Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 138/ШШ2020/01141

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 7/1 хаягт байрлах, 5341469 тоот регистрийн дугаартай, Төрийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Дорнод салбарын Тооцооны төв хариуцсан менежер Д.Мөнхтунгалагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг 47а-30 тоотод оршин суух бүртгэлтэй, Хэрлэн сумын 7 дугаар баг 43-1 тоотод түр оршин суух, ЖД76052768 регистрийн дугаартай, Хатагин овогт Лхамжавын Анхцэцэгт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 19 144 773 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Чинзориг,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Мөнхтунгалаг,

Хариуцагч Л.Анхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Дорнод салбарын Тооцооны төв хариуцсан менежер Д.Мөнхтунгалаг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Лхамжавын Анхцэцэг нь нөхөр Алимаагийн Жамъянпүрэвийн хамтран зээлдэгчээр орж 2017 оны 9 сарын 13-ны өдөр Төрийн банкны Өмнөговь салбарын Шивээхүрэн тооцооны төвөөс 13 83 786 төгрөгийн Гэрээт цалингийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 21.6 хувийн хүүтэй 3658 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан, анх авснаас хойш 3 удаа нэмэлт зээл авсан байна. Үндсэн зээлдэгч А.Жамъянпүрэв нь Өмнөговь аймгийн Шивээхүрэн суманд Гаалийн улсын байцаагч албан тушаалд албан үүргээ гүйцэтгэж яваад 2017 оны 10 дугаар сард нас барсан. Зээлдэгчийг нас барсаны дараа хамтран зээлдэгч болох эхнэр Л.Анхцэцэг нь үндсэн зээлээс 1 291 927 төгрөг, үндсэн ба нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1 730 994 төгрөг, нийт 3 022 921 төгрөгийг удаа дараа хугацаа хэтрүүлж, нэхүүлэн байж төлсөн байдаг. Тус зээлдэгч 2018 оны 6 дугаар сараас хойш зээлийн гэрээний 3.2.1 дэх заалтыг удаа дараа зөрчиж, гэрээний дагуу зээл төлөхөөс санаатайгаар зайлсхийж байна. Одоо тус зээл 917 хоног хугацаа хэтрээд байгаа ба үндсэн зээлийн 12 546 856 төгрөг, хуримтлагдсан хүү 6 168 397 төгрөг, хугацаа хэтэрсэн нэмэгдүүлсэн хүү 429 520 төгрөг, нийт 19 144 773 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа болно. Л.Анхцэцэг 2017 оны 10 сард зээлдэгч А.Жамъяпүрэв нас барсан шалтгаанаар 2017 оны 11 дүгээр сараас зээл төлөлтийг удаа дараа хугацаа хэтрүүлэн төлөөд 2018 оны 6 сараас эхлэн өнөөдрийг хүртэл зээлээ огт төлөөгүй байгаа болно. Банкны зүгээс 2017 оны 11 дүгээр сараас хойш Л.Анхцэцэгээр зээл төлүүлэх бүх талын арга хэмжээг авсан боловч үр дүн гарахгүй байна. Зээлийн гэрээний 3.3 дахь заалтын дагуу хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ. Иймд зээлдэгч А.Жамъянпүрэв, хамтран зээлдэгч Л.Анхцэцэг нартай байгуулсан 3658 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний 3.2.4 дэх заалтыг үндэслэн зээлийн үндсэн төлбөр, хуримтлагдсан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 19 144 773 төгрөгийг гаргуулан өгч нэхэмжлэгч талыг хохиролгүй болгож өгнө үү.

Би компанийн хуульчтайгаа холбогдож хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарын талаар хэлэхэд зээлийн хүүг зээлдэгч нас барснаар зогсооно гэсэн хуулийн заалт байхгүй, мөн банкны дотоод журамд ч гэсэн энэ талаар байхгүй гэж мэдэгдсэн. Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна гэв.

Хариуцагч Л.Анхцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний нөхөр талийгаач А.Жамъянпүрэв нь анх зээл авахад миний бие очиж гарын үсэг зурж авч байсан. Дараагийн 2 удаа цалингийн зээл сунгаж авахад би өөрийн биеэр очоогүй. Энэ 3 жилийн хугацаанд цалингийн зээлийн хүү болох 6 597 917 төгрөгийг эзэн нь нас барсан байхад яагаад хүүг зогсоогүй юм бэ. Би зээлийн хүүг болон алдангийг зөвшөөрөхгүй. Харин нөхрийнхөө ясыг өндөлзүүлээд яахав гэсэн дээ үндсэн зээл болох 12 546 856 төгрөгийг барагдуулъя гэж бодож байна.

Энэ зээлийг Өмнөговь аймгийн Шивээхүрэнгийн төрийн банкнаас авч байсан. Дорнод аймгийн Төрийн банктай холбогдож уулзаж үзэж байгаагүй. Би Шивээхүрэн тооцооны төвийн зээлийн эдийн засагчтай холбогдож төлж чадахгүй байдалд орсноо хэлдэг байсан. Би энэ мөнгийг үнэхээр төлөх боломжгүй. Ар гэр үнэхээр хүнд, хэцүү байна. Би хүүхдийн мөнгө болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн мөнгөөр л амьдарч байна. Тиймээс үндсэн зээл 12 сая төгрөгийг хуваарь гаргаж өгөөд төлөх хүсэлтэй байна. Би төв банк руу нь очиж уулзахад Дорнод аймгийн Төрийн банк руу очих ёстой гэж хэлсэн. Миний хувьд нөхрөө нас барснаас хойш 2018 оны 6 дугаар сар хүртэл зээлийг тодорхой хэмжээнд төлсөн. Гэвч 2018 оны 6 дугаар сард би өөрөө ажилгүй болж, дээрээс нь биеийн байдал муу байснаас болж ажил хийж чадахгүй, үүнээс үүдэж зээлээ төлж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн. Би үндсэн төлбөр болох 12 сая төгрөгийг төлөх хүсэлтэй байна гэв.

Шүүх зохигч талуудын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банк ХХК нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус банкны Дорнод салбарын Тооцооны төв хариуцсан менежер Д.Мөнхтунгалагаар дамжуулан хариуцагч Л.Анхцэцэгт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 19 144 773 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. (хх 1 тал)

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүхэд гаргасан дээрх нэхэмжлэлдээ 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 3658 дугаартай барьцаат зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах тухай шаардлагыг мөн гаргасан боловч энэ хэсгийн шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байх тул шүүх нэхэмжлэгчийг зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай шаардлага гаргасан гэж үзэх боломжгүй. Нөгөөтэйгүүр тус гэрээний хугацаа 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр дууссан байгааг дурдах нь зүйтэй.

Шүүх дараах үндэслэлээр хариуцагч Л.Анхцэцэгт холбогдох нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн Дорнод салбарын Тооцооны төв хариуцсан менежер Д.Мөнхтунгалагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Л.Анхцэцэг нь ...би Өмнөговь аймгийн Шивээхүрэн тооцооны төвийн зээлийн эдийн засагчтай холбогдож нөхөр А.Жамъянпүрэвийг нас барсан, би 2018 оны 6 дугаар сард ажилгүй болж, зээлийг төлж чадахгүй байдалд орсон тухайгаа ярих бүрт нь хэлж байсан. Энэ 3 жилийн хугацаанд цалингийн зээлийн хүү болох 6 597 917 төгрөгийг эзэн нь нас барсан байхад яагаад хүүг зогсоогүй юм бэ. Би зээлийн хүүг болон алдангийг зөвшөөрөхгүй. Тиймээс үндсэн зээл 12 сая төгрөгийг төлөх хүсэлтэй байна... гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч татгалзаж байна.

Төрийн банк ХХК-ийн Өмнөговь салбарын харъяа Шивээ хүрэн тооцооны төв нь зээлдэгч Ө.Жамъянпүрэв, хамтран зээлдэгч Л.Анхцэцэг нартай 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 3658 дугаартай Барьцаат зээлийн гэрээ /Цалингийн зээл/-г байгуулж, тус гэрээгээр зээлдэгч нарт өмнөх зээлийн үлдэгдэл 12 738 786.06 төгрөг дээр 1 100 000 төгрөгийг нэмж, нийт зээлийн хэмжээ нь 13 838 786.06 төгрөг болсон байх ба тус мөнгийг жилийн 21.60 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар зээлдүүлж, зээлдэгч нар нь Зээлийн эргэн төлөх хуваарь-ийн дагуу 36 сарын турш сар бүрийн 02-ны өдөр 552 197.28 төгрөгийг төлөхөөр гэрээний нөхцлийг харилцан тохиролцон бичгээр гэрээ байгуулсан болох нь тус тус зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Түүнчлэн хариуцагч Л.Анхцэцэг нь дээрх барьцаат зээлийн гэрээнд өөрийн нэрийн өмнөөс гарын үсэг зурах эрхийг нөхөр А.Жамъянпүрэвт 2017 он 09 дүгээр сарын 13-ны өдөр Итгэмжлэл-ээр олгож, зээлдэгч А.Жамъянпүрэв нь түүнийг төлөөлж гэрээнд гарын үсэг зурсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Талууд эдгээр үйл баримтуудын талаар маргаагүй болно.

Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 451.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хүчин төгөлдөр зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Зээлдэгч А.Жамъянпүрэв нь Өмнөговь аймгийн Шивээхүрэн суманд Гаалын улсын байцаагчаар ажилладаг байсан байх ба тэрээр 2017 оны 10 дугаар сард ажил үүргээ гүйцэтгэж яваад нас барсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 3658 дугаартай барьцаат зээлийн гэрээний 3.3-т хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээхээр заажээ.

Түүнчлэн дээрх зээлийн гэрээ нь Банк болон зээлдэгч А.Жамъянпүрэв, хамтран зээлдэгч Л.Анхцэцэг нарын хооронд байгуулагдсан байх тул зээлдэгч А.Жамъянпүрэв нас барснаар уг гэрээний үүрэг дуусгавар болохгүй бөгөөд гэрээнд заасны дагуу нас барсан зээлдэгчийн үүргийг хамтран зээлдэгч Л.Анхцэцэг бүхэлд нь гүйцэтгэх үүргийг хүлээх талаар мөн заасан байна. Энэ үндэслэлээр нэхэмжлэгч банк нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хамтран зээлдэгч Л.Анхцэцэгээс шаардаж байх бөгөөд нэхэмжлэгч нь гэрээнд зааснаар ийнхүү шаардах эрхтэй гэж үзнэ.

Хамтран зээлдэгч Л.Анхцэцэг нь Барьцаат зээлийн гэрээ байгуулан зээл авснаас хойш үндсэн зээлийн төлбөрт 1 291 927 төгрөг, үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1 730 994 төгрөг, нийт 3 022 921 төгрөгийг төлж, зээлийн үлдэгдэл нь үндсэн зээлийн төлбөрт 12 546 856, хуримтлагдсан хүүгийн төлбөрт 6 168 397 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 429 520 төгрөг, нийт 19 144 773 төгрөгийг Төрийн банкинд төлөлгүй зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна.

Гэвч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн ...Л.Анхцэцэг 2017 оны 10 сард зээлдэгч А.Жамъянпүрэв нас барсан шалтгаанаар 2017 оны 11 дүгээр сараас зээл төлөлтийг удаа дараа хугацаа хэтрүүлэн төлөөд 2018 оны 6 сараас эхлэн өнөөдрийг хүртэл зээлээ огт төлөөгүй, Банкны зүгээс Л.Анхцэцэгээр зээл төлүүлэх бүх талын арга хэмжээг авсан боловч үр дүн гарахгүй байна... гэх, мөн хариуцагч Л.Анхцэцэгийн ...би Өмнөговь аймгийн Гурвантэс сумын зээлийн эдийн засагчтай холбогдож нөхөр А.Жамъянпүрэвийг нас барсан, өөрөө ажилгүй болж зээлийг төлж чадахгүй байдалд орсон тухайгаа ярих бүрт нь хэлж байсан... гэх тайлбаруудаас үзэхэд зээлдэгч А.Жамъянпүрэв нь 2017 оны 10 дугаар сард нас барснаар А.Жамъянпүрэвийн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон байх ба Банк нь хамтран зээлдэгч Л.Анхцэцэгт удаа дараа зээлээ төлөх талаар мэдэгдэж байсан, харин Л.Анхцэцэг нь Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийг удаа дараа зөрчиж байсан нөхцөл байдлууд тус тус тогтоогдож байна.

Талуудын хооронд байгуулагдсан Барьцаат зээлийн гэрээ-ний:

-6.2-т Дараах нөхцөл байдал үүссэн, үүсч болзошгүй болсон нь нотлогдсон тохиолдолд Банк энэхүү гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачилгаар цуцалж болно,

-6.2.1-д Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийг зөрчиж байгаа талаар Зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол,

-6.2.2-т Зээлдэгчийн Ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон түүнтэй адилтгах гэрээ цуцлагдсан, дуусгавар болсон,

-4.1.2-т Энэхүү гэрээний 6.2.1-6.2.5 дахь хэсэгт заасан нөхцөл байдал бий болсон бол Гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээл төлүүлэх арга хэмжээ авахыг ...нэг талын санаачилгаар бие даан шийдвэрлэнэ гэж тус тус заасан байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд хариуцагч Л.Анхцэцэг нь А.Жамъянпүрэвийг нас барсан, түүний ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон, өөрөө ажилгүй болсон талаараа тус тус мэдэгдсэн байхад нэхэмжлэгч Банк нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 4.1.2-т зааснаар өөрийн санаачилгаар гэрээг цуцалж, зээл төлүүлэх арга хэмжээ авах эрхтэй байна.

Талуудын хооронд үүссэн дээрх нөхцөл байдал буюу маргааныг шийдвэрлэхэд Иргэний хуулийн 451-453 дугаар зүйлд илүү нарийвчилсан зохицуулалт байхгүй тул мөн хуулийн 220 дугаар зүйлийн 220.1-д Гэрээ байгуулах үндэслэл нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээг байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй, мөн 221 дүгээр зүйлийн 221.1-д Хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно гэсэн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж үзэв.

Өөрөөр хэлбэл цалингийн зээлийн хувьд тухайн хүний хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж цалингийн орлогогүй болсон буюу үндсэн зээлдэгч нас барсан, мөн хамтран зээлдэгч нь Зээлийн эргэн төлөх хуваарь-ийн дагуу зээлээ төлөөгүй, төлж чадахгүй нөхцөл байдлуудаа Банкинд мэдэгдэж байсан зэрэг нөхцөл байдлууд үүссэн байхад Банк нь тухайн нөхцөлд нийцүүлэн гэрээг өөрчлөх, эсхүл гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах зайлшгүй шалтгаан болох бөгөөд гэрээнд заасан энэ эрхээ хэрэгжүүлэлгүй 917 хоног хугацаа хэтрүүлсэн байгаад хариуцагч Л.Анхцэцэг гэхээсээ илүүтэй нэхэмжлэгч Банк буруутай байх тул энэ хугацаанд хуримтлагдсан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас нэхэмжилж буй нь үндэслэлгүй гэж үзэв.

Иймд дээрх үндэслэлүүдээр талуудын хооронд байгуулсан 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 3658 дугаартай барьцаат зээлийн гэрээний үүрэг буюу зээлийн үндсэн төлбөр 12 546 856 төгрөгийг хариуцагч Л.Анхцэцэгээс гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгож, харин нэхэмжлэлийн шаардлагаас хуримтлагдсан хүүгийн төлбөр 6 168 397 төгрөг, хугацаа хэтэрсэн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 429 520 төгрөг, нийт 6 597 917 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253 673 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Анхцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид 215 700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь үндэстэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1, 221 дүгээр зүйлийн 221.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Л.Анхцэцэгээс Зээлийн гэрээний үүрэгт 12 546 856 /арван хоёр сая таван зуун дөчин зургаан мянга найман зуун тавин зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6 597 917 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 253 673 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Анхцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид 215 700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг гардан авах хугацаанд шүүхэд ирж гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА