Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2026/0542

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Одмаа

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Боловсролын сайдын 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1/4271 дугаартай “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичгийн хоёр дахь заалтыг хууль бус байсан болохыг тогтоолгох, хариуцагч нарын буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч компанид учирсан хохиролд 5 053 226 844.62 төгрөгийг гаргуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 403 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Г, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, өмгөөлөгч А.Б

Хариуцагч Боловсролын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С

Хариуцагч Боловсролын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, Ч.Ц, Б.Л

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайхан

Хэргийн индекс: 128/2025/1079/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Э” ХХК-иас Боловсролын сайд, Боловсролын ерөнхий газарт тус тус холбогдуулан “Боловсролын сайдын 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1/4271 дугаартай “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичгийн хоёр дахь заалтыг хууль бус байсан болохыг тогтоолгох, хариуцагч нарын буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч компанид учирсан хохиролд 5 053 226 844.62 төгрөгийг гаргуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 403 дугаар шийдвэрээр: Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.5, 11.7, Боловсролын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт заасныг баримтлан Боловсролын сайдын 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1/4271 дугаартай “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичгийн хоёр дахь заалтыг хууль бус байсан болохыг тогтоолгох, хариуцагч нарын буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч компанид учирсан хохирол болох 5 053 226 844.62 төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

            “...3.1. Боловсролын сайдын 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1/4271 дугаартай “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичгийн хоёр дахь заалтыг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

Шүүхийн шийдвэрийн 20 дахь тал, 1.2.1 дугаартай хэсэгт “Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, засгийн газрын гишүүн ашиглалтын болон эрүүл ахуйн шаардлага хангасан, сургалтын хөтөлбөрт нийцсэн сурах бичгээр ерөнхий боловсролын сургуульд суралцагсдыг ханган ажилласан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 7-д Монгол улсын иргэн сурч боловсрох эрхтэй, төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролын төлбөргүй олгоно гэж заасан бүрэн нийцсэний дээр бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд байна” гэж дүгнэжээ. Гэвч энэхүү дүгнэлт нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсон гэж үзэж байна. Учир нь, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д “Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, тухайн асуудлыг зохицуулсан тусгай хууль байгаа тохиолдолд шүүх хамгийн түрүүнд уг хуулийг хэрэглэх үүрэгтэй бөгөөд зөвхөн тусгай зохицуулалт байхгүй нөхцөлд Үндсэн хуулийн агуулга, үзэл санаанд тулгуурлан маргааныг шийдвэрлэх боломжтой юм. Гэтэл энэ маргааны хувьд Боловсролын сайдын бүрэн эрхийг Боловсролын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд нэг бүрчлэн хуульчилсан байна. Иймээс анхан шатны шүүх юуны өмнө Боловсролын сайд 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1/4271 дугаартай албан бичгийн хоёр дахь заалтыг гаргах эрхийг Боловсролын ерөнхий хуулийн аль заалтаар эдэлж байсан болохыг тогтоох ёстой байсан. Гэтэл 2019 онд хэвлэгдсэн, ашиглалтын хугацаа дууссан, актлагдах шаардлагатай сурах бичгийг дахин хэрэглээнд нэвтрүүлэх, ашиглуулах талаар шийдвэр гаргах бүрэн эрхийг Боловсролын сайдад Боловсролын ерөнхий хуулиар олгоогүй байна.

Түүнчлэн маргаан бүхий 1/4271 дугаартай албан бичигт уг шийдвэрийг гаргах эрх зүйн үндэслэл болсон хууль, тогтоомжийн заалтыг огт дурдаагүй бөгөөд ямар эрх хэмжээний хүрээнд уг чиглэлийг өгсөн талаар үндэслэл заагаагүй байна. Захиргааны ерөнхий хуулийн дагуу захиргааны акт нь эрх зүйн үндэслэлтэй, тодорхой, хуульд нийцсэн байх шаардлагатай боловч маргаан бүхий акт энэ шаардлагыг хангаагүй. Иймд маргаан бүхий актыг хуульд нийцсэн эсэхийг шалгахдаа Боловсролын сайд тухайн шийдвэрийг гаргах хуульд заасан бүрэн эрхтэй байсан эсэх асуудлыг анхан шатны шүүх зайлшгүй тогтоох шаардлагатай байсан. Гэвч шүүх Боловсролын сайд Боловсролын ерөнхий хуулийн аль заалтаар олгогдсон ямар бүрэн эрхийн хүрээнд маргаан бүхий актыг гаргасан талаар огт дүгнэлт хийгээгүй атлаа ерөнхий байдлаар “бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд байна” гэж үзсэн. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлэх зарчимд нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, суралцагчдын сурч боловсрох эрхийг хангах зорилго нь сайдад хуульд заагаагүй шинэ бүрэн эрх бий болгох үндэслэл болохгүй. Сайд зөвхөн хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд үйл ажиллагаа явуулах ёстой. Иймд анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт нь эрх хэмжээний асуудлыг шалгаж тогтоолгүйгээр маргаан бүхий актыг зөвтгөсөн нь хууль хэрэглээний алдаа болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хуралдааны явцад ч Боловсролын сайдын маргаан бүхий албан бичгийг ямар хуулийн заалтад үндэслэн гаргасан талаар хариуцагч тал тайлбарлаж чадаагүй болно. Тодруулбал, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 27 дахь талд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс: “Хуулийн заалтад үндэслэл байгаа ву? Ямар нэгэн хуулийн зохицуулалт байгаа юу?, мөн “Аль нэг хуулийн заалт байвал сайд энэ хуулийн заалтын дагуу гаргасан юм аа гэх зохицуулалт байгаа юу? Гэж тодруулан асуухад Боловсролын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч “Чиглэл өгөх эрхтэй байгаа” гэж ерөнхий байдлаар хариулсан боловч уг эрх нь ямар хуулийн ямар заалтаас үүдэлтэй болохыг тайлбарлаж чадаагүй бөгөөд хоёр дахь асуултад огт хариулаагүй байна. Өөрөөр хэлбэл, маргааны бүхий 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1/4271 дугаартай албан бичгийг гаргах хууль зүйн үндэслэлийг шүүх хуралдааны явцад хариуцагч өөрөө тодорхойлж, нотолж чадаагүй. Иймд шүүх маргаан бүхий захиргааны актын эрх зүйн үндэслэл, эрх хэмжээний асуудлыг бүрэн тогтоолгүйгээр зөвхөн Үндсэн хуулийн ерөнхий үзэл санаанд тулгуурлан хууль ёсны гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний алдаа болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн шүүхийн шийдвэрийн 20 дахь тал, 1.2.2 дугаартай хэсэгт “...дунд, ахлах 6-12 дугаар ангийн сурах бичгийг сургуулийн номын сангаар дамжуулан төлбөртэй түрээсээр болон төлбөргүй ашиглуулах, эсхүл суралцагчийн эцэг эх худалдан авахыг хүсвэл худалдах замаар хангадаг...” гэж дүгнэжээ. Гэвч энэхүү дүгнэлт нь Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7 дахь хэсгийг буруу тайлбарлаж, хуульд байхгүй зохицуулалтыг шүүх өөрөө бий болгосон байна. Тодруулбал, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-д “Сурах бичгийг бага ангийн суралцагчид төлбөргүйгээр, дунд, ахлах ангийн суралцагчид сургуулийн номын сангаар дамжуулан төлбөртэй ашиглуулах бөгөөд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүсэлт гаргасан бол сурах бичгийг худалдан авч болно” гэж тодорхой хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл, хууль тогтоогч дунд, ахлах ангийн суралцагчдад сурах бичгийг төлбөртэй ашиглуулах тогтолцоог тусгайлан тогтоосон бөгөөд үнэ төлбөргүй ашиглуулах зохицуулалтыг тусгаагүй байна. Гэтэл анхан шатны шүүх дээрх хуулийн агуулгыг өөрчилж, “төлбөргүй ашиглуулах” гэсэн хуульд байхгүй зохицуулалтыг нэмэн тайлбарлаж, улмаар хариуцагчийн үйл ажиллагааг хуульд нийцсэн гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний ноцтой алдаа болсон байна. Хариуцагч байгууллага 2019 онд хэвлэгдсэн сурах бичгийг дунд, ахлах ангийн суралцагчдад үнэ төлбөргүй ашиглуулсан нь Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7 дахь хэсэгт заасан зохицуулалтыг зөрчсөн үйл ажиллагаа юм.

Түүнчлэн Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/391 дүгээр тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн сургалтад 2023-2024 оны хичээлийн жилд хэрэглэх сурах бичгийн жагсаалтыг баталсан бөгөөд уг тушаалын хавсралтад зөвхөн 2020, 2021, 2022, 2023 онд хэвлэгдсэн сурах бичгийг сургалтад хэрэглэхээр тусгасан байдаг. Энэ талаар анхан шатны шүүх шийдвэрийн 21 дэх тал, 1.2.5 дугаартай хэсэгт “...Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/391 дүгээр тушаалын хавсралтаар ерөнхий боловсролын сургуулийн сургалтад 2023-2024 оны хичээлийн жилд хэрэглэх сурах бичгийн жагсаалтыг батлахдаа “...сургалтад 2020, 2021, 2022, 2023 онд хэвлэгдсэн сурах бичиг хэрэглэнэ” гэж заасан...” болохыг дүгнэсэн атлаа энэхүү нөхцөл байдлын эрх зүйн үр дагаварт огт дүгнэлт хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүх нэг талаас 2023-2024 оны хичээлийн жилд зөвхөн 2020 оноос хойш хэвлэгдсэн сурах бичиг хэрэглэгдэх ёстой болохыг тогтоосон мөртлөө нөгөө талаас 2019 онд хэвлэгдсэн сурах бичгийг хэрэглээнд нэвтрүүлсэн, суралцагчдад ашиглуулсан үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцсэн эсэх асуудалд үндэслэлтэй дүгнэлт өгөөгүй нь шийдвэрийн дүгнэлтүүд хоорондоо зөрчилдөхөд хүргэсэн байна.

Шүүхийн шийдвэрийн 21 дэх тал, 1.2.5-д “... энэ тохиолдолд 2019 онд хэвлэгдсэн эрүүл ахуйн болон ашиглалтын шаардлага хангаж буй сурах бичгийг хэрэглэхийг хориглосон агуулгагүй байна...” гэж дүгнэжээ. Гэтэл 2019 онд хэвлэгдсэн сурах бичгийг сургалтад ашиглуулахгүй байх, хэрэглээнээс хасах, актлах шаардлагатай талаар эрх бүхий байгууллагуудаас гаргасан албан шаардлага, дүгнэлтүүд хэрэгт авагдсан байдаг. Тодруулбал, Боловсролын ерөнхий газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай” 01/4583 дугаартай албан бичигт “Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх явцад нэн яаралтай засаж залруулах, анхаарах асуудал байгаа тул энэхүү чиглэлийг хүргүүлж байна. Үүнд: Сурагчдад 2018 он болон түүнээс өмнөх оны сурах бичгүүдийг ашиглуулж байгааг нэн яаралтай зогсоох” гэж заасан байна. Мөн уг албан бичигт “Ерөнхий боловсролын сургуулиудаас 2023-2024 оны хичээлийн жилд авсан судалгаагаар улсын хэмжээнд ... 2019 онд хэвлэн нийлүүлсэн сурах бичгийн 32 хувь нь ашиглах боломжгүй болсон тул актлагдсан байна” гэж дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл, Боловсролын ерөнхий газар өөрөө хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүнд ашиглалтын хугацаа дууссан, ашиглах боломжгүй болсон сурах бичгийг сургалтад ашиглуулах нь зөрчил болохыг тогтоож, түүнийг таслан зогсоох чиглэл өгч байсан байна. Энэ нь 2019 онд хэвлэгдсэн сурах бичгийг цаашид сургалтад ашиглах зохистой бус, хэрэглээнээс хасагдах шаардлагатай талаар эрх бүхий байгууллагын байр суурь байсныг нотолж байна.

Боловсролын ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад сурах бичиг төлбөртэй ашиглуулах үйлчилгээний журмын хэрэгжилтийг сайжруулах, эргэлтийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийн тайлан” мөн давхар нотолдог. Тус тайлангийн 4 дэх талд “Аймаг, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд 2024-2025 оны хичээлийн жилд 2019 онд хэвлэгдсэн VI-XII дугаар ангийн ашиглах боломжгүй, ашиглалтын хугацаа дууссан, элэгдсэн, эрүүл ахуйн шаардлага хангахгүй 198,398 багцыг журмын дагуу актлах ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа ... 2019 оны 198,398 багц сурах бичгээс 128,400 багцыг акталсан байна” гэж тодорхой дурдсан байна. Мөн тайлангийн 9 дэх талын “Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” хэсгийн 6-д “Сургуулийн номын санд байгаа ашиглах боломжгүй, ашиглалтын хугацаа дууссан сурах бичгийг эд хөрөнгийн бүртгэл, хяналтын журмын дагуу акт үйлдэн цэгцлэх” гэжээ. Өөрөөр хэлбэл, Боловсролын ерөнхий газар өөрөө 2019 онд хэвлэгдсэн сурах бичгийг ашиглах боломжгүй, ашиглалтын хугацаа дууссан, элэгдсэн, эрүүд ахуйн шаардлага хангахгүй гэж үнэлэх, улсын хэмжээнд актлах ажлыг зохион байгуулж байсан нь тогтоогдож байна.

Мөн Боловсролын ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 1/1911 дугаартай албан бичгийн 1 дэх хуудасны төгсгөл хэсэгт “Зарим аймаг, сумдын ерөнхий боловсролын сургуулиудад ашиглалтын хугацаа дууссан сурах бичиг ашигласан” гэж дурдсан байна. Энэхүү баримтаар Боловсролын ерөнхий газар ашиглалтын хугацаа дууссан сурах бичгийг сургалтад ашиглах нь зохисгүй нөхцөл байдал болохыг дахин хүлээн зөвшөөрсөн байна.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Сурах бичгийн жагсаалт батлах тухай” А/391 дугаартай тушаалын хавсралтаар Ерөнхий боловсролын сургуулийн сургалтад 2023-2024 оны хичээлийн жилд хэрэглэх сурах бичгийн жагсаалтыг баталсан. Тухайн тушаалын хавсралтын төгсгөл хэсэгт “Сургалтад 2020, 2021, 2022, 2023 онд хэвлэгдсэн сурах бичиг хэрэглэнэ” гэж заасан байдаг. Энэхүү тушаал нь тухайн хичээлийн жилд хэрэглэх сурах бичгийн хэвлэгдсэн оны шалгуурыг тогтоосон акт юм. Иймд 2019 онд хэвлэгдсэн сурах бичгийг 2023-2024 оны хичээлийн жилээс эхлэн сургалтад ашиглахгүй байх эрх зүйн үндэслэл бүрдсэн бөгөөд тэдгээрийг цаашид сургалтын үйл ажиллагаанд ашиглуулах нь дээрх тушаалын агуулгатай нийцэхгүй юм.

Үүнээс гадна Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Журам батлах тухай” А/302 дугаартай тушаалаар Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад сурах бичиг төлбөртэй ашиглуулах үйлчилгээний журмыг баталсан. Уг журмын зохицуулалтаар сурах бичгийг 4 жилийн хугацаанд ашиглуулсны дараа акталж, шинээр хэвлүүлэх тогтолцоог бүрдүүлсэн бөгөөд сурах бичиг ашиглуулах төлбөрийн хэмжээг ч энэхүү 4 жилийн эргэлтийн сангийн зарчимд үндэслэн тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл, суралцагчаас төвлөрүүлэх төлбөр нь дөрвөн жилийн дараа ашиглалтын хугацаа дууссан сурах бичгийг акталж, шинээр хэвлэх зардлыг санхүүжүүлэх зорилготой юм.

Гэтэл анхан шатны шүүх дээр дурдсан эрх бүхий байгууллагуудын албан бичиг, тайлан, тушаал, журмуудыг үнэлж, эрх зүйн дүгнэлт өгөөгүй байна. Харин ч эсрэгээрээ “2019 онд хэвлэгдсэн эрүүл ахуйн болон ашиглалтын шаардлага хангасан сурах бичгийг хэрэглэхийг хориглосон агуулгагүй” гэж үзсэн үндэслэлээ нотлох баримтаар тогтоогоогүй байна.

Шүүхийн шийдвэрийн 20 дахь тал, 1.2.3 дахь хэсэгт “...талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 411 дугаартай “Сурах бичиг хэвлэх, худалдах, хүргэх, ажил гүйцэтгэх гэрээ”-ний агуулгаар гүйцэтгэгч “Э” ХХК нь хариуцагчаас өөрийн аппликэйшнээр дамжуулан худалдаж авах сурах бичгийн захиалга авах, захиалгын үндсэн дээр хэвлүүлэх, худалдах, хүргэх ажлыг зохион байгуулахаар тохиролцсон. Тодруулбал, талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээгээр эцэг эх хүссэн тохиолдолд сурах бичгийг худалдан авах замаар хангалт хийгдэх харилцаа талуудын хооронд үүссэн гэж ойлгоно. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллагаас зарласан сонгон шалгаруулалтын зорилго, түүгээр шалгарсан нэхэмжлэгч компанитай байгуулсан гэрээний зүйл, зохицуулах харилцаа нь ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурах бичгийг захиалгын үндсэн дээр хэвлэх, нийлүүлэх, худалдахад чиглэсэн...” гэж дүгнэжээ.

Мөн “...ийнхүү хариуцагч захиргааны байгууллага сонгон шалгаруулах замаар “Э” ХХК-тай байгуулсан “Сурах бичиг хэвлэх, худалдах, хүргэх, ажил гүйцэтгэх” гэрээний хугацаанд худалдаалах зориулалттай сурах бичиг хэвлэх, нийлүүлэх эрхийг өөр этгээдэд олгоогүй байх бөгөөд сургуулийн номын сангаар дамжуулан ашиглуулах сурах бичиг хэвлүүлэх, нийлүүлэх сонгон шалгаруулалт зохион байгуулсан нь, түүгээр шалгарсан этгээдтэй гэрээ байгуулсан нь талуудын хооронд байгуулсан гэрээний 3.2.5 дахь “сурах бичиг худалдах, түгээх ажлыг бусад компанид давхардуулан олгохгүй байх” үүргээ захиалагч зөрчөөгүй байна” гэж дүгнэжээ. Гэвч анхан шатны шүүх гэрээний 3.2.5 дахь заалтыг үгчилсэн байдлаар тайлбарлаж, гэрээ байгуулагдсан зорилго, талуудын бодит хүсэл зориг, гэрээ байгуулах үеийн нөхцөл байдал болон талуудын харилцан ойлголтыг огт харгалзан үзээгүй байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.2.5 дахь заалтад “сурах бичиг худалдах, түгээх ажлыг бусад компанид давхардуулан олгохгүй байх” гэж тусгасан нь санамсаргүйгээр оруулсан нөхцөл бус, харин гэрээний эдийн засгийн үндсэн баталгаа болсон заалт юм. Учир нь нэхэмжлэгч компани нь сурах бичгийг улсын төсвөөр хэвлүүлэхгүйгээр өөрийн хөрөнгөөр хэвлэж, борлуулалтын орлогоос зардлаа нөхөх нөхцөлтэйгөөр сонгон шалгаруулалтад оролцсон. Өөрөөр хэлбэл, Боловсролын ерөнхий газраас зохион байгуулсан сонгон шалгаруулалтын агуулга, гэрээний нөхцөлөөс үзэхэд нэхэмжлэгч компанид сурах бичиг хэвлэх, нийлүүлэх, худалдах онцгой эрх олгогдож байгаа талаар ойлголт төрүүлсэн бөгөөд энэ нь гэрээ байгуулахад нөлөөлсөн гол хүчин зүйл болсон. Хэрэв нэхэмжлэгч компани сурах бичиг хэвлэсний дараа захиалагч өөр этгээдээр ижил төрлийн сурах бичиг хэвлүүлэх, нийлүүлэх, түгээх ажиллагаа зохион байгуулна гэдгийг мэдэж байсан бол өөрийн хөрөнгөөр их хэмжээний хэвлэлийн зардал гаргах, эдийн засгийн эрсдэл хүлээх шаардлагагүй байсан.

Түүнчлэн хариуцагчийн дээрх ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчсөн байна. Учир нь хариуцагч байгууллага сонгон шалгаруулалт зохион байгуулж, гэрээ байгуулан, гэрээний 3.2.5 дахь заалтаар сурах бичиг худалдах, түгээх ажлыг бусад этгээдэд давхардуулан олгохгүй байх үүрэг хүлээснээр нэхэмжлэгчид сурах бичгийг хэвлэн борлуулах боломж бүрдэнэ гэсэн хууль ёсны итгэлийг бий болгосон. Нэхэмжлэгч энэхүү итгэлд үндэслэн өөрийн хөрөнгөөр сурах бичгийг хэвлүүлсэн боловч дараа нь хариуцагч өөрийн өмнөх үйл ажиллагаатай зөрчилдсөн шийдвэр гаргаж, уг хууль ёсны итгэлийг алдагдуулсан болно.

Гэтэл гэрээ байгуулагдсаны дараа Боловсролын ерөнхий газар 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “Ерөнхий боловсролын сургуульд 2025-2026 оны хичээлийн жилд 6-12 дугаар ангийн сурах бичиг тээвэрлэн хүргэх” тендер, 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр “1-6 дугаар ангийн сурах бичиг тээвэрлэн хүргэх” тендерүүдийг тус тус зарлаж, эдгээр ажлыг бусад этгээдээр гүйцэтгүүлсэн байна. Эдгээр үйл ажиллагаа нь гэрээний 3.2.5 дахь заалтын зорилго, агуулгатай нийцэж байгаа эсэхийг анхан шатны шүүх бодитоор шалгаж дүгнээгүй. Учир нь гэрээний уг заалтын зорилго нь зөвхөн сурах бичгийг худалдах эрхийг бусдад давхардуулан олгохгүй байх төдий бус, харин нэхэмжлэгчийн хэвлэсэн сурах бичгийг зах зээлд борлуулах боломжийг хамгаалах, гэрээний эдийн засгийн үр өгөөжийг алдагдуулахгүй байх баталгааг бий болгоход оршиж байсан. Түүнчлэн хариуцагч байгууллага нь нэг талаас нэхэмжлэгчид сурах бичгийн хэрэгцээ, тооцоолол, нийлүүлэлтийн мэдээллийг гаргаж өгч, түүнд үндэслэн сурах бичиг хэвлүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн атлаа нөгөө талаас актлагдах шаардлагатай сурах бичгийг үнэ төлбөргүй ашиглуулах, мөн нэмэлтээр сурах бичиг хэвлүүлэх ажиллагаа зохион байгуулсан нь нэхэмжлэгчийн хэвлэсэн сурах бичгийн борлуулалтад шууд сөргөөр нөлөөдсөн. Гэтэл анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг үнэлэлгүйгээр гэрээний 3.2.5 дахь заалтыг зөвхөн үгчилсэн байдлаар тайлбарлаж, талуудын гэрээ байгуулах болсон зорилго, нэхэмжлэгчид бий болсон хууль ёсны итгэл, хариуцагчийн үйл ажиллагааны үр дагаврыг харгалзан үзээгүй нь нотлох баримтыг бүрэн үнэлээгүй, гэрээний агуулгыг буруу тайлбарласан гэж үзэх үндэслэл болно.

3.2. Боловсролын сайд, Боловсролын ерөнхий газрын буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирол 5 053 226 884.62 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд:

Шүүхийн шийдвэрийн 22 дахь тал, 2.3 дугаартай хэсэгт “...2019 оны сурах бичгийг төлбөргүй ашиглуулсан, сургуулийн номын сангаар ашиглуулах сурах бичгийг хэвлэх, хүргэх ажлыг сонгон шалгаруулалтаар өөр этгээдээр гүйцэтгүүлсэн захиргааны шийдвэр, үйл ажиллагаа хуульд нийцсэний дээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй буюу шалтгаант холбоогүй байх тул хохирол ч, нөхөн төлбөр ч шаардах эрх нэхэмжлэгчид үүсээгүй байна...” гэж дүгнэжээ.

Мөн шүүхийн шийдвэрийн 22 дахь тал, 2.4 дугаартай хэсэгт “Талуудын хооронд байгуулсан 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 411 дугаартай “Сурах бичиг хэвлэх, худалдах, хүргэх” ажил гүйцэтгэх гэрээнд сурах бичгийн эрэлтийг хангах гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч компани суралцагчийн захиалгын аппликейшнээр дамжуулан сурах бичгийн эрэлтийг тодорхойлох, төрийн захиргааны байгууллагаас сурах бичгийн эрэлтийн талаарх мэдээллийг авах байдлаар гэрээний харилцаанд оролцсон боловч эрэлтэд заасан үзүүлэлтийг 100 хувь хангах ёстой гэдэг үүднээс хэвлэгдсэн сурах бичгийн борлогдоогүй үлдсэн хэсгийг хохирол гэж үзэх боломжгүй байна” гэж дүгнэжээ. Гэвч энэхүү дүгнэлт нь нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл болон маргааны гол агуулгыг буруу ойлгосон байна. Нэхэмжлэгч нь сурах бичгийн эрэлтийн тооцоолол 100 хувь биелээгүй учраас борлогдоогүй үлдсэн бүх сурах бичгийг хохирол гэж үзэж байгаа хэрэг биш юм. Харин хариуцагч байгууллагын хууль бус үйл ажиллагаа, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн үйлдлийн улмаас сурах бичгийн борлуулалтад шууд нөлөөлж, борлуулалтын боломжийг буруулсан нөхцөл байдлыг хохирлын шалтгаан гэж маргаж байгаа болно.

Тодруулбал, нэхэмжлэгч компани нь Боловсролын ерөнхий газраас гаргасан сурах бичгийн хэрэгцээ, эрэлтийн тооцоо, өгсөн мэдээлэл, талуудын хооронд байгуулсан гэрээний нөхцөлд үндэслэн өөрийн хөрөнгөөр их хэмжээний сурах бичиг хэвлүүлсэн. Гэтэл үүний дараа хариуцагч байгууллагаас 2019 онд хэвлэгдсэн сурах бичгийг үнэ төлбөргүй ашиглуулах, нэмэлтээр сурах бичиг хэвлүүлэх, нийлүүлэх ажиллагааг бусад этгээдээр гүйцэтгүүлэх замаар сурах бичгийн зах зээл дэх эрэлтийг өөрчилсөн бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн хэвлэсэн сурах бичгийн борлуулалтад шууд нөлөөлсөн байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан хохирлын үндэслэл нь хариуцагч байгууллага гэрээ байгуулагдсаны дараа анхны тооцоолол, мэдээлэл, гэрээний нөхцөлийг үндсэндээ өөрчилсөн шийдвэрүүд гаргаж, нэхэмжлэгчийн борлуулалтын боломжийг бууруулсан явдалтай холбоотой юм. Өөрөөр хэлбэл, хэрэв хариуцагч байгууллага маргаан бүхий чиглэл гаргаж 2019 онд хэвлэгдсэн сурах бичгийг үнэ төлбөргүй ашиглуулаагүй, мөн нэмэлтээр сурах бичиг хэвлүүлэх, нийлүүлэх ажиллагааг зохион байгуулаагүй байсан бол нэхэмжлэгчийн хэвлүүлсэн сурах бичгийн борлуулалтын хэмжээ өөр байх бодит боломжтой байсан. Гэтэл анхан шатны шүүх борлуулалт буурсан шалтгаан нь зах зээлийн ердийн эрсдэл байна уу, эсхүл хариуцагч байгууллагын шийдвэр, үйл ажиллагааны үр дагавар байсан уу гэдэг маргааны гол асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан байна. Иймд шүүх хохирол болон хариуцагчийн үйл ажиллагааны хоорондын шалтгаант холбоог бүрэн шалгаж тогтоогоогүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүхийн шийдвэрийн 22 дахь тал, 2.6 дугаар хэсэгт “...Боловсролын сайдын 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1/4271 дугаартай албан бичгээр 2019 онд хэвлэсэн сурах бичгийг ашиглуулах чиглэл хүргүүлсэн шийдвэр нь давагдашгүй хүчин зүйлд хамаарахгүй. Учир нь гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл бий болсныг тодорхойлсон төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр нь уг ойлголтод хамаарахаас бус захиргааны байгууллагын бүхий л шийдвэрийг гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл гэж үзэхгүй” гэж дүгнэжээ. Гэвч энэхүү дүгнэлт нь талуудын хооронд байгуулсан гэрээний 6.2 болон 6.4 дэх заалтын агуулгыг бүрэн үнэлээгүй, гэрээний нөхцөлийг хэт явцуу байдлаар тайлбарласан байна. Нэхэмжлэгчийн зүгээс Боловсролын сайдын гаргасан аливаа шийдвэрийг бүхэлд нь “давагдашгүй хүчин зүйл” гэж үзэх ёстой гэж маргаагүй болно. Харин тухайн тохиолдолд гэрээ байгуулагдсаны дараа талуудын хүсэл зориг, хяналтаас үл хамааран гарсан захиргааны шийдвэрийн улмаас гэрээ байгуулах үед тооцоолж байсан нөхцөл байдал үндсэндээ өөрчлөгдөж, гэрээний эдийн засгийн үр дагаварт шууд нөлөөлсөн талаар маргаж байна. Тодруулбал, талууд гэрээ байгуулах үед 2019 онд хэвлэгдсэн сурах бичгийг дахин хэрэглээнд нэвтрүүлж, үнэ төлбөргүй ашиглуулах талаар ямар нэгэн шийдвэр хүчин төгөлдөр байгаагүй бөгөөд нэхэмжлэгч компани тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан зохицуулалт, хариуцагч байгууллагаас өгсөн хэрэгцээ, тооцоолол, мэдээлэлд үндэслэн сурах бичгийг өөрийн хөрөнгөөр хэвлүүлсэн байдаг. Гэтэл үүний дараа Боловсролын сайдын 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1/4271 дугаартай албан бичгээр 2019 онд хэвлэгдсэн сурах бичгийг ашиглуулах чиглэл өгснөөр нэхэмжлэгчийн хэвлүүлсэн сурах бичгийн эрэлт, борлуулалтын нөхцөл байдалд шууд нөлөөлсөн байна. Энэхүү нөхцөл байдал нь нэхэмжлэгч болон Боловсролын ерөнхий газрын хүсэл зоригоос үл хамааран үүссэн бөгөөд гэрээ байгуулах үед урьдчилан тооцоолох боломжгүй байсан онцгой нөхцөл байдал мөн.

Түүнчлэн шүүх гэрээний 6.4 дэх заалтыг огт үнэлээгүй байна. Уг заалтаар захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн аваагүй тохиолдолд ажлын үр дүн ажил гүйцэтгэгчийн эзэмшилд байсан ч гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлээс үүсэх эрсдэл, үр дагаврыг захиалагч хариуцахаар талууд харилцан тохиролцсон байдаг. Гэтэл анхан шатны шүүх гэрээний эрсдэл хуваарилсан зохицуулалтыг үнэлэлгүйгээр зөвхөн “давагдашгүй хүчин зүйл” гэх ойлголтын ерөнхий тайлбарт тулгуурлан дүгнэлт хийсэн.

3.3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл бүрт бүрэн дүгнэлт өгөөгүй тухайд:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэлд нь үнэлж, нэхэмжлэлийн үндэслэл тус бүрт эрх зүйн зүйн дүгнэлт өгөх үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, нэхэмжлэлийн зарим үндэслэлд огт дүгнэлт өгөөгүй байна. Тухайлбал, нэхэмжлэгчээс Боловсролын ерөнхий газар сурах бичгийн хэрэгцээ, эрэлтийн талаарх бодит бус мэдээлэл өгч, уг мэдээлэлд үндэслэн нэхэмжлэгч өөрийн хөрөнгөөр их хэмжээний сурах бичиг хэвлүүлэхэд хүргэсэн талаар маргасан. Мөн ашиглалтын хугацаа дууссан, актлах шаардлагатай сурах бичгийг тухай бүр акталж, хэрэглээнээс хасах арга хэмжээ аваагүй хууль бус эс үйлдэхүйн улмаас 2019 онд хэвлэгдсэн сурах бичгийг дахин сургалтад ашиглах нөхцөл бүрдэж, улмаар нэхэмжлэгчид учирсан хохирлын шалтгаан болсон талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Гэвч анхан шатны шүүх эдгээр үндэслэлд ямар нэгэн эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр орхигдуулсан байна.

Мөн нэхэмжлэгчээс талуудын хооронд байгуулсан 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 411 дугаартай “Сурах бичиг хэвлэх, худалдах, хүргэх” ажил гүйцэтгэх гэрээний хэрэгжилтийн явцад хариуцагч байгууллага сурах бичгийг сургуулийн номын сангаар дамжуулан түрээслүүлэхийг зөвшөөрч байсан, ерөнхий боловсролын сургуулиуд ч нэхэмжлэгчийн нийлүүлсэн сурах бичгийг суралцагчдад худалдах, түрээслэх ажиллагааг бодитоор хэрэгжүүлж байсан талаар тайлбарлаж, маргаж байсан. Энэхүү нөхцөл байдал нь талуудын хоорондын гэрээний бодит хэрэгжилт, гэрээний агуулгыг тодорхойлоход ач холбогдолтой байхад анхан шатны шүүх уг үндэслэлд ямар нэгэн няцаалт, эрх зүйн дүгнэлт огт хийгээгүй орхигдуулсан байна.

Түүнчлэн Боловсролын сайд маргаан бүхий шийдвэрийг гаргах хуульд заасан бүрэн эрхтэй эсэх, Боловсролын ерөнхий газрын даргын дээрх эс үйлдэхүй хуульд нийцсэн эсэх, эдгээр үйл ажиллагаа нэхэмжлэгчид учирсан хохиролтой шалтгаант холбоотой эсэх асуудлыг тус бүрээр нь үнэлж дүгнээгүй. Гагцхүү ерөнхий байдлаар захиргааны шийдвэр, үйл ажиллагаа хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, захиргааны хууль бус шийдвэр, хууль бус эс үйлдэхүй, тэдгээрийн улмаас учирсан хохирол болон шалтгаант холбоо байгаа эсэх асуудлыг нэхэмжлэлийн үндэслэл тус бүрээр нь шалгаж, нотлох баримттай харьцуулан үнэлж, эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай байсан боловч анхан шатны шүүх энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:      

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Нэхэмжлэгч “Э” ХХК-иас “Боловсролын сайдын 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1/4271 дугаартай “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичгийн хоёр дахь заалтыг хууль бус байсан болохыг тогтоолгох, хариуцагч нарын буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч компанид учирсан хохиролд 5 053 226 844.62 төгрөгийг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2.2 Нэхэмжлэгч компанийн хувьд Боловсролын ерөнхий газраас зарласан ерөнхий боловсролын сургуульд ашиглах сурах бичиг худалдах сонгон шалгаруулалтад оролцож, Боловсролын ерөнхий газартай 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 411 дүгээр “Сурах бичиг хэвлэх, худалдах, хүргэх” ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 411+1 дүгээр “Сурах бичиг хэвлэх, худалдах, хүргэх” ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” гэрээгээр гэрээний хугацааг 1 жилээр сунгасан байна.

2.3. Маргаан бүхий Боловсролын сайдын 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1/4271 дүгээр албан бичгийн 2 дахь заалтаар “Дунд, ахлах ангийн сурах бичиг хүрэлцээгүй байгаа тул 2019 онд хэвлэгдсэн дахин ашиглах боломжтой сурах бичгийг суралцагчдад үнэ төлбөргүй ашиглуулах” талаар чиглэл өгсөн байх бөгөөд нэхэмжлэгчээс ийнхүү чиглэл өгсөн нь “...ном, сурах бичгийг 4 жил ашигласны дараа акталж, шинээр хэвлүүлэх шаардлагатай учир ном сурах бичгийг 4 жил төлбөртэй ашиглуулсны төлөө авах төлбөр нь 4 жилийн дараа шинээр хэвлэгдэх номын зардлыг дарах боломжтой байдлаар төлбөрийн хэмжээг тогтоосон, ... журмын дагуу 4 жилийн өмнө хэвлэгдсэн ном, сурах бичгийг сургалтад ашиглах боломжгүй, ... сургуулиуд актлагдах шаардлагатай 2019 онд хэвлэгдсэн сурах бичгүүдийг сургалтад ашигласан байсантай холбоотой бидний хэвлэсэн номууд зарагдахгүй, бидний борлуулалтад шууд нөлөөлж, борлуулалт хийгдээгүй, ... 2019 онд сурах бичгүүд буюу хэрэглэгдэх учиргүй сурах бичгүүдийг ашиглах замаар сурах бичгийн хэрэгцээг хангах хууль бус шийдвэрийг гаргасан, ... хариуцагчдын шийдвэр, үйл ажиллагааны улмаас бид Боловсролын ерөнхий газартай байгуулсан гэрээний үүргээ гүйцэтгэж, хэвлүүлсэн номоо худалдан борлуулах боломжгүй болж хохирсон...” гэж тайлбарлан маргажээ.

2.4. Анхан шатны шүүх “... эрүүл ахуйн болон ашиглалтын шаардлага хангаагүй буюу акталсан сурах бичгийг ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад хэрэглүүлж, ашиглуулах агуулга бүхий захиргааны актыг хариуцагчаас гаргаагүй, ... түүнчлэн Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/391 дугаартай “Сурах бичгийн жагсаалт батлах тухай” тушаалын хавсралтаар ерөнхий боловсролын сургуулийн сургалтад 2023-2024 оны хичээлийн жилд хэрэглэх сурах бичгийн жагсаалтыг батлахдаа “...сургалтад 2020, 2021, 2022, 2023 онд хэвлэгдсэн сурах бичиг хэрэглэнэ” гэж заасан нь сурах бичгийн агуулга, хөтөлбөр өөрчлөгдөөгүй байгаа энэ тохиолдолд 2019 онд хэвлэгдсэн эрүүл ахуйн болон ашиглалтын шаардлага хангаж буй сурах бичгийг хэрэглэхийг хориглосон агуулгагүй байна...” гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасантай нийцсэн байна.

2.5. Тодруулбал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/302 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад сурах бичиг төлбөртэй ашиглуулах үйлчилгээний журам”-ын 1.3.4-д ““Төлбөртэй ашиглуулах сурах бичгийн ашиглалтын хугацаа” гэж сурах бичиг хэрэглээнд орсноос хойш элэгдэж, шинээр солих шаардлагатай болох хүртэлх хугацааг” ойлгоно, тус журмын хавсралтаар баталсан “Сурах бичиг ашиглуулах үйлчилгээний төлбөрийн хэмжээ тогтоох аргачлал”-ын 2-ын е-д “Сурах бичгийн ашиглалтын хугацаа” 4 жил гэжээ.

Гэвч 2019 онд хэвлэгдсэн сурах бичгүүдийн хувьд COVID-19 цар тахлын улмаас тухайн хэвлэгдсэн ондоо хэрэглээнд орж, элэгдээгүй болох нь Монгол Улсын Засгийн газар болон Улсын онцгой комиссоос сургууль, цэцэрлэгийн танхимын үйл ажиллагааг түр зогсоосон, теле хичээл зохион байгуулсан, цахимаар хичээллэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж ажилласан, улмаар 2021 онд халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор сургууль, цэцэрлэгийн танхимын хичээлийг үе шаттайгаар нээсэнтэй холбоотойгоор хэрэглээнд орсон болох нь нийтэд илэрхий үйл баримт, энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэслэл бүхий байх тул “2019 оноос 4 жилийн хугацааг тооцож, ашиглалтын хугацаа дууссан, ашиглах боломжгүй сурах бичих” гэж шууд дүгнэх боломжгүй байна.

Иймээс хариуцагч Боловсролын сайдын 2019 онд үйлдвэрлэгдсэн дунд, ахлах ангийн сурах бичгийг суралцагчдад үнэ төлбөргүй ашиглуулахаар чиглэл өгсөн нь Боловсролын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Боловсролын санхүүжилтийн тогтолцоо чанар, гүйцэтгэл, үр дүнд суурилсан, бие даасан, ил тод, үр ашигтай байх зарчмыг баримтална”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуульд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 25.1.4-д “иргэнд боловсрол эзэмшүүлэх, мэргэжил олгох, боловсрол, мэргэжлийг дээшлүүлэх талаар бусад байгууллагаас зохион байгуулж байгаа үйл ажиллагааг төрийн захиргааны болон мэргэжлийн удирдлагаар хангах, зохицуулах” гэж тус тус заасанд нийцжээ.

2.6. Нөгөөтээгүүр, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-д “Сурах бичгийг бага ангийн суралцагчид төлбөргүйгээр, дунд, ахлах ангийн суралцагчид сургуулийн номын сангаар дамжуулан төлбөртэй ашиглуулах бөгөөд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүсэлт гаргасан бол сурах бичгийг худалдан авч болно” гэж хуульчилсан бол хавтаст хэрэгт авагдсан 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 411 дүгээр “Сурах бичиг хэвлэх, худалдах, хүргэх” ажил гүйцэтгэх гэрээний 1.2.2-т “Суралцагчаас өөрийн аппликэйшнээр дамжуулан захиалга авах ажлыг зохион байгуулах”, 1.2.3-д “Захиалгын үндсэн дээр худалдах, түгээх ажлыг зохион байгуулах”, 4.2.5-д “Сурах бичгийг хэвлэн, худалдах маркетинг болон борлуулалттай холбоотой аливаа эрсдэлийг гүйцэтгэгч тал хариуцах”-аар тохиролцжээ.

Дээрхээс үзвэл, гүйцэтгэгч компани нь суралцагч сурах бичгийн захиалга өгсний дагуу сурах бичгийг хэвлэн, хүргүүлэх ажлыг зохион байгуулахаар байна. Тиймээс нэхэмжлэгч компани нь суралцагч болон эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн өгсөн аливаа захиалгагүйгээр, зохист тооцооллыг хийж чадалгүйгээр сурах бичгүүдийг хэвлэж зардал гаргасан, улмаар зарагдахгүй үлдсэн явдалд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.

2.7. Мөн гэрээний 4.2.8-д “Энэхүү гэрээний хавсралтад заасан сурах бичгийг аймаг, сум, дүүргийн ерөнхий боловсролын сургуульд өөрийн агуулахаар дамжуулан хомсдол үүсгэхгүйгээр түгээх ажлыг зохион байгуулах” гэж заасан байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах төвийн 11-11 дугаарт ирсэн гомдлуудаас үзэхэд, сурах бичгийн хүрэлцээ, “Э” ХХК-ийн номын үнэ болон захиалсан сурах бичиг хүргэгдэхгүй удааширсантай холбоотой гомдлууд удаа дараа ирсэн болох нь тогтоогдож буй энэ тохиолдолд 2019 онд үйлдвэрлэгдсэн ашиглалтын шаардлага хангаж буй сурах бичгийг хэрэглэж, сурах бичгийг хүрэлцээг хангах талаар ийнхүү зохицуулалт хийснийг буруутгах үндэслэлгүй.

2.8. Түүнчлэн гэрээний 3.2.5-д “Сурах бичиг худалдах, түгээх ажлыг бусад компанид давхардуулан олгохгүй” гэж тусгасан байх бөгөөд анхан шатны шүүх захиалагч энэхүү гэрээний үүргээ зөрчөөгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Учир нь Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна”, 198 дугаар зүйлийн 198.1-д “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж тус тус заасан бөгөөд хариуцагчаас гагцхүү ашиглалтын шаардлага хангаж буй сурах бичгийн хэрэглэх чиглэл өгсөн буюу сурах бичиг, худалдах, түгээх ажлыг өөр бусад компанид олгоогүй байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...гэрээний уг заалтын зорилго нь зөвхөн сурах бичгийг худалдах эрхийг бусдад давхардуулан олгохгүй байх төдий бус, харин нэхэмжлэгчийн хэвлэсэн сурах бичгийг зах зээлд борлуулах боломжийг хамгаалах, гэрээний эдийн засгийн үр өгөөжийг алдагдуулахгүй байх баталгааг бий болгоход оршиж байсан” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 403 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Г.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ                                                           Ц.ОДМАА

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН