Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/07

 

2024       01           09                                       2024/ШЦТ/07

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Б,

Шүүгдэгч: Г.Гнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ааас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Гын Гт холбогдох эрүүгийн 2335000000294 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 01 дүгээр сарын 26-нд Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Зүүнговь сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 114/А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, Ш овогт Гын Г /РД:..................../

Холбогдсон хэргийн талаар:

      Шүүгдэгч Г.Гнь Увс аймгийн Зүүнговь сумын 1 дүгээр багийн нутаг Их буудал гэх нэртэй газар иргэн Т.Дгийн адуунаас 2019 оны 01 дүгээр сарын 20-ны үед иргэн М.Бийн нэг тооны сартай хээр зүсмийн 4 настай гүүг хулгайлж, хохирогчид 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Г.Гийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Г.Гнь Увс аймгийн Зүүнговь сумын 1 дүгээр багийн нутаг Их буудал гэх нэртэй газар иргэн Т.Дгийн адуунаас 2019 оны 01 дүгээр сарын 20-ны үед иргэн М.Бийн нэг тооны сартай хээр зүсмийн 4 настай гүүг авч, алж хүнсэндээ хэрэглэсэн болох нь :

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),

Хохирогч М.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 01 сарын 20-ны орчимд Зүүнговь сумын 1-р баг Их буудал гэх нэртэй газарт Дамжинхүүгийн адуунд миний 1 тооны сартай хээр зүсмийн 4 настай хээлтэй гүү байсан бөгөөд хавар гүүгээ үзэхэд уг гүү нь алга болсон байсан. Удалгүй Г.Гах уучлалт гуйж байна би таны хохирол барагдуулж өгнө. Та манайхаас гунан үхэр аваарай харин Д.Гийг тантай уулзах эсэхийг мэдэхгүй байна гэж хэлэхээр хаанаас манай гүүг авсан вэ? гэхэд Дгийн адуунд байхад аваад өөрийн гэр дээр алж авсан. Би Д.Г, Г.Г нарыг миний адууг авсан гэж бодоод Д.Гоос асуухад би таны адууг аваагүй үүнийг Г.Гтой ярьж учраа ол гэж хэлсэн. Надад учирсан хохирлоос 1.200.000 төгрөгийг дансаар Г.Г шилжүүлж үлдсэн 300.000 төгрөгийг сумын төвд ирээд өгнө гэсэн болохоор одоо надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Надад уг гэмт хэргийн улмаас миний сэтгэцэд хор уршиг учраагүй. Тийм учраас надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би хөдөө байдаг учраас шүүх хуралд суухгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9, 11-12 дахь тал),

Гэрч Б.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Б нь миний аав бөгөөд Д гэх хүний адуунд манай сартай хээр зүсмийн 4 настай 1 тооны гүү байсан бөгөөд 2019 оны 4 сард уг гүүгээ үзэхэд байхгүй байсан. Тэгээд уг гүүгээ хайж үзэхэд ямар нэгэн сураг гараагүй. Сүүлд аав хэнээс сонссон гэдгийг мэдэхгүй Г.Г нь манай гүүг 2019 оны 1 сард хулгайлан авсан гэдгийг мэдэж энэ тухай Г.Гт 2023 оны зун хэлэхэд намар нь Г.Г манай автай уулзаад би таныг Хээр зүсмийн 4 настай гүүг Дгийн адуунд байхад нь хулгайлан аваад алж авсан. Би таны хохирлыг барагдуулж өгнө та гунан үхэр аваарай, та надад гомдол битгий гаргаарай гэж хэлээд явсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),

Гэрч Т.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 01 дүгээр сарын 20-ны үед адуунд байсан эсэхийг мэдэхгүй байна. М.Б тэр жил надаас танай адуунд байсан гүү хаачив гэж нэхэж байсан удаа бий. Тухайн үедээ байсан эсэхийг би мэдэхгүй байна гэж хэлээд багахан муудалцаад салж байсан. Түүний дараа миний мал малладаг Зүүнговь суманд байгаа Алтжин гэх айлаас бас нэхсэн сураг гарсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),

Гэрч Д.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би гэр бүлийн хамтаар Т.Дгийн бог малыг маллаж байсан. Г.Г, Т.Дгийн бод малыг маллаж байсан. Бид нар Т.Дгийн өвөлжөөнд хамтдаа хоёр гэрээрээ айл хошой өвөлжиж байсан. Хэдний өдөр гэдгийг мэдэхгүй байна намайг хонио малын бэлчээрт гаргах гэж байхад Г.Горж ирээл өвлийн хүнс гаргах гэж байна адуу алалцаад өгөөч хонио гаргахаас өмнө гэж хэлсэн. Би Г.Гт Т.Дгийн адууг маллаж байсан, ажлын хөлсөндөө ч юм уу адуу авсан байх гэж бодоод адууг алахад тусалсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал),

Шүүгдэгч Г.Ггийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Уг малын махыг би өөрөө гэрийнхээ хүнсэндээ хэрэглэсэн. Д.Ггийн гэрт мах өгсөн зүйл байхгүй. Уг малыг хулгайлсан талаараа өөрийнхөө эхнэрт ч хэлээгүй хүнээс авсан гэж хэлсэн. Өөрийнхөө малыг хүнсэндээ хэрэглэх гэхээр хайран санагдаад тухайн үед 2 уналгын морьтой өөр адуугүй байсан учраас уг адууг хулгайлж хүнсэндээ хэрэглэсэн Би ганцаараа адуундаа явж байхдаа хулгайлсан. Би хэн нэгэнтэй хамтарч бүлэглэж Бийн мал хулгайлсан зүйл байхгүй. Д.Гтухайн малыг хулгайлж авсан мал гэдгийг мэдээгүй. Мал нядалсан гэж Д.Гт шан харамж, мах эд зүйл өгөөгүй. Д.Гнадтай хамтарч сартай хээр зүсмийн 4 настай гүүг хулгайлаагүй. Би ганцаараа хулгайлсан юм аа. Би хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулаагүй байгаа. Намайг байхгүй байх үед гэрт ирээд явсан байсан. Би үхрээ хүргэж өгч чадаагүй. Хохирогчоос ямар байдлаар хохирлоо нэхэмжилнэ тэр байдлаар нь төлж барагдуулах болно” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дахь тал)-үүдээр шүүгдэгч Г.Гнь Увс аймгийн Зүүнговь сумын 1 дүгээр багийн нутаг Их буудал гэх нэртэй газар иргэн Т.Дгийн адуунаас 2019 оны 01 дүгээр сарын 20-ны үед иргэн М.Бийн нэг тооны сартай хээр зүсмийн 4 настай гүүг хулгайлсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл,журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар үнэ төлбөргүй авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг онцлогтой гэмт хэрэг юм. 

Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлгийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа таван хошуу малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан үйлдэл бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт билээ.

Энэхүү гэмт хэрэг зөвхөн шунахай сэдэлтээр буюу бусдын өмчлөлийн малыг хууль бусаар завшиж өөртөө хэрэглэх болон зарж борлуулан ашиг хонжоо олох зорилготой, шууд санаатай үйлдэгддэг онцлогтой юм.

Хохирогч М.Бийн 1 тооны сартай хээр зүсмийн 4 настай гүүг Увс аймгийн Зүүнговь сумын 1 дүгээр багийн нутаг Их буудал гэх газраас иргэн Т.Дгийн адуунаас 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр шүүгдэгч Г.Гнь авч, идшиндээ хэрэглэсэн үйл баримт тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.Г нь хохирогч М.Бийн 1 тооны сартай хээр зүсмийн гүүг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар буюу тухайн малын эзэн өмчлөгчийн нүднээс далдуур авсан үйлдэл нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.

Иймд шүүгдэгч Г.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Гнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.

Хохирол, хор уршгийн талаар:

Шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 237 дугаартай “2023 оны 01 дүгээр сарын байдлаар Увс аймгийн Зүүнговь суманд алдагдсан 1 тооны 4 настай хээлтэй гүүний зах зээлийн үнэ цэнийн баримжаа 1.000.000 /нэг сая/ төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 32 дахь тал)-ээр 4 настай хээлтэй гүү 1.000.000 төгрөгийн үнэтэй болох нь тогтоогдож байна.

Хохирогч М.Бийн мөрдөн байцаалтын шатанд Надад учирсан хохирлоос 1.200.000 төгрөгийг дансаар Г.Гшилжүүлж үлдсэн 300.000 төгрөгийг сумын төвд ирээд өгнө гэсэн болохоор одоо надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Надад уг гэмт хэргийн улмаас миний сэтгэцэд хор уршиг учраагүй. Тийм учраас надад нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал), хохирогч М.Бийн Хаан банкны 58.............88 тоот дансанд 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 1.200.000 төгрөгийг Г.Ггэх гүйлгээний утгаар шилжүүлсэн орлогын мэдүүлэг (хавтаст хэргийн 103 дахь тал)-ыг тус тус үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

2. Шүүгдэгч Г.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Г.Гнь Бусдын мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Г.Гнь урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 114/А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа (хавтаст хэргийн 77 дахь тал)-аар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.Гнь урьд эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар: Гэрч Д.Ггийн өгсөн: “Г.Гнь Увс аймгийн Зүүнговь сумын 1 дүгээр багийн нутаг 6 ханатай монгол гэрт амьдардаг, 100 гарй бог, 20 гаруй тооны үхэртэй, өөр эд хөрөнгө байхгүй, мотоцикль, автомашин байхгүй, эрхэлсэн ажилгүй, зан байдлын хувьд төлөв даруухан, бусадтай зөв боловсон харилцдаг, хүмүүстэй харилцах харьцаа сайтай, үг дуу цөөтэй, нийтэч, элдэв муу зуршил байдаггүй, ажилсаг, хөдөлмөрч, тусархуу, хүний хэлсэн үгнээс зөрөөд байдаггүй, хүнлэг, энэрэнгүй зантай юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал) хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон,  мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт 6 /зургаа/ сар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан Г.Гт зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Увс аймгийн Зүүнговь нутаг дэвсгэрээс  гарахыг хориглох хязгаарлалт тогтоох нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан Г.Гнь зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг албадан гаргуулна”, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2, 3-д “ Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно, хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасан.

Шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 237 дугаартай “2023 оны 01 дүгээр сарын байдлаар Увс аймгийн Зүүнговь суманд алдагдсан 1 тооны 4 настай хээлтэй гүүний зах зээлийн үнэ цэнийн баримжаа 1.000.000 /нэг сая/ төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 32 дахь тал )-ээр шүүгдэгч Г.Ггийн хулгайлсан сартай хээр зүсмийн гүү 1.000.000 төгрөгийн үнэтэй болох нь тогтоогдсон тул шүүгдэгч Г.Ггийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого 1.000.000 төгрөгийг түүнд ногдох хөрөнгөөс хурааж улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Гнь урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 114/А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар 3 жилийн хорих ялыг өршөөн хассан байна.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй” гэж заасан тул энэ хэргийг өршөөлд хамруулах үндэслэлгүй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүтэл  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтов.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

            1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ш овогт Гын Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт 6 /зургаа/ сар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан Г.Гт зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Увс аймгийн Зүүнговь нутаг дэвсгэрээс  гарахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан Г.Гнь зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-3 дэх хэсгүүд заасныг баримтлан шүүгдэгч Г.Ггийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого 1.000.000 төгрөгийг түүнд ногдох хөрөнгөөс хурааж улсын төсөвт шилжүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүтэл  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасны дагуу шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                           ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.ГАНСҮХ