| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 138/2020/01039/И |
| Дугаар | 138/ШШ2020/01131 |
| Огноо | 2020-10-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 138/ШШ2020/01131
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг *******ын ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын Шинэбаярын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг ******* н ард талд-1 хаягт байрлах, регистрийн дугаартай ХХК-д холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүрэг 1 746 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Чинзориг,
Нэхэмжлэгч *******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Ганчулуун,
Хариуцагчийн төлөөлөгч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 11 сарын 15-ны өдөр ХХК буюу махны кахын эзэнтэй уулзаж үдийн өмнө 2 адууны мах болох 293 кг марыг кг-ийг нь 4300 төгрөгөөр буюу 1 259 900 төгрөгөөр зарсан бөгөөд 2018 оны 11 сарын 21-ний өдөр тоот данснаас шилжүүлэг хийсэн. Мөн өдрийн үдээс хойш 388 кг махыг 4500 төгрөгөөр үнэлж 1 746 000 төгрөгөөр зарсан бөгөөд одоог хүртэл өгөхгүй байна. тус ХХК-ийн нярав махыг хүлээж авсан тухай тэмдэглэгээ түүний баримтанд байгааг нь би өөрөө харсан юм. Иймд ХХК-иас 1 746 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Би тухайн үед ХХК-ийн арын байранд мах худалдаж аваад 1 кг махнаас 100 төгрөгийн ашиг харж цааш нь худалдаалдаг байсан. Эхний хоёр удаагийн худалдан авалтын мөнгийг Ханхүүгийн ээж нь миний дансанд хийж байсан. Би тэр үед Галхүүтэй хамтарч ажиллаж байсан. 388 кг махаа энэ компанид өгсөн. Мөнгийг данс руу урьдын адил шилжүүлнэ гэсэн. Ингээд би 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянхошуу боомт руу гарч байгаад Хятад улсад хоригдож 2 жил орчим болоод саяхан ирсэн. Ирээд дансаа шалгаад үзтэл ХХК нь надад 388 кг махны үнэ 1 746 000 төгрөг хийх ёстой байсан боловч мөнгө шилжүүлээгүй байсан. Ингээд би компанийн нярав дээр очиход няравын тооцооны дэвтэрт Тооцов гэж бичигдсэн байсан. Би захирал руу нь нэг удаа холбогдоход аваарт орчихсон байна гэж хэлсэн. Тэгээд би за бие муутай байхад яах билээ гээд хэсэг орхисон. Сүүлд ирээд Ханхүүтэй холбогдоход Тухайн үед нь шийдэхгүй яасан юм гэж хэлсэн. Би өөрөө наашаа ирэх гэж их л зүйл болж байж ирсэн. Ер нь бид нар хамтарч ажилладаг шахуу хүмүүс шүү дээ. Нэг дор ажилладаг байсан ба хоорондоо итгэлцлийн үндсэн дээр ажилладаг байсан. Махаа хиллэж өгчихөөд банкны дансны дугаараа үлдээгээд л явдаг. Ер нь энэ компанийн хувьд мэдэхгүй байна гэсэн зүйл байх ёсгүй гэж бодож байна. Би энэ компанийн Хятад талын орчуулагчтай холбогдож асуухад мөнгийг нь асуудалгүй энэ компанийн дансанд хийсэн гэж хэлсэн. Одоо 1 746 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж хүсэж байна гэв.
Хариуцагч ХХК-ийг төлөөлж тус компанийн ерөнхий захирал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Болд овогтой Ханхүү нь ХХК-ийн захирлаар ажилладаг билээ. Манай компанид өргөдөл гаргасан ******* гэх хүнийг танихгүй бөгөөд манай компани авсан махныхаа мөнгийг өдөр тутам тэр өдөрт нь шилжүүлдэг билээ. Энэ өргөдөл дээр бичсэн гэх данстай хүнийг шалгаж үзэхэд манай компанид тийм нэртэй хүн ажиллаж байгаагүй. 2 жилийн өмнө гэх энэ худал өргөдлийг би хүлээн зөвшөөрөхгүй байна.
Манай компанийн хувьд худалдаж авсан махны үнийн дүнг өдөр тутам, цаг тухайд нь мөнгийг нь шилжүүлдэг. Би Шинэбаяр гэдэг энэ хүнийг хараад таних ч үгүй юм байна. Аль хоёр жилийн өмнөх зүйлс тухайн үедээ шийдэгдсэн байх ёстой. Огт танихгүй хүн гарч ирээд ингээд нэхэмжлэл гаргаж байгааг нь гайхаж байна. Миний цаг заваас хумсалсан үйлдэл гаргаж байна. Мөн нэхэмжлэл гаргахдаа нэг дансны хуулга гаргаж ирүүлсэн байсан. Тухайн дансыг шүүж үзэхэд манай компанид огт хамааралгүй хүний нэр гарч ирсэн байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид нар Шинэбаяр гэж хүнээс мах авсан эсэхийг ч мэдэхгүй байна. Хоёр жилийн өмнөх асуудал яригдаж байна шүү дээ. Би үүнийг нарийн сайн санахгүй байна. Манай компанийн хувьд төлбөр тооцоотой холбоотой баримтуудаа 1 жил хадгалаад устгадаг. Тухай бүрт нь тооцоог нь төлж явдаг. Хүн тооцоогоо авахгүй ингэж удна гэсэн асуудал байдаггүй, бид ч тэр дор нь л төлбөрөө төлдөг. Бид өдөр тутам маш олон хүнтэй харьцдаг гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ХХК-иас Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1 760 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ. (хх 1 тал)
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, нэхэмжлэлийн үндэслэлээ ...2018.11.15-ны өдөр хамт ажиллаж байсан Галхүүгийн хамт 388 кг адууны махыг тухайн үед мах худалдан авч байсан ханшаар буюу 1 кг махыг 4500 төгрөгөөр бодож ХХК-д худалдсан. Махны мөнгийг миний данс руу шилжүүлэхээр тохиролцсон. Галхүү энэ талаар тодорхой мэдүүлэг өгсөн. Ингээд би 2018.11.22-нд Хятад улс руу явсан ба тэндээ асуудалд орж хүний нутагт хоёр жил гаруйн хугацаанд хоригдож байгаад энэ намар ирсэн. Гэтэл энэ компани над руу мөнгийг шилжүүлээгүй байсан. Би энэ 2 жилийн хугацаанд мөнгийг дансанд орсон эсэхийг шалгах боломжгүй, цаашлаад мөнгөө төлөхийг шаардах боломжгүй нөхцөл байдалд байсан. Би өөрийн өгсөн зүйлийнхээ мөнгийг төлөхийг энэ компаниас шаардаж байна... гэж,
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ ...Манай компанийн хувьд худалдаж авсан махны үнийн дүнг өдөр тутам, цаг тухайд нь мөнгийг нь шилжүүлдэг. Огт танихгүй хүн гарч ирээд ингээд нэхэмжлэл гаргаж байгааг нь гайхаж байна. Аль хоёр жилийн өмнөх зүйлс тухайн үедээ шийдэгдсэн байх ёстой. Би үүнийг нарийн сайн санахгүй байна. Манай компанийн хувьд төлбөр тооцоотой холбоотой баримтуудаа 1 жил хадгалаад устгадаг. Тухай бүрт нь тооцоог нь төлж явдаг. Хүн тооцоогоо авахгүй ингэж удна гэсэн асуудал байдаггүй, бид ч тэр дор нь л төлбөрөө төлдөг... гэж тус тус тайлбарлан маргадаг.
Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарт тулгуурлан тогтоогдсон үйл баримтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу дараах байдлаар шалган дүгнэсний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэстэй гэж үзлээ.
Хариуцагч ХХК нь 2005 оны 02 дугаар сарын 24-ний өдөр үүсгэн байгуулагдаж, 2005 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 711001109 дугаар бүхий Улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байх ба үндсэн үйл ажиллагааны чиглэл нь Түүхийн эдийн зах, туслах үйл ажиллагааны чиглэл нь Мал нядалгааны газар, мал аж ахуй, газар тариалан, гахай, тахианы аж ахуй, гадаад, дотоод худалдаа эрхлэх зэрэг үйл ажиллагаа явуулдаг болох нь нэхэмжлэгч талын тайлбар болон тус компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ******* нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагч ХХК-д 3 тооны адууны мах буюу нийт 388 кг махыг худалдсан болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд тус тус заасныг тайлбарлан, Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасныг сануулан мэдүүлэг авсан гэрч А.Галхүүгийн ...2018 онд *******тай хамтран мах авдаг байсан. Манай компанийн нэр дээр мах бэлтгэж цааш нь дамнаж зардаг байсан. 2018 оны 11 сарын 15-ны өдөр 3 адууны 388 кг мах аваад бусад газарт 4300 төгрөгөөр авч байхад 4500 төгрөгөөр арай илүү авч байхаар нь ад 388 кг махаа зээлээр өгсөн. Бид хоёр энэ махыг өгөхөд хамт байсан. махаа зээлээр аваад дараа нь данс руу мөнгөө шилжүүлээд болоод байдаг болохоор итгээд бид хоёр яваад өгсөн. Шинэбаяр хэд хоногийн дараа хил рүү мах ачиж яваад Хятадад баригдаад 2 жил болоод ирсэн. Тухайн үед Шинэбаярын дансыг өгсөн болохоор хийсэн байх гэж бодоод би ч асууж сураагүй. Тэр өдөр өглөө нь өгсөн махных нь мөнгийг өгсөн байсан. Мах өгч байхад ын Ханхүү, Алтанхүү, нярав Заяа, Гуулин гэж дууддаг өвөр Монгол хамт байсан. Энэ хэд мэдэхээс илүү мэдэж байгаа. Бид нар ХХК-д нэг удаа мах өгч байгаа биш, нилээд хэдэн удаа өгч байсан болохоор тухайн үед итгээд яваад өгсөн юм... гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. (хх 1, 19-20 тал)
Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах, худалдан авах гэрээгээр тодорхой хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэх үүргийг худалдагч хүлээх, харин худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээх тухай тодорхой заасан байна.
Эдгээрээс дүгнэхэд нэхэмжлэгч ******* нь 1 кг-ийг нь 4500 төгрөгөөр тооцож нийт 388 кг адууны махыг хариуцагч ХХК-д худалдаж худалдан авагчийн өмчлөлд гэрээний зүйл буюу махыг шилжүүлсэн, харин ХХК нь худалдан авсан адууны махны үнэ болох 1 746 000 төгрөгийг тодорхой хугацааны дараа худалдагчид шилжүүлэх тохиролцоо талуудын хооронд бий болж, тэдний хооронд 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж үзнэ.
Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч ******* нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан гэрээний дагуу худалдан авагчаас гэрээний биелэлтийг шаардах эрхтэй байх боловч энэ эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсан /2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр БНХАУ руу явж, тэндээ хууль хяналтын байгууллагад шалгагдан, хоригдож байсан/ нь нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Харин хариуцагч ХХК-ийн ерөнхий захирал нь ...уг 3 адууны нийт 388 кг махыг авсан эсэхийг санахгүй байна, манай компани санхүү, тооцоотой холбоотой баримтуудаа 1 жил хадгалаад устгадаг учраас харах боломжгүй. Хүн тооцоогоо авахгүй ингэж удна гэсэн асуудал байдаггүй, бид ч тэр дор нь л төлбөрөө төлдөг... гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргадаг боловч татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй байна гэж үзнэ.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу худалдах худалдан авах гэрээний төлбөрт хариуцагч ХХК-иас 1 746 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42 886 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас 42 886 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь үндэстэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХК-иас 1 746 000 /нэг сая долоон зуун дөчин зургаан мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42 886 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас 42 886 /дөчин хоёр мянга найман зуун наян зургаа/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА