Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/980

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мичидмаа хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Амарзаяа,

Хохирогч О.О,

Шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Ө.Болормаа /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0583/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт М-ийн Б-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305033602150 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага, маркетингийн мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг гэх, *** тоотод оршин суух хаягтай боловч одоо *** тоотыг түрээслэн ганцаараа амьдарч байгаа гэх, /РД:***/, урьд ял шийтгэлгүй, Б овогт М-ийн Б.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч М.Б нь 2023 оны 8 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо *** тоотод согтуугаар гэр бүлийн хамаарал бүхий эхнэр О.О-тэй гэр бүлийн таарамжгүй харилцааны асуудлаас үүдэн маргалдаж нүүрэн тус газарт нь гараараа цохиж, зодон эрүүл мэндэд нь дух, хоёр нүдний зовхины цус хуралт, хоёр нүдний алимын цус хуралт, баруун гуяны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч М.Б-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...О наадам центрийн терасс дээр байхад пиво уугаад нойл орохдоо эмэгтэй хүмүүстэй муудалцсан. Тэгээд эхнэрээ дагуулаад машиндаа ороод уурласан. Өмнө нь салсан байж байгаад эргээд нийлэх гээд байнга цэцэг өгч, ажил дээрээс авч хүргэж өгөөд тоглолт үзээд гоё уур амьсгалтай байхад яагаад хүмүүстэй муудалцаад зодолдоод байгаа юм гэж хэлсэн. Үүнээс болж маргаан үүссэн. Бид хоёрын хооронд болсон асуудал нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байх “KH” гэх газрын үүдэнд машинаа тавьсан байсан бөгөөд тухайн газарт зодоон болсон үйл явдал болсон. Удалгүй манай найз ирээд гэрт хүргүүлсэн. Өөрсдөө хаалгаа онгойлгож гэртээ орсон. Хүүхдүүд унтаж байсан. Тэгээд эхнэрийнхээ хажуугаар ороод унтах гэтэл маргалдсан. Тэр үед миний хурууг хазсан. Тэгээд өглөө нь хүүхдүүддээ ээжид нь гар хүрсэн миний буруу гэдгээ хэлсэн. Дараа нь том хүү гэрчийн мэдүүлэг өгсөн. Энэ зүйлд маш их харамсаж байна. Хүүхдээ тийм газраар оруулсандаа харамсаж байна...” гэв.         

Хохирогч О.О шүүхийн хэлэлцүүлэг мэдүүлэхдээ: “...Шүүх хуралд өмгөөлөгчгүй оролцоно. Тухайн өдөр бид хоёр татар хамтлагийн тоглолтыг үзээд дараа нь наадам центрийн пабад суусан. Тэгээд одоо хоёулаа гарья гээд гарахаасаа өмнө нойл орчхоод гарах гэтэл нойл дотор нэг хүн намайг түлхсэн. Тэгээд хоорондоо муудалцсан. Тэр үедээ учраа олоод салсан, тэгээд уучлаарай хайраа тийм юм болчихлоо гээд хэлээд дуудлагын жолооч дуудаад гэртээ харья гэж хэлтэл уурлаад CU орж 2 том пиво аваад машиндаа орж суусан. Машин дотор сууж байхад хоорондоо муудалцсан. Гэхдээ зодолдоогүй, удалгүй найз нь ирээд бид хоёрыг хүргэж өгсөн. Тэгээд гэрт очоод тухайн үйл явдал болсон. Энэ хүн гэртээ ороод буцаж гараад машин дотор байгаа миний цүнхийг ураад чи ямар их брэндийн цүнх авдаг юм гэж байсан. Би энэ хүнээс гуйж цүнх авхуулаагүй, өөрийнхөө хөдөлмөрөөр цүнх авсан. Тэгээд урсан цүнхээ машины суудлын доор хийгээд нуусан байсныг би маргааш өглөө нь мэдсэн. Тэгээд байж байгаад буцаж гэртээ орж ирээд миний хажуугаар хэвтээд намайг зүгээр байлгахгүй байхаар нь би намайг зүгээр байлга одоо унтъя гэхэд энэ хүний уур нь гарч эхэлсэн. Ууртай үедээ уураа барьж чадахгүй шууд эмоциороо дайрдаг. Би энэ хүнийг мэднэ уурлахаараа өөрийгөө хянаж чаддаггүй. Бид хоёр таван 7 хоногийн хугацаанд эвлэрсэн байсан, тэр хугацаанд өдөр бүр дандаа хэрүүл, зодоонтой байдаг байсан. Чи сэтгэл зүйч дээр оч хэрвээ болохгүй бол хоёулаа явъя гэж хэлдэг байсан. Яг тэр өдрөөс хойш 7 хоногийн дараа тоглолт үзээд энэ үйл явдал болсон. Тэр үед намайг чи өөр хүнтэй байсан бол яах уу гээд цохисон. Хүн 2, 3 удаа цохиод болчхож болно, гэтэл үргэлжлүүлээд цохиод байсан. Үнэхээр би тэр үед өөрийгөө гараараа хамгаалсан. Яахаа мэдэхгүй болохоор нь хуруунаас нь хазсан чинь чи намайг хазлаа гээд дахиад цохисон. Би энэ амьдралд бүх зүйлээ зориулсан. Надтай ажиллаж байсан бүх хүмүүс намайг хэлнэ амьдралынхаа төлөө шаргуу хөдөлмөрлөж явдаг гэдгийг. Би бүх зүйлээ энэ хүний төлөө энэ амьдралынхаа төлөө зориулсан. Тэр үйл явдал болж дууссаны дараа том өрөөнд байж байхад намайг босоод ир гээд байсан. Би унах гээд цаанаасаа сульдаад байхад татсаар байгаад намайг буйдан дээр суулгасан. Дараа нь өөрөө гараад CU ороод нэг пиво сөжү аваад ороод ирсэн. Тэгээд тэр зүйлсээ өөрөө ууж байхдаа хүүхдүүддээ би ээжид чинь юу хийчихвээ гэж хэлж байгаад тасраад унтаад өгсөн. Ийм байдалд оруулж гар хүрчхээд надтай бэлгийн харьцаанд орох гээд байсан. Маргааш нь ээж ирэхээр болоход дөрвүүлээ гарч салхинд гарья гээд Төв аймгийн нэг буудалд хоносон. Маргааш нь нэг газар руу явах гээд байхаар нь ядаж нисэхийн байр руу явъя гэж хэлээд очсон. Тэгтэл ээж маань юу болоод байна, утсаа авахгүй байна гээд санаа нь зовсон. Нөхөр болохоор чамайг өөр хүн зодсон гээд хэлчих, хоёулаа эвлэрье гээд намайг өрөөнөөс гаргахгүй байсан. Ганцхан удаагийн үйлдэл биш. Дандаа намайг шахаж өөрийнхөө эрх дураар байлгах сонирхолтой. Тэгээд бид дөрөв миний түрээсэлж байсан байр руу  очиход нөхөр ажил руугаа явсан. Ээж ирээд намайг хараад гайхсан. Би ээждээ хэлэх гээд чадахгүй байсан, надад маш хэцүү байсан. Ээжид хэлээд дараа нь гэрийнхэн мэдсэн. Маргааш нь цагдаагаар явсан. Энэ бүх зүйл ингээд дууссаны дараа энэ хүн надтай буцаж нийлье гэдэг. Харин би буцаж нийлмээргүй байна, энэ хүн биеэ хянах чадваргүй. Уучлаарай гэж хэлдэг хэрнэ дахиад хэрүүл зодоон болдог. Хохирол нэхэмжлэх зүйл байхгүй. Надаас гарсан зардлыг энэ хүн нөхөн төлсөн. Хамгийн гол нь би энэ хүнээс хол баймаар байна. Би байнга түгшүүртэй байдаг болсон. Өчигдөр хүртэл ажил дээр ирээд хүргээд өгье гэсэн. Тэгээд 2 долоо хоног ирэхгүй байж байгаад гэнэт хүрж ирээд би чамайг 2 долоо хоног тайван байлгасан гэж хэлдэг. Энэ хүнийг би хүүхдүүдтэйгээ уулзахад нь хориглох зүйл байхгүй. Одоо хоорондоо ойр дотно баймааргүй байна...” гэв.

Эрүүгийн 2305033602150 дугаартай хэргээс:

1. Иргэн Ч.Ц-аас цагдаагийн байгууллагад гаргасан: “...М овогтой Б нь 2023 оны 8 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 04 цагийн орчимд эхнэр О.О-ийг зодож танхайрсан, толгой духны дунд орчим цууралт, 2 нүдний цагаан дээр цус ихээр хуримтлагдсан гэмтэл үүссэн.” гэх гомдол (хавтаст хэргийн 4 дэх тал),

2. Хохирогч О.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 8 дугаар сарын 19-ний өдөр би өөрийн нөхөр Т-тэй хамт татар хамтлагийн тоглолт үзсэн. Тэгээд 00 цаг өнгөрч байхад тоглолт дуусаад нөхөр бид 2 Наадам центрийн хажууханд байдаг лоунж орж нэг, нэг шил пиво уучхаад Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** тоот гэрээ ирсэн. Гэр лүүгээ харих замдаа машин дотроо нөхөр бид 2 гэр бүлийн асуудлаас болоод муудалцсан. Гэхдээ юунаас болж маргалдсанаа сайн санахгүй байна. Ямар ч байсан өмнө манай нөхөр надад гар хүрэхэд нь би цагдаад мэдэгдээд түүнийг баривчилгаанд өгч байсан болохоор тэр асуудлаас болсон санагдаж байна. Тэгээд гэртээ ирэхэд бас үргэлжлүүлэн маргалдсаар байсан. Маргалдаж байгаад манай нөхөр миний толгой хэсэг рүү гэнэт олон удаагийн давтамжтайгаар цохиж эхэлсэн. Тэгэхээр нь би түүнийг эсэргүүцэж гарыг тавиулах гээд зүүн гарын эрхий хуруу орчмоос нь хазсан. Тэгтэл бүр намайг хазлаа гээд олон удаа цохисон. Хэсэг хугацааны дараа Т тайвширсан бололтой гадуур хувцсаа өмсөөд гараад явсан. Тэгээд гарч яваад ойролцоогоор 5 цагийн дараа гаднаас пиво барьж орж ирээд түүнийгээ ууж байгаад би юу хийчихвээ намайг уучлаарай гээд уйлж байгаад унтаад өгсөн. Тухайн үед манай гэрт 11 настай Т, 5 настай А хүүхдүүд маань байсан. Өөр хүн байгаагүй. Өмнө 4-5 удаа гарч хүрч цохиж, зодож байсан. Тухайн үедээ эвлэрээд, үргэлжлүүлэн амьдардаг байсан. Би гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд духны хэсэгт нимгэн яс цуурсан. Мөн 2 нүдэнд цус харвасан байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дахь тал),

3. Хохирогч О.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “Би тухайн үед нээх их согтолттой байгаагүй, биеэ удирдах чадвартай байсан. Тухайн үед болсон бүх зүйлийг санаж байна. Татарийн тоглолтын үеэр Б 4-5 шил 0,5 литрийн пиво уусан, харин би 2 шил 0,5 литрийн пиво уусан. Тэгээд тухайн тоглолтоос гараад наадам центрийн 06 давхарт байрлах лоунжид суугаад хоол захиалж идэнгээ нэг нэг шил пиво уусан, түүн дээр нэмээд Б 100 грамм виски уусан. Тэгээд 06 давхраас 05 давхарт буусан, нойлын өрөө байхаар нь бид хоёр нойл орсон. Би эмэгтэйчүүдийн нойлд оочирлоод зогсож байсан нэг үл таних эмэгтэй миний урдуур орсон. Тэгэхээр нь тухайн үл таних эмэгтэйтэй маргаад зогсож байсан чинь тухайн үл таних эмэгтэйн нөхөр орж ирээд миний гараас бариад авсан, тухайн үед манай Б орж ирээд бид хэд учраа олоод нойлын өрөөнөөс гарсан. Тухайн үед цаг 00 цаг өнгөрч байсан ба Б надад уурлаад “CU” орж 2,5 литрийн 2 том пиво аваад машин дотроо орж уугаад над руу уурлаад чи анхнаасаа маргах ёсгүй байсан юм гэж хэлээд над руу дайрч давшлаад байхаар нь надад буруу байхгүй ээ, тухайн үл таних эмэгтэй аягүй дээрэнгүй маягаар надтай харьцсан миний өмнүүр оочир дайрч ороод дараа нь гарч ирээд намайг түлхсэн тэгээд ярилцаад олчихлоо шүү дээ гэж хэлсэн. Тэгсэн Б тухайн авсан пиво уугаад над руу дайрч давшлаад чи намайг 10 хоног баривчилгаанд явуулсан гэх мэтээр агсраад тухайн хоёр пиво уугаад дуусгасан. 02-03 цагийн орчим Б найз Е рүү залгаж дуудсан. Тэгээд удахгүй Е гэх найз нь ирээд бид хоёр гэрийн үүдэнд хүргэж өгсөн. Тэгээд бид хоёр гэртээ орсон чинь манай Б юу ч хэлэлгүй гараад яваад өгсөн. 1 цагийн дараа Б буцаж орж ирээд миний хажуугаар хэвтээд намайг оролдож эхлэхээр нь би Б-т хандаж зүгээр бай, би зүгээр унтмаар байна гэж хэлсэн чинь Б чи өөр хүн байсан бол яах байсан юм гэж хэлээд нүүр толгой хэсэг рүү буюу хүзүүнээс дээш хэсэг рүү цохиж эхэлсэн. Тэгэхээр нь би болиулах гээд дийлэхгүй болохоороо зүүн гарын эрхий хуруунаас нь хазсан. Тэгсэн Б чи яахаараа намайг хаздаг юм хэлээд намайг ахиж зодож эхэлсэн /би хэр удаан намайг цохисон болон хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна өөрийгөө хамгаалж байсан болохоор сайн мэдэхгүй байна/ хэсэг хугацааны дараа Б намайг том өрөө рүү ор гэж хэлчхээд өөрөө гараад явчихсан. Тэгээд 04 цаг 30 минутын орчим буцаж орж ирэхдээ сөжү, пиво барьсан байсан. Орж ирээд том өрөөний буйдан дээр хажууд суугаад тухайн авчирсан сөжү, пиво уугаад уйлаад аав нь ээжийг нь арай аймар болгочихлоо, аав нь юу хийчих вэ гэж хэлээд уйлж байгаад тасраад унтаад өгсөн. Тэгээд маргааш өглөө нь сэрээд Б надаас уучлалт гуйгаад байсан. Тухайн өдөр ээж Ц ирэх байсан болохоор Б Ц ээжид тухайн газар хүнтэй маргалдаад зодолдоод ийм болчихлоо гэж хэлээд өг гээд гуйгаад байхаар нь би үгүй гэж хэлсэн. Тэгсэн орой 17 цагийн орчимд салхилаад ирье гэж хэлээд Төв аймгийн Чингисийн хүрээ амралт руу аваад явсан. Тэгсэн тухайн газар гэр байхгүй хүн дүүрэн байсан болохоор Төв аймгийн буудал руу Б авч яваад тухайн газраа хоносон. Тэгээд ээж Ц руу хүүхдээ салхилуулаад зугаалж явна өнөөдөр очихгүй гэж Б миний утсаар мессеж бичсэн. Тэгээд дараа нь нисэхийн гэр лүү очиж 3 хоносон учир намайг гаагүй болохыг Б хараад байхаар нь би ийм амар гаагүй болохгүй ээ гэж хэлсэн. Б үүнийг өөр хүмүүстэй зодолдоод болгосон гэж хэлээд аргалчихъя би ахиж чамайг зодохгүй амлая гэж хэлээд гуйгаад эвлэрье гээд байхаар нь би зөвшөөрөөгүй. Тэгээд тухайн өдөр 10 дугаар хорооллын гэртээ очоод байж байсан чинь ээж Ц ирээд цагдаад ханд гэж хэлээд цагдаад хандуулсан. Шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 эмнэлгийн байгууллагын бар болох нийт зардал 232.000 төгрөг, 5 хоног ажилдаа яваагүй цалин 250.000 мянган төгрөгийг нэхэмжилмээр байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),

4. Насанд хүрээгүй гэрч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн үед айгаад хараагүй. Тухайн өдөр том өрөөнд унтаж байсан ээж аймар шөнө хаалга тогшоод байхаар нь би сэрээд онгойлгож өгсөн чинь ээж гэртээ орж ирсэн. Тэгээд жаахан байж байсан аав хаалга тогшсон, ээж хаалга онгойлгож өгөхгүй байсан, их орой болсон би унтаад их нойрмог байсан болохоор санахгүй байна. Нэг мэдсэн аав гэрт орж ирчихсэн нойлын өрөөнд ээжтэй хэрэлдээд байх шиг байсан би сайн сонсож чадаагүй тэгээд аав ээжийг жижиг өрөө рүү дагуулаад орсон. Тэгээд удалгүй жижиг өрөөнөөс ээж яая гээд орилоод уйлаад байх шиг байсан. Тэгээд би очих гэснээ ааваас айгаад очиж чадаагүй хэвтэж байсан. Тэгээд өглөө аав ээжээс чамайг зодсонд намайг уучлаарай гээд гуйж байгаад аав дэлгүүр лүү гараад пиво авч орж ирээд уугаад хэрэлдээд согтоод байсан. Тэгээд байж байсан аав Т хувцсаа өмс явъя гэж хэлээд намайг дагуулаад Төв аймаг руу яваад нэг буудал орж тэрний нэг өрөөнд хоносон. Тэгээд өглөө босоод 2 цагийн дараа Төв аймгаас гараад нэг газар оччихоод нисэхийн гэр лүү очоод тэндээ нэг хоноод орой нь 10 дугаар хорооллын гэр лүү явсан. Тэгээд 10 дугаар хорооллын гэрт ирээд байж байсан эмээ Ц орж ирээд миний охиныг алах шахсан байна гэж байсан. Тэгээд эмээ аав руу залгаад яагаад миний охиныг ийм болгож байгаа юм гээд уурлаад байсан. Ээж гэрт орж ирэхэд нүүр царай зодуулаагүй хэвийн байсан. Маргааш нь харин ээжийн нүүр аймар болчихсон хөхөрчихсөн хавдсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал),

5. Гэрч Ч.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн охин О-ийн гэрт буюу Баянгол дүүргийн 30 дугаар хороо *** тоотод охин О нөхөр Б-ийн хамт амьдарч байгаад 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл рүү явсан. Тухайн үедээ хөдөө байхдаа охинтойгоо ярьж хөөрөөд яваад байсан. Тэгээд би хот орох өдрийнхөө өмнөх өдөр буюу 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр өөрийн төрсөн охин болох О рүү залгасан утсаа авахгүй байхаар нь ээж нь маргааш хот орно гэж мессеж бичсэн. Тэгсэн манай охин О над руу залгахгүй, мессежээр бид нар хөдөө салхинд гарч байна гээд мессеж бичсэн байсан. Тэгэхээр нь би охин маань завгүй байгаа юм байна гэж бодоод хүү О-аар тосуулж аваад хүүгийнхээ гэрт очсон. Тэгээд миний санаа зовоод байхаар нь би охин О-ийн *** гэсэн дугаар руу хэд хэдэн удаа залгасан чинь утсаа авахгүй болохоор нь охиныхоо том хүү Т рүү хэд хэдэн удаа залгасан чинь арай гэж манай охины том хүү Т утсаа авсан. Тэгэхээр нь би хаана байна та нар чинь яагаад утсаа авахгүй байгаа юм бэ гэж асуусан чинь зээ хүү Т нисэхэд гэртээ байна гэхээр нь би ээж чинь яагаад утсаа авахгүй байгаа юм бэ гэж асуусан чинь утас нь тасарсан. Тэгэхээр нь би охин руугаа чат бичээд яагаад таг болоод байгаа юм бэ утсаа аваач, чат ядаж бичээч гэж хэлсэн чинь охиноос нэг дэх өдөр очно гэж мессеж ирсэн. Тэгэхээр нь би 10 дугаар хорооллын *** тоотод буюу охиныхоо гэрт ганцаараа хоносон учир нь хөдөө яваад жаахан аруул цагаан идээ, жимс өгөх гээд очсон юм. Маргааш нь өглөө босоод 11 цагийн орчимд охин О рүү залгасан утсаа авахгүй байсан тэгээд байж байсан охин О над руу залгаад одоо ингэсгээд бид нар 10 дугаар хорооллын гэрт очлоо гэж хэлэхээр за за би гадуур жаахан ажил хөөцөлдөж байгаад ирье гэж хэлээд охины гэрээс гарсан. Орой 18 цагийн орчим охин О-ийн гэрт очсон чинь манай охин О жижиг өрөөндөө юм хийгээд байхаар нь би хувцсаа тайлчхаад охин дээр очсон чинь миний охины нүүр хавдчихсан хөх эрээн болчихсон хоёр нүд нь улайсан байхаар нь би яачихаа вэ гэж асуусан чинь манай зээ хүү Т аав ээжийг зодоод бид нарийг хөдөө авч яваад дараа нь нисэхэд хоночхоод ирлээ гэж хэлсэн. Тухайн үед охин О юм дугарахгүй байхаар нь би яасан юм гэж асуусан чинь охин О надад за яах вэ яршиг, Б намайг зодсон гэж танд битгий хэлээрэй хэрэв намайг зодсон гэж хэлэх юм бол бид хоёрын амьдрал дуусна, хэрэв танд өөр хүнд зодуулсан гэвэл би чамайг 10 дугаар хорооллын гэрт хүргэж өгнө гэж Б надад хэлсэн гэж О надад хэлсэн. Тухайн үед Б гэртэй байхгүй байхаар нь би Б рүү залгаад чи одоо миний охиныг яачихаа вэ гэж асуусан Б за би одоо очлоо гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд 20-30 минутын дараа Б орж ирэхээр нь би Б рүү орилоод миний охиныг яачихаа вэ гэж асуусан Б би зодоогүй гэж надад хэлсэн тэгэхээр нь би Б-т хандаж чи намайг тэнэг гэж бодоо юу, хэрэв чи зодоогүй бол яах гэж хөдөө авч явдаг юм, замдаа элдэв зүйл болбол би мэдэхгүй гэж хэлэх юм байна, тэгээд нэг газар миний охиныг аваачиж хаячхаад би мэдэхгүй гэж чи надад хэлэх юм байна, хэрэв өөр хүнд зодуулсан бол цагдаа сэргийлэхэд хандаж эмнэлэгт аваачиж үзүүлэх ёстой юм байгаа биз дээ чи гэж хэлсэн Б юу ч хэлэхгүй дуугай байгаад байхаар нь миний дургүй хүрээд Бийг хөөгөөд гаргасан. Өмнө нь манай охин О-ийг Б Богд уулын тэнд зэлүүд газарт аваачиж зодож байсан. Тухайн үед цагдаад хандаж 10 хоногийн баривчилгаанд явуулж байсан. Б өмнө нь охиныг маань зодсоныхоо дараа уучлалт гуйж мөргөөд уйлж хайлаад байхаар нь би амьдралаа бүтэн авах гээд ингээд байгаа юм байна гэж өрөвдсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал),

6. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Шүүх анагаах хааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 10719 дугаартай: “...О.О-ийн биед дух хоёр нүдний зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 4-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дэх тал),

7. Шүүгдэгч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 8 дугаар сарын 19-ны өдөр би өөрийн эхнэр О-тэй орой 06 цагийн орчимд төв цэнгэлдэх хүрээлэнд татар хамтлагийн тоглолтыг үзсэн. Тухайн тоглолтыг үзэж байхдаа эхнэр бид хоёр нийлээд 5-6 шил 0,5 литрийн пиво уусан, би лав 3 пиво уусан. Тэгээд тоглолт дуусахаас өмнө буюу 10 цагийн орчим наадам центрийн хажуу талын “МС” буйдангийн дээд талын дээвэр дээр байрлах пабад сууж хоол идэнгээ би нэг пиво, манай эхнэр О 50 грамм тикила уусан. Тэндээ цаг орчим байж байгаад тухайн газрын 9 давхрын нойлын өрөөнд эхнэр бид хоёр эрэгтэй эмэгтэй нойлд орсон. Тэгээд нойлын өрөөнөөс гараад ирсэн чинь манай эхнэр гарч ирэхгүй эмэгтэйчүүдийн нойлын өрөөнд хоёр эмэгтэй хоорондоо маргаад хэрэлдээд байгаа чимээ гараад байхаар нь би тухайн эмэгтэй нойлын өрөө рүү яваад орсон. Тэгсэн манай эхнэр О, хоёр эмэгтэй хүнтэй хэрэлдээд харин тухайн эмэгтэйн найз залуу нь манай эхнэрийн хоёр шуунаас нь чанга атгасан байхаар нь би тухайн залууг эхнэрээсээ холдуулаад эхнэрээ нойлын өрөөнөөс аваад гарсан. Дараа нь би наадам центрийн доор байрлах машины зогсоол дээр байсан CU-ээс 2,5 литрийн хоёр том пиво аваад эхнэрийн хамт машиндаа орж тухайн пивыг хувааж уусан, би ихэнхийг уусан байх тэгээд бид хоёр нойлын өрөөнд болсон асуудлаас болж маргасан чинь манай эхнэр надаас болоогүй ээ тэнд байсан эмэгтэйгээс болсон шүү дээ гэж хэлээд намайг алгадсан тэгэхээр нь би зөрүүлээд нэг удаа алгадаад цохисон учир нь би тухайн өдөр их сэтгэл гаргаад эхнэрээ баярлуулах гээд хичээгээд байхад нойлын өрөөнд ороод хүмүүстэй маргасан үйлдэлд нь сэтгэл дундуур байсан. Би сэтгэл дундуур байгаагаа эхнэртээ илэрхийлсэн боловч манай эхнэр өөрийгөө зөвтгөөд намайг алгадаад авахаар нь миний уур хүрээд эхнэрээ нэг алгадаад хэд хэдэн удаа нүүр хэсэг рүү нь цохисон. Тэгээд дуудлагын жолооч дуудах гэсэн боловч манай эхнэр машинаас гараад машинд суухгүй байгаад байхаар нь би өөрийн найз Е-ийг дуудсан. Тэгсэн Е ирээд эхнэр бид хоёр Е-ийн машинд суугаад би эхнэрээ гэртээ оруулж өгчхөөд буцаж гарч ирээд Е-ийн гэрт очиж болсон зүйлийнхээ талаар ярьж байгаад Е-ийн гэрээс 5-6 хооронд гараад гэртээ орсон. Тэгээд гэртэй ороод гэрт байсан 1 лааз буюу 0,5 литрийн нэг пиво байсныг ууж байгаад унтаад өгсөн. Тэгээд маргааш өглөө нь сэрээд би эхнэрээсээ уучлалт гуйж байгаад, жаахан ярилцах боломж гаргах гээд эхнэрээ Төв аймгийн замд байрлах Чингисийн хүрээ гэх амралт руу очоод жаахан ярилцъя гэж бодоод эхнэр хүүхдээ аваад явсан. Тэгээд Чингисийн хүрээ амралтад дээр очсон амралтын захиалга дүүрсэн байсан болохоор би эхнэрээ аваад Төв аймгийн төвд байрлах нэрийг нь санахгүй байна нэг буудалд хоносон. Тэгээд өглөө нь сэрээд өглөөний цайгаа уучхаад хот руу явсан учир нь эхнэртэйгээ ярилцаж ойлголцох гээд чадаагүй юм. Тэгээд хотод орж ирээд нисэхийн гэрт нэг хоночхоод 10 дугаар хорооллын гэрт лүү эхнэр хүүхдээ хүргэж өгчхөөд ажил руугаа явсан. Тэгээд би ажил дээрээ оччихоод гэртээ буцаад харьж байсан манай хадам ээж Ц над руу залгахаар нь би авч амжаагүй тэгсэн над руу чи миний охиныг ийм болгочихлоо гээд мессеж бичихээр нь би хариу өгөлгүй гэртээ очсон. Тэгсэн манай хадам над руу чи миний охиныг ийм болгочихлоо эмнэлэг авч явахгүй гээд намайг загнаад дайрч давшлаад байсан би тухайн үед юу ч хэлж тайлбар тавиагүй тэгээд намайг хөөж туугаад байхаар нь би гэрээсээ гараад явсан. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Би эхнэрийнхээ хохирлыг барагдуулсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дахь тал) болон шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Болормаагаас шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгсөн ажил хөдөлмөр эрхэлдэг гэсэн ажлын байрны зориулалтаар байр түрээслүүлэх тухай 4 хуудас гэрээ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б-ийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 65 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 72 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 73 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын хуулбар (хавтаст хэргийн 67 дахь тал), иргэний оршин суугаа хаягийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 71 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.         

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан ба энэ гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцохоор мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заажээ. 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг хэрхэн ойлгох талаар нарийвчлан зохицуулсан.

Тодруулбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд ...энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж, мөн зүйлийн 3.2-д “...энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан ...этгээд нэгэн адил хамаарна” гэж тус тус хуульчилсан байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр шүүгдэгч М.Б, хохирогч О.О нар 2012 онд гэрлэлтээ батлуулсан, энэ хэрэг гарсан 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд эхнэр, нөхрийн харилцаатай хамтран амьдарч байгаа, дундаасаа хоёр хүүхэдтэй буюу Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд болох нь тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч М.Б нь 2023 оны 8 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 6 дугаар хороо *** тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр О.О-тэй гэр бүлийн таарамжгүй харилцааны асуудлаас үүдэн маргалдаж нүүрэн тус газарт нь гараараа цохиж, зодсон үйл баримт нь иргэн Ч.Ц-аас цагдаагийн байгууллагад гаргасан: “...М овогтой Б нь 2023 оны 8 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө 04 цагийн орчимд эхнэр О.О-ийг зодож танхайрсан, толгой духны дунд орчим цууралт, 2 нүдний цагаан дээр цус ихээр хуримтлагдсан гэмтэл үүссэн.” гэх гомдол, хохирогч О.О-ийн “....Маргалдаж байгаад манай нөхөр миний толгой хэсэг рүү гэнэт олон удаагийн давтамжтайгаар цохиж эхэлсэн. Тэгэхээр нь би түүнийг эсэргүүцэж гарыг тавиулах гээд зүүн гарын эрхий хуруу орчмоос нь хазсан. Тэгтэл бүр намайг хазлаа гээд олон удаа цохисон...Өмнө 4-5 удаа гарч хүрч цохиж, зодож байсан...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Т-ийн: “...Би тухайн үед айгаад хараагүй. Тухайн өдөр том өрөөнд унтаж байсан ээж аймар шөнө хаалга тогшоод байхаар нь би сэрээд онгойлгож өгсөн чинь ээж гэртээ орж ирсэн. Тэгээд жаахан байж байсан аав хаалга тогшсон, ээж хаалга онгойлгож өгөхгүй байсан, их орой болсон би унтаад их нойрмог байсан болохоор санахгүй байна. Нэг мэдсэн аав гэрт орж ирчихсэн нойлын өрөөнд ээжтэй хэрэлдээд байх шиг байсан би сайн сонсож чадаагүй тэгээд аав ээжийг жижиг өрөө рүү дагуулаад орсон. Тэгээд удалгүй жижиг өрөөнөөс ээж яая гээд орилоод уйлаад байх шиг байсан. Тэгээд би очих гэснээ ааваас айгаад очиж чадаагүй хэвтэж байсан. Тэгээд өглөө аав ээжээс чамайг зодсонд намайг уучлаарай гээд гуйж байгаад аав дэлгүүр лүү гараад пиво авч орж ирээд уугаад хэрэлдээд согтоод байсан. Тэгээд байж байсан аав Төгсөө хувцсаа өмс явъя гэж хэлээд намайг дагуулаад Төв аймаг руу яваад нэг буудал орж тэрний нэг өрөөнд хоносон. Тэгээд өглөө босоод 2 цагийн дараа Төв аймгаас гараад нэг газар оччихоод нисэхийн гэр лүү очоод тэндээ нэг хоноод орой нь 10 дугаар хорооллын гэр лүү явсан. Тэгээд 10 дугаар хорооллын гэрт ирээд байж байсан эмээ Ц орж ирээд миний охиныг алах шахсан байна гэж байсан. Тэгээд эмээ аав руу залгаад яагаад миний охиныг ийм болгож байгаа юм гээд уурлаад байсан. Ээж гэрт орж ирэхэд нүүр царай зодуулаагүй хэвийн байсан. Маргааш нь харин ээжийн нүүр аймар болчихсон хөхөрчихсөн хавдсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Ц-ын: “...Орой 18 цагийн орчим охин О-ийн гэрт очсон чинь манай охин О жижиг өрөөндөө юм хийгээд байхаар нь би хувцсаа тайлчхаад охин дээр очсон чинь миний охины нүүр хавдчихсан хөх эрээн болчихсон хоёр нүд нь улайсан байхаар нь би яачихаа вэ гэж асуусан чинь манай зээ хүү Т аав ээжийг зодоод бид нарыг хөдөө авч яваад дараа нь нисэхэд хоночхоод ирлээ гэж хэлсэн. Тухайн үед охин О юм дугарахгүй байхаар нь би яасан юм гэж асуусан чинь охин О надад за яах вэ яршиг, Б намайг зодсон гэж танд битгий хэлээрэй хэрэв намайг зодсон гэж хэлэх юм бол бид хоёрын амьдрал дуусна, хэрэв танд өөр хүнд зодуулсан гэвэл би чамайг 10 дугаар хорооллын гэрт хүргэж өгнө гэж Б надад хэлсэн гэж О надад хэлсэн. Тухайн үед Б гэртээ байхгүй байхаар нь би Б рүү залгаад чи одоо миний охиныг яачихаа вэ гэж асуусан Б за би одоо очлоо гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд 20-30 минутын дараа Б орж ирэхээр нь би Б рүү орилоод миний охиныг яачихаа вэ гэж асуусан Б би зодоогүй гэж надад хэлсэн. ...Өмнө нь манай охин Оийг Б Богд уулын тэнд зэлүүд газарт аваачиж зодож байсан. Тухайн үед цагдаад хандаж 10 хоногийн баривчилгаанд явуулж байсан. Б өмнө нь охиныг маань зодсоныхоо дараа уучлалт гуйж мөргөөд уйлж хайлаад байхаар нь би амьдралаа бүтэн авах гээд ингээд байгаа юм байна гэж өрөвдсөн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Шүүх анагаах хааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 10719 дугаартай: “...О.О-ийн биед дух хоёр нүдний зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 4-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч М.Б-ийн дээрх гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор хохирогч О.О-ийн эрүүл мэндэд “дух хоёр нүдний зовхины цус хуралт” бүхий гэмтэл тогтоогдсон, уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэрэгт хамаарах нь шинжээч эмчийн 10719 дугаартай дүгнэлтээр давхар нотлогджээ.

Иймд, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж, Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд “гэрлэгчид нь гэр бүлийн дотор тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ. ...бие биеэ халамжлах, хүндэтгэх, ...хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй…” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч М.Б нь гэрлэлтээ батлуулсан 12 жил эхнэр нөхрийн харилцаатай амьдарч байгаа, 2 хүүхэдтэй /эхнэр/-ийнхээ бие махбодод удаа дараа халдсан, эрүүл мэндэд нь хохирол учруулж буй хууль бус үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй.

Шүүгдэгч М.Б нь хохирогч О.О-ийн нүүрэн тус газар гараараа цохисны улмаас түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч М.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Ө.Болормаа нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Нөгөөтээгүүр шүүгдэгч М.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байх “KH” гэх газрын үүдэнд машинаа тавьсан байсан бөгөөд тухайн газарт зодоон болсон...” гэж, мөрдөн шалгах ажиллагааны явцад “...миний уур хүрээд эхнэрээ нэг алгадаад хэд хэдэн удаа нүүр хэсэг рүү нь цохисон...” гэж гэмт хэрэг болсон газрыг Хан-Уул дүүрэгт болсон гэж мэдүүлж байгаа боловч хохирогч О.О болон насанд хүрээгүй гэрч Б.Т нарын мэдүүлгээр тухайн гэмт хэрэг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэрт нь төгссөн болох нь тогтоогдож байх тул тус шүүхийн харьяалан шийдвэрлэх хэрэг мөн гэж дүгнэсэн болохыг тайлбарлав.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч М.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Улсын яллагч нь “...шүүгдэгч М.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, эрхийн хязгаарлалтыг тогтоож болно гэж зааснаар хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтийг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Б-ийг 03 сарын хугацаанд хохирогчтой харилцахыг хязгаарлах албадлагын арга хэмжээ авах саналыг шүүхэд гаргаж байна” гэх дүгнэлтийг,

-Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Улсын яллагчийн зүгээс тодорхой хугацаанд уулзахгүй байх санал гаргасныг дэмжиж байна. Хохирогч эвлэрэхгүй гэж байгаа учир урт хугацаагаар хязгаарлаж, торгуулийн ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч М.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх байдал тогтоогдсон, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Иймд шүүх, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал, талуудын ялын санал зэргийг харгалзан шүүгдэгч М.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1200 /нэг мянга хоёр зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус зааснаар шүүгдэгч М.Б-т оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж байна.

Мөн улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нарын санал хүсэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Б-ийг торгуулийн ялыг биелүүлэх хүртэлх хугацаанд буюу 3 сарын хугацаанд хохирогч О.О-тэй харилцахыг хязгаарлахаар шийдвэрлэх нь хэргийн оролцогчийн эрх ашигт нийцнэ гэж дүгнэлээ.

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч О.О-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Шүүх анагаах хааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 10719 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба шүүгдэгч М.Б нь хохирогчид хохирол хор уршигт тооцож 1,050,000 төгрөг нөхөн төлсөн болох нь Хаан банкны депозит дансны хуулгаар тогтоогдсон. (хавтаст хэргийн 80 дахь тал),

Хохирогч О.О нь шүүхийн хэлэлцүүлэгт “Хохирол нэхэмжлэх зүйл байхгүй. Надаас гарсан зардлыг энэ хүн нөхөн төлсөн.” гэж мэдүүлсэн тул  шүүгдэгч М.Б-өөс гаргуулах хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч М.Б-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт М-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-т 1200 /нэг мянга хоёр зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Б-т сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Б-ийг торгуулийн ялыг биелүүлэх хүртэлх хугацаанд буюу 3 сарын хугацаанд хохирогч О.О-тэй харилцахыг хязгаарласугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч О.О-д хохирол хор уршигт тооцож 1,050,000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч нь “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА