Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 127/ШШ2018/0015

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 127/2018/0010/3

 

            Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баясгалан би: О-гийн, “Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн .......... дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 13/11 тоот дүгнэлтээр захиргааны хэрэг үүсгэн

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

О- тус шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “...тус аймгийн Т- нь “2018 оны 8 дугаар сарын 27-ний өдөр “Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын “Чулуут” багийн нутаг Цагаан давааны эхээс иргэн Б- нь зөвшөөрөлгүйгээр ойгоос 2.8 м3 мод бэлтгэсэн” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 300.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан зөрчлийн материалтай танилцаад ОЛСОН нь:

Иргэн Б- нь 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Чулуут багийн нутаг “Цагаан давааны эх” гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойгоос 2.8 м3 мод бэлтгэсэн болох нь холбогдогчийн өгсөн мэдүүлэг, эд зүйл баримт бичгийг хураан авсан тухай тэмдэглэл, мод хэмжсэн талаарх тэмдэглэл, хойшлуулшгүй тохиолдолд явуулсан ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол, зөрчлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаагаар эд зүйл, хууль бус орлогыг хураах тухай акт, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн шинжтэй байхад зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар торгууль оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хэнтий аймгийн Т- нь тус сумын иргэн Б-ыг “2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Чулуут багийн нутаг “Цагаан давааны эх” гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойгоос 2.8 м3 мод бэлтгэсэн” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн .......... тоот шийтгэлийн хуудсаар гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 300.000 төгрөгөөр торгож, хохирлын 1.028.160 төгрөг, нийт 1.328.160 /нэг сая гурван зуун хорин найман мянга нэг зуун жар/ төгрөг  гаргуулахаар шийдвэрлэжээ.

О- нь улсын байцаагчийн дээрх шийдвэрийг хянаад, иргэн Б-ын ойгоос мод бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй гэх үндэслэл дурдаж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8-д заасны дагуу, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичиж, тус шүүхэд ирүүлсэн болно.

Прокурорын уг дүгнэлтийг Хэнтий аймгийн Т- хүлээн авч, шүүхэд хариу тайлбар ирүүлэхдээ “Прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

Иймд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “гомдол” гэж ...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргасан прокурорын дүгнэлтийг ойлгохоор заасан. Мөн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд нэмэлтээр оруулсан 7.3 дахь заалтад, гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасан зарчим /шүүх нотлох зарчим/ хамаарахгүй гэж зохицуулсныг дурдах нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан, О-гийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 13/11 тоот дүгнэлтийг хариуцагч Хэнтий аймгийн Т- хүлээн зөвшөөрснийг баталж, хариуцагч Т-д холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Прокурорын дүгнэлт нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба Хэнтий аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн энэхүү захирамжид хэргийн оролцогч гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                               Г.БАЯСГАЛАН