Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 127/ШШ2019/0013

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:127/2019/0007/З

 

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Г Ж” ХХК,

Хариуцагч: Хэнтий аймгийн Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: Г.Ж” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн өргөдлийг хүлээн авахаас татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, мөн Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн № 09/1355 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоож өргөдлийг хүлээн авч хуульд заасан үндэслэл журмын дагуу ажиллагаа хийхийг даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хшигжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.А-, хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М-, Б.М-, Н.Н-, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Г.Отгонзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Г.Ж” ХХК нь 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хамгийн анх Хэнтий аймгийн Засаг даргад ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасан. Мөн үүний дараа 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр дахин өргөдөл гаргасан. 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн өргөдлийн хариунд Хэнтий аймгийн Засаг даргын орлогчоос 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 09/1037 тоот албан бичгээр хариу ирүүлсэн. Өргөдлийн хариуны үндэслэлд Хэнтий аймгийн Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн А/02 тоот тогтоолоор “Г.Ж” ХХК-ийн өргөдөлд дурдагдсан талбай давхцалтай байна. Ийм учраас Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу олгох боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн. Энэ хариуг хүлээн авмагцаа үүнийг тодруулахаар манай байгууллагын зүгээс Хэнтий аймгийн Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Энхсүх гэдэг хүнтэй уулзаад тухайн гаргасан Хэнтий аймгийн Мөрөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/02 тоот  тогтоол нь албан ёсоор бүртгэгдээгүй, эх хувиараа нийтлэгдээгүй хүчин төгөлдөр бус хэм хэмжээний акт болох талаар хэлсэн. Үүний дагуу дахин Ашигт малтмал газрын тосны кадастрын хэлтэст албан ёсны бичиг явуулахад бүртгэгдээгүй байна гэсэн хариу ирүүлсэн. Энэ хариунуудыг үндэслээд бидний зүгээс 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр дахин өргөдөл гаргасан. Үүний дагуу Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаас 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 09/1355 тоот албан бичгээр хариу ирүүлсэн. Уг хариунд өмнөх гаргасан шийдвэрээ тайлбарласан маягтай, мөн өмнөх шийдвэрт дурдагдаагүй хоёр компани манай өргөдөлд дурдагдсан талбайтай давхцалтай байгаа учраас олгох боломжгүй гэсэн хариу ирүүлсэн. Сүүлийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын шийдвэр хууль бус гэж дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:

1.  Хэнтий аймгийн Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн А/02 тоот тогтоол нь хэм хэмжээний акт юм. Өөрөөр хэлбэл нийтээр дагаж мөрдөгдөх, дахин давтагдах шинжтэй хэм хэмжээний актын ерөнхий шинжийг хангасан акт гэж үзэж байна. Тухайн хэм хэмжээний актыг баталснаас хойш албан ёсоор бүртгүүлээд, хэм хэмжээний бүртгэлд төрийн мэдээлэлд эх хувиар нь ажлын 10 хоногийн дотор бүртгэгдсэнээс хойш хүчин төгөлдөр мөрдөгдхөөр бол Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг ,64 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 67 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 67 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд шийдвэр гаргах ажиллагааны журмыг тусгайлан зохицуулсан байдаг.

Гэтэл тухайн хүчин төгөлдөр болоогүй хэм хэмжээний актыг үндэслэл болгоод манай талаас гаргасан өргөдлийг үндэслэлгүйгээр татгалзаж шийдвэрлэж байгаа нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Тухайлбал аливаа захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа  хууль болон хэм хэмжээний актыг дагах учиртай юм. Энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдсан. Өмнө нь өргөдөл гаргасан гэх “Хан цомуун” болон “Мичид цэлмүүн” ХХК-ийн тухайд тус компаниуд нь бүртгэлтэй эсэх талаар бид нар анх өргөдлөө өгөхдөө бүртгэлийн дэвтэрийг сайн харсан. Мөн бүртгэдэг хүнээс нь лавлаж асуухад манай компанийг оруулаад 4 компани байсан.

2.  Өргөдөл бүртгэх дэвтэр албан хэрэг хөтлөлтийн журмын дагуу бүртгэгдээгүй, он, сар, дарааллын дагуу бүртгэгдээгүй, он, сар, өдрийн дараалал алдагдсан бүртгэлийн дэвтэр байсан. Мөн өргөдөл гаргахдаа тушаасан улсын тэмдэгтийн хураамжийн огноо 2019 оны 4 дүгээр сарын 18, 19 өдөр байсан. Гэхдээ тус улсын тэмдэгтийн хураамж төлсөн огноогоор өргөдөл гаргасан гэсэн үг биш юм.

3.  Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт “Өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай өргөдөл гаргасан этгээдэд аймаг, нийслэлийн Засаг дарга бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэнэ” гэж заасан байдаг. “Хан цомуун” болон “Мичид цэлмүүн” ХХК-д мөн адил 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр олгох боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн. Тэгэхээр 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр өргөдөл гаргах үед тус компаниуд өргөдөл гаргасан гэх үндэслэлгүй байна. Мөн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн албан бичгээр тус хоёр компанитай давхцалтай байгаа талаар дурдаагүй байж 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн албан бичигт дурдсан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

... Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулинд өргөдлийг бүртгэж аваад ямар процессоор явахыг тодорхой заасан байдаг. Өргөдлийг хүлээж авсан анхан шатны шүүлт буюу улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн эсэхийг бүртгэнэ. Шүүлт хийсний дараа наад захын анхан шатны шаардлагыг хангасан эсэхийг бүртгэнэ. Бүртгэсний дараа өргөдөлөлд дурдагдсан талбай нь олгогдсон эсвэл улсын тусгай хэрэгцээнд авсан талбайтай давхцсан эсэх талаар мэдэхийн тулд төрийн захиргааны байгууллага буюу ашигт малтмал газрын тосны кадастрын хэлтэс рүү цахим хэлбэрээр хүргүүлээд хариу албан тоот ирсэний дараа захиргааны байгууллагын шийдвэрт үндэслээд олгох үгүй асуудлыг шийдэх ёстой байсан. Уг ажиллагаа хийгдээгүй байгаа юм.

... Ямар ч захиргааны байгууллага хүчин төгөлдөр захиргааны хэм хэмжээний актыг үндэслэх ёстой. Тухайн шийдвэрийг гаргахдаа хүчин төгөлдөр болоогүй хэм хэмжээний актыг үндэслэж тодорхой үндэслэлгүйгээр манай өргөдлөөс татгалзсан учраас энэ шийдвэр нь хууль бус гэж байгаа юм. Мөн Түгээмэлт тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан тодорхой процесс ажиллагааг явуулаагүй, процессын алдаатай захиргааны акт гаргасан. Иймд Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ж.Ганбаатарын 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 9/1355 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хүлээн авч хууль заасан үндэслэл журмын дагуу ажиллагааг хийхийг даалгаж өгнө үүгэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.А- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Ж” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн өргөдлийг хүлээн авахаас татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, өргөдөл болон холбогдох материалуудыг төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, бүртгэл хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

... Газрыг улсын тусгай хэрэгцээнд авч байгаа хэм хэмжээний акт нь хуулийн шаардлага хангасан байх шаардлагатай юм. Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэм хэмжээний актыг Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгэсэн байх шаардлагатай. Гэтэл 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр бүртгээгүй байсан.

... Кадастрын албанаас солбилцлын зөрүүтэй байна бүртгэх боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн. Гэтэл 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр бүртгэгдээгүй, кадастрын алба руу тогтоолоо явуулаагүй байсан. Төрийн байгууллагын үйл ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан хуульд нийцсэн байх ёстой гэсэн шаардлагын хүрээнд, тухайн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хэрхэн ямар процесс болсон бэ гэдэг үйл баримтыг дүгнэх гэж байгаа юм.

Хамгийн сүүлд ирсэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/22 тоот тогтоолийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр кадастрын хэлтэсд бүртгэсэн байна.  

Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3 дахь хэсэгт заасны дагуу Хууль зүйн яаманд бүртгэж байж хуулийн хүчин төгөлдөр болох юм.

  ... Хариуцагч талаас татгалзаад байгаа хууль зүйн үндэслэлүүдийг нь бидний зүгээс хүчингүй гэж үзэж байна.

... “Мичид цэлмүүн” болон “Хан цомуун” ХХК-д 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө олгох боломжгүй гэсэн татгалзсан хариу өгсөн байж тэрнээс хойш “Г.Ж” ХХК-д давхцалтай гэсэн хариуг өгсөн.

... Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт “Өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол... ” гэж заасан байдаг. Татгалзсан үндэслэлд дурдаад байгаа “Мичид цэлмүүн” болон “Хан цомуун” ХХК-д олгогдоогүй байж олгогдсон талбайтай давхацсан гэж татгалзаж байгаа юм. Мөн Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн А/02 дугаар тогтоол, 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/07 дугаар тогтоол аль аль нь давхцалгүй юм. Давхцалгүй гэдгийг юугаар тогтоож байна гэхээр Хууль зүйн дотоод хэргийн яамнаас ирсэн хэм хэмжээний актад Захиргааны ерөнхий хуулийн дагуу бүртгэх ёстой байсан бүртгэгдээгүй гэсэн албан тоот. Мөн Ашигт малтмал газрын тосны кадастрын хэлтсээс ирүүлсэн албан тоотоор Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/07 дугаар тогтоолыг бүртгээгүй гэсэн албан тоотоор тогтоогдож байгаа юм. Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар давхцалтай эсэхийг шалгах байгууллага биш юм. Мэргэжлийн төрийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа Газрын харилцааны байгууллага болон Ашигт малтмал газрын тосны кадастрын хэлтсийн албан тоотоор давхцалтай эсэхийг үндэслэх ёстой юм. Өөрөөр хэлбэл 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолыг гаргахаасаа өмнө Ашигт малтмал газрын тосны кадастрын хэлтсээс лавлагаа авч, давхцалтай эсэхийг шалгаад тухайн байгууллагын албан тоотод үндэслэж хариу өгөх ёстой юм. Иймд холбогдох нотлох баримтыг бүрдүүлээгүй байж татгалзсан гэдэг нь харагдаж байна. Мөн хавтаст хэрэгт эдгээр талбай нь хэрхэн яаж давхацсан талаарх баримт байхгүй юм. Үүнээс хойш 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдйин Хурал ээлжит бус хурлыг дахин хуралдуулаад 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр кадастрын албанд бүртгэгдсэн гэсэн албан бичиг хавтаст хэрэгт байгаа. 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолоор газрыг тусгай хэрэгцээнд авах заалтын нэгдүгээр заалт, мөн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/07 дугаар тогтоолын нэгдүгээр заалтыг хооронд нь харьцуулаад харахад, А/07 дугаар тогтоол солбилцлын зөрүүтэй байна үүнийгээ засаад явуул гэсэн байдаг. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт  “Энэ хуулийн 6.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлд заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн хуулийн этгээдэд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл тухайн гурван компанийн материал улсын тусгай хэрэгцээнд давхцаагүй, бусдын олгогдсон талбайтай давхцаагүй, бүх зүйл ном журмын дагуу байх юм бол хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн хуулийн этгээдэд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл олгохоор заасан. Гэтэл Засаг дарга хамгийн түрүүн “Мичид цэлмүүн” болон “Хан цомуун” ХХК бүртгүүлсэн учраас “Г.Ж” ХХК-г давхцалтай гэж үзээд байгаа юм.

Мөн Засаг даргын Тамгын газар “Г.Ж” ХХК-ийн өгсөн кординат 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/22 дугаар тогтоолтой давхцаж байна уу гэдэг талаар кадастрын хэлтсээс лавлагаа авч, тус хэлтсээс давхцалтай гэсэн хариу ирвэл танай өгсөн кординат давхцалтай байна гэсэн хариуг албан ёсоор өгөх ёстой байсан. Гэтэл уг ажиллагааг хийгээгүй, мөн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/07 дугаар тогтоолыг кадастрын албанд бүртгээгүй байсан. Өөрөөр хэлбэл төрийн байгууллага хуульд нийцсэн үйл ажиллагаа явуулах байсан.

Иймд 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 9/1355 дугаар албан бичгээр хууль зөрчсөн захиргааны акт гаргасан байх тул хүчингүй болгох нь зүйтэй юм” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус компани нь 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр өргөдөл гаргасан. Тус өргөдлийг Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын архив бичиг хэргийн эрхлэгч бичиг хэрэг бүртгэх дэвтэрт бүртгэж аймгийн Засаг даргад танилцуулсан. Тухайн өргөдлийг хүлээж авмагц анхан шатны кординат дээр солбилцлын зөрүүтэй анхан шатны шүүлтийг авч үзэхэд Хэнтий аймгийн Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн А/02 тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газар нутагтай давхцалтай байсан. Тухайн газар нутагтай давхцалтай гэсэн хариуг түрүүлж өргөдөл гаргасан компани болон “Г.Ж” ХХК-д хүргүүлсэн. Тухайн үед Хэнтий аймгийн Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн А/02 тогтоол нь ашигт малтмал газрын тосны газрын кадастрын бүртгэлд бүртгэгдээд хүргэгдсэн байсан. Бүртгэгдсэн хариуг ажлын 10 хоног буюу хуулийн хугацаанд процесс ажиллагааг хийхээгүй учраас бүртгэх боломжгүй болсон байсан.

Архив бичиг хэрэг хөтлөлт заавар журмын дагуу Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газарт ирсэн бичгүүд нь тухайн албан байгууллагаас хэдний өдрөөс хэдний өдөр хүртэл гарснаас үл хамааран хүлээж авсан өдрөөр жагсааж бүртгэгддэг.  Дэвтэр хөтлөлтийн эхний баганд дугаарлалт, хоёр дахь баганд тухайн албан бичиг тухайн байгууллагаас гарсан он, сар, өдөр байдаг учраас он, сар, өдрийн дараалал алдагдаж харагдана. Мөн дараах баганд Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын хүлээж авсан он, сар, өдөр байдаг. Уг он, сар, өдөр нь дарааллаа алдана гэсэн зүйл байхгүй юм. Дээр нь өргөдлийг бүртгэж аваад ард нь шифэрлэж дугаарладаг. Ийм учраас бүртгэлийн дэвтрийн дугаар, он, сар, өдрийн дарааллыг алдагдуулж буруу хөтлөсөн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. “Хан цомуун” болон “Мичид цэлмүүн” ХХК-ийн өргөдлөөр ирсэн талбай “Г.Ж” ХХК-ийн өргөдлөөр ирсэн талбайтай давхцаж байгаа гэх хариуг гурван компанид зэрэг хүргүүлсэн. Харин танай компанийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн албан бичигт хариу өгөхдөө давхцаж өргөдөл ирүүлсэн компаниудыг дурдаж өгсөн. Мөн Хэнтий аймгийн Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол буюу захиргааны хэм хэмжээний актыг тухайн дээд шатны байгууллагад бүртгэх асуудлыг бид нар хариуцахгүй. Тухайн сумын нутгийн өөрөө удирдах байгууллага хариуцах асуудал юм. 

... Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн А/02 дугаар тогтоол нь тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/07 дугаар тогтоол болж өөрчлөгдсөн, тэгээд 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/22 дугаар тогтоол болж өөрчлөгдөх процесс нь Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газарт хамааралгүй тухайн нутгийн өөрөө удирдах байгууллагын хэм хэмжээний акт байгаа.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3 дах хэсэгт “өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 12.1, 12.2, 13.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд бүртгэсэн даруйд нь анхан шатны шүүлт хийж, шаардлагыг хангаагүй бол өргөдлийг хүлээн авахаас татгалзаж, татгалзсан шалтгаан, үндэслэлийг дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх” гэж заасан байдаг. Уг хуульд заасанчлан тухайн өргөдөлд хавсаргасан бичиг баримт нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд бүртгэсэн даруйд нь анхан шатны шүүлт хийж, шаардлагыг хангаагүй бол өргөдлийг хүлээж авахаас татгалзсан үндэслэлийг дурдаж хариуг бичгээр мэдэгдэнэ гэсэн байдаг. Манай байгууллага энэ заалтыг үндэслэж давхцалтай гэсэн хариу өгсөн.

Төрийн захиргааны төв байгууллага буюу Ашигт малтмал газрын тосны газрын Геодези зураг зүйн газар дээр байгаа кадастрын хэлтсийн мэдээллийн бүртгэлээс гадна аймаг бүрт Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар болон Байгаль орчны газар, Аялал жуулчлалын газруудад орон нутгийн хэмжээнд анхан шатны шүүлт хийх эрхтэй байдаг. Уг эрхийнхээ дагуу анхан шатны шүүлт хийснийг үндэслэж бүртгэхгүйгээр татгалзсан хариуг өгсөн.

... “Г.Ж” ХХК-ийн өргөдлөөр ирсэн солбилцлын цэг нь кадастрын хэлтсийн цахим бүртгэлд бүртгэгдсэн бол тухайн тайлбай дээр дахин өргөдөл бүртгэх боломжгүй юм. Тухайн өргөдлөөр ирсэн талбайнуудыг кадастрын хэлтсийн цахим бүртгэлд оруулахаасаа өмнө заавал анхан шатны шүүлт хийх зайлшгүй шаардлагатай байдаг. Яагаад гэвэл анхан шатны шүүлтийг хийхгүйгээр ямар нэгэн хуулийн этгээдийн эрх ашгийг хөндсөн талбайг цахимд оруулчих юм бол түүнийг өөрчлөх ямарч боломжгүй байдаг. Төрийн захиргааны төв байгууллагаас хариу ирсний дараа тухайн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон аймгийн тэргүүлэгчдийн хурлаар шийдвэр гартал нэгэнт цахимд бүртгэгдсэн талбайд бид нар өөрчлөлт оруулах эрхгүй байдаг” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ажлын 10 хоногт багтаан ашигт малтмал кадастрын хэлтэсд бүртгүүлнэ гэж заасан байдаг. “Г.Ж” ХХК нь 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр өргөдөл өгсөн. Тухайн үед ажлын 10 хоногт процессийн ажиллагаа явагдаж байсан. Мөн “Г.Ж” ХХК-ийн өргөдлийн өмнө нь “Мичид цэлмүүн” болон  “Хан цомуун” ХХК-ийн хоёр өргөдөл ирсэн байсан. Үүн дээр ямар нэгэн байдлаар ашигт малтмал кадастрын хэлтсийн нэгдсэн системийн бүртгэлд орж байсан бол хамгийн түрүүнд ирсэн өргөдөл бүртгэлд орно. Тэгэхээр түрүүлж ирсэн өргөдлийг бүртгэлд оруулсан тохиолдолд “Г.Ж” ХХК-ийн өргөдлийг бүртгэлд оруулах боломжгүй болж байгаа юм.

... Хайгуулийн талбай болон ашиглалтын талбай авсан газарт нарийвчилсан үнэлгээ хийх боломжгүй юм” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 Нэхэмжлэгч “Г.Ж” ХХК-иас Хэнтий аймгийн Мөрөн сумын нутаг “Хавтгай уул” нэртэй газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн хүсэлтийг Хэнтий аймгийн Засаг даргад 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр гаргасны дагуу Хэнтий аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжаваас 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 9/1037 дугаартай албан бичгээр[1] “...Танай өргөдөлд дурдагдсан талбай нь Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн А/02 дугаартай тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан газар нутагтай бүхэлдээ давхцалтай байна. Иймээс Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй” гэх хариуг өгчээ.

Хэнтий аймгийн Засаг даргад “Мичидцэлмүүн” ХХК нь 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр[2], “Хан цомуун” ХХК нь 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр[3], “Г.Ж” ХХК нь 2019 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр тус тус түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл[4] гаргасныг Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газрын ирсэн бичгийн бүртгэлд бүртгэсэн байна.

Дээрх компаниудын өргөдөлд Хэнтий аймгийн Засаг даргын орлогч Ч.Чогсомжав 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 9/1036 дугаартай албан бичгээр[5] “Мичидцэлмүүн” ХХК-д, 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 9/1038[6] дугаартай албан бичгээр “Хан цомуун” ХХК-д тус тус Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн хариу мөн адил хүргүүлжээ.

Гэтэл дээрх хуулийн этгээдүүдийн хүсэлтүүдэд татгалзах үндэслэл болсон тус аймгийн Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн А/02 дугаартай тогтоолыг аймгийн Засаг даргын тамгын газарт хүргүүлсэн атлаа Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар төрийн захиргааны байгууллагад хүргүүлээгүй болох нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн № 7/7019 тоот албан бичгээр[7] нотлогдож байна.

Нөгөөтэйгүүр “Г.Ж” ХХК-иас 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Засаг даргад тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн хүсэлтийг дахин гаргасан байх ба Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ж.Ганбаатараас 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 9/1355 дугаартай албан бичгээр[8] “...“Мичидцэлмүүн” ХХК болон “Хан цомуун” ХХК-иудын Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайтай бүхэлдээ болон хэсэгчлэн давхцалтай, мөн Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хуралдаж А/07 дугаартай тогтоол гаргаж, орон нутгийн тусгай хамгаалалтад дахин авч, уг тогтоолыг хуулийн хугацаанд Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн байна. ... Иймээс Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны А/07 тоот тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэгтэй” гэх шалтгааныг тус тус дурдаад мөн татгалзаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Учир нь Түгээмэл дархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Аймаг, нийслэлийн Засаг даргын өргөдлийг хүлээн авмагц хийх ажлыг хуульчилсан байх бөгөөд хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-д “өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 12.1, 12.2, 13.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд бүртгэсэн даруйд нь анхан шатны шүүлт хийж, шаардлагыг хангаагүй бол өргөдлийг хүлээн авахаас татгалзаж, татгалзсан шалтгаан, үндэслэлийг дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх”, 14.1.4-д “энэ хуулийн 14.1.3-т заасны дагуу анхан шатны шүүлт хийсний дараа өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгох өргөдлийг холбогдох материалын хамт төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх” гэжээ.

Хэнтий аймгийн Засаг даргын орлогч Ч.Чогсомжав 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 9/1036 дугаартай албан бичгээр татгалзсан хариу өгч, хэн алинийх нь хүсэлтийг төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлээгүй атлаа нэхэмжлэгчийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр дахин гаргасан хүсэлтэд “Мичидцэлмүүн” ХХК болон “Хан цомуун” ХХК-иудын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайтай бүхэлдээ болон хэсэгчлэн давхцалтай гэсэн хариуг өгсөн нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл аймаг, нийслэлийн Засаг дарга нь хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч анхан шатны шүүлт хийсний дараа өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгохоор өргөдлийг холбогдох материалын хамт төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүрэгтэй байх бөгөөд гагцхүү төрийн захиргааны байгууллага нь дээрх нөхцөл байдлыг шалгаж тогтоосны үндсэн дээр Түгээмэл дархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой, эсхүл боломжгүй талаар мэдэгдэхээр байна.

Гэтэл хариуцагчаас дээрх шаталсан арга хэмжээг авалгүйгээр Түгээмэл дархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасан “Өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай өргөдөл гаргасан этгээдэд аймаг, нийслэлийн Засаг дарга бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэнэ” гэсэн заалтыг баримталж татгалзсан хариу өгсөн нь хуульд нийцээгүй байна.

Мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хуралдаж А/07 дугаартай тогтоолыг Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар төрийн захиргааны байгууллагад хүргүүлсэн боловч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн № 7/5240 тоот албан бичгээр8 “солбилцлын цэгүүд алдаатай” гэсэн үндэслэлээр бүртгээгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Хэдийгээр Хэнтий аймгийн Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн № А/22 тогтоолоор маргаан бүхий газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн № 7/7497 тоот албан бичгээр Кадастрын бүртгэлийн системд бүртгэгдсэн талаар мэдээллийг ирүүлсэн байх боловч нэхэмжлэгч энэ талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “Г.Ж” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн өргөдлийг хүлээн авахаас татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, өргөдөл болон холбогдох материалуудыг төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, бүртгэл хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Түгээмэл дархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, 14.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г.Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Засаг даргад холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Г.Ж” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн өргөдлийг хүлээн авахаас татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, мөн Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн № 09/1355 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоож өргөдлийг хүлээн авч хуульд заасан үндэслэл журмын дагуу ажиллагаа хийхийг хариуцагчид даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1тус тус зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын улсын тэмдэгтийн хураамжид тус бүр төлсөн 70200 төгрөгнөөс төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

.

 

 

[1] Хавтаст хэргийн 18-р хуудас,

[2] Хавтаст хэргийн 169-р хуудас,

[3] Хавтаст хэргийн 78-р хуудас,

[4] Хавтаст хэргийн 82-р хуудас,

[5] Хавтаст хэргийн 17-р хуудас,

[6] Хавтаст хэргийн 23-р хуудас,

[7] Хавтаст хэргийн 155-р хуудас,

[8] Хавтаст хэргийн 24-р хуудас,