| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Будын Отгонсүрэн |
| Хэргийн индекс | 143/2019/00384/И |
| Дугаар | 479 |
| Огноо | 2020-10-07 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 479
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонсүрэн даргалж, шүүгч Р.Уранчимэг, шүүгч Г.Батмөнх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н овогт П.О
Хариуцагч: “М” ХК
Хариуцагч: “М” ХК-ийн
Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх, гэм хорын хохирол нийт 19 432 118 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин шийдвэрлүүлэхээр буцаасныг 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О, хариуцагчийн төлөөлөгч Ж.С, иргэдийн төлөөлөгч Б.П, нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Ж.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.О миний бие 2009 оноос 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл Шуудан холбооны газарт шууданчаар ажиллаж байсан бөгөөд ийнхүү ажиллах хугацаандаа Монгол Улсын хэмжээд 360 суманд үлгэр дуурайлал болж ажлын туршлагыг маань бусад шууданч нарт маань сурталчлан таниулж байсан удаатай мөн би ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдолгүй, үнэнч шударгаар өөрийн ажлаа хийж ирсэн бөгөөд Өмнөговь аймгийн Шуудан холбооны газарт ажиллахаасаа өмнө Сэврэй сумынхаа холбооны газарт эрхлэгчээр ажиллаж байсан юм.
Миний аав Д.П нь Холбооны газарт 40 жил тасралтгүй ажилласан сум орон нутагтаа нэр хүндтэй хүн бөгөөд 3 үеийн холбоочид манай гэр бүлийг мэддэг, хүндэлдэг юм. Гэтэл 2014 оны 04 дүгээр сард Өмнөговь аймгийн Шуудан холбооны газраас цагдаад “П.О нь бусадтай бүлэглэн 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тус сумын шуудангийн үйлчилгээний зориулалттай 32.63 мкв байрыг Хадгаламж банк /Төрийн банк/-д шунахайн сэдэлтээр түрээсэлж, ашиг олсон” гэсэн гомдол гаргасан байсан бөгөөд энэхүү худал гүтгэлгээс болж сум орон нутгийнхан минь намайг шуудан холбооноос их хэмжээний мөнгө идсэн гэнэ гэсэн ойлголттой болоод зогсохгүй миний бие ажлаасаа халагдаад дахин ажил төрөлд ч орох боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.
Иймд Өмнөговь аймгийн Шуудан холбооны газраас намайг огт хийгээгүй зүйлийг минь хийсэн мэтээр бодит байдалд үл нийцсэн худал мэдээлэл тарааж, цагдаад гомдол гарган нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг минь гутаасан тул миний бие энэхүү зөрчигдсөн эрхээ сэргээлгэж, гэм хорын хохиролд 9 563 000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна.
Миний бие тус байгууллагад ажиллаж байхдаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 140 400 төгрөгөөр цалинждаг байсан бөгөөд ажлаас халагдсан өдрөөсөө хойш хүүхдээ төрүүлэх хүртлээ авах байсан цалин болох 4 563 000 төгрөг, тус асуудалд холбогдсонтой холбоотойгоор миний бие сэтгэл санаагаар хямарч дутуу төрсөн бөгөөд сэтгэл санааны хохиролд 5 000 000 төгрөг нийт 9 563 000 төгрөгийг Өмнөговь аймгийн Шуудан холбооны газраас болон тус худал ташаа мэдээлэл тараасан Г.О нараас нэхэмжилж байгаа болно гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Мөнхчимэг нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: Нэхэмжлэгч П.О нь хариуцагч нараас “нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэх, гэм хорын хохирол төлбөрт 9.563.000 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Мөнхчимэг миний бие П.О олгосон итгэмжлэл болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 9 869 118 төгрөгөөр нэмэгдүүлж гэм хорын хохиролд нийт 19 432 118 төгрөгийг хариуцагч “М” ХК болон аймгийн Шуудан үйлчилгээний газраас гаргуулан авах хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгч П.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 онд ямар ч үндэслэлгүй ажлаасаа халагдсан. Хоёр байгууллагын тохиролцсоны дагуу байр саваа түрээслээд, дулааны мөнгө болон бүх мөнгөө төлөөд явж байхад, гэнэт шуудангийн дарга шалгалтаар ирлээ гэж намайг гүтгэж тэрнээс болж халсан. Өөр ажлаас гаргах нөхцөл бүрдэхгүй байсан юм болов уу? Энэ үндэслэлээр намайг гүтгэсэн. Өөрөө мэдэж байсан асуудлаа мэдээгүй дүр эсгэсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад намайг өгсөн. Сум орон нутагт маань намайг их мөнгө идсэн гэж ард түмэн бодож байна. Прокурорын тогтоолыг гарах хүртэл нойр хоолгүй, сэтгэл санааны дарамттай байдаг байсан. Өмгөөлөгчид хандаж энэ нэхэмжлэлийг гаргасан байгаа. Энэ асуудлаас болоод ажилд орж чаддаггүй. Нэг их мөнгө идсэн шуналтай гэсэн дүгнэлтэд хүрчихсэн. Олон нийтийн газар намайг доромжилсон байдаг. Сум жижиг учраас муу нэр тараагдаад явдаг. Олон нийтийн газраар намайг хулгайч гээд орилж хашигичиж байсан. Би зөрчигдсөн эрхээ сэргээлгэж, гэм хорын хохирол 19 000 000 төгрөгийг гаргуулж авах хүсэлтэй байна. Одоо хүртэл хохирч яваа гэв.
Хариуцагч “М” ХК-ийн аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын төлөөлөгч Д.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн П.О аймгийн Шуудангийн үйлчилгээний газарт холбогдуулж “нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэх, учирсан гэм хорын хохиролд 19 432 118 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч П.О нь аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын даргын 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 29 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.1, Монгол шуудан ТӨХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8.5.1 дэх заалтыг үндэслэн ажлаас чөлөөлөгдсөн байна. Энэхүү ажлаас чөлөөлсөн шийдвэрийг эрх бүхий байгууллагаас нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж дүгнээгүй, хүчингүй болгоогүй, үүнтэй холбоотой маргааныг урд өмнө нь шийдвэрлүүлээгүй хэр нь 7 жилийн дараа асуудал тавьж ажил хийхэд хүндрэл учруулж, шуудангийн ажилд орох талаар хүнээр яриулж байгаа нь ёс зүйд нийцэхгүйн дээр тухайн үед ямар асуудал болсон талаар мэдэх хүнгүй, дээрээс нь нэхэмжилж буй 9 563 000 төгрөгөө бодит үндэслэлгүй нэмэгдүүлэн 19 432 118 төгрөг болгосон гэх зэрэг үнэнд нийцэхгүй олон зүйлсийг гэрчлэн нэхэмжилсэн мөнгийг хүлээн зөвшөөрөх боломжгүйг мэдэгдье. Мөн нэхэмжлэгчийн сэтгэл санаа юунаас шалтгаалж хэрхэн хямарсан, энэхүү байдлаас болж дутуу төрсөн эсэх тодорхойгүй, сэтгэл санааны гэх хохирлыг ямар тооцоолол ашиглан тус мөнгөн дүнг нэхэмжилсэн нь ойлгомжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.
Хариуцагч “М” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл “М” ХК-ийн гэрээт ажилтнаар ажиллаж байсан. Ажлаас чөлөөлөгдсөнтэй холбогдуулан ямар нэгэн нэхэмжлэл гаргаагүй. “Мэдээлэл холбооны сүлжээ” ХК-ийн данс руу мөнгө ордог байсан.” ХК-ийн дансанд орох ёстой байхад ямар нэгэн орлого ороогүй, 09 дугаартай албан тоотоор өргөдөл гаргаж байсан. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасныг үндэслэл болгож гаргаж байсан. “М” ХК-ийг ямар учраас хариуцагчаар татан оролцуулж байгааг тодруулах шаардлагатай байна. Худал мэдээлэл тараасан хэлбэр гэдгийг тодруулах хэрэгтэй байна. “М” ХК хуулийн этгээдийг төлөөлж оролцож байгаатай холбоотой асуудал учраас гэм хортой холбоотой болон бусад асуудлыг хуулийн этгээд хариуцах үндэслэлгүй гэж бодож байна. Гэм хорын талаар тогтоогдохгүй байна гэж үзэж байна.
Төрийн банкны байранд хэн “М” ХК-ийг төлөөлж худал мэдээлэл тараасан нь нотлогдохгүй байна гэж үзэж байна. Учир нь “М” ХК нь хуулийн этгээд байгаа. Албан бичгээр гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэхээр заасан байдаг. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 5 болон 6 дугаар зүйлд хэн, хэрхэн шийдвэрлэх талаар заасан байдаг. Хуулийн дагуу хийгдэж байгаа үйлдэл нь гэм хорын хохирол биш байх. “М” ХК нь хуульд заасан хариуцагчаар татагдах үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
Хариуцагч “М” ХК-ийн Өмнөговь аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын төлөөлөгч Д.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХК-ийн хуулийн зөвлөхийн хэлснээр миний тайлбар адил байна. Тухайн үед ажиллаж байсан хүмүүс нь ажлаас чөлөөлөгдөж, өөрчлөгдсөн байгаа учраас нэхэмжилж байгаа мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч П.О нь “М” ХК болон Өмнөговь аймгийн Шуудангийн үйлчилгээний газарт холбогдуулж нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх, гэм хорын хохирол 19 432 118 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч “М” ХК болон Өмнөговь аймгийн Шуудангийн үйлчилгээний газар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргадаг.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч П.О нь хариуцагч “М” ХК болон Өмнөговь аймгийн Шуудангийн үйлчилгээний газарт холбогдуулж нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх, гэм хорын хохирол 19 432 118 төгрөг гаргуулахаар шаардах эрхгүй байна. Учир нь:
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Өмнөговь аймгийн Шуудан холбооны газраас намайг огт хийгээгүй зүйлийг минь хийсэн мэтээр бодит байдалд үл нийцсэн худал мэдээлэл тарааж, цагдаад гомдол гарган нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг минь гутаасан” гэж тодорхойлжээ.
Тухайн үед буюу 2014 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт “Аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан гэмт хэргийн талаархи мэдээллийг бичгээр өгөх ба түүнд холбогдох баримт, материалыг хавсаргаж болно” гэж заажээ.
Өмнөговь аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №09 тоот Сэврэй сумын Цагдаагийн хэсэгт гаргасан “Гэмт үйлдлийг тогтоолгох, хариуцлага хүлээлгүүлэх, хохирол барагдуулах тухай” албан бичиг хэргийн 29 дүгээр талд авагджээ.
Тус газраас Цагдаагийн хэлтэст гаргасан энэхүү өргөдөл, гомдол нь байгууллагын албан тушаалтан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй талаар шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандах эрхээ хэрэгжүүлсэн байх ба үүнийг нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан /түгээсэн/ үйлдэл гэж үзэх үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасан үүргийг хариуцагч нарт ногдуулахын тулд нэхэмжлэгчид гэм хор учирсан байх шаардлагатайгаас гадна тэдгээрийн үйлдэл /эс үйлдэхүй/-ээр илэрхийлэгдсэн буруутай хууль бус үйл ажиллагаа тогтоогдсон байх учиртай. Уг гэм хор болон үйл ажиллагаа хоорондоо шалтгаант холбоотой байж, хариуцагч өөрийн үйлдэл /эс үйлдэхүй/-ийн үр дагаврыг мэдсэн, эсхүл мэдэх ёстой буюу гэм буруутай байсан тохиолдолд гэм хорын хариуцлага хүлээх болно.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ гэж заасан байна.
Хуулийн дээрх зохицуулалтын “...нэр хүндийг гутаасан мэдээ тараасан...” гэдэгт Өмнөговь аймгийн Шуудангийн үйлчилгээний газраас Сэврэй сумын Цагдаагийн хэсэгт гаргасан гомдол хамаарахгүй юм. Түүнчлэн, санаа зорилгын хувьд хуулийн этгээд П.Огийн нэр хүндийг олон нийтэд гутаая гэсэн субьектив санаа зорилго агуулаагүй, хөдөлмөрлөх, хөдөлмөрлүүлэх харилцааны үндсэн дээр үүссэн асуудлыг шалгуулах зорилготой байна. Иймээс зорилгыг нь харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Мөн нэхэмжлэгч П.О нь шүүх хуралдаанд “...н.Цэнджаргал гэх хүн намайг Төрийн банкны байранд сумын ард иргэдийн дунд хулгайч, идэж уусан зэрэг элдэв муухайгаар доромжилсон” гэж тайлбарлаж байх бөгөөд тэрээр энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хуулийн этгээдэд холбогдуулан гаргасан нь үндэслэлгүй байна.
Иймд П.Огийн “М” ХК болон Өмнөговь аймгийн Шуудангийн үйлчилгээний газарт холбогдуулж гаргасан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх, гэм хорын хохирол 19 432 118 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан П.Огийн “М” ХК болон Өмнөговь аймгийн Шуудангийн үйлчилгээний газарт холбогдуулж гаргасан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх, гэм хорын хохирол 19 432 118 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 411 014 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ОТГОНСҮРЭН
ШҮҮГЧИД Р.УРАНЧИМЭГ
Г.БАТМӨНХ