Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2026/0569

 

Д.М-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Одмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч Д.М

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/112 дугаартай “Төрийн албанаас чөлөөлөх тухай” тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, тухайн болон төрийн захиргааны өөр албан тушаалд шилжүүлэн томилуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын төлүүлж, цахим баталгаажуулалт хийхийг даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 503 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.М, өмгөөлөгч М.Т, Л.Ц

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, өмгөөлөгч С.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул

Хэргийн индекс: 128/2026/0140/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.М-ээс Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргад холбогдуулан “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/112 дугаартай “Төрийн албанаас чөлөөлөх тухай” тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, тухайн болон төрийн захиргааны өөр албан тушаалд шилжүүлэн томилуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын төлүүлж, цахим баталгаажуулалт хийхийг даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 503 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасныг баримтлан иргэн Д.М-ээс Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/112 дугаартай “Төрийн албанаас чөлөөлөх тухай” тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, Санхүү, төсөв, хууль эрхзүйн хэлтсийн даргын албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын төлүүлж, цахим баталгаажуулах хийхийг даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

“...3.1. Тус шүүхийн шийдвэрийн Тодорхойлох нь хэсгийн буюу 3 дугаар хуудсанд “... Нэхэмжлэгч Д.М-ээс Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, Төрийн албаны зөвлөлөөс 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01/2604 дугаар “Гомдлын хариу хүргүүлэх тухай” албан бичгээр ...” гэж дурджээ. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар Төрийн албаны зөвлөлөөс Д.М надад 2025 оны 11 сарын 10-ны өдрийн “Гомдлын хариу хүргүүлэх тухай” 04/2404 дүгээр хариу албан бичиг ирсэн байдаг. Надад хариу ирүүлсэн албан бичигт ахлах түшмэлийн ангилалд ажиллаж байсныг минь дурдаад эрхэлсэн түшмэлийн албан тушаалд тусгай шалгалт өгөхгүйгээр томилогдох боломжгүй тухай л дурдсан. Тиймээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж буюу бууруулж төрийн албан хаагчийн ангилал, зэрэглэл, цалин хөлс бууруулахгүйгээр томилохыг даалгахыг хүссэн билээ. Энэ нь огт байхгүй нотлох баримтыг үнэлж, байгаа нотлох баримтыг үнэлгээгүйг харуулж байна.

Хэрэг хариуцсан шүүгч У.Б нь миний анх гаргасан нэхэмжлэлийг бүрэн уншаагүй буюу төрийн албаны зөвлөлөөс хариу ирсэн гэж бичсээр байтал хариу ирээгүй гэж үзээд хүлээн авахаас татгалзаж 2025 оны 12 сарын 01-нд 128/ШЗ2025/8186 дугаартай захирамж гаргаж, миний бие давж заалдах журмаар гомдол гаргаснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 2026 оны 01 сарын 08-ны 221/ШТ2026/0051 тогтоолоор даалгасны дагуу буцаж хэрэг нээж байсан билээ.

3.2. Тус шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн буюу 13 дугаар хуудсанд “... уг мэдэгдлийг нэхэмжлэгч мөн сарын 23-ны өдөр мэдсэн, мэдэгдэлд дурдсанаар 09 дүгээр сарын 16-ны өдөр өнгөрсөн байсан гэж тайлбарлах боловч түүнийг ажлаас чөлөөлөх тушаал 09 дүгээр сарын 30-ны өдөр гарсан мэдсэнээс хойш түүний хувьд ажиллах хүсэлтэй байгаа тухайгаа илэрхийлэх бүрэн боломжтой байсан боловч энэхүү эрхээ эдлэх талаар хариуцагчид ямар нэг байдлаар мэдэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үүнтэй холбоотой баримт олдоогүй, нэхэмжлэгч нь тухайн асуудлыг огт мэдээгүй байсан гэж үзэхэд эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдож байна. 5.Иймээс нэхэмжлэгч нь байгууллага татан буугдаж байгааг урьдчилан мэдээгүй, эсхүл цаашид ажиллах талаар бодох, түүнийгээ мэдэгдэх, шийдвэр гаргах ажиллагаанд оролцох боломж олдоогүй гэж үзэх үндэслэлгүй байна” гэж дурджээ. Гэтэл талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар 2025 оны 09 сарын 23-ны өдөр Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас эрх ашиг нь хөндөгдсөн нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн албан хаагчдад ирүүлсэн олон мэдэгдэх хуудаснууд дотор миний буюу Д.М-ийн нэртэй мэдэгдэх хуудас байгаагүй буюу над руу явуулаагүй нь тогтоогддог. Тус шийдвэрийн 8 дугаар хуудсанд буюу хариуцагчийн шүүхэд хүргүүлсэн тайлбарт “Захиргааны акт гаргахаас өмнө 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй Д.М-ээс тайлбар, санал авах буюу сонсох ажиллагаа явуулах зорилгоор мэдэгдлийг Д.М-ээс мэйл хаяг болох *******@gmail.com хувийн цахим шуудангаар явуулахын зэрэгцээ баталгаат шуудангаар захиргааны байгууллагын хаягаар хүргүүлсэн” гэж дурдсан. Энэ хувийн мэйл хаяг нь миний ашигладаггүй мэйл хаяг бөгөөд хэрэгт авагдсан материал доторх одоо ч хүчин төгөлдөр үйлчилж буй Засгийн газрын 2018 оны 05 сарын 23-ны “Төрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай” 138 дугаар тогтоолоор төрийн байгууллага нь олон нийтийн сүлжээгээр төрийн ажил явуулахыг хориглосон нь хариуцагчийн тайлбарыг няцааж байгаа юм. Баталгаат шуудангаар ирүүлсэн мэдэгдэх хуудаснуудыг 2025 оны 10 сарын 02-нд буюу маргаан бүхий тушаал гарснаас илгээж, 2025 оны 10 сарын 06-нд хүлээн авахаас татгалзаж буцаагдсан нь хэрэгт авагдсан баримт буюу Монгол шуудан Хэрэглэгчийн үйлчилгээний төвийн тодорхойлолтоор тогтоогддог. Энэ нь нотлох баримтыг дутуу, буруу үнэлснийг харуулж байна.

3.3. Тус шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн буюу 13 дугаар хуудсанд “...6. Нөгөө талаар хэрэгт авагдсан Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн албан бичиг, 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 01/230 дугаартай албан бичиг, 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “Албан хаагчдын тэтгэмжийн дэлгэрэнгүй тооцоолол” баримтуудаар нэхэмжлэгч нь бусад албан хаагчдын адил гурван сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэж үзэхээр байна. 7. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан өөр ажил, албан тушаалд шилжин ажиллах гэрээ хэрэгжүүлэх талаар ямар нэгэн тодорхой хүсэлт, санал илэрхийлээгүй, харин эсрэгээрээ тэтгэмж авах сонирхлыг илэрхийлсэн байна гэж хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн шүүх дүгнэв” гэж дурдсан.

Гэтэд хэрэгт авагдсан дээрх албан бичгүүдийн зөвхөн 1 албан бичиг дээр миний гарын үсэг /Ө.Г, А.А нарын хамт/ байдаг. Шүүх хуралдаанд оролцсон гэрч А.А, Ө.Г нарын мэдүүлгээр Д.М миний бие гарын үсэг биш бөгөөд ажлын ширээний шургуулгад үлдээдэг байсан дардас байсан нь нотлогддог. Мөн А.А-ийн гарын үсгийг ч дуурайлгаж зурсан байдаг. Миний бие ямар ч тэтгэмж авах албан бичиг болон бусад баримтад гарын үсэг зураагүй тул тэтгэмж авах хүсэлт илэрхийлсэн гэх нь утгагүй юм.

3.4. Тус шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн буюу 13 дугаар хуудсанд “...10. ... мөн хариуцагч нь хуулиар хүлээсэн тэтгэмж олгох үүргээ зохих ёсоор хэрэгжүүлсэн байх тул...” гэж дурдсан байна. Гэтэл 2025 оны 12 сарын 31-нд дансанд орж ирсэн тэтгэмжийг тэр дор нь миний бие буцаан шилжүүлсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Миний бие хэрэв тэтгэмж авах саналтай байсан бол тухайн тэтгэмжийг хүлээн авахаас татгалзахгүй ашиглах байсан. Мөн Төрийн албаны зөвлөл болон захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахгүй байсан нь логикийн хувьд тодорхой зүйл юм.

3.5. Тус шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн буюу 13-14 дүгээр хуудсанд “...11. Түүнчлэн нэхэмжлэгчээс даалгах шаардлагын хүрээнд Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын Санхүү төсөв хууль эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд томилогдох ёстой гэж маргаж байгаа авч уг ажил, албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн индексийн шаардлагыг нэхэмжлэгчийн эзэмшсэн мэргэжил хангахгүй талаарх хариуцагчийн тайлбар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн “Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын бүтэц, ерөнхий газрын болон зарим албан тушаалын нэршил, ангилал, зэрэглэлийг шинэчлэн батлах тухай” А136 дугаар тушаал ёсоор удирдах албан тушаал болох Хэлтсийн даргын орон тоо нэмэгдэж батлагдаагүй зэрэг нь даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэл болж байна” гэж дурдсан байна. Хэрэгт авагдсан баримтаар анх Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын орон тоо 34 байснаас нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газартай нэгтгэгдэж 56 болсон нь тогтоогддог. Тухайн газар өмнө нь хэлтсийн дарга гэж албан тушаал байгаагүй бөгөөд шинээр 2 хэлтсийн даргын орон тоо нэмсэн. Гэтэл шүүхийн шийдвэрт шинээр нэмэгдэж батлагдаагүй гэж байгаа нь нотлох баримтыг буруу үнэлснийг харуулж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч миний мэргэжил эрх зүйч бөгөөд төрийн албаны удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтаар Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга гэх албан тушаалд тэнцэж томилогдож байсан нь тогтоогддог. Гэтэл тухайн маргаан бүхий тушаал Санхүү төсөв, хууль эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд тохирохгүй гэдэг нь дэлхийд байхгүй жишиг биз ээ. Хууль эрх зүйн асуудал хариуцсан хэлтсийн даргын албан тушаалд эрх зүйч мэргэжлийн индекс таарахгүй гэх үндэслэл нь Үндсэн хуулийн шударга ёсны зарчим, Захиргааны ерөнхий хуулийн зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, Төрийн албаны тухай хуулийн мэргэшсэн тогтвортой байх, төрийн жинхэнэ албан тушаалд томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах зэрэг зарчмуудыг эсрэг шийдвэр гэж үзэж байна.

3.6. Тус шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн буюу 12 дугаар хуудсанд “...4. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газраас Засгийн газрын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Засгийн газрын агентлагийн бүтэц, орон тооны талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 52 дугаар тогтоолыг 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын албан хаагчдад танилцуулж, улмаар албан хаагчдаас цаашид шилжин ажиллах хүсэлтэй эсэхийг тодруулсан” гэж дурдсан байна. Гэтэл хэрэгт авагдсан баримт, гэрчүүдийн мэдүүлгээр тухайн өдрийн арга хэмжээнд ямар ч тогтоол танилцуулаагүй зөвхөн санал солилцох уулзалт байсан ба Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын бүтэц батлагдахаар эргээд уулзахаар тохиролцсон нь тогтоогддог. Мөн хурлын тэмдэглэл үйлдээгүй тэнд байсан нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын албан хаагчдаар гарын үсэг зуруулсан зүйл байхгүй нь тогтоогддог. Тэр уулзалтаас бүтэц батлагдахаар дуудах байх гэсэн хүлээлттэй байсан боловч бүтэц батлагдсанаа ч хэлэлгүйгээр төрийн албанаас миний бие болон бусад 14 албан хаагчийг чөлөөлсөн байдаг. Төрийн албанаас чөлөөлсөн шийдвэрийг гардуулаагүй буюу нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжид хамгааллын газрын 1 албан хаагчид олон нийтийн сүлжээгээр /вайбер/ хүргүүлж бусад нь мэдэж авсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80.4, Төрийн албаны тухай хуулийн 4.4, Засгийн газрын 2018 оны 138 дугаар тогтоолыг зөрчсөн.

3.7. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/112 дугаар тушаалаар Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар нь татан буулгах комисс байгуулж ажлын удирдамжийг баталсан. Удирдамжид зааснаар нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн, хамгааллын газрын чиг үүрэг, хүний нөөц, орон тоог Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт шилжүүлсэн байдаг. Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/164 дүгээр тушаалын 5 дугаар заалтад зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан төрийн жинхэнэ албан хаагчдыг томилох, чөлөөлөхдөө Төрийн албаны хуулийг чандлан баримталж ажиллахыг хариуцагчид үүрэг болгосон боловч сайдын 2 тушаалаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна.

Иймд Үндсэн хуулийн шударга ёсны зарчим, Захиргааны ерөнхий хуулийн зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, Төрийн албаны тухай хуулийн мэргэшсэн тогтвортой байх, төрийн жинхэнэ албан тушаалд томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.1.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:      

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

2.1. Нэхэмжлэгч Д.М нь Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/1 дүгээр тушаалаар тус газрын Захиргаа санхүүгийн хэлтэст, Хяналт үнэлгээ, дотоод аудит хариуцсан мэргэжилтнээр, Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/108 дугаар тушаалаар Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргаар, мөн даргын 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргаар тус тус томилогдон бөгөөд маргаан бүхий тушаал гарах үед Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байжээ.

2.2. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 196 дугаар тогтоолоор Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын чиг үүргийг төрийн захиргааны болон харьяа дүүрэг рүү холбогдох байгууллагад шилжүүлэх ажлыг ... зохион байгуулахыг даалгаж шийдвэрлэсний дагуу Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/112 дугаар тушаалаар Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрыг татан буулгах ажлыг зохион байгуулсан байна.

2.3. Түүнчлэн Монгол Засгийн газрын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Засгийн газрын агентлагийн бүтэц, орон тооны талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 52 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч зарим агентлагийн орон тооны дээд хязгаарыг баталснаар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын орон тооны дээд хязгаарыг 56 байхаар баталжээ.

2.4. Дээрх тогтоолуудыг үндэслэн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/164 дүгээр тушаалаар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын байгууллагын орон тооны дээд хязгаарыг 1844 байхаар шинэчлэн тогтоосноор Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Төрийн албанаас чөлөөлөх тухай Б/112 дугаар тушаалаар нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг татан буулгасантай холбогдуулан чиг үүргийн давхардал үүссэн 15 албан хаагчдыг 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болгон төрийн албанаас чөлөөлж, тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн албан хаагчдын дотор нэхэмжлэгч Д.М багтсан байна.

2.5. Улмаар нэхэмжлэгчээс анх “Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/112 дугаар “Төрийн албанаас чөлөөлөх тухай” тушаалын Д.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, цахим баталгаажуулалт хийхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/112 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох болон Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт заасны дагуу төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлсийг бууруулахгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжүүлэн томилохыг даалгах” гэж тодорхойлон маргажээ.

2.6. Анхан шатны шүүх “... нэхэмжлэгчийн зүгээс ажлын байраар хангах үүргээ биелүүлээгүй, ажил санал болгоогүй гэж маргасан боловч тухайн эрх нь албан хаагч өөрөө үргэлжлүүлэн ажиллах хүсэл зориг, сонирхлоо илэрхийлсэн тохиолдолд бодитоор хэрэгжих боломжтой, ... нэхэмжлэгч нь ийм зоригоо илэрхийлээгүй, харин тэтгэмж авах байр суурь баримталсан байх тул хариуцагчийг ажлын байраар хангах үүргээ биелүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй...” гэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

2.7. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө”, 46.2.5-д “хуульд заасан бусад үндэслэл”, 62 дугаар зүйлийн 62.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараахь баталгаагаар хангагдана”, 62.1.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох” гэж тус тус заасан.

2.8. Хавтаст хэрэгт авагдсан 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн албан хаагчдын хурлын тэмдэглэлд “...Д.М: ... манайхан бүгд тэтгэмж авах хүсэлтэй байгаа...”, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын албан хаагчдын ажилласан жилийн мэдээлэл болон албан хаагчдын саналд Чөлөөлөгдөх (тэтгэмж авах) Д.М “Тийм” гэж тус тус тэмдэглэгдсэн, түүнчлэн Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын тэтгэмж авах албан хаагчдын жагсаалтад орсон /уг жагсаалтад нэхэмжлэгч Д.М өөрөө гарын үсэг зурж баталгаажуулсан/ зэргээс үзэхэд, нэхэмжлэгч нь өөрийн ажиллаж байсан Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар татан буугдсантай холбоотойгоор төрийн албанаас чөлөөлөгдөж, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг авахаар хүсэл зоригоо илэрхийлсэн болох нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд төрийн албанаас чөлөөлсөн хариуцагчийн үйл ажиллагааг буруутгах үндэслэлгүй.

2.9 Хэдийгээр нэхэмжлэгчээс Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын тэтгэмж авах албан хаагчдын жагсаалтад миний гарын үсэг “Ө.Г, А.А нарын хамт байдаг, ... энэ нь миний гарын үсэг биш бөгөөд ажлын ширээний шургуулгад үлдээдэг байсан дардас болох нь нотлогддог, мөн А.А-ийн гарын үсгийг ч дуурайлгаж зурсан, миний бие ямар ч тэтгэмж авах албан бичиг болон бусад баримтад гарын үсэг зураагүй, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн алба хаагчдын хурлын тэмдэглэл ч хуурамч гэж тайлбарлах боловч дээр дурдсан гарын үсгүүдийг болон тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн гэх нөхцөл байдал баримтаар болон холбогдох эрх бүхий байгууллагын аливаа шийдвэрээр тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

2.10. Нөгөөтээгүүр, хавтаст хэрэгт авагдсан Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/112 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг татан буулгах ажлыг зохион байгуулах комиссыг байгуулсан байх бөгөөд нэхэмжлэгч Д.М-ийн хувьд тус комиссын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг татан буулгаж буйтай холбоотой бүхий л нөхцөл байдлыг нэхэмжлэгч мэдэж байсан гэж үзэх үндэслэлтэй тул тохирох ажил албан тушаал санал болгоогүй, үргэлжлүүлэн ажиллах сонирхлоо илэрхийлэх байсан, хариуцагч чөлөөлөх тушаал гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулаагүй, оролцогчийн санал, тайлбар гаргах боломжоор хангаагүй гэх гомдлыг мөн хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.

2.11. Хэдийгээр анхан шатны шүүх маргаан бүхий Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/112 дугаар тушаал хуульд нийцсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх боловч Санхүү, төсөв, хууль эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд томилогдох талаар буюу нэхэмжлэгчийн гаргаагүй нэхэмжлэлийн шаардлагыг дүгнэж, шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт зөвтгөсөн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 503 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5, 62 дугаар зүйлийн 62.1.4-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.М-ээс Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/112 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох болон Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт заасны дагуу төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлсийг бууруулахгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжүүлэн томилохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Ц.ОДМАА

 

 

                      ШҮҮГЧ                                                            Г.МӨНХТУЛГА

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН