Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/962

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

Улсын яллагч: Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ганцэцэг,

Шүүгдэгч О.Ц, түүний өмгөөлөгч Х.Даваахүү /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0058/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Т овогт О-ийн Ц-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2303006320522 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *** их сургуулийн 4-р дамжааны оюутан, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт *** тоотод оршин суух хаягтай, /РД:***/ урьд ял шийтгэлгүй, Т овогт О-ийн Ц.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч О.Ц нь 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 13 цагийн орчимд, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Хөгжил хотхоны баруун талын замд, Тоёота приүс-20 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч болох М.Э /РД:***/, Т.Э /РД:***, 11 сартай/ нарыг мөргөж, М.Э-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, насанд хүрээгүй Т.Э-ий эрүүл мэндэд хөнгөн хохирол, иргэний нэхэмжлэгч Л.Б-ийн эзэмшлийн Mitsubishi Outlander маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, 1.045.000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Б.Г-ийн эзэмшлийн Тоёота Сай маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, 4.677.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.                    

ТОДОРХОЙЛОХ нь:                               

Нэг. Шүүгдэгч О.Ц-ыг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. 102 дугаарын утсанд ирсэн дуудлага, мэдээллийн бүртгэл (хавтаст хэргийн 6 дахь тал),

2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 7-8, 9, 10, 11-13  дахь тал),

3. Явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 14 дэх тал),

4. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 15 дахь тал),

5. Хохирогч М.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 13 цагийн үед гэр лүүгээ орох гээд охин Т.Э-ийг тэврээд Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Хөгжил хотхоны баруун талын авто замын баруун талаар явган хүний замаар хойноосоо урагшаа алхаад явж байтал охин бид хоёрыг нэг машин эхэлж мөргөөд тэр машин мөргөсөн чигтээ явсаар байгаад замын хажуугаар тавьсан байсан машинуудыг мөргөөд зогссон. Охин бид хоёр мөргөсөн машин руу шидэгдээд буцаад газарт унасан. Тэгээд миний өвдөгний дээд хэсэг язарсан, толгойны баруун дээд хэсгээс цус гарч байсан. Би охиноо хаана байна гээд хартал бүүр хол шидэгдсэн байсан. Тэр хавиар явж байсан хүмүүс охиныг минь надад авч ирж өгсөн. 20-30 минутын дараа түргэний машин ирээд охин бид хоёрыг аваад гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Гэмтэл очоод би зүүн хөлний өвдөгт 12-13 оёо толгойндоо 5 оёо тавиулаад гэмтлийн эмнэлгийн нуруу хүзүүний тасагт 3 хоног хэвтээд гараад Мөнгөнгүүр эмнэлэг рүү шилжиж 7 хоног хэвтсэн. Охин болохоор хэвлий дээ их хэмжээний устай байна гээд гэмтлийн эмнэлэгт 1 хоног хэвтээд маргааш нь эхо-д харуулаад хэвлийн ус нь шимэгдсэн байна гээд эмнэлгээс гарсан. Миний нурууны сээр хэсэг хугарсан, зүүн өвдөгний дээд хэсэг гэмтсэн мөн өвдөг, толгойн дээд хэсэгт оёо тавиулсан. Охин маань одоогоор хэвийн тогтвортой байгаа, гэрээр ажиглаж байгаа. Би өөрөөсөө зардал гаргаагүй гаргаж өгөх баримт одоогоор байхгүй. Миний эмчилгээний төлбөр одоогоор жолоочоос нийт 8,313,000 төгрөг дансаар 5 сая төгрөг, “Мөнгөн гүүр” эмнэлгийн кассад 3,312,000 төгрөгийг төлсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал),

6. Иргэний нэхэмжлэгч Л.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн үед хамт байгаагүй учир зам тээврийн осол юунаас болж гарсныг мэдэхгүй байна. Миний найз Г нь миний *** дугаарын утас руу залгаж байрны гадаа байсан *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг машин ирээд мөргөчихлөө гэж надад хэлсэн. Би тухайн тээврийн хэрэгслийг найз болохоор Г-ийн гэрийн гадаа Хөгжил хотхоны хажуу талд зогсоол дээр байрлуулсан байсан. Би 2023 оны 7 дугаар сарын дундуур Б гэдэг хүнээс худалдаж авч байсан ба итгэмжлэл хийлгээд авч байсан. Ослын улмаас автомашинд хойд хэсэгт их эвдрэл гэмтэл авсан байсан. Хохирлын үнэлгээ хийлгэхэд 1,045,000 төгрөг гарсан байна. Би О.Ц-д ямар нэгэн гомдол санал байхгүй, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирлын үнэлгээний 1,045,000 төгрөг надад бэлэн мөнгөөр өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал),

7. Иргэний нэхэмжлэгч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн үед хамт байгаагүй учир зам тээврийн осол юунаас болж гарсныг мэдэхгүй байна. Миний *** дугаарын утсаар залгаад машин дээрээ хүрээд ир тээврийн хэрэгсэл мөргөчихсөн байна гэж хэлсэн. Би осол болдог өглөө нь 10 цагийн үед байрныхаа урд талын зогсоол дээр өөрийн эзэмшлийн Toyota Sai маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг байрлуулаад тавиад орхисон байсан. Ослын улмаас автомашинд хойд хэсэгт их эвдрэл гэмтэл авсан байсан. Хохирлын үнэлгээ хийлгэх 4,677,000 төгрөг гарсан байна. Би О.Ц-д ямар нэгэн санал гомдол байхгүй, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирлын үнэлгээний 4,677,000 төгрөг надад бэлэн мөнгөөр өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал),

8. Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн үед хамт байгаагүй учир зам тээврийн осол юунаас болж гарсныг мэдэхгүй байна. Уг автомашин миний өөрийн эзэмшлийн автомашин. Ослын улмаас автомашинд урд салхины шил хагарсан байсан. Би тээврийн хэрэгсэл дээр үнэлгээ гаргуулахгүй. Би О.Ц-д ямар нэгэн санал гомдол байхгүй, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй. Миний өөрийн төрсөн охин учир. ...Хуульд бусдад учирсан хохирлыг төлж барагдуулах үүрэгтэй гэж заасан учир миний зүгээс бусдад учирсан хохирлыг төлж барагдуулахад татгалзах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18, 21 дэх тал),

9. “Хас Үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 718 дугаартай автомашин техникийн үнэлгээний: “...Toyota Sai *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол нийт 4,677,000 төгрөг” гэх тайлан (хавтаст хэргийн 89-94 дэх тал),

10. “Хас Үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 756 дугаартай автомашин техникийн үнэлгээний: “...Mitsubishi Outlander *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол нийт 1,045,000 төгрөг” гэх тайлан (хавтаст хэргийн 102-103 дахь тал),

11. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний шинжээч эмчийн 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 11683 дугаартай: “...М.Э-ын биед сээрний 7-р нугалмын их биеийн дээд гадаргуугийн шахагдсан хугарал, зулай, зүүн өвдөгт шарх, зүүн тавхайд зулгаралт, зүүн ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 59-60 дахь тал),

12. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний шинжээч эмчийн 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 11694 дугаартай: “...Т.Э-ий биед хэвлийн урд ханын няцрал, зүүн хацар, баруун сарвуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 52-54 дэх тал),

13. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын мэргэшсэн шинжээч эмчийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 969 дугаартай хэргийн материалаар хийсэн: “...М.Э-ын биед сээрний 7-р нугалмын их биеийн дээд гадаргуугийн шахагдсан хугарал, зүүн өвдөгний зөөлөн эдийн хаван, дотор жийргэвчийн арын эвэр хөндлөн урагдал, холбоосын хаван, зулай, зүүн өвдөгт шарх, зүүн тавхайд зулгаралт, зүүн ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр авто ослын үед үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 69-71 дэх тал),

14. Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 944592 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 78-83 дахь тал),

15. Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч У.Энхсоёмбын 2023 оны 10 дугаар 31-ний өдрийн 1185 дугаартай мөрдөгчийн: “...Toyota Prius-20 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. гэсэн заалтуудыг зөрчсөн нь осол гарах үндсэн шалтгаан болсон байна. Явган зорчигч М.Э нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн байх үндэслэлгүй байна...” гэх магадалгаа (хавтаст хэргийн 107-108 дахь тал),

16. Эд зүйл баримт бичиг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл, О.Ц-аас хохирол төлсөн талаарх баримтууд (хавтаст хэргийн 111-114 дэх тал),

17. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын санхүү бүртгэлийн хэлтсийн: “...М.Э эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр болох 538,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн нь үнэн болно” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 157-158 дахь тал),

18. Шүүгдэгч О.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 12 цагийн үед гэрийн байрны доор байдаг авто зогсоолоос ээжийн нэр дээр байдаг эгчийн Toyota Prius-20 маркийн *** дугаартай машиныг бариад төрсөн дүү болох О.Г-г эгчийн хүүхэд Э.Т хоёрыг сургууль руу нь хүргэж өгөхөөр явж байгаад шороон замаас Хөгжил хотхоны баруун талын засмал зам руу баруун эргэж ортол урдаас нэг том машин ирж явахаар нь машинаа зогсоох гэж байгаад замын хашлага даваад нэг юм мөргөх шиг болоод замын хажууд зогсож байсан машинуудыг мөргөөд буцаж зам руугаа ороод зогссон. Би сандраад машинаасаа буутал 2 машин тэнд газар нэг эмэгтэй хүн хажуугаараа харсан байдалтай хэвтсэн байсан. Тэр хавиар явж байсан баахан хүмүүс тойроод хүрээлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-126 дахь тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Ц-ын хувийн байдалтай холбоотойгоор гэрч Б.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О.Ц нь даруу төлөв зантай, архи дарс уудаггүй, дуу цөөтэй, ар гэртээ халамж сайтай, хүний үгэнд сайн ордог, хүнд их тусархаг зантай, их хөдөлмөрч, ажилд сайн хүн байгаа юм. О.Ц нь одоогоор гэр бүл байхгүй, аав ээжтэйгээ хамт амьдардаг, их төлөв даруу охин байгаа юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46 дахь тал), гэрч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О.Ц нь даруу төлөв зантай, ар гэртээ халамж сайтай, хүний үгэнд сайн ордог, хүнд их тусархаг зантай, их хөдөлмөрч ажилд сайн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дахь тал), жолоодох эрхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 41 дэх тал), оршин суугаа хаягийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 42 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 44 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 131 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.   

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч О.Ц-аас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхийг зөрчих тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хавтаст хэргийн 39-40 дэх талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.            

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинж нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг.

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан 102 дугаарын утсанд ирсэн дуудлага, мэдээллийн бүртгэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч М.Э-ын “...2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 13 цагийн үед гэр лүүгээ орох гээд охин Т.Э-ийг тэврээд Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Хөгжил хотхоны баруун талын авто замын баруун талаар явган хүний замаар хойноосоо урагшаа алхаад явж байтал охин бид хоёрыг нэг машин эхэлж мөргөөд тэр машин мөргөсөн чигтээ явсаар байгаад замын хажуугаар тавьсан байсан машинуудыг мөргөөд зогссон. Охин бид хоёр мөргөсөн машин руу шидэгдээд буцаад газарт унасан. Тэгээд миний өвдөгний дээд хэсэг язарсан, толгойны баруун дээд хэсгээс цус гарч байсан. Би охиноо хаана байна гээд хартал бүүр хол шидэгдсэн байсан. Тэр хавиар явж байсан хүмүүс охиныг минь надад авч ирж өгсөн. 20-30 минутын дараа түргэний машин ирээд охин бид хоёрыг аваад гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Гэмтэл очоод би зүүн хөлний өвдөгт 12-13 оёо толгойндоо 5 оёо тавиулаад гэмтлийн эмнэлгийн нуруу хүзүүний тасагт 3 хоног хэвтээд гараад Мөнгөнгүүр эмнэлэг рүү шилжиж 7 хоног хэвтсэн. Охин болохоор хэвлий дээ их хэмжээний устай байна гээд гэмтлийн эмнэлэгт 1 хоног хэвтээд маргааш нь эхо-д харуулаад хэвлийн ус нь шимэгдсэн байна гээд эмнэлгээс гарсан...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Л.Б-ийн “...Би тухайн үед хамт байгаагүй учир зам тээврийн осол юунаас болж гарсныг мэдэхгүй байна. Миний найз Г нь миний *** дугаарын утас руу залгаж байрны гадаа байсан *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг машин ирээд мөргөчихлөө гэж надад хэлсэн. Би тухайн тээврийн хэрэгслийг найз болохоор Г-ийн гэрийн гадаа Хөгжил хотхоны хажуу талд зогсоол дээр байрлуулсан байсан. Би 2023 оны 7 дугаар сарын дундуур Б гэдэг хүнээс худалдаж авч байсан ба итгэмжлэл хийлгээд авч байсан. Ослын улмаас автомашинд хойд хэсэгт их эвдрэл гэмтэл авсан байсан. Хохирлын үнэлгээ хийлгэхэд 1,045,000 төгрөг гарсан байна. Би О.Ц-д ямар нэгэн гомдол санал байхгүй, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирлын үнэлгээний 1,045,000 төгрөг надад бэлэн мөнгөөр өгсөн...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б.Г-ийн “...Би тухайн үед хамт байгаагүй учир зам тээврийн осол юунаас болж гарсныг мэдэхгүй байна. Миний *** дугаарын утсаар залгаад машин дээрээ хүрээд ир тээврийн хэрэгсэл мөргөчихсөн байна гэж хэлсэн. Би осол болдог өглөө нь 10 цагийн үед байрныхаа урд талын зогсоол дээр өөрийн эзэмшлийн Toyota Sai маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг байрлуулаад тавиад орхисон байсан. Ослын улмаас автомашинд хойд хэсэгт их эвдрэл гэмтэл авсан байсан. Хохирлын үнэлгээ хийлгэх 4,677,000 төгрөг гарсан байна. Би О.Ц-д ямар нэгэн санал гомдол байхгүй, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирлын үнэлгээний 4,677,000 төгрөг надад бэлэн мөнгөөр өгсөн...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Б.А-ийн “...Би тухайн үед хамт байгаагүй учир зам тээврийн осол юунаас болж гарсныг мэдэхгүй байна. Уг автомашин миний өөрийн эзэмшлийн автомашин. Ослын улмаас автомашинд урд салхины шил хагарсан байсан. Би тээврийн хэрэгсэл дээр үнэлгээ гаргуулахгүй. Би О.Ц-д ямар нэгэн санал гомдол байхгүй, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй. Миний өөрийн төрсөн охин учир. ...Хуульд бусдад учирсан хохирлыг төлж барагдуулах үүрэгтэй гэж заасан учир миний зүгээс бусдад учирсан хохирлыг төлж барагдуулахад татгалзах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,  “Хас Үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 718 дугаартай автомашин техникийн үнэлгээний: “...Toyota Sai *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол нийт 4,677,000 төгрөг” гэх тайлан, “Хас Үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 756 дугаартай автомашин техникийн үнэлгээний: “...Mitsubishi Outlander *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол нийт 1,045,000 төгрөг” гэх тайлан, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний шинжээч эмчийн 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 11683 дугаартай: “...М.Э-ын биед сээрний 7-р нугалмын их биеийн дээд гадаргуугийн шахагдсан хугарал, зулай, зүүн өвдөгт шарх, зүүн тавхайд зулгаралт, зүүн ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний шинжээч эмчийн 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 11694 дугаартай: “...Т.Э-ий биед хэвлийн урд ханын няцрал, зүүн хацар, баруун сарвуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын мэргэшсэн шинжээч эмчийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 969 дугаартай хэргийн материалаар хийсэн: “...М.Э-ын биед сээрний 7-р нугалмын их биеийн дээд гадаргуугийн шахагдсан хугарал, зүүн өвдөгний зөөлөн эдийн хаван, дотор жийргэвчийн арын эвэр хөндлөн урагдал, холбоосын хаван, зулай, зүүн өвдөгт шарх, зүүн тавхайд зулгаралт, зүүн ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр авто ослын үед үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 944592 дугаартай дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч У.Энхсоёмбын 2023 оны 10 дугаар 31-ний өдрийн 1185 дугаартай мөрдөгчийн: “...Toyota Prius-20 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. гэсэн заалтуудыг зөрчсөн нь осол гарах үндсэн шалтгаан болсон байна. Явган зорчигч М.Э нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн байх үндэслэлгүй байна...” гэх магадалгаа, шүүгдэгч О.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч О.Ц нь 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 13 цагийн орчимд, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Хөгжил хотхоны баруун талын замд, Тоёота приүс-20 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч болох М.Э, Т.Э /11 сартай/ нарыг мөргөж, М.Э-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, насанд хүрээгүй хохирогч Т.Э-ий эрүүл мэндэд хөнгөн хохирол, иргэний нэхэмжлэгч Л.Б-ийн эзэмшлийн Mitsubishi Outlander маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж 1.045.000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Б.Гийн эзэмшлийн Тоёота Сай маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж 4.677.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчиж явган хүний замаар 11 сартай хүүхдээ тэврэн явж байсан явган зорчигч М.Э-ыг мөргөж, улмаар зогсоолд байрлуулсан тээврийн хэрэгслүүдийг мөргөсөн үйлдэл нь хууль бус буюу Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж дүгнэх хууль зүйн үндэслэл болно.

Мөн уг зам тээврийн осолд өртсөний улмаас бага насны хохирогч Т.Э-ий биед хэвлийн урд ханын няцрал, зүүн хацар, баруун сарвуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан, мөн хохирогч М.Э-ын биед сээрний 7-р нугалмын их биеийн дээд гадаргуугийн шахагдсан хугарал, зүүн өвдөгний зөөлөн эдийн хаван, дотор жийргэвчийн арын эвэр хөндлөн урагдал, холбоосын хаван, зулай, зүүн өвдөгт шарх, зүүн тавхайд зулгаралт, зүүн ташаанд цус хуралт зэрэг нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах болох нь шинжээч эмчийн 11694 дугаартай дүгнэлт, хэргийн материалаар хийсэн №969 дугаартай дүгнэлтээр тус тус нотлогдсон байна.

Өөрөөр хэлбэл, Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2303006320522 дугаартай хэргийг шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй, хэрэгт нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, хэргийн бүрдэл хангагдсан гэж шүүх дүгнэв.  

Шүүгдэгч О.Ц нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчих үйлдэл хууль бус гэдгийг өөрөө ухамсарлаж, хууль бус үйлдлийн улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж байсан боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож бусдад хохирол учруулсан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт үйлдэлдээ гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хандсан гэж үзлээ. 

Иймд шүүгдэгч О.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Ц, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч О.Ц нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч О.Ц-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, учирсан хохирлыг баримтын хүрээнд нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, улсын яллагч, өмгөөлөгч нарын гаргасан ялын санал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга)-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт “шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно. Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

Иймд шүүгдэгч О.Ц-ын хувийн байдлыг харгалзаж түүнд оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга)-н төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч О.Ц-д мэдэгдэж байна.

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж,  мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж мөн зүйлийн 5 дахь хэсэгт хуульчилсан.    

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Э-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, бага насны хохирогч Т.Э-ий эрүүл мэндэд хөнгөн хохирол, иргэний нэхэмжлэгч Л.Б-ийн тээврийн хэрэгсэлд 1,045,000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Б.Г-ийн тээврийн хэрэгсэлд 4,677,000 төгрөгийн, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 538,000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Хохирогч, бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э нь шүүхэд 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Хохирогч М.Э, Т.Э-ий эрүүл мэндийн төлбөр, эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирол болох 26,000,000 төгрөг төлж хохирол барагдуулсан тул эрүүгийн хэрэгт гомдолгүй болно. Ирээдүйд гарах зардал иргэний хэргийг нээлттэй үлдээж өгнө үү” гэх хүсэлтийг Голомт банкны төлбөрийн баримтын хамт ирүүлсэн.

Мөн иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.А нь шүүхэд 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “...иргэний нэхэмжлэгчийн хувьд О.Ц-аас ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Иргэний хариуцагчийн хувьд шүүхээс хохирол төлбөр гаргасан тохиолдолд 100 хувь төлж барагдуулна. Шүүх хуралд оролцох боломжгүй” гэх хүсэлтийг бичгээр ирүүлсэн.

Шүүгдэгч О.Ц, иргэний хариуцагч Б.А нараас нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч М.Э, бага насны хохирогч Т.Э нарын эмчилгээний зардалд 8,317,878 төгрөг, шүүхийн шатанд эмчилгээний зардал, сэтгэл санааны хохиролд тооцож 26,000,000 төгрөг, нийт 34,317,878 төгрөг нөхөн төлсөн, мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Л.Б-эд 1,045,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Г-т 4,677,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 538,000 төгрөг тус тус төлсөн болох нь хохирол төлсөн талаарх баримтуудаар (хавтаст хэргийн 111-114, 157 дахь тал) тогтоогдож байна.   

Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.Ц, иргэний хариуцагч Б.А нараас  гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.  

Харин хохирогч М.Э нь “...3 сарын дараа өвдөгний чагтан холбоос сэргээх мэс засалд орно” гэж мэдүүлсэн (хавтаст хэргийн 35 дахь тал) байх тул цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нээлттэй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний баримт бичиг баримт шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.Ц нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулсантай холбогдуулан түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт О-ийн Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч О.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга)-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав)-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.Ц-д сануулсугай.

5. Шүүгдэгч О.Ц, иргэний хариуцагч Б.А нараас хохирогч М.Э, бага насны хохирогч Т.Э нарт эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан хор уршиг зэрэгт тооцон нийт 34,317,878 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Гт 4,677,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Л.Б-эд 1,045,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 538,000 төгрөг тус тус нөхөн төлсөн болохыг дурдаж, хохирогч М.Э нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, иргэний баримт бичиг баримт шүүхэд ирүүлээгүй, шүүгдэгч О.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч Б.А “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА