Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 182/ШШ2020/02197

 

      Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

        Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ... байрлах “С” ХХК,

        Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, Н газарт  

        Гэрээний үүрэг болох 2.036.313 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ү, С.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Я нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ Нь:

       Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н газар нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн АҮ-2..7 тоот гэрээ байгуулж дараа төлбөрт “M20” багцын үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган, гэрээний хавсралтад дурдсан 121 дугааруудын Н газрын албан хаагч нарт эзэмшүүлсэн.

        Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ гэж үзэж байна. Энэхүү гэрээ нь иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахгүй.

        Гэтэл Н газар гэрээний 4.9-д заасан төлбөрөө хугацаандаа төлөх үүргээ үл биелүүлж, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээний хавсралтад бичигдсэн ......... дугааруудын эзэмшигчдийн мэдээллийг ирүүлээгүйгээс хувь хэрэглэгчтэй нь гэрээ байгуулж чадаагүй. Эдгээр 6 дугаарын 2018 оны 01 дүгээр сараас хойш ярианы төлбөр 186.291 төгрөг төлөгдөөгүй байна.

        Мөн манай байгууллага нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нийгмийн хариуцлагын хүрээнд Н газрын харьяа ...байгууллагын алба хаагчид зориулж дараа төлбөрт “M20” багцын 130 дугаарыг бэлэглэсэн. Ингэж бэлэглэхдээ 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан гэрээг үндэслэсэн. Өмнөх шүүх хуралдаанд гэрч Б.Б мэдүүлэхдээ “АҮ-2..7 тоот гэрээ нь үндсэн гэрээ, дараа төлбөр үйлчилгээний гэрээг байгууллагатай байгуулсан бол анх байгуулсан үндсэн гэрээгээ баримтлаад дараа нь хэдэн ч дугаар нэмж болдог” гэж мэдүүлсэн.

      Мөн АҮ-2..7 тоот гэрээний 1 дүгээр зүйлийн 1.4-т “хэрэглэгч нь үйлчилгээний дугаар буюу сим картыг гэрээ хүчин төгөлдөр хугацаанд эзэмших эрхтэй бөгөөд дугаар нь үйлчлэгчийн өмч байна” гэж зохицуулсан учир дээрх 130 дугаарыг бэлэглэсэн гэхээсээ илүү сим картыг үнэгүй өгч, дугаарыг эзэмшүүлсэн гэж ойлгох хэрэгтэй.

     Хариуцагч Н газарт бэлэглэсэн 130 дугаараас 29 дугаарын эзэмшигчдийн мэдээллийг ирүүлээгүйгээс хувь хэрэглэгчтэй гэрээ байгуулж чадаагүй, 13 хувь хэрэглэгчтэй гэрээ байгуулсан ба 2018 оноос хойших дээрх 42 дугаарын төлөгдөөгүй үйлчилгээний төлбөр 1.767.731 төгрөг байна.

         Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 4-н дугаарын эзэмшигч төлбөрөө төлсөн тул анхны нэхэмжлэлийн шаардлагаа 78.290 төгрөгөөр багасгасан.

       Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1, Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн АҮ-2..7 тоот гэрээний 4.3, 4.9 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн хариуцагч Н газраас нийт 48 дугаарын 2018 оноос хойших үйлчилгээний төлбөр 1.954.022 төгрөг, нотариатын зардал 9.000 төгрөг нийт 1.963.022 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ү, С.М нар шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Н газар нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “С” ХХК-тай “Үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулж, албан хаагчдадаа хөнгөлөлттэй нөхцөлөөр с-ийн дугаар авах болсон. Тухайн гэрээг байгуулах үед “С” ХХК-ийн байгууллага хариуцсан менежерүүдийн “байгууллага дээр төлбөр бодогдохгүй, дугаар хэрэглэж байгаа албан хаагч тус бүртэй гэрээ байгуулна, хувь хэрэглэгч тус бүр дээр төлбөр бодогдоно” гэсэн мэдээллийн үндсэн дээр анх гэрээ байгуулсан. “С” ХХК нь хувь хэрэглэгчтэй давхар гэрээ байгуулж байсан учраас байгууллага ажилчдын ярианы төлбөрийг төлөхгүй, дугаарын эзэмшигч, хэрэглэгч нь төлбөрөө хариуцан төлөх байсан.

         2017 оны 12 дугаар сард харилцаа холбооны “М” ХХК нь Huawei Y3 гар утсыг, “С” ХХК нь дараа төлбөрт “M20” багцын 130 ширхэг дугаарын хамт ЗЦА, НОБГ, ТТТ, ХТГ зэрэг төрийн байгууллагуудын 130 ажилтан, албан хаагчдад ажлын шуурхай байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор бэлэглэсэн байдаг.

        Тухайн үед “С” ХХК-ийн бэлэглэсэн 130 ширхэг дугаарын эзэмшигч нь тодорхойгүй байсан учир “130 дугаарыг түр нэмж байгаад төлбөрүүдийг нь тухайн албан хаагчаас нь авах хүсэлт”-ийг с-ийн менежерүүд гаргаж байсан. Улаанбаатар чуулгын танхимд зохион байгуулсан дээрх арга хэмжээнд “С” ХХК-ийн ажилтнууд ирж, сим картыг үнэ төлбөргүй тарааж, хувь хүмүүстэй нь гэрээ байгуулж байсан. Тухайн дугаарыг манай байгууллагын албан хаагчдад эзэмшүүлэхээр тохиролцоогүй. “С” ХХК-иас дугааруудын төлбөртэй холбоотой мэдэгдлүүдийг ирүүлж байгаагүй ба нэхэмжилж байгаа 2.036.313 төгрөг нь ямар дугаарын төлбөр болох, дугаар эзэмшигч нь тодорхойгүй байна.

         Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт “хэрэглэгч нь үйлчилгээний дугаар буюу сим картыг гэрээг хүчин төгөлдөр хугацаанд эзэмших эрхтэй бөгөөд дугаар нь үйлчлүүлэгчийн өмч байна”, мөн гэрээний 5 дугаар зүйлийн 5.8 дахь хэсэгт “үйлчилгээний хэрэглэгч төлбөрөө төлөөгүй тохиолдолд дугаарыг 3 сар хадгалаад 4 дэх сараас өөр хэрэглэгчийн эзэмшилд шилжүүлэх эрхтэй” гэж тус тус заажээ.

        Н газар нь дээрх дугааруудыг албан хэрэгцээнд ашигладаггүй, эзэмшигч нь төлбөрөө өөрсдөө төлдөг.

        Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

        Шүүх хуралдаанаар хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч Н газарт холбогдуулан гэрээний үүрэг болох 2.036.313 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага  гаргасан бөгөөд шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх явцад нэхэмжлэлийн шаардлагаа 78.290 төгрөгөөр багасгаж, 2018 оноос хойших үйлчилгээний төлбөр 1.954.022 төгрөг, нотариатын зардал 9.000 төгрөг, нийт 1.963.022 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

         Хариуцагч Н газар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ ...2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “С” ХХК-тай “Үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулж, албан хаагчдадаа с-ийн дугаар авч өгсөн. Гэрээг байгуулах үед “С” ХХК-ийн менежерүүд “байгууллага дээр төлбөр бодогдохгүй, дугаар хэрэглэж байгаа албан хаагчидтай гэрээ байгуулна, хувь хэрэглэгч тус бүр дээр төлбөр бодогдоно” гэсэн мэдээллийн дагуу анх гэрээ байгуулсан. “С” ХХК нь хувь хэрэглэгчтэй давхар гэрээ байгуулж байсан учраас байгууллага ажилчдын ярианы төлбөрийг төлөхгүй, дугаарын эзэмшигч, хэрэглэгч нь төлбөрөө хариуцан төлөх байсан.

       2017 оны 12 дугаар сард Улаанбаатар чуулгын танхимд зохион байгуулсан арга хэмжээнд харилцаа холбооны “М” ХХК нь Huawei Y3 гар утсыг, “С” ХХК нь дараа төлбөрт “M20” багцын 130 ширхэг дугаарын хамт ЗЦА, НОБГ, ТТТ, ХТГ зэрэг байгууллагуудын ажилтан, албан хаагчдад ажлын шуурхай байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор бэлэглэсэн.

      “С” ХХК-ийн холбогдох ажилтнууд сим картыг үнэ төлбөргүй тарааж, хувь хүмүүстэй нь гэрээ байгуулж байсан. “С” ХХК-иас дугааруудын төлбөртэй холбоотой мэдэгдлүүдийг ирүүлж байгаагүй ба нэхэмжилж байгаа төлбөр болох 2.036.313 төгрөг нь ямар дугаарын төлбөр болох, дугаар эзэмшигч нь тодорхойгүй, дээрх дугааруудыг албан хэрэгцээнд ашигладаггүй“ гэх тайлбар гарган мэтгэлцэж байна.

          Шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэнэ.

        Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлүүдээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

      Шүүх хуралдаанд зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, гэрч Д.М, Б.Б нарын мэдүүлгээс үзэхэд:

       “С” ХХК болон Н газрын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр АҮ-2...7 дугаар “үүрэн холбооны үйлчилгээ  үзүүлэх “ гэрээ байгуулагджээ.  

      Дээрх гэрээгээр “С” ХХК, Н газартай харилцан тохиролцож, Н газар нь өөрийн албан хаагчдад дараа  төлбөрт “M20” багцын 121 дугаарыг эзэмшүүлэх, тухайн дугааруудыг эзэмших ажилтан, албан хаагчдын мэдээллийг бүрэн өгөх, гэрээнд өөрөөр заагаагүй бол дугаарын эзэмшил ашиглалт, төлбөр тооцоог хариуцах, ажилтан үйлчилгээний төлбөрөө төлөөгүй тохиолдолд үйлчлэгчид туслалцаа үзүүлэх, төлбөр хариуцах субъект буюу байгууллага, ажилтан аль нь үйлчилгээний төлбөр хариуцахыг тодорхойлох, ажилтан хариуцах бол ажилтан бүртэй хувь хэрэглэгчийн гэрээ байгуулах, байгууллагад тусгайлсан хөнгөлөлт олгох бол нэмэлт гэрээ байгуулахаар харилцан тохиролцсон байна.

        Хариуцагч Н газар нь гэрээний 1.5, 1.6-д зааснаар 121 дугаарыг эзэмших ажилтан, албан хаагчдын мэдээллийг бүрэн өгч, улмаар “С” ХХК нь 121 дугаарын эзэмшигч бүртэй хувь хэрэглэгчийн гэрээ байгуулж, дээрх дугаарыг эзэмшүүлэн, тухайн хэрэглэгч нар төлбөрийг хариуцан төлж байсан болох нь тогтоогдож байна.

     Иймд Н газар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, ажилтан албан хаагчдыг мэдээллийг өгч, улмаар “С” ХХК нь хэрэглэгч тус бүртэй гэрээ байгуулсан байх ба 9....8 дугаарын эзэмшигч нь Л.Б, 9....8 дугаарын эзэмшигч нь А.Б, 9...8 дугаарын эзэмшигч нь Б.О, 9...0 дугаарын эзэмшигч нь Б.Б, 9...8, 9.....8 дугаарын эзэмшигч нь Д.Ц нар байх тул эдгээр хэрэглэгчтэй гэрээ байгуулах эрх үүрэг нь “С” ХХК-д Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Харилцаа холбооны тухай хуулийн 24, 25, 26 дугаар зүйлд зааснаар үүссэн гэж үзэхээр байна.         

     Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлд “сүлжээ”, “үйлчилгээ” “үйлчлэгч”, “хэрэглэгч”, ”харилцаа холбоо” гэсэн хуулийн нэр томъёог тайлбарласан байх ба 3.1.6-д “хэрэглэгч гэж харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэх гэрээнд үйлчилгээг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээдийг ойлгоно” гэжээ.

    Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч Н газраас дээрх 6 дугаарын үйлчилгээний төлбөрийг нэхэмжлэхдээ гэрээгээр хүлээсэн үүргээ буюу дугаар эзэмших ажилтны мэдээллийг бүрэн оруулаагүйгээс хувь хэрэглэгчтэй гэрээ байгуулаагүй тул гэрээний 4.3-т зааснаар үйлчилгээний төлбөрийг шаардаж байгаа” гэх тайлбарыг гаргаж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгож байгаа 23/17 тоот гэрээний хавсралтын “төлбөр хариуцах субъект” хэсэгт эзэмшигчийн овог нэр, регистрийн дугаар бичигдсэн, улмаар “С” ХХК нь тухайн хэрэглэгч тус бүртэй гэрээ байгуулан хэрэглэгчид үйлчилгээний төлбөрийг хариуцуулахаар тохиролцсон гэж үзэхээр байна.

       Иймд хариуцагч Н газраас нэр бүхий 6 дугаар эзэмшигчийн 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны үйлчилгээний төлбөр 186.291 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа “С” ХХК-ийн нэхэмжлэл нь үндэслэлгүй байна.

      “С” ХХК нь Н газраас 2017 оны 01 дүгээр сараас хойш үйлчилгээний төлбөрийг шаардаж байсан эсэх нь тодорхойгүй, энэ талаар баримтыг гаргаж өгөөгүй, дээрх төлбөрийг сар бүр тодорхой дүнгээр төлж байх энэ үүрэг нь тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэг байх ба нэхэмжлэгчээс энэ үүргээ биелүүлэхийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т зааснаар үүргийн хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахаар байна.

      Нэхэмжлэгч “С” ХХК нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн АҮ-23/17 дугаар бүхий гэрээг үндэслэж, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр дараа төлбөрт “M20” багцын 130 дугаарыг Н газрын харьяа байгууллагуудын албан хаагчдад бэлэглэсэн ба тухайн дугааруудын эзэмшигчийн мэдээллийг бүрэн оруулаагүйгээс 29 эзэмшигчтэй хэрэглэгчийн гэрээ байгуулаагүй, 13 дугаарын эзэмшигчтэй гэрээ байгуулсан боловч төлбөрөө төлөөгүй тул 1.767.731 төгрөгийг Н газар нь хариуцна“ гэж тодорхойлж байгаа болно. 

      Нэхэмжлэгч “С” ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нийгмийн хариуцлагын хүрээнд Н газраас зохион байгуулсан арга хэмжээнд оролцож, тус газрын харьяа ....байгууллагуудын албан хаагчдад дараа төлбөрт “M20” багцын 130 дугаарыг бэлэглэхдээ талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэх гэрээг үндэслэсэн гэх боловч тухайн гэрээнд талууд нэмэлт өөрчлөлт оруулаагүй, төлбөр хариуцах субъектийг тодорхойлоогүй, 2017 оны 12 дугаар сараас хойших хугацааны үйлчилгээний төлбөр, тооцоог талууд хэрхэн тооцож байсан эсэх тодорхойгүй, энэ талаарх холбогдох баримтуудыг хэргийн оролцогчид хэн аль нь шүүхэд гаргаж өгөөгүй.

    “С” ХХК /үйлчлэгч/ нь байгууллагын үйлчилгээнд ажилчин албан хаагчид /хэрэглэгч/-ыг хамруулахдаа албан бичиг, ажлын газрын үнэмлэхийг шаардах үүрэгтэй ба гэрээгээр ажилтан хариуцахаар бол ажилтан бүртэй гэрээ байгуулах, хэрэглэгч төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд үйлчилгээний эрхийг хязгаарлах эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

     Харилцаа холбооны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “үйлчлэгч, хэрэглэгчийн эрх, үүрэг хүлээх хариуцлагыг Иргэний хуульд заасны дагуу гэрээгээр зохицуулна“ гэж заажээ.

       Иймд зохигчдын хооронд 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх нөхцөл байдал хэргийн оролцогчдын тайлбар, гэрч Д.М, Б.Б нарын мэдүүлэг болон хэргийн баримтаар бүрэн тогтоогдохгүй байна.

      Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “С” ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар өөрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзнэ.

   Иймд хариуцагч Н газраас гэрээний үүрэгт 1.963.022 төгрөг гаргуулах тухай “С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.  

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Н газраас 1.963.022 төгрөг гаргуулах тухай “С” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “С” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47.531 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

      3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй. Шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүхийн шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

     4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                 Ж.ЦЭНГЭЛ