Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/978

 

хаалттай шүүх хуралдаан тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг оруулав. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт Б-ийн Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга)-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав)-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Т-т сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-аас 7,150,000, төгрөг гаргуулж, насанд хүрээгүй хохирогч А.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Д.С-д олгосугай.

6. Шүүгдэгч Б.Т нь насанд хүрээгүй хохирогч А.Б-ийн эмчилгээний зардалд тооцож, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С-д нийт 4,916,197 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 343,000 төгрөг тус тус нөхөн төлсөн болохыг дурдаж, насанд хүрээгүй хохирогч А.Б-ий хууль ёсны төлөөлөгч Д.С нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хадгалахаар тогтож, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, иргэний баримт бичиг баримт шүүхэд ирүүлээгүй, шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний хариуцагч Д.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА