Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 01307

 

        Ш.Н-ийн нэхэмжлэлтэй,

        иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

     Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШЗ2018/01075 дугаар шийдвэртэй, Ш.Н-ийн нэхэмжлэлтэй, “Т” ХХК-д холбогдох

    Дутуу олгосон цалин хөлс нийт 524 929 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

      Нэхэмжлэгч Ш.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаад гаргасан тайлбартаа: Миний бие тус байгууллагад 2016 оны 09 дүгээр сарын 01-нд худалдааны зөвлөхөөр ажилд орж, ажиллах хугацаандаа ямар нэгэн сахилгын ноцтой зөрчил гаргаж байгаагүй. Манай байгууллага Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу 7 хоногт 40 цаг ажиллах ёстой гэж хөдөлмөрийн гэрээ байгуулдаг боловч бямба, ням гаригуудад ажиллуулж, нөхөн амраадаггүй. Илүү цагийн хөлсийг бодохдоо ажлын өдрүүдээр ажилласан илүү цагийг илүү цагт тооцдоггүй мөн амралтын өдөр илүү цаг ажилласан бол нэг хувиар тооцон олгож байгааг хууль зөрчиж байна гэж үзэж байна.

     Би 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хооронд ажиллах хугацаандаа зуны цагийн хуваарьт 05 дугаар сарын 01-нээс 09 дүгээр сарын 30-ны хооронд өглөө 09 цагаас орой 19 цаг хүртэл ажилласан, өвлийн цагийн хуваарьт 10 дугаар сарын 01-нээс 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 09 цагаас 18 цаг хүртэл ажилласан. Зуны цагийн хуваарийн дагуу ажиллахад ажлын өдрүүдэд Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу 8 цаг ажиллахаас 9 цаг ажиллаж, 1 цаг илүү ажиллахаас гадна бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх баярын өдөр ажиллаж байсан болно. Тухайн байгууллагад Хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй болохоор Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд гомдол гаргахад “Зөвлөмж” гаргасан боловч цалин өгөхгүй байна. Ажилласан хугацааны хуваарийг үзэхэд:

          - 2016 оны 09 дүгээр cap ажлын 22 хоногтой ба өдөрт 1 цаг илүү ажилласан гэвэл 22 цаг илүү ажиллаж, нэг цагийн ажлын хөлс 2 272 төгрөгийг 1,5 хувиар үржүүлэхэд 3 408 төгрөг буюу илүү ажилласан 22 цагаар тооцоход 74 976 төгрөг,

       - 2017 оны 05 дугаар cap ажлын 23 хоногтой ба өдөрт 1 цаг илүү ажилласан гэвэл 23 цаг илүү ажиллаж, нэг цагийн ажпын хөлс 2 174 төгрөгийг 1,5 хувиар үржүүлэхэд 3 261 төгрөг буюу илүү ажилласан 23 цагаар тооцоход 75 003 төгрөг,

        - 2017 оны 06 дугаар cap ажлын 20 хоногтой ба өдөрт 1 цаг илүү ажилласан гэвэл 20 цаг илүү ажиллаж, нэг цагийн ажпын хөлс 2 500 төгрөгийг 1,5 хувиар үржүүлэхэд 3 750 төгрөг буюу илүү ажилласан 20 цагаар тооцоход 75 000 төгрөг,

          - 2017 оны 07 дугаар cap ажлын 16 хоногтой ба өдөрт 1 цаг илүү ажилласан гэвэл 16 цаг илүү ажиллаж, нэг цагийн ажпын хөлс 3 125 төгрөгийг 1,5 хувиар үржүүлэхэд 4 688 төгрөг буюу илүү ажилласан 16 цагаар тооцоход 75 000 төгрөг,

          - 2017 оны 07 дугаар сарын 14-ний бүх нийтийн амралтын өдөр 8 цаг илүү ажиллаж, нэг цагийн ажлын хөлс 3 125 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 52 дугаар зүйлд зааснаар 2 дахин нэмэгдүүлэн бодоход 6 250 төгрөгийг илүү ажилласан 8 цагаар тооцоход 50 000 төгрөг,

          - 2017 оны 07 дугаар сарын 15-ны бүх нийтийн амралтын өдөр 8 цаг илүү ажиллаж, нэг цагийн ажлын хөлс 3 125 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 52 дугаар зүйлд зааснаар 2 дахин нэмэгдүүлэн бодоход 6 250 төгрөгийг илүү ажилласан 8 цагаар тооцоход 50 000 төгрөг болно. Ажил олгогч энэ өдрийн ажлын хөлсийг 1 хувиар бодож 25 000 төгрөгийг дутуу олгосон тул үлдэгдэл 25 000 төгрөгийг гаргуулах

          -  2017 оны 08 дугаар cap ажпын 23 хоногтой ба өдөрт 1 цаг илүү ажилласан гэвэл 23 цаг илүү ажиллаж, нэг цагийн ажлын хөлс 2 173 төгрөгийг 1,5 хувиар үржүүлэхэд 3 260 төгрөг буюу илүү ажилласан 23 цагаар тооцоход 74 980 төгрөг,

          - 2017 оны 09 дүгээр cap ажлын 21 хоногтой ба өдөрт 1 цаг илүү ажилласан гэвэл 21 цаг илүү ажиллаж, нэг цагийн ажлын хөлс 2 380 төгрөгийг 1,5 хувиар үржүүлэхэд 3 570 төгрөг буюу илүү ажилласан 21 цагаар тооцоход 74 970 төгрөг тус тус болж байна. Иймд 2016 оны 09 сар, 2017 оны 5, 6, 7, 8, 9 саруудад ажлын өдрүүдэд илүү ажилласны 449 929 төгрөг, 2017 оны 07 сарын 14, 15-ны баярын өдрүүдэд ажилласны 75 000 төгрөг нийт 141 цаг илүү ажилласны цалин хөлс нийт 524 929 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани иргэн Ш.Н-тэй 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 16/26 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулж, “BIG” барилгын материалын худалдааны төв дэх борлуулалтын салбарт худалдааны зөвлөхөөр ажилд томилсон. Компани нь ажилтантай Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт “Долоо хоногийн ажлын цагийн үргэлжлэл нь 40 цаг” гэж заасны дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулж, цалин хөлсийг бодож олгодог. “BIG” худалдааны төв нь амралтын өдрүүдэд ажилладаг тул амралтын өдрийн цалинг ажлын нэг өдрийн цалингаар бодож олгож байсан ба ажилтны гаргасан өргөдлийн дагуу ажилласан хугацаан дахь илүү цагийн үлдэгдэл 0,5 хувийн цалин хөлсийг 2017 оны 10 дугаар сард нөхөж олгосон. Мөн Ш.Н-ийг удирдлагаас 19 цаг хүртэл илүү ажиллах үүрэг өгөөгүй ба ажилтан илүү цагаар ажиллаж байгаа тухайгаа холбогдох албан тушаалтанд мэдэгдээгүй болно.

          Иймд ажлын өдрүүдийн илүү нэг цагийн хөлсийг олгох боломжгүй, мөн 2017 оны 07 дугаар сарын 15-нд ажилласан гэж хэлсний дагуу харилцан итгэлээр 25 000 төгрөг олгосон. Хариуцагч нь “Б” ХХК-тай 2015 оноос талбай түрээслэн, хамтран ажилласан. Нэхэмжлэгч “Т” ХХК-д ажиллаж байгаад хүүхэд асрах чөлөө авч, уг чөлөө дуусахад “Т” ХХК-д ажиллуулсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 52 дугаар зүйлийн 52.1, 53 дугаар зүйлийн 53.1-д зааснаар хариуцагч “Т” ХХК-иас 471 972,98 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 52 956,02 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,  

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 14 809 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Ш.Н нь "Т” ХХК-ийн "БИГ” худалдааны төв дэх борлуулалтын салбарт 2016 оны 09 дүгээр сарын 01-нээс 2017 оны 10 дугаар cap хүртэл хугацаанд борлуулалтын менежерээр 09:00-18:00 цаг хүртэл ажиллахыг зөвшөөрч хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Амралтын өдрүүдэд ажилласан тохиолдолд илүү цаг олгохыг гэрээнд тусгасан ба амралтын өдрийн илүү цагийн хөлс олгосон. Гэтэл "Б" ХХК-ийн "БИГ" худалдааны төвийн дотоод журамд заасан цагийн хуваариар ажлын өдөр 1 цаг илүү ажилласан хөлс нэхэмжилсэн. “Т” ХХК нь 2015 онд анх Биг худалдааны төвд салбар нээн ажиллуулахад боруулалтын менежер П.А компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу 09:00-18:00 цагийн хуваарийн дагуу ажиллаж байсан ба ямар нэгэн гомдол санал гаргаж байгаагүй болно.

     “Т" ХХК нь "Б'' ХХК-тай түрээсийн гэрээ байгуулахдаа цагийн хуваарийг дагаж мөрдөх талаар гэрээнд дурдаагүй баярын өдрүүдэд амарна гэсэн гэрээ байгуулсныг шүүх хуралдаан дээр дурдсан. Ш.Н-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажил үүргээ гүйцэтгэхдээ компанийн дотоод журмыг чанд мөрдөж ажиллах үүрэгтэй ба өөрийн компанийн цагийн хуваарийн дагуу ажиллах үүрэгтэй. Энэ тохиолдопд Ш.Н нь "БИГ" худалдааны төвийн цагийн хуваарийн өөрчлөлтийг компанийн удирдлагад танилцуулж зөвшөөрөл авч ажиллах ёстой байжээ. Мөн нэхэмжлэгч ажлын өдрүүдэд 1 цаг илүү ажилласан гэх нотлох баримтгүй. Иймд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан "...ганцаар хариуцан ажиллаж байсан" гэдгийг үндэслэж Ш.Н-ийг ажлын өдөр 1 цаг илүү цаг ажилласанд тооцож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

     Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон нотлох баримт бүрдүүлэх журмыг зохих ёсоор хэрэгжүүлсэн боловч хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

      Нэхэмжлэгч Ш.Н хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан дутуу олгосон цалин хөлс нийт 524 929 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч байгууллагын удирдлагаас илүү цагаар болон нийтээр амрах баярын өдрүүдэд ажиллах үүрэг өгөөгүй гэж маргажээ.

        Хариуцагч “Т” ХХК-ийн маркетинг-борлуулалтын албанд 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр хүртэл хугацаанд нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээ байгуулан худалдааны зөвлөхөөр ажиллаж байсан болох нь 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 16/26 тоот хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх гэрээ, ажлын байрны тодорхойлолт, “Т” ХХК-ийн ерөнхий захирлын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/29 тоот тушаал, 0579317 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй. /хх 13-19/

       Нэхэмжлэгч 2016 оны 09 дүгээр сар, 2017 оны 5-9 дүгээр сарын ажлын өдрүүдэд нэг цаг илүү ажилласан, 2017 оны 07 дугаар сарын 14, 15-ны амралтын өдрүүдэд тус тус 8 цаг ажиллахаас 1 цаг илүү буюу 9 цаг ажиллаж, нийт 141 цаг ажилласан хугацааны цалин хөлс гаргуулахаар шаардсан бөгөөд тэрээр 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Нийслэлийн Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд “ажилласан хугацааны илүү цагийн хөлсийг 1 хувиар тооцож олгосонд гомдолтой” гэсэн өргөдөл гаргажээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу илүү цагаар ажиллавал 1 хувиар тооцож цалин олгох ёстой” гэх агуулгатай гомдол гаргасан болохоос ажлын өдөр илүү цагаар ажиллуулсан буюу илүү цагаар ажиллуулсны хөлсийг олгоогүй гэх гомдол гаргаагүй байна.

      Энэ нь Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хорооны 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “хуульд заасны дагуу илүү цагаар ажиллавал 1,5 дахин, түүнээс дээш хэмжээгээр бодож цалин хөлс олгох ёстой” гэсэн түүний гаргасан гомдлыг шийдвэрлэж хариуцагчид зөвлөмж хүргүүлсэн баримтаар тогтоогджээ. /хх 8-9/

    Хөдөлмөрийн гэрээнээс үүдэлтэй маргааны талаарх гомдлыг харьяалан шийдвэрлэх субъект, талуудын гомдол гаргах хугацааг Хөдөлмөрийн тухай хуульд тусгайлан заасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй байхаар зохицуулжээ. Иймд нэхэмжлэгч нь ажлын өдрүүдэд 1 цаг илүү ажиллаж байсан, 2016 оны 9 дүгээр сар, 2017 оны 5,6,7,8,9 дүгээр сарын цалин хөлсийг дутуу олгосон хэсэгтэй холбоотой шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

     Хэрэгт нэхэмжлэгч Ш.Н-ийн гаргасан нэхэмжлэлийг 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр шүүх хүлээж авсан баримт авагдсан байх бөгөөд нэхэмжлэгч хуульд заасан хугацааг хэтрүүлсэн тохиолдолд цалин хөлсийг нөхөж гаргуулах, энэ талаар шүүхээс дүгнэх боломжгүй байна.

         Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

       Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар Ш.Нандин-Эрдэнийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШЗ2018/01075 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан дутуу олгосон цалин хөлс нийт 524 929 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ш.Н-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

     2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14 810 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               ШҮҮГЧИД                                            Г.ДАВААДОРЖ

                                                                                                           Д.БАЙГАЛМАА