг стаканыг гараараа татаад унагаачихсан. Гэтэл нөгөө 2 залуу ахин ирээд намхан биетэй залуу нь Баттулгыг газарт татаж унагаад нэг удаа цохиод доошоо тонгойлгоод барьцан байхад өндөр залуу нь ирээд хажуунаас нь зодоод байсан. Тэгэхээр нь би салгах гэж оролдоход өндөр залуу чи энэ залуугаа маллаад явж чадахгүй гээд босоод ирэхээр нь би гараад зугатаад колонк дээр хүлээж байхад өндөр залуу 2 удаа баарнаас гарч ирээд эргэж орсон. Ингээд байж байтал Баттулгыг зодсон залуусын намхан биетэй залуу нь баарнаас гаргаж ирээд цетентэн дээр түлхээд унагаачихсан. Энэ үед Батхишиг ирээд бид 2 цагдаад дуудлага өгсөн. Тэгээд бид 3 баарлуу орж болсон хэргийн талаар зөөгч хүүхнээс асууж камерын бичлэгийг шүүж үзэхэд Баттулга ширээн дээрээсээ босч яваад хажуудаа байсан 2 ширээний сандалнууд түлхчихээд эргээд сандал дээрээ суухад намхан залуу ирээд Баттулгыг заамдаж аваад цээж болон нүүрэн тус газарт нь цохиод цаанаас нь өндөр залуу нь ирж байгаа нь харагдсан. Өөр бичлэгийг нь устгасан байсан гэжээ. /хх-ийн 21-22 дугаар хуудас/

     Гэрч Б.Урангоо мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Батболд манай ээжийн дүү болох Наранчимэгийн төрсөн хүү нь байгаа юм. Батболд нь 1996 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд  төрсөн. Бага насандаа ээжийнхээ аав болон ээж дээрээ өсөж байгаад улмаар 10-н жилийн сургуульд элсэн орж 8 дугаар ангиа төгсөөд сургуулиас гарсан. Миний дүү Батболд гэнэн итгэмтгий хүний үгээр зантай. Урьд нь ямар нэгэн хуулийн байгууллагад шалгагдаж байгаагүй гэжээ. /хх-н 23/

     Гэрч Ж.Рэнцэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Батболд миний төрсөн охин Наранчимэгийн төрсөн хүү нь байгаа юм. Миний зээ Батболд нь 1996 онд Сүхбаатар аймгийн Түмэнцогтын сангийн аж ахуйд төрсөн. Бага насандаа миний болон ээжийнхээ гар дээр байж байгаад 10-н жилийн сургуульд  8 дугаар ангиа төгсөөд онцын хийсэн юмгүй байж байгаад 2015 онд цэргийн албанд явж ЗХ-ний 0146 дугаар ангид цэргийн албаа хаагаад 2016 онд халагдсан. Миний хүү Батболд хамт олныхоо дунд нэр хүнд сайтай өмнө нь ямар нэгэн хэл ам татлаж байгаагүй. Миний мэдэхийн согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй юм. Батболд өмнө нь хэрэг түвэгт холбогдож байгаагүй гэжээ. /хх-н 24/

     Гэрч С.Цолмон мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Миний хүү Таванбаяр нь 1994 онд Өвөрхангай аймгийн Бүрд суманд манай 5 дахь хүүхэд болж төрсөн. Таванбаяр бага насаа аав ээжийн гар дээр өнгөрөөсөн. 2002 онд манайх Улаанбаатар хотод орж ирсэн. Тэгээд 92 дугаар сургуульд элсэн орж суралцаад 2014 онд 9 дүгээр ангиа төгсөөд сургуулиас гарсан. Миний хүү Таванбаяр түргэн ууртай түүнээс өөр элдвийн авир байхгүй. Таванбаяр дээрээ 4 ахтай. Архи уусан байхыг нь би хараагүй гэжээ. /хх-н 25/

     Гэрч Б.Нэргүй мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:.. зодуулсан гэх залуу нэг найзынхаа хамт нилээн согтуу байдалтай орж ирээд 00-ын өрөөрүү явж байгаад пабын сандлуудыг хөмрөөд байсан тэгэхээр нь би текнийхээ цаанаас болиоч гэтэл нөгөө залуу чамд ямар хамаатай юм бэ гэтэл Таванбаяр цаанаас босч ирээд чи яагаад байгаан гээд уг согтуу залууг түлхсэн. Гэтэл хажуунаас нь Батболд босч ирээд чи яагаад манай найзын пабд орж ирээд томроод байгаан гээд байж байхад Таванбаяр согтуу залууг цааш түлхээд цээжин хэсэг рүү нь нэг удаа цохисон. Гэтэл нөгөө залуу босоод ирэхэд Батболд босч ирээд согтуу залуугийн нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохисон. Гэтэл нөгөө согтуу залуу зөрүүлээд Батболдыг цохисон. Энэ үед Таванбаяр тэр 2-ын дундуур ороод боль гээд салгах гэтэл Батболд согтуу залууг цохих гэж байгаад Таванбаярын хамар луу нь цохиод цус гаргачихаад согтуу залуу руу миний найзын хамраас цус гаргадаг хэн бэ гээд согтуу залууг буланд шахаад зодоод байсан. Энэүед Таванбаяр салгах гэж оролдож байсан. Тэднийг ингэж байх хооронд би согтуу залуу манай текэн дээр байсан угаагаад тавьсан бакалуудыг хагалсныг нь цэвэрлэж байсан. Тэдгээр залуус овоо салаад сууж байтал согтуу залуу та нар хүнийг ингэж зоддог хэн бэ гээд байхаар нь Батболд Таванбаяр нар уг залууг гаргах гэж байхад үүдний орчимд согтуу залуу хальтраад уначихсан. Гэтэл Батболд уг залуугийн дээрээс нэг удаа дэвсэж байсан. Би уг бичлэгийг санаатай устгаагүй юм. Бичлэгийг үзэж хуулбарлан авах гэж байгаад уг компьютерийг сайн мэдэхгүй улмаас устгачихсан юм гэжээ. /хх-н 26-28/

     Гэрч Б.Нээлт мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр би ажил дээрээ найз Баттулга, Отгоо, Дархижав нарын хамт Чингис хааны төрсөн өдөр тэмдэглээд 2 шил 0.5 граммын архи хувааж уучихаад гараад Отгоо, Баттулга бид 3 Отгоогийн гэрт очоод хоол идчихээд гарах гэхэд Отгоогийн нөхөр болох Ихбат, Баттулга бид 2-ыг гаргаж өгөөд намайг таксинд суулгаад Ихбат, Баттулга 2 үлдсэн. Тухайн өдөр би жаахан согтсон байсан тул түрүүлээд явсан. Ихбат, Баттулгыг хүргэж өгөх замдаа энэ 2 бааранд орсон гэсэн. Тэгээд зодоон болсон гэсэн. Би энэ талаар маргааш өглөө нь Ихбатаас сонсож мэдсэн. Зодоон болох үед би яг хажууд нь байгаагүй тул юуны учир зодоон болсон хэн хэн зодолдсон талаар сайн мэдэхгүй байна. Баттулга тэр өдөр надтай хамт байх хугацаандаа хэн нэгэнтэй хэрэлдэж зодолдсон асуудал байхгүй. Ямар нэгэн ил харагдах шарх сорви байгаагүй. Баттулга бид хоёр бүр багийн найзууд юм. Баттулга их даруухан дөлгөөн хүний үгээр зантай залуу байгаа юм гэжээ. /хх-н 29/

     Гэрч М.Мөнх-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Улиастай 10-аас Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо D бааранд зодуулсан хүн байна гэсэн дуудлагыг  20.00 цагийн орчим өгсөн санагдаж байна. Дуудлагын дагуу очиж шалгахад нэг залуу тухайн бааранд сууж байсан үл таних нэг залуутай зодолдсон гэж хэлсэн. Тэгээд Таванбаяр гэх залууг саатуулах байранд хийж тухайн өдрийн хэрэг бүртгэгчээр үүрэг гүйцэтгэж байсан дэслэгч М.Даваажавт зодуулсан гэх Д.Баттулга гэх залууг хүлээлгэж өгсөн. D бааранд хяналтын камер байсан. Бичлэгийг үзэх гэхэд уг баарны ресепчин гэх хүүхэн бичлэгээ тавьж мэдэхгүй оролдоод байсан тул би уг эмэгтэйд бичлэгээ хадгалаарай манай мөрдөн байцаагч ирж авна шүү гэж хэлчихээд хүмүүсээ аваад явсан. Зодуулсан гэх Д.Баттулгын хамар гэмтсэн цус гарсан байдалтай байсан. Харин зодсон гэх залуусын биед ямар нэгэн гэмтэл харагдаагүй гэжээ. /хх-н 30/

     Шинжилгээ хийх шижээч томилох тогтоол /хх-н 32/

Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжээчийн 16116 дугаартай дүгнэлт:

     1.Баттулгын биед тархи доргилт, зүүн хөмсөгний шарх, зүүн нүдний дээд зовхи ба гадна булан, баруун нүдний доод зовхи, зүүн мөр, тохой, зүүн дал, зүүн цавины цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, шарх, зулгаралт, цус хуралт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, хүзүү, цээж, зүүн бугалга, шуу, баруун далны цус хуралт, зулгаралт, нурууны зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хх-ийн 34 дүгээр хуудас/

       Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-н 35-37/

       Д.Баттулгын эмчилгээний зардлын талаарх баримтууд /хх-н 75-78/

2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Д.Баттулгын Баянзүрх дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст гаргасан өргөдлийн дагуу 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр эрүүгийн 201625014202 дугаартай  хэрэг үүсгэж  мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-н 1/

       Д.Баттулга, Ц.Таванбаяр, Б.Батболд, Б.Нэргүй, Ц.Мөнх-Орчлон  нараас анх удаа асууж авсан тайлбарууд / хх-н 8-12/

       Ц.Таванбаярыг С.Цолмон, Б.Нэргүй нарын  батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-н  38-42/

        Б.Батболдыг Ж.Рэнчин, Р.Урангоо нарын  батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-н  43-47/

       Б.Батболдыг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнийг байцаасан тэмдэглэл, /хх-н 48-51/ , Б.Батболдыг яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-н 66-68/

         Ц.Таванбаярыг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнийг байцаасан тэмдэглэл /хх-н 52-55/ , яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх-н 63-65/, Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны Эрдэнэтолгойн 40 дүгээр гудамжны 298 тоотод ам бүл 6-уулаа амьдран суудаг болохыг тодорхойлсон хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-н 70/

              Б.Батболдын  иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-н 56/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /  хх-н 57/,

             Ц.Таванбаярын   иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-н 58/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /  хх-н 59/,  зэрэг болно.

             Ц.Таванбаяр, Б.Батболд нар нь 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  Хөхтэнгэр Ди паб дотор Д.Баттулгыг  тус пабын сандалыг хөмрөөд байхад нь  чи яагаад манай найзын пабд орж ирээд томроод байгаан гэж түүнийг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулан танхайрсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн дараах нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд :

         Хохирогч Д.Баттулгын биед тархи доргилт, зүүн хөмсөгний шарх, зүүн нүдний дээд зовхи ба гадна булан, баруун нүдний доод зовхи, зүүн мөр, тохой, зүүн дал, зүүн цавины цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, шарх, зулгаралт, цус хуралт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, хүзүү, цээж, зүүн бугалга, шуу, баруун далны цус хуралт, зулгаралт, нурууны зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэлдучирсанг тогтоосон шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт

          Хохирогч Д.Баттулгын өгсөн  … би босоод 2 сандал түрж хөдөлгөчихөөд эргээд ширээн дээр суухад үл таних нэг залуу ирээд миний толгой руу нэг удаа цохисон. Тэгэхээр нь би урдаас нь барилцаад авсан гэтэл цаанаас нь ахин нэг залуу нэмэгдэж ирээд бид 2-ыг барьцалдсан байхад сүүлд ирсэн залуу нь намайг зодсон. Ингэж байхад манай найз Ихбат гаднаас орж ирээд согтуу хүнийг яагаад зодоод байгаа юм бэ гээд салгасан. Тэгэхээр нь би босч яваад текэн дээр очоод та нар яагаад намайг зодох ёстой юм бэ гээд текэн дээр байсан 4 ширхэг стаканыг гараараа татаад газарт унагаад хагалчихсан. Гэтэл уг 2 залуугийн өндөр нь над дээр ирж нүүр лүү цохисон. Гэтэл жижиг нь намайг унагаж дэвслэж зодсон. Ингэж байгаад тэдгээр залуус намайг баарнаас чирч гаргаад үүдрүү түлхэж унагаад миний нуруу болон зүүн шанаа руу дэвссэн. Тэгэхээр нь би уг залуусаас зугатааж цээж нүцгэн зам хөндлөн гараад такси барих гэтэл машин огт зогсохгүй эмч дууд гэж хэлчихээд яваад байсан. Би баарны хагалсан стаканаа бүгдийнх нь мөнгийг төлсөн. өндөр залуу нь миний толгой руу цохиж өшиглөж унагаад зүүн шанааруу өшиглөөд байсан. Харин намхан залуу нь мөн адил зодсон. Тухайн үед миний зүүн шанаа тус газарт 2 язарсан, хамар баруун тийш муруйж цөмөрсөн, бас нурууны доод халцарсан, зүүн гарын шуу хөхөрч хавдсан байсан гэсэн мэдүүлэг   /хх-н 16/

     Гэрч Д.Батхишигийн мөрдөн байцаалтад өгсөн …Тэгэхээр нь би очоод та нар яагаад хүнийг ийм аймар болгочихвоо гэхэд зодсон гэх 2 залуугийн өндөр нь надтай хэрэлдээд байсан. Тэгэхээр би бааранд ямар учир шалтгааны улмаас манай ахыг зодсон болохыг харахаар хяналтын камерыг үзэхэд манай ах Баттулга босч зааланд явж байгаад хүнгүй сул ширээний сандлыг түлхсэн байсан дахин хөдлөөд  цаад талын ширээний сандлыг түлхсэн байсан. Тэгээд эргээд өөрийнхөө ширээн дээр очоод сандал дээрээ суухад араас нь зодсон 2 залуугийн жижиг биетэй нь ирээд шууд нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон байсан үүнээс өөр бичлэг үзүүлээгүй гэсэн мэдүүлэг /хх-н 19—20/

     Гэрч С.Ихбатын  мөрдөн байцаалтад  өгсөн …Баттулгын хажуу ширээн дээр сууж байсан 2 залуу Баттулгыг газарт унагаачихсан 2-лаа Баттулгыг зодож байсан. Тэгэхээр нь би очоод салгаад та нар согтуу хүнийг яаж байнаа гээд салгатал Баттулга текэн дээр байсан 5 ширхэг стаканыг гараараа татаад унагаачихсан. Гэтэл нөгөө 2 залуу ахин ирээд намхан биетэй залуу нь Баттулгыг газарт татаж унагаад нэг удаа цохиод доошоо тонгойлгоод барьцан байхад өндөр залуу нь ирээд хажуунаас нь зодоод байсан. Тэгэхээр нь би салгах гэж оролдоход өндөр залуу чи энэ залуугаа маллаад явж чадахгүй гээд босоод ирэхээр нь би гараад зугатаад колонк дээр хүлээж байхад өндөр залуу 2 удаа баарнаас гарч ирээд эргэж орсон. Ингээд байж байтал Баттулгыг зодсон залуусын намхан биетэй залуу нь баарнаас гаргаж ирээд цементэн дээр түлхээд унагаачихсан гэсэн мэдүүлэг  /хх-ийн 22 /

        Гэрч Б.Нэргүйгийн  мөрдөн байцаалтад  өгсөн .... зодуулсан гэх залуу нэг найзынхаа хамт нилээн согтуу байдалтай орж ирээд 00-ын өрөөрүү явж байгаад пабын сандлуудыг хөмрөөд байсан тэгэхээр нь би текнийхээ цаанаас болиоч гэтэл нөгөө залуу чамд ямар хамаатай юм бэ гэтэл Таванбаяр цаанаас босч ирээд чи яагаад байгаан гээд уг согтуу залууг түлхсэн. Гэтэл хажуунаас нь Батболд босч ирээд чи яагаад манай найзын пабд орж ирээд томроод байгаан гээд байж байхад Таванбаяр согтуу залууг цааш түлхээд цээжин хэсэг рүү нь нэг удаа цохисон. Гэтэл нөгөө залуу босоод ирэхэд Батболд босч ирээд согтуу залуугийн нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохисон. Гэтэл нөгөө согтуу залуу зөрүүлээд Батболдыг цохисон. Энэ үед Таванбаяр тэр 2-ын дундуур ороод боль гээд салгах гэтэл Батболд согтуу залууг цохих гэж байгаад Таванбаярын хамар луу нь цохиод цус гаргачихаад согтуу залуу руу миний найзын хамраас цус гаргадаг хэн бэ гээд согтуу залууг буланд шахаад зодоод байсан гэсэн мэдүүлэг

          Шүүгдэгч нарын хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг болно.

          Шүүх тухайн  хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан  шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтаар хэргийг хянан  шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

         Ц.Таванбаяр, Б.Батболд нар нь Д.Баттулгыг согтуу баарны сандалыг хөмөрсөн гэсэн  үл ялих зүйлээр шалтаглан зодож танхайрсан нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдож байна. Ц.Таванбаяр, Б.Батболд нарын дээрх үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байх тул тэднийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэргийг бүлэглэн догшин авирлаж үйлдсэн  гэм буруутай болохыг тогтоож  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1,181.2.5 дахь хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

           Хохирогч эмчилгээний зардалд 1.800.000 төгрөг нэхэмжилсэнээс нотлох баримтаар тогтоогдож ирсэн 313.600 төгрөгийг гаргуулж, хамрын мэс засал хийлгэх  зардлыг гарсан даруйд нь нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй гэж үзэв.

          Энэ  хэрэгт  шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.

          Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн  55.1.1, 55.1.3, 551.9 дэх  хэсэгт заасан тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн  зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж уг хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзэв.

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дах хэсэгт заасан согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэв.

           

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Боржигон овогт  Цолмонгийн Таванбаяр, Хан хөхийд овогт Батбилэгийн Батболд  нарыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэргийг бүлэглэн догшин авирлаж үйлдсэн  гэм буруутай болохыг тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1,181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Таванбаяр, Б.Батболд нарыг тус бүр 3 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ц.Таванбаяр, Б.Батболд нарт  тус бүр оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус  эдлүүлсүгэй.

4.Энэ  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, Ц.Таванбаяр, Б.Батболд  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

5.Хохирогч Д.Баттулга нь хамрын мэс засалтай холбоотой гарах зардлаа жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Ц.Таванбаяр, Б.Батболд нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж хяналт тавихыг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст тус тус даалгасугай.

7.Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн тогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8.Шүүхийн тогтоолд давж заалдах, гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Таванбаяр, Б.Батболд нарт бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ   авсугай.

 

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ                                 С.ПҮРЭВСҮРЭН