Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2020/ДШМ/12

 

 

 

 

Б.Х-ид холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Билгүүн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар, Б.Баярмагнай,

Шүүгдэгч Б.Х-,

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн, 2019 оны 12 сарын 20-ны  өдрийн 2019/ШЦТ/392 дугаар шийтгэх тогтоолтой Б.Х-ид холбогдох 1934007590417 дугаартай 1 хавтас, 151 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 01 сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Торгууд Баярмагнайгийн Х-, 1988 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, малчин мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, хүүхдийн хамт хамт Улаанбаатар хот Налайх дүүрэг 4-р хороо Туулын 1-8 тоотод засаг захиргааны бүртгэлтэй, хувиараа мал аж ахуй эрхлэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Үүнд:

1.Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2.Дүүргийн 4 дүгээр Прокурорын газрын 2015 оны 4 дүгээр сарын 07-ний өдрийн 5/126 дугаартай тогтоолоор 201501080048 дугаартай эрүүгийн хэрэгт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг ЭБШ хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: ___________,

Шүүгдэгч Б.Х- нь 2019 оны 09 дүгээр сарын 04-нөөс 05-ны өдрийн хооронд Төв аймгийн Өндөрширээт сумын 3 дугаар багийн нутаг “Зөөлөн” гэх газраас хохирогч П.Нэргүйн эзэмшлийн 6 тооны адууг хулгайлж 6.250.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Х-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 20-ны өдрийн ШЦТ/392 дугаар шийтгэх тогтоолоор:

            Шүүгдэгч Торгууд Баярмагнайгийн Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-ийг 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019.11.07-ний өдрийн 48 дугаар тогтоолоор битүүмжилсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Б.Х-ийн эзэмшлийн 562.500 /таван зуун жаран хоёр мянга таван зуу/ төгрөгийн үнэ бүхий 1 тооны 5 настай соёолон морийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хурааж, улсын төсөвт оруулж,

Эрүүгийн 1934007590417 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдаж тус тус шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Х-, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай давж заалдах гомдолдоо: “Шүүгдэгч Б.Х-ид холбогдох Эрүүгийн 1934007590417 дугаартай хэргийг Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019.12.20-ны өдөр хянан хэлэлцээд гаргасан 2019/ШЦТ/392 дугаартай шийтгэх тогтоолд дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно" гэж заажээ. Шүүгдэгч Б.Х-ийн гэмт үйлдлийн улмаас бусдад учирсан адууг хайхад гарсан зардал гэх 350.000 төгрөг төлөгдсөн байна. Өөрөөр хэлбэл адууг буцаан өгч, учирсан хохирлыг барагдуулсан нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна. Харин шүүгдэгч Б.Х- нь гэм буруутай талаар маргадаггүй, хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн цагаас эхлэн үйлдсэн хэргээ хүлээдэг юм.

2. Эрүүгийн хариуцлагын талаар Монгол Улсын Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ" гэж заасан. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Х-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээгүй байна.

Иймд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.20-ний өдрийн 2019/ШЦТ/392 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж Б.Х-ид оногдуулсан 2 жилийн хорих ялыг 550 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар сольж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. Давж заалдах гомдолд хохирогчийн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн хүсэлтийг хавсаргав.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Билгүүн гаргасан дүгнэлтэндээ: Х-ийн үйлдсэн хэрэг хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдсон. Оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх эсэх нь шүүхийн эрх, хэмжээний асуудал байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай гаргасан саналдаа: Х-ийн үйлдсэн гэмт хэрэг бүрэн нотлогдсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Хохирогч нь алдсан адуугаа болон гарсан зардлаа бүрэн авсан. Гомдол саналгүй гэсэн байгаа. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар гаргасан саналдаа: Өмгөөлөгч Б.Баярмагнайгийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Заавал нийгмээс тусгаарлахгүйгээр 550 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Х- гаргасан тайлбартаа: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Х-ид холбогдох эрүүгийн 1934007590417 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан байна.

Шүүгдэгч Б.Х- нь 2019 оны 09 дүгээр 04-05-нд шилжих шөнө Төв аймгийн Өндөрширээт сумын 3 дугаар багийн нутаг "Зөөлөн" гэх газраас иргэн П.Нэргүйгийн 6 тооны адууг хулгайлж 6.250.200 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэрч Ц.Баттулгын өгсөн: "2019 оны 09 дүгээр сарын 05-ны өглөө 09 цагийн үед намайг гэртээ байж байхад манай найз Х- над руу 89810454 дугаарын гар утаснаас залгаад найз нь алдсан адуугаа олдчихоод Төв аймгийн Сэргэлэн сумын шинэ нисэх онгоцны буудлын ойролцоо явж байна хол замд удаан яваад ядраад байна чи хүрээд ирээч гэж намайг дуудсан. Тэгэхээр нь би гэрээс 11 цагийн үед гараад шинэ нисэх онгоцны буудлын ойролцоо замын унаанд суугаад очтол Б.Х- 6 тооны адуу тогтоочихсон сууж байсан." гэх мэдүүлэг /хх-н 39-40/,

Гэрч Б.Дашлхагвын өгсөн: "Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг “Өгөөмөрийн ам” гэх газар засмал замын урд талд цэргийн ангийн урдхан зүүн тийшээ давдаг гүвээний тэнд 2019 оны 09 дүгээр сарын 05-ны орой адуугаа харах гээд явж байтал зайдан морь  унасан эрэгтэй хүн нийт 5 тооны адуу туугаад явж байхаар нь сэжиг бүхий санагдсан.  Тэгээд очиж уулзаад тэр хүнээс “хаанаас юун адуу хаашаа авч явж байгаа юм бэ” гэж асуухад “Манай найз адуугаа гүйлгээд олж аваад намайг дуудаад би адууг нь Налайх оруулах гэж явна” гэж байсан. ...Тэгэхээр нь тар залууд “холбогдох утас байна уу, адууны эзэн гээд байгаа найзыгаа дуудчих, чи мориндоо мордчих, тэр хойд айл руу очоод утсаар нь нөгөө хүнээ дуудчих” гэхэд мориндоо зайдан мордоод зугтаасан. Тэгэхээр нь сэжигтэй санагдаад цагдаад дуудлага өгсөн." гэх мэдүүлэг /хх-н 48-49/,

Гэрч А.Өлзийдэлгэрийн өгсөн: "Манай найз Дашлхагва бид хоёр 2019 оны 09 дүгээр сарын 05-ны орой Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг засмал замын урд талд цэргийн ангийн урдхан зүүн тийшээ давдаг гүвээний тэнд Дашлхагвын адууг харах гээд явж байтал зайдан морь унасан хүн 5 тооны адуу туугаад явж байсан. Тэр залуутай уулзаад “хаанаас юун адуу тууж байгаа юм бэ” гэж асуухад тэр залуу “манай найз адуугаа гүйлгээд олж аваад, би адууг нь Налайх оруулах гэж явна” гэж байсан. ...Тэгэхээр нь тэр залууг “адууны эзэн гээд байгаа найзыгаа дуудчих” гэхэд мориндоо мордоод зугтаасан. Тэгэхээр нь сэжигтэй санагдаад Дашлхагва цагдаад дуудлага өгсөн." гэх мэдүүлэг /хх-н 50-51/,

Гэрч Г.Цэрэндуламын өгсөн: "Х- хааяа манай гэрээр орж гардаг. Хааяа утсаар ярьж байгаа харагддаг. Намайг гэртээ байж байхад 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өглөө 08-09 цаг өнгөрч байхад миний 89927393 дугаарын утас руу Х- утастаад “Тулгаатай ярья” гээд ярьсан. Тэгсэн чинь Баттулга ярьчихаад “Х-ийн машин нь эвдэрсэн гэнээ намайг ирээд авчих гэнэ” гээд гарсан. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 9 дүгээр сарын 06-ны орой гэртээ ирсэн. Би Баттулгаас “чи хаашаа алга болчихдог юм бэ, сураг чимээгүй алга болчихлоо” гэсэн чинь Баттулга “Төв аймаг дээр байж байгаад ирлээ, Х- алдсан адуугаа ачиж ирж байгаад машин нь эвдэрчхээд, намайг туугаад явж бай гэхээр нь би адууг нь туугаад ирж байтал цагдаа ирээд шалгана гээд Төв аймгийн Цагдаа дээр байж байгаад ирлээ” гэсэн." гэх мэдүүлэг /хх-н 45/ зэргээр нотлогдон тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Б.Х-ид холбогдох хэргийг мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, мөн шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

Б.Х-ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Х-ид оногдуулсан хорих ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад шүүгдэгчийн гэм буруутай болохыг тооцохдоо шүүгдэгчийн холбогдсон хэргийн Эрүүгийн хуулийн зүйл, хэсгийг бичиж шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Мөн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт энэ талаар зааж бичээгүй байна.

Иймд шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 5 дугаар заалтад нэмэлт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/392 дугаар шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын “1. Шүүгдэгч Торгууд Баярмагнайгийн Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “1. Шүүгдэгч Торгууд Баярмагнайгийн Х-ийг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

-  5 дугаар заалтын “5. Эрүүгийн 1934007590417 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.” гэснийг “5. Эрүүгийн 1934007590417 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.” гэсэн өөрчлөлт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч Б.Х- түүний өмгөөлөгч Б.Баярмагнай нар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-ид 2019 оны 12 сарын 20-ны өдрөөс 2020 оны 02 сарын 07-ны өдрийг хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 49 /дөчин ес/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

             5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Г.БОЛОРМАА

 

 

                   ШҮҮГЧИД                                           Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

 

                                                         Р.МӨНХ-ЭРДЭНЭ