Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/05

 

2024        01            04                                           2024/ШЦТ/05      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Д,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Х.Н,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Ө.Н,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Д,

Шүүгдэгч:  Д.Ннарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Доос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт Дгийн Нд холбогдох эрүүгийн 2335000000248 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 14-нд Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Өмнөговь сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Ч овогт Дийн Н /РД:......................./.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Өмнөговь сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр .............УВА улсын дугаартай Toyota Prius XW20 загварын тээврийн хэрэгслийг шороон гадаргуутай замд жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 12.2, 12.3-д заасан заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас явган зорчигч Р.Дийн амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Шүүгдэгч Д.Нг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Д.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Өмнөговь сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ..........УВА улсын дугаартай Toyota Prius XW20 загварын тээврийн хэрэгслийг шороон гадаргуутай замд жолоодож яваад амь хохирогч Р.Дийг дайрч амь насыг хохироосон болох нь:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-11 дэх тал),

2. Зам тээврийн осол дээр тогтоосон акт, замын бүдүүвч зураг (хавтаст хэргийн 12-13 дахь тал),

3. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 16-20 дахь тал),

4. Мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 21-24 дэх тал),

5. Орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 25-29 дэх тал),

6. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 32-45 дахь тал),

7. Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 46-53 дахь тал),

8. Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжпэх тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 56-61 дэх тал),

9. Эд хөрөнгө битүүмжилсэн шийдвэрийг цуцлах тухай прокурорын тогтоол, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 62-63 дахь тал),

10. Эд зүйл хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд зүйл хураан авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 64-65 дахь тал),

11. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 66-67 дахь тал),

12. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би нөхөр 3 хүүхдийн хамтаар Өмнөговь сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт амьдардаг. Улмаар 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр малдаа яваад нөхрийн хамт ажилтай байж байгаад нөхөр ажлын өдөр ажилдаа явсан. Ингээд 2023 оны 9 дүгээр сарын 15-ны орой 17 цагийн үед нөхөртэй утсаар ярихад удахгүй очлоо гэж хэлсэн. Бид хоолоо хийчихээд би дахин 20 цагийн үед нөхөртэй утсаар ярихад нөхөр 1 пиво ууж байна тэгээд яваад очъё гэж хэлсэн. Ингээд би хүлээгээд байж байгаад орой 21 цагийн үед утсаар залгахад нөхрийн гар утас холбогдохгүй байсан. Хэсэг хугацааны дараа буюу 22 цаг болоогүй байхад захиргааны манаачийн эхнэр Н гэх хүн залгаад нөхөр чинь нас барчихсан байна гэж хэлсэн. Тухайн үед би захиргааны гадна хэрхэн яаж очсон талаараа мэдэхгүй байна. Намайг яваад очиход манай нөхөр малын эмч Нгийн саарал өнгийн тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн баруун талд газарт машинаас метр гаруй зайд улаан хүрэн цус мэт зүйлээр бохирлогдсон байдалтай хэвтэж байсан. Би яаж байгаа юм бэ яасан юм бэ гэхэд татвар хураагч Б гэх залуу надад хандаж эгчээ би ахтай хамт мотоциклтой хаалгаар гараад явж байгаад ах бууж хаалга онгойлгосон. Тэгээд мотоциклын ард сууж амжаагүй байтал гэнэт араас машин ирээд мөргөөд чирээд явчихлаа гэж хэлсэн. Тухайн үед манай нөхөр машины доор байсан юм байна лээ малгай нь машины доор байсан бөгөөд машин доороос татаж гаргаж ирсэн мөр үүссэн байсан. Ингээд би нөхрийн хажууд очиход гутал нь тайларчихсан байдалтай ямар ч хариу үйлдэлгүй нас барсан байдалтай хэвтэж байсан. Эмч удалгүй ирээд манай нөхрийг нас барчихсан байна гэж хэлсэн. Би гомдолтой байна, хуулийн дагуу шийдэж өгнө үү. Манай нөхөр Р.Д нь Өмнөговь сумын ЗДТГ-т нярав хийдэг бөгөөд нийгмийн даатгалын шимтгэл төлөөд гар дээрээ 900.000 төгрөгийн цалин авч цалингаараа эрүүл мэндийн улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон 15 настай хүүгээ болон гэр бүлээ тэжээдэг хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ асардаг, хүүгийн төлбөр төлдөг, банкны зээл зэргийг төлж амьдардаг байсан. Манай гэр бүлийн зээл төрийн банкны бизнес зээл сар бүр 890.000 төгрөг, орон сууцны зээл сар бүр 433.198 төгрөг, орон сууцны дулааны сөх 200.000 төгрөг, тогтмол Хаан банкны кредит зээл 1.500.000 төгрөг, Этүгэн их сургуулийн төлбөр 4.100.000 төгрөг зэрэг зээлийн төлбөрийг нөхөр бид хоёр төлдөг байсан. Нөхөр нас барсанаас хойш зарцуулсан зүйлсийн жагсаалтыг гаргасан. Нийт мөнгөн дүн 29.169.650 төгрөгийн хохирол учирсан. Мөн аймгийн төвийн бөөний дэлгүүрээс бараа зээлээр авсан, орон сууцны зээл, ус дулааны сөх, хаан банкны кредит зээл, оюутны сургалтын төлбөр зэрэг нийт мөнгөн дүн гээд нийтдээ 61.620.322 төгрөгийн зээлтэй байгаа, ингээд эдгээр хохирлууд болон зээлүүдийг нэмэхээр 90.789.972 төгрөгийн хохирол учраад байгаа юм. Тухайн ..........УВЗ улсын дугаартай Мустанг 150 загварын тээврийн хэрэгслийг 2020 онд 2.200.000 төгрөгөөр хадам дүү Р.Т худалдаж аваад унахгүй ашиглахгүй байж байгаад 2022 оны 08 дугаар сард нөхөр Р.Дд 2.600.000 төгрөгөөр бэлнээр зараад тухайн үед нэр шилжүүлж чадахгүй, амжихгүй орхисон юм. Одоо бол тухайн .......УВЗ улсын дугаартай Мустанг 150 загварын тээврийн хэрэгсэл хадам дүү Р.Тийн нэр дээр байгаа боловч манай нөхөр Р.Дийн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Одоо тухайн тээврийн хэрэгслийг буцааж авахгүй, дахин тэр мотоцикль хармааргүй байна. Би 52 төрлийн жагсаалтын хохирол дотор мотоциклийг 2.600.000 төгрөгөөр үнэлж оруулсан байгаа юм. Би тухайн жагсаалтыг гаргаж хэргийн материалд өгсөн болно” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 71-73, 77 дахь тал),

- Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Нгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Талийгаач бид хоёр манайд хүн байхгүй тул хөдөө малд явсан. Малд яваад 11 цагт үдийн цайнд ирсэн. 13 цаг 30 минутад ажил руугаа явсан. Ажилруугаа явахдаа намайг банкин дээр буулгаад өөрөө ажил руугаа явсан. 14 цаг 30 минутад намайг гэрт авч ирсэн. Тэгээд би 17 цаг 30 минутад талийгаач руу залгаж ирэх болж байна уу гэхэд жоохон ажилтай байна гэсэн. Тэгээд би 21 цаг 20 минутад залгахад ганц пиво ууж байна удахгүй очлоо гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа буюу 22 цаг болоогүй байхад захиргааны манаачийн эхнэр Н гэх хүн залгаад нөхөр чинь нас барчихсан байна гэж хэлсэн. Тухайн үед би захиргааны гадна хэрхэн яаж очсон талаараа мэдэхгүй байна. Намайг очиход цогцос бүлээн байсан. Би очоод цагдаа, эмч дуудсан. Д.Н 3 хүүхэдтэй насаар минь тэжээх юм байлгүй. Бүх зүйлсээ өөрөө үзсэн болохоор сэтгэл санаанаас огт гарахгүй байна. Нэг өдөр бүтэн нойртой хонохгүй байна. Эв эрүүл сав саруул хүн байсан. Маш их гомдолтой байна. Миний гэрэлтэй дүү гээд мөнхийн Намсрайг дагуулж ирдэг байсан. Би 4-5 зээлтэй хамтдаа байхдаа бүх зүйлсээ болгож бүтээгээд явдаг байсан. Миний нөхрийг дайрч амь насыг нь хохироосонд маш их гомдолтой байна. би 3 хүүхэдтэй үлдсэн. Бага  нь хөгжлийн бэрхшээлтэй байнгын хүний асаргаанд байдаг, 16 настай хүүхэд байдаг. Цаашид яаж амьдрахаа мэдэхгүй хэцүү байна. Хохиролд 232.109.666 төгрөг нэхэмжлэж байна. Үүнд: 4 төрлийн зээлийн үлдэгдэл 81.515.520 төгрөгийг төлүүлж өгнө үү. оршуулга, буяны ажлын зардалд 50.594.146 төгрөг гарсан. Сэтгэл санааны хохиролд 100.000.000 төгрөг нэхэмжлэж байна. Д.Н хохиролд 20.000.000 төгрөг шижүүлж өгсөн. Үйлдсэн хохирлыг гаргуулж өгнө үү” гэх мэдүүлэг.

13. Гэрч Д.Цийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “гаднаас Д.Н ороод ирсэн, бид хоорондоо ярилцаж байгаад Д.Нгийн өрөөнд дахин пиво уухаар болж Г.Б дэлгүүр явж 10 ширхэг 0.5 литрийн лаазтай цэнхэр өнгийн пиво авч ирсэн. Тухайн пивонаас Д.Н, Р.Д, Г.Б, Н.С бид нар ууж байгаад Н.Сгийн хүүхэд ирчихсэн байна гээд Н.С явахаар гараад явчихсан. Ингээд хэсэг хугацааны дараа би мөн адил хүүхдүүд дуудаад байхаар нь явлаа гэж хэлээд гараад явсан. Бид хамт пиво ууж байх үед хэн нэгэн хоорондоо маргалдаж муудалцсан зүйл болоогүй, Р.Дийн биед хэн нэгэн халдсан зүйл байхгүй. Тоёота приус загварын саарал өнгийн ........УВА улсын дугаартай тээврийн хэрэгсэл Д.Нгийн эзэмшил бөгөөд тухайн үед намайг ажлаас гараад явж байх үед ЗДТГ-ын хашаанд байсан, харин улаан хүрэн өнгийн мотоцикль байсан үгүйг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 79-81 дэх тал),

14. Гэрч Д.Нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ажлаар ороход нэг цонхны үйлчилгээнд газрын даамал А, хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Н.С, ИТХ-ын нарийн бичиг Д.Ц, нярав Р.Д, татварын байцаагч Г.Б нар байсан бөгөөд би тухайн хүмүүстэй мэнд мэдэлцээд жаахан юм яриад гарах хооронд надад пиво амсуулсан, би тухайн пивоноос уруул хүргэж амсчихаад буцаад гараад явчихсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 83-84 дэх тал),

15. Гэрч Н.Сгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 17 цагийн үед Б, А, Ц, Д, Н, Д.Н бид нар сумын засаг даргын тамгын газрын байран дотор байрлах нэг цэгийн өрөөнд бид хэд хоорондоо ярилцаж сууж байгаад Б, А хоёрыг дэлгүүрээс 2 литрийн савалгаатай пивоноос 1 ширхэгийг аваад ир гээд явуулж тухайн авч ирсан пивийг ЗДТГ-ын нэг цэгийн өрөөнд хуваан уусан юм. Уг өрөөнд 2 литрийн савалгаатай пивийг ууж дуусаад бид хзд ЗДТГ дотор байх нэг цэгийн өрөөнөөс гараад 17 цаг 20 минут орчим ЗДТГ дотор байх мал эмнэлгийн өрөөнд Б, Н, Д Ц бид хэд орж А, Н 2 тухайн өрөөнд орж ирэлгүй гэр рүүгээ явсан байсан. Б дэлгүүр яваад 10 ширхэг цэнхэр савтай 0.5 литрийн багтаамжтай пиво авч ирээд хэдүүлээ тавуулаа байгаа юм чинь нэг хүн 2 ширхэг пиво уугаад харьцгаая гэж хэлсэн. Р.Д болон Д.Н нар согтоогүй биеэ авч явах чадвартай байсан, би 18 цагаас тухайн өрөөнөөс гараад гэр рүүгээ явсан. Тоёота приус загварын ...........УВА улсын дугаартай тээврийн хэрэгсэл Нгийн эзэмшлийн автомашин юм. ........УВЗ улсын дугаартай Мустанг 5 маркийн тээврийн хэрэгсэл хэнийх гэдгийг би сайн мэдэхгүй байна. Тоёота приус загварын ......УВА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ЗДТГ-ын байрны хашаан дотор гражийн хажууд зогсож байсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 86-87 дахь тал),

16. Гэрч Г.Бгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ажпын байран дээр ажлаа хийгээд сууж байгаад орой ажлын байран дээр А, Н, С, Ц, Д бид нар хоорондоо ярилцаад ганц пиво уучхаад тарах уу гэхэд бүгдээрээ зөвшөөрч А бид 2 хамт дэлгүүр явж 2.5 литрийн “Нийслэл” гэх нэртэй пиво аваад бид ажпын байран дээр буюу нэг цонхны үйлчилгээний өрөөнд газрын даамал А, малын эмч Н, хууль эрх зүй хариуцсан мэргэжилтэн С, хурлын нарийн бичиг Ц, нярав Д бид нар тухайн 2.5 литрийн пиво бүгдээрээ хувааж ууцгаасан. Ингээд тус пиво ууж дуусгаад газрын даамал А, малын эмч Н нар хүүхдээ очиж авна явлаа гэж хэлээд өрөөнөөс гараад явцгаасан. Удалгүй гаднаас малын эмч Д.Н ороод ирсэн. Ингээд үлдсэн хүмүүс мөн адил хоорондоо ярилцаж байгаад 5 хүн хүний 2, 2 лааз пиво уухаар тохирч би ганцаараа дахин дэлгүүр явж 10 лааз пиво дэлгүүрээс очиж авч ирсэн. Ингээд бид нэг цонхны үйлчилгээний өрөөнөөс гарч Нгийн өрөөнд орж бүгд 2, 2 лааз пиво ууцгаасан. Тухайн пиво ууж дуусаад хууль эрх зүйн мэргэжилтэн С, хурлын нарийн бичиг Ц нар хүүхэд ирж байна явлаа гэж хэлээд ЗДТГ-аас гараад явцгаасан. Ингээд малын эмч Д.Нгийн албан өрөөнд амь хохирогч Р.Д бид 3 үлдээд 3-уулаа дахин 5 лааз пиво уухаар болж малын эмч Д.Н дэлгүүр явсан удалгүй гаднаас 5 ширхэг “Сэрүүн” гэх нэртэй бичиглэлтэй пиво авч ирээд тус пивоо Нгийн өрөөнд хамтдаа хувааж ууцгаасан. Тухайн пиво ууж дуусаад явах гэтэл амь хохирогч Р.Д дахин 1 том пивоны мөнгө өгөөд дэлгүүр явуулж 2.5 литрийн Нийслэл пиво авч ирээд бид 3 хувааж уусан. Дахин Д.Н надад мөнгө байна чи дэлгүүр яваад дахин 1 ширхэг том пиво аваад ир гэж хэлээд би дахин дэлгүүр явж 1 пиво авч ирээд ажпын байран дээр тухайн ливийг гурвуулаа хувааж уусан. Ингээд бүгдээрээ нийт 3 том пиво, 15 ширхэг лааз пиво уусанаас амь хохирогч Р.Д, Д.Н бид 3 хамтдаа 2 том буюу 2 5 литрийн пиво, 2 ширхэг лааз пиво ууцгаасан. Ингээд орой болж харих гээд 20-21 цагийн хооронд ЗДТГ-аас гарч байтал амь хохирогч надад хандаж чи намайг бодвол гайгуу байна, чи ахынхаа мотоцикль бариад явчих гэж хэлээд би ЗДТГ-ын хашаанд байх Р.Дийн эзэмшлийн Мустанг-5 загварын улаан хүрэн өнгийн тээврийн хэрэгслийг жолоодоод ЗДТГ-ын арын хаалган дээр амь хохирогч Р.Дийн хамт ирээд хашааны төмөр хаалга хаалттай байсан тул амь хохирогч миний араас буугаад хашааны төмөр хаалга онгойлгосон. Тухайн үед би хашаагаар мотоцикль асааж гараад хаалганы гадна амь хохирогчийг хүлээгээд тормозоо гишгээд зогсож байтал араас ямар нэгэн тээврийн хэрэгслийн гэрэл ассан зүйлгүй араас ирээд миний унаж явсан мотоциклыг мөргөж түрээд урагшаа явчихсан. Нэг мэдэхэд би баруун талаараа газар унаад баруун хөл мотоцикль доор дарагдчихсан байсан тул өөрөө хөлөө татаж гаргаж ирээд босоод хартал малын эмч Д.Н өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр намайг мөргөж чирч урагшаа түрсэн байсан бөгөөд тус машины баруун урд дугуй буюу жолооч талдаа амь хохирогч Р.Дийг дайрч дээгүүр нь гарчихсан байдалтай машин доор хэвтэж байсан бөгөөд 2 хөл нь дугуйны ардуур цухуйгаад гараад ирчихсэн байсан. Тухайн үед би шоконд ороод хүн алчихлаа гээд орилох үед Д.Н жолооны араас бууж ирж байсан. би тухайн үед шоконд орчихсон орилоод уйлж байсан. Д.Н машинаасаа бууж ирээд амь хохирочийг машин доороос гаргах гээд татсан боловч гарахгүй байсан бөгөөд Д.Н буцаж машиндаа суугаад урагшаа бага зэрэг машинаа хөдөлгөөд дахин бага зэрэг машинаа хөдөлгөөд дахин машинаасаа бууж ирээд машин доор байсан талийгаач Р.Дийг татаж гаргаж ирээд цээжинд нь хиймэл амьсгаа хийж байсан. Эмч үзээд Р.Дийг нас барсан байна гэж хэлээд явчихсан.Тухайн тээврийн хэрэгслүүд нь ЗДТГ-ын хашаанд байсан. Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгсэл нь Д.Нгийн эзэмшлийн өөрөө жолоодож байсан. машиндаа ганцаараа байсан. Харин улаан хүрэн өнгийн Мустанг-5 мотоцикль нь амь хохирогч Р.Дийн эзэмшлийн мотоцикль юм. Тухайн үед жолоодож байсан. Би хашааны хаалгыг талийгаач Р.Доор онгойлгож хашаанаас гараад хашааны гадна мотоциклио нармалдаад зогсчихсон Р.Дийг хүлээгээд зогсож байсан бөгөөд араас ямар нэгэн машины гэрэл асаагүй, би машины дуу чимээ сонсоогүй, би мотоциклийн гэрлээ асаагаад зогчихсон байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 89-92 дахь тал),

17. Гэрч Н.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ““Манай хажууд зам тээврийн осол гарсан байсан. Хүмүүс орилоод дуу чимээ гараад байхаар гараад хартал сумын иргэн Р.Д машины хажууд хэвтэж байхаар түүний эхнэрт залгаж мэдэгдсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 94 дэх тал),

18. Гэрч Р.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тухайн .....УВЗ улсын дугаартай Мустанг-5 загварын тээврийн хэрэгслийг 2020 онд 2.200.000 төгрөгөөр худалдаж аваад унахгүй ашиглахгүй байлгаж байгаад 2022 оны 08 дугаар сард өөрийн төрсөн ах Р.Дд 2.600.000 төгрөгөөр бэлнээр зараад тухайн үед нэрээ шилжүүлж чадахгүй, амжаагүй орхисон юм. Одоо бол тухайн .......УВЗ улсын дугаартай Мустанг-5 загварын тээврийн хэрэгсэл миний нэр дээр байгаа боловч, миний төрсөн ах Р.Дийн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 96 дахь тал),

19. Гэрч М.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ЗДТГ-ын гадна яваад очиход саарал өнгийн Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн урд Мустанг-5 маркийн тзэврийн хэрэгсэл мөргүүлсэн байдалтай газар уначихсан. Машины баруун талд үеэл ах Д газарт дээшээ харчихсан зүүн цээж хэсэг нь товойгоод баруун цээж хэсэг нь дотогшоо чихэгдсэн байдалтай байсан бөгөөд тухайн тээврийи хэрэгслийн доор үеэл ах Дийн малгай болон их хэмжээний цус харагдаж байсан. Намайг очиход нас барчихсан байсан. Н, Б нар архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 98-99 дэх тал),

20. Насанд хүрээгүй гэрч Х.Лгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ЗДТГ-ын хашааны гадна талд осол гарсан байсан бөгөөд саарал өнгийн тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл доороос хүн татаж гаргаж ирсэн байдалтай цус болчихсон үл таних хүн газарт хэвтчихсэн, гутал нь сугарчихсан малын эмч Д.Н тухайн хүний толгойг тэвэрчихсэн, цээжин дээр нь дарж байсан бөгөөд явчихсан юм биш үү гээд хацар руу нь алгадаж байсан. Би газарт хэвтэж байсан хүнийг таниагүй сүүлд мэдэхэд нярав Д гэх хүн байсан. Машины гэрэл асаагүй байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 101-103 дахь тал),

21. Насанд хүрээгүй гэрч Б.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тухайн мотоцикль хөдөлж яваагүй байтал гэнэт ямар нэгэн машины гэрэл асаагүй, мотоциклийн гэрэл асаагүй машин тухайн мотоциклийн араас ирээд мөргөчихшиг болоод дуу чимээ гарсан. Ойртож очоод харахад тоёота приус 20 маркийн саарал өнгийн машин доороос хүн татаж гаргаж ирсэн байдалтай цус болчихсон, мөн манай сумын ЗДТГ-ын малын эмч Д.Н гэх хүн үл таних хүний толгойг нь тэвэрчихсэн, явчихсан юм биш үү гэж хэлээд цээжин дээр нь дарж байсан. Осол нь хашааны гадна болсон байсан. ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 107-109 дэх тал),

22. Увс аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 65 дугаартай “Амь хохирогч Р.Дийн биед дагзны хуйхны доор цус хуралт, дагзны яс. суурь яс, зүүн чамархай, зулай яс, баруун чамархай яс, баруун нүдний ухархайн дээд хананы хугарал, их тархины 2 тал бөмбөлөг болон бага тархины дээд хэсэгт аалзан хальсны доорх цус харвалт, өвчүү ясны хоёрлосон хугарал, цээжний баруун талын 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 дугаар хавирга, зүүн талын 2 3. 4, 5, 6, 7, 8, 9, 10 дугаар хавирганы хугарал, хугарлын түвшинд гялтан хальсанд цус хуралт, цээжний зүүн талын 1 дүгээр хавирга толгой хэсгээр мултрал, зүүн бугалга мөрний мултрал, духны баруун хэсэгт, баруун хацар, амны баруун буланд, доод уруул, зүүн хацар, эрүү, хүзүүний зүүн ар доод хэсэгт. зүүн мөрний дээд хэсэгт, сээрний нугалмуудын дээд хэсэгт, баруун дал, тохой, шуу, сарвуунд, зүүн бугалга, шуу, сарвуунд, баруун гуя, өвдөг шилбэнд, зүүн өвдөгний үений дотно хэсэгт, баруун өгзөг зулгаралт, өвчүүний дунд хэсэгт, цээжний зүүн дээд хэсэгт, зүүн хөхний доод талд олон жижиг цус хуралт, бүсэлхийн зүүн хажууд жижиг хэмжээний түлэгдэлт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заагдсан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна. Дагзны хуйхны доор цус хуралт, дагзны яс, суурь яс, зүүн чамархай, зулай яс, баруун чамархай яс, баруун нүдний ухархайн дээд хананы хугарал их тархины 2 тал бөмбөлөг болон бага тархины дээд хэсэгт аалзан хальсны доорх цус харвалт, өвчүү ясны хоёрлосон хугарал, цээжний баруун талын 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 дугаар хавирга зүүн талын 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 дугаар хавирганы хугарал, хугарлын түвшинд гялтан хальсанд цус хуралт, цээжний зүүн талын 1 дүгээр хавирга толгой хэсгээр мултрал гэмтлүүд Гэмтлийн зэрэг тогтоох журам” -ын 3.1.2-д болон 3.1.10-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Харин бүсэлхийн зүүн хажууд байрласан жижиг хэмжээний түлэгдэлт гэмтэл нь өндөр температурын үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх хүнд гэмтлүүд нь үхлийн шалтгаанд шууд нөлөөлсөн байна. Амь хохирогч Р.Днь баруун, зүүн бөөрөнд цөөн тооны олон жижиг уйланхай бүхий өөрчлөлттэй байсан байна. Энэ нь үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй. Амь хохирогч Р.Д нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Түүний цусанд 2.6% промилли, ходоодны агууламжид 7.1% промилли спиртийн агууламж илэрч байна. Амь хохирогч нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан байна. Шүүх химийн шинжилгээний N980 дугаартай шинжээчийн дүгнэлтийг хавсаргав. Амь хохирогч Р.Д нь дээрх гавал тархи, цээжний хүнд гэмтлүүдийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдлаар нас барсан байна. Амь хохирогч Р.Д үзлэг, шинжилгээ эхлэхээс өмнө нас бараад 15-20 цаг орчим хугацаа өнгөрсөн байх боломжтой” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 117-121 дэх тал),

23. Увс аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 19- ний өдрийн 80 дугаартай “Амь хохирогч Р.Д нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Түүний цусанд 2.6% промилли, ходоодны агууламжид 7.1% промилли спиртийн агууламж илэрч байна Амь хохирогч нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 122-123 дахь тал),                                                                                                                                                 

24. Увс аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 19 ний өдрийн 393 дугаартай “Үзүүлэгч Д.Нгийн биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь тогтоолд заагдсан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй ба биеийн нийт гадаргуугийн нэг хувиас бага талбайг хамарч байгаа тул Гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөгүй." гэх дүгнэлт (хавтаст хэргийн 161-162 дахь тал),

25. Шүүгдэгч Д.Нн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би ялыг хүлээн зөвшөөрч байна. Би зүйлчлэл болон гэм буруутайд ямар ч маргаан байхгүй, би хохирлыг бүрэн төлж барагдуулах болно. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 183 дахь тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Н өгсөн: “Миний буруу намайг уучлаарай. 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ЗДТГ-т Ц, С, Д, Н нар байсан гэсэн. Би тухайн үед ЗДТГ-т байхдаа тэр хэдийг байна гэдгийг мэдээгүй гарч явчихаад буцаж орж ирсэн чинь манай өрөөнд Б, Н, С, Ц, Д нар цүнхэндээ пивотой орж ирсэн. Лаазтай пивыг бид хоёр, хоёроор хувааж уусан бөгөөд түүнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Зүйлчлэлтэй би маргахгүй хохирлыг нөхөн төлнө. Намайг уучлаарай миний буруу” гэх мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Нгийн Хаан банкны 58........42 тоот дансанд 10.000.000 төгрөгийг Наас хохирол төлөв гэх утгаар, мөн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Нгийн Хаан банкны 58...........42 тоот дансанд 10.000.000 төгрөгийг Д.Н хохиролын мөнгө төлөв гэх утгаар нийт 20.000.000 төгрөгийг шилжүүлсэн 2 хуудас баримт,

Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Оршуулгын зардалд 7.964.285 төгрөгийн 24 ширхэг нөат-ын баримт, 4.391.800 төгрөгийн 4 ширхэг нэхэмжлэх, 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 430034161001856648 дугаартай 30.000.000 төгрөгийн зээлийн гэрээ 3 хуудас, Р.Төмөрчөдөрийн хаан банкны 2023.09.15-2023.11.13 хүртэлх депозит дансны хуулга 1 хуудас, 2023 оны 9 дүгээр сарын 15-аас хойш гарсан буяны ажилд 8.400.000 төгрөг зарцуулсан бэлэн мөнгөний тооцоо 1 хуудас, 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Өмнөговь сумаас Улаангом сум руу 120.000 төгрөгийн бензин хийж орж ирсэн жолоочийн мэдээлэл 1 хуудас  нийт 34 хуудас нотлох баримтыг тус тус шинээр гаргаж өгсөн байна.

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм нь Монгол Улсын Засгийн газраас  хуульд нийцүүлэн, баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд энэ дүрмийг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан, хүний амь насыг хохироосон бол гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч хуульчилсан.

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцож явах эсхүл оролцохоор идэвхтэй үйлдэл хийх үед хохирол, хор уршиг бий болгодог хүний болгоомжгүй үйлдэл байдаг боловч авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцох зорилготой, идэвхтэй үйлдэл хийсэн байдгаараа болгоомжгүйгээр хүний амь насыг хохироох гэмт хэргээс ялгагдана.

Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм”-ийг хуульд нийцүүлэн, баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд энэ дүрмийг зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон бол гэмт хэрэгт тооцогдоно.

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцож явах эсхүл оролцохоор идэвхтэй үйлдэл хийсэн байна. 

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь жолоочийн хөнгөмсгөөр найдсан эсхүл хайхрамжгүй хандсан болгоомжгүй үйлдлийн улмаас  хохирол, хор уршигт хүргэсэн байдаг онцлогтой

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэдэг нь Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам зөрчсний улмаас хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр хохирол учруулсан үйлдэл юм.

Шүүгдэгч Д.Ннь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Өмнөговь сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ......УВА улсын дугаартай Toyota Prius XW20 загварын тээврийн хэрэгслийг шороон гадаргуутай замд жолоодож яваад амь хохирогч Р.Дийг дайрч амь насыг хохироосон үйлдэл нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжтэй байна.

Увс аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн шүүх химийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 81 дугаартай “Д.Наас авсан гэх 00553372 дугаартай хуруу шилтэй цусны дээж шинжилгээнд тэнцэнэ. Д.Наас авсан гэх 00553372 дугаартай хуруу шилтэй цусанд 2,1% промилли спиртийн агууламж илэрч байна. Д.Наас цусны дээж авах үед дунд зэргийн согтолттой байсан байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 141-142 дахь тал)-ээр шүүгдэгч Д.Н согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь нотлогдож байна.

Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /хавтаст хэргийн I хавтасны 55 дугаар тал/-ээр шүүгдэгч Д.Нгийн биеэс өөрийнхөн зөвшөөрснөөр 2023 оны 9 дүгээр сарын 15-нд 5 грамм цус авсан болох нь нотлогдож байгаа тул энэ ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.10 дугаар зүйлийн 2-т заасан журмын дагуу явагдсан гэж үзнэ.

 Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаартай тогтоолоор батлагдсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ийн  2.5-д “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%о) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж заасан тул шүүгдэгч Д.Нг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Д.Н нь “В” ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй болох нь (хавтаст хэргийн 213 дахь тал)-аар нотлогдож байгаа тул түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй байна.

Шүүгдэгч Д.Н нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д “Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж заасныг,

Мөн үзэгдэлт хангалтгүй байхад гэрлээ асаахгүйгээр хөдөлгөөнд оролцсон, амь хохирогчийг мөргөсөн даруй зогсоохгүйгээр хөдөлгөөнөө үргэлжлүүлэн урд дугуйгаараа хохирогчийг дайрч гарсан нөхцөл байдлуудаас дүгнэхэд Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэж, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгйн 4.1-т заасан “Жолооч автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироох гэмт хэргийг согтуугаар үйлдсэн бол” гэж энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг заасан бөгөөд шүүгдэгч Д.Н нь согтуугаар авто машин жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 12.2, 12.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас Р.Дийг дайрч амь насыг нь хохироосон үйл баримт эргэлзээгүйгээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан “жолооч авто тээврийн  хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироох гэмт хэргийг согтуугаар үйлдсэн” гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.

Хохирол хор уршиг

Энэхүү гэмт хэргийн улмаас Р.Дийн амь нас хохирсон байна. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Н шүүхийн хэлэлцүүлэгт 81.515.520 төгрөгийн 4 төрлийн зээл, 1.761.000 төгрөгийн шатахуун болон оршуулгын бусад зардал нийт 132.109.666 төгрөгийн хохирол, мөн сэтгэл санааны хохиролд 100.000.000 төгрөг нийт 232.109.666 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Н 81.515.520 төгрөгийн 4 төрлийн зээлтэй гэж байгаа боловч мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нотлох баримтын шаардлага хангасан зээлийн гэрээнүүдийн хувийг гаргаж өгөөгүй тул нэхэмжлэлээс 81.515.520 төгрөг хэлэлцэхгүй орхив.

Үлдэгдэл 50.594.146 төгрөгийн нэхэмжлэлээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн баримтуудаас 12 ширхэг Болор ШТС-аас бензин авсан  НӨАТ-ын баримтаар 1.761.000 төгрөг, мөн  11 ширхэг НӨАТ-ын баримтаар оршуулгын үйл ажиллагааны үеэр зарцуулсан хоол хүнс болон бусад зардалд 3.800.460 төгрөг, хөшөө болон хойтын буянд зориулсан шашин, уламжлалын зан үйлд 1.990.000 төгрөг. нийт 7.551.460 төгрөгийн зардал гарсан болох нь тогтоогдож байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн 4 ширхэг нэхэмжлэх нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Оршуулгын зардалд нэхэмжилсэн 43.042.686 төгрөг нь зарлагад гарсан байж болох боловч нотлох баримтаар нотлогдоогүй тул хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.

Амь хохирогийн хууль ёсны төлөөлөгч Х.Нгийн нэхэмжилсэн эд хөрөнгийн 132.109.666 төгрөгийн нэхэмжлэлээс 124.558.206 /81.515.520+43.042.686/ төгрөгийн нэхэжлэлийг хэлэлцэхгүйгээр орхиж, холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч сэтгэл санааны хохиролд 100.000.000 төгрөгийн нэхэмжилсэн.

 Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас нас барсан хохирогчийн хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй. Мөн тус хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтоохоор хуульчилжээ.

Дээрх зүйл хэсэгт зааснаар амь хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хор уршгийг гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (550’000)-г 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож шүүгдэгчээс 82’500’000 төгрөг гаргуулан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Нд олгож, илүү нэхэмжилсэн 17.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нотлох баримтаар тогтоогдсон оршуулгын зардал 7.551.460 төгрөг дээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлын нөхөн төлбөр 82.500.000 төгрөгийг нэмж, нийт  90.051.460 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Н хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Нгийн Хаан банкны 58..........42 тоот дансанд 20.000.000 төгрөгийн бодит хохирлыг төлсөнг талууд хүлээн зөвшөөрч энэ талаар талууд маргаагүй тул 90.051.460 төгрөгийн хохирлоос 20.000.000 төгрөгийг хасаж 70.051.460 төгрөгийг шүүгдэгч Д.Наас гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Нд олгох нь зүйтэй гэж дүгнэв. 

2. Шүүгдэгч Д.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Д.Ннь Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуугаар үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Д.Ннь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа (хавтаст хэргийн 187 дахь тал)–аар нотлогдож байна.

Шүүгдэгч Д.Нн хувийн зан байдлын талаар: Увс аймгийн Өмнөговь сумын Улиастай багийн засаг даргын: “ ам бүл-3 эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Д.Ннь дээд боловсролтой, даруу төлөв зантай, гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, амьдарлын буруу дадал зуршилгүй төрийн албаны өсөж яваа сайн мэргэжилтэн юм” тодорхойлолт (хавтаст хэргийн 216 дахь тал), Увс аймгийн мал эмнэлгийн газрын даргын: “Д.Ннь 2020 оны 01 дүгээр сараас хойш тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд тус албан хаагч нь төлөв даруу, тусч хичээнгүй, олон нийтийн ажилд хамт олноо манлайлан оролцдог, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь хийж хэрэгжүүлдэг, зарчимч бусдыг манлайлах удирдан чиглүүлэх, ганцаарчилсан болон багаар ажиллах чадвартай” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 217 дахь тал),  Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын “Д.Ннь эелдэг, даруу төлөв зантай, амьдарлын буруу хэвшилгүй, архи, тамхи хэрэглэдэггүй, нийгмийн идэвх сайтай, байнга шинийг эрэлхийлж, бусдыг дэмжиж тусалж байдаг зөв зан төлөвтэй” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 218-219 дэх тал) тус тус хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдлуудыг харгалзан шүүгдэгч Д.Нн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж,  3 /гурав/ жил 3 /гурав/ сар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Нд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь ял гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчим, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Нд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Д.Нд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолох нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц амь хохирогчийн мустанг-5 мотоцикль битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, түүний хууль ёсны төлөөлөгч Х.Нд буцаан олгож,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий CD 2 /хоёр/ ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Д.Нн 10....30 дугаартай тээврийн  хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Яд даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч овогт Дгийн Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгйн 4.1-т заасан “Жолооч автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироох гэмт хэргийг согтуугаар үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч Д.Нн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж,  3 /гурав/ жил 3 /гурав/ сар хорих ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Нд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Нд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлсүгэй

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Д.Нд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг  хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн 232.109.666 төгрөгийн нэхэмжлэлээс 17.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 124.558.206 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч хохиролд 20.000.000 төгрөг төлснийг дурдаж, шүүгдэгчээс 70.051.460 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Нд олгосугай.

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц амь хохирогчийн мустанг-5 мотоцикль битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, түүний хууль ёсны төлөөлөгч Х.Нд буцаан олгож,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий CD 2 /хоёр/ ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Д.Нн 1029430 дугаартай тээврийн  хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Яд даалгасугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасны дагуу шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                                        ДАРГАЛАГЧ,

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.ГАНСҮХ