Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2026/0563

 

Ч.Г-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Одмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч Ч.Г

Нэхэмжлэлийн шаардлага: Өвөрхангай аймгийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/631 дугаар захирамжийн 1, 2-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ч.Г

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр

Хэргийн индекс: 121/2026/0014/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ч.Г-аас Өвөрхангай аймгийн Засаг даргад холбогдуулан “Өвөрхангай аймгийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/631 дугаар захирамжийн 1, 2-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 32 дугаар зүйлийн 32.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Ч.Г-ийн Өвөрхангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

            “...Өвөрхангай аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/533 дугаар “Газар эзэмших эрх шинээр олгох тухай” захирамжаар амины орон сууцны зориулалттай 495 м.кв газар эзэмшсэн. Тус захирамжийг гаргасны дараа аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр газар эзэмших хүсэлтийг цахим системээр гаргаагүй тул хүчингүй болгох арга хэмжээ авах болсныг мэдэгдсэн албан мэдэгдэл өгсөн. Тус албан мэдэгдэлд газар эзэмших хүсэлтээ цахим системээр гаргахыг удирдсан байдаг. Үүний дагуу би цахим системээр газар эзэмших хүсэлтээ 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/631 дүгээр захирамжаар миний газар өмчлөх эрхийг цуцалсан.

            Би газар эзэмших хүсэлтээ аймгийн Засаг даргад 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр бичгээр гаргасан бөгөөд тухайн үед Газрын тухай хуульд газар эзэмших хүсэлтээ цахимаар гаргах тухай нэмэлт өөрчлөлт орсон боловч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багт буюу миний эзэмшихийг хүссэн газарт цахимаар хүсэлт гаргах техникийн боломжгүй байсан. Энэ нь Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн шүүхэд гаргаж ирүүлсэн нотлох баримтад Арвайхээр сумын 13 дугаар багт гэр бүлийн зориулалтаар газар эзэмших тухай хүсэлтийг 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр авч эхэлснээр нотолдог.

            Засгийн газрын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 121 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 1.5 дахь хэсэгт Аймаг, Нийслэл, дүүргийн газрын алба, сум газрын даамал, эсхүл эрх олгогдсон байгууллага /цаашид “газрын алба” гэх/ нь хүсэлтийг мэдээллийн системээр хүлээн авч хуульд заасан хугацаанд багтаан шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Аймгийн Засаг даргын “Газар эзэмших эрхийг шинээр олгох тухай” А/533 дугаар захирамж 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гаргасан бөгөөд Арвайхээр сумын 13 дугаар багт газар эзэмших тухай хүсэлтийг цахимаар авч эхэлсэн хугацаа нь 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр байдаг. Өөрөөр хэлбэл Газар эзэмших хүсэлтийг цахимаар авах боломжтой болсон байхад Өвөрхангай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар Засгийн газрын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 121 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 1.5 дахь заалтыг хэрэгжүүлж ажиллагаагүй нь буруутай байна.

            Мөн Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 Энэ хуулийн 32.2, 32.3-д заасан баримт бичгийг хавсаргасан хүсэлтийг хүлээн авмагцаа сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу бүртгэнэ. Бүртгэлд хүсэлтийг хүлээн авсан он, сар, өдөр, цаг минутаар тэмдэглэх бөгөөд энэ тухай тодорхой эрхийг хүсэлт гаргасан этгээд гаргаж өгнө, 32.5-д хүсэлт, түүнд хавсаргасан баримт сумын газрын даамал, аймгийн, нийслэлийн дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаарх үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна гэх заалтыг зөрчиж, хүсэлт хүлээн авсан тухай тодорхойлолт гаргаж өгөөгүй, бичгээр гаргасан хүсэлт нь шаардлага хангаагүй гэдгийг надад мэдэгдээгүйгээс шалтгаалж миний газар эзэмших эрхийг хууль зөрчсөн гэж үзэж байна. Иймд аймгийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/631 захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:      

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2. Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2.1. Нэхэмжлэгч Ч.Г-аас “Өвөрхангай аймгийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/631 дугаар захирамжийн 1, 2-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2.2. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, анх нэхэмжлэгчээс 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт Арвайхээр сумын ** баг “Хаус хороололд” газар эзэмших хүсэлтээ холбогдох баримтын хамт бичгээр гаргасны дагуу Өвөрхангай аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/533 дугаар захирамжаар Арвайхээр сумын ** дугаар баг, *** хороололд инженерийн шугам сүлжээ бүхий 495 м.кв амины орон сууцны зориулалттай газрыг нэхэмжлэгч Ч.Г-д 30 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж байжээ.

2.3. Ийнхүү газар эзэмших эрх олгосныхоо дараа газар эзэмшүүлсэн дээрх захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8, 29.9 дэх заалтуудыг баримтлаагүй, газар эзэмших хүсэлтийг цахим системээр гаргуулаагүй гэсэн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/631 дүгээр захирамжаар аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/533 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсон байна.

2.4. Анхан шатны шүүх “... нэхэмжлэгч Ч.Г-ийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимд нийцэхгүй, хариуцагч аймгийн Засаг дарга нь Газрын тухай хуульд нийцээгүй хууль бус шийдвэрээ өөрөө хүчингүй болгох бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргасан нь хуульд нийцсэн, уг захирамжийн улмаас газар эзэмших хүсэлтээ Газрын тухай хуульд заасан зохих ёсоор гаргаагүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй...” гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

2.5. Учир нь нэхэмжлэгчийн эзэмших хүсэлт гаргасан газар нь Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 120 дугаар тогтоолоор амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлж, ашиглуулах газрын байршилд тусгагдсан газар байх бөгөөд нэхэмжлэгч газар эзэмших хүсэлтээ холбогдох баримтын хамт Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасан бүрдүүлбэрийг хангуулан бичгээр гаргасан, үүнийг нь захиргааны байгууллага хүлээн авч, шаардлага хангасан гэж үзэн газар эзэмшүүлсэн байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хууль ёсоор үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

Хэрэв нэхэмжлэгчийг хүсэлт хуулийн шаардлага хангаагүй гэж үзвэл, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ”, 32 дугаар зүйлийн 32.5-д “32.5.Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаархи үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна” гэж тус тус заасны дагуу шийдвэрлэх боломжтой байжээ.

 

Гэтэл ийнхүү хууль ёсоор үүссэн эрхийг хариуцагч “газар эзэмших тухай хүсэлтээ цахим системээр дамжуулан гаргаагүй” гэж зөвхөн нэхэмжлэгчийг буруутган газар эзэмшүүлсэн захирамжаа хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийцсэнгүй.

Нөгөөтээгүүр, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй энэ тохиолдолд нэхэмжлэгчид эерэг нөлөөлөл бүхий Засаг даргын 2025 оны А/533 дугаар захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгох боломжгүй юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өвөрхангай аймгийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/631 дүгээр захирамжийн нэхэмжлэгч Ч.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                           Ц.ОДМАА

 

 

                        ШҮҮГЧ                                                           Г.МӨНХТУЛГА

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН