| Шүүх | Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Балжмаа |
| Хэргийн индекс | 127/2018/0013/3 |
| Дугаар | 127/ШШ2019/0001 |
| Огноо | 2019-03-11 |
| Маргааны төрөл | Газар, |
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2019 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 127/ШШ2019/0001
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 127/2018/0013/3
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Балжмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.Б-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид болон Дэлгэрхаан сумын Засаг даргад тус тус холбогдох,
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 23 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, сумын Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэхээс татгалзсан нь хууль бус болохыг тогтоолгож, гэрчилгээ шилжүүлэхийг даалгах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Б-ы өмгөөлөгч Б.А- /онлайнаар/, хариуцагч Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Б-, Дэлгэрхаан сумын Засаг дарга О.А- нар болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
“Нэхэмжлэгч Ц.Б- шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Дэлгэрхаан сумын сумын Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 105 дугаар захирамжаар Аварга тосонд 2500 м.кв газрыг Д.Батнасанд 60 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн.
Улмаар 2009 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 0099626 дугаартай гэрчилгээтэй олгосон.
Үүнээс хойш хуулийн дагуу эзэмшиж байсныг 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Ц.Б- би гэрээ байгуулан худалдан авсан.
Үүнээс хойш хуулийн дагуу өөрийн нэр дээр газар эзэмших эрхээ шилжүүлэн авахаар сумын Засаг даргад хандсан боловч ямар нэгэн хариу өгөхгүй байсан.
Ингэж явсаар 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 73 дугаартай албан бичгээр “Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 23 дугаартай тогтоолыг үндэслэн танай гаргасан ...хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна” гэжээ.
Дээрх татгалзах шийдвэрийн үндэслэл болгож байгаа сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 23 дугаартай тогтоолд “Аварга тосон амралтын газар эзэмшиж буй аж ахуй нэгж, иргэдийг Газрын тухай хуулийн дагуу газрын эрх шилжүүлэх нэрээр бусдад газраа худалдахыг хоргилсугай" гэж заасан нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана”, 38.4 "Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэснийг тус тус зөрчиж, хуулиар хориглоогүй асуудлаар дур мэдэн татгалзсан шийдвэр гаргасан бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчмыг ноцтой зөрчиж иргэдийг ялгаварлан гадуурхсан үйлдэл болсон гэж үзэж байна.
Өмнө нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүгчийн захирамжид заасан гомдолд сумын Засаг даргаас 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 73 дугаартай албан бичгээр “Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 23 дугаартай тогтоолыг үндэслэн танай гаргасан 2015 оны 5 дугаар сарын 13-нд гаргасан газар шилжүүлэн авах хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна” гэж дурдсан бөгөөд нэхэмжлэлдээ ч тухайн албан бичгийг хавсаргаж өгсөн. Тухайн захиргааны акт нь шийдвэр гаргахаас татгалзсан хэлбэрээр илэрч, дээрх албан бичгээр надад мэдэгдсэн болно.
Мөн сумын Засаг даргад хэзээ, хэрхэн хандаж байсан тухай баримт нь хариуцагчид хадгалагдаж байгаа ба тэндээс гаргуулах боломжтой төдийгүй, 2015 оны 5 дугаар сарын 13-нд гаргасан хүсэлтийг “удахгүй шийдвэрлэнэ” гэх зэргээр амаар хариу өгч иргэн, захиргааны байгууллагад итгэх итгэлийг ашиглан тухайн өргөдлийн хариуг бичгээр өгөхгүй явсаар 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр ирүүлсэн болох нь тодорхой болно.
...Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 23 дугаар тогтоолыг хүчингүй болгуулж, сумын Засаг даргын газар эзэмших эрхийг шилжүүлэхээс татгалзсаныг хууль бус болохыг тогтоолгож, шилжүүлэх шийдвэр гаргахыг даалгаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Б- нь Д.Батнасангаас газар эзэмших эрхийг шилжүүлэн авч, газрын гэрчилгээг шилжүүлэх хүсэлтээ Дэлгэрхаан сумын Засаг даргад гаргахад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 23 дугаар тогтоолыг үндэслэн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн.
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн энэхүү тогтоол нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дүгээр зүйлийг зөрчсөн, хуулиас давсан тогтоол гэж үзэж байна. Ийм тогтоолыг үндэслээд сумын Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхгүй байгаа нь хууль бус юм. Засаг дарга Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасны дагуу шийдвэр гаргах ёстой. Газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулсан, үүнд гадаадын хүн байхгүй, хоёр монгол хүн гэрээ хийсэн. Хариуцагч нар нь нэхэмжлэгч Ц.Б-ыг нь Улаанбаатар хотын иргэн, гадны хүн гэж яриад байгаа нь утгагүй” гэв.
Хариуцагч Д.Б- шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нэхэмжлэгч Ц.Б-ы гаргасан нэхэмжлэлд хариу тайлбар гаргахын тулд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хуралдаад 2014 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 23 дугаар тогтоолоо хүчингүй болгохгүй, хэвээр байлгах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Газрын тухай хуульд иргэд эзэмшлийн газраа худалдаж болохгүй гэсэн заалт байдаггүй тул Хурлын тогтоолоо хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзсэн. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагч О.А- шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 23 дугаар тоот тогтоолоор газар эзэмших эрхийг шилжүүлэх нэрээр бусдад худалдахыг хориглосон байдаг тул уг тогтоолыг дагаж мөрдөн ажиллаж байна. Ийм үндэслэлээр иргэн Ц.Б-д газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн олгохоос татгалзсан. /уг газрыг худалдаж авсан гэдэг нь илэрхий учраас/
Сумын иргэд төсөл сонгон шалгаруулах журмаар газар авчихаад түүнийгээ бусдад худалдах явдал гардаг. Ингэснээр Аварга тосон амралтын газрын ачаалал ихэссэн” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б- нь хариуцагч Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхээс татгалзсаныг хууль бус болохыг тогтоолгож, гэрчилгээ шилжүүлэхийг даалгах, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 23 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан ба шүүх эдгээр шаардлагуудын эхний хоёр шаардлагыг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ц.Б- нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дэвсгэр Аварга тосон амралтын газарт иргэн Д.Батнасангийн эзэмшиж байсан 2500 м2 талбай бүхий газрын эрхийг 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр гэрээ байгуулан шилжүүлэн авч, газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг Дэлгэрхаан сумын Засаг даргад гаргасан боловч хариуцагч нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 23 дугаар тогтоолыг үндэслэл болгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай шийдвэр гаргахгүй байгаа нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримт зэргээр тогтоогдож байна.
Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 23 дугаар тогтоолд “Аварга тосон амралтан дээр газар эзэмшиж буй аж ахуйн нэгж, иргэдийг Газрын тухай хуулийн дагуу газрын эрх шилжүүлэх нэрээр бусдад газраа худалдахыг хориглосугай” гэж заажээ. Хурлаас эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр нь тухайн нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөх бөгөөд холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэд заавал биелүүлэх үүрэгтэй тул хариуцагч Дэлгэрхаан сумын Засаг дарга О.А- “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 23 дугаар тогтоолыг дагаж мөрдөж ажиллаж байна” гэх тайлбар үндэстэй. Гэвч хариуцагч нь нэхэмжлэгч Ц.Б-ы хувьд, газар худалдаж авсныг нь тогтоогоогүй, энэ тухай ямар нэгэн баримтгүйгээр дээрх тогтоолыг үндэслэл болгон, газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай шийдвэр гаргахгүй байгааг шүүх хууль бус гэж үзэв.
Шүүх хуралдаан дээр хариуцагч О.А- нь “нэхэмжлэгч Ц.Б- уг газрыг худалдаж авсан нь баримтгүй ч, илэрхий, тодорхой” гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Нэхэмжлэгч Ц.Б-ы шилжүүлэн авахыг хүссэн газар эзэмших эрхийн гэрчилгээ нь, иргэн Д.Батнасанд 2009 онд олгосон 0099626 тоот гэрчилгээ бөгөөд энэхүү гэрчилгээгээр газар эзэмшигч Д.Батнасан нь газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг зөрчсөн талаар шалгаж тогтоосон, Газрын тухай болон Зөрчлийн тухай хуулийн[1] дагуу хариуцлага хүлээлгэсэн зүйл байхгүй байна.
Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх эрхтэй. Мөн Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно” гэж заасан. Хуулийн эдгээр заалтын дагуу нэхэмжлэгч Ц.Б- нь иргэн Д.Батнасангийн эзэмшиж байсан газрын гэрчилгээг шилжүүлэн авах эрхтэй. Иймээс, “газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх шийдвэр гаргахгүй байгаа хариуцагч Дэлгэрхаан сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, шийдвэр гаргахыг даалгах” тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн, Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 23 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд,
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2014 оны 3 дугаар сарын 4-ний өдөр “Эрх шилжүүлэх нэрээр газар худалдахыг хориглох тухай” 23 дугаар тогтоол гаргасан байна. Уг тогтоол нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчөөгүй ба нэхэмжлэгч Ц.Б-ы эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх үзэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж, 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэж тус тус заасан.
Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн” гэж заасан. Хуулийн эдгээр заалт ёсоор иргэн, хуулийн этгээд нь хуулийн дагуу газар эзэмших, ашиглах эрхтэй, харин эзэмшиж, ашиглаж буй газрыг өөрийн өмч мэт захиран зарцуулах буюу худалдах, худалдан авах эрх эдлэхгүй.
Иймээс, хариуцагч Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс гаргасан, Аварга тосон амралтын газарт газар эзэмшигч иргэд, аж ахуйн нэгжүүд газраа бусдад худалдахыг хориглох тухай тогтоол нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцсэн шийдвэр байна.
Хэргийн оролцогч нар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа болон захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.13 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.4, 38 дугаар зүйлийн 38.1, 38.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч Ц.Б-ы нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргын, газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн 0099626 тоот гэрчилгээг шилжүүлэх тухай шийдвэр гаргахыг хариуцагч Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргад даалгасугай.
2. Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, хариуцагч Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 23 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ц.Б-ы нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргын ажлын алба- Засаг даргын Тамгын газраас 35100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Б-д олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
5. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар, шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.БАЛЖМАА
[1] Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.2, 63 дугаар зүйлийн 63.1, 63.1.5, Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг