Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1229

 

 

 

 2023             12            11                                            2023/ШЦТ/1229                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул,

Улсын яллагч Б.Өнөбат,

Хохирогч ... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У , өмгөөлөгч Б.Хонгорзул,

Шүүгдэгч М.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныЁ танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Л д холбогдох эрүүгийн 2209030312056 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 1, ганцаараа амьдардаг, иргэний бүртгэлээр ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ...  тоотод оршин суух, урьд ял шийтгэл:

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2018/ШЦТ/229 дугаартай шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ДШМ/84 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн; М.Л , /РД:... /.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Л нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... банк бус санхүүгийн байгууллагад 2022 оны 10 дугаар  сарын 12-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хооронд өөрийн урьдаас төлөвлөсөн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглан зээл хүсээгүй иргэдийн нэр дээр зээлийн бичилт хийж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, улмаар дансанд нь мөнгө шилжиж орсон харилцагч нарт утсаар холбогдож манай байгууллагад системийн алдаа гарсан учир таны дансанд алдаатай гүйлгээ хийгдсэн байна гэж хэлж итгүүлэн 18 удаагийн гүйлгээгээр 6,220,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

  1. Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэхэд ...шүүгдэгч М.Л нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... банк бус санхүүгийн байгууллагад 2022 оны 10 дугаар  сарын 12-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хооронд өөрийн урьдаас төлөвлөсөн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглан зээл хүсээгүй иргэдийн нэр дээр зээлийн бичилт хийж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, улмаар дансанд нь мөнгө шилжиж орсон харилцагч нарт утсаар холбогдож манай байгууллагад системийн алдаа гарсан учир таны дансанд алдаатай гүйлгээ хийгдсэн байна гэж хэлж итгүүлэн 18 удаагийн гүйлгээгээр 6,220,000 төгрөгийн хохирол учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Үүнд:

... ХХК-ийн Цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гомдол /хх-ийн 4-6 дугаар тал/,

 

2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар тал/,

 

Хохирогч ... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баасанцэрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай “...” XXK нь ...  тоот хаягт зээлийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд барьцаагүй зээлийг цахим хэрэгслээр буюу утасны аппликэйшнээр дамжуулан олгодог юм. 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр байгууллагын дугаарт С.Н гэх иргэн залгаж "Танай байгууллагад Т  гэж ажилтан байдаг уу? Миний данс руу 2022 оны 10 дугаар 16-ны бүтэн сайн өдөр 110,000, 110,000, 640,000, 680,000, 350,000 төгрөгийн 5 удаагийн гүйлгээгээр нийт 1,890,000 төгрөгийн зээлийн олголт хийж, орлого орж ирсний дараа ... гэсэн дугаараас “...-аас холбогдож байна, манай систем дээр алдаа гарч тань руу мөнгө шилжсэн тул нийт мөнгөн дүнгээр манай нягтлан А.Т ий Хаан банкны ...  дугаарын дансанд буцаан шилжүүлж өгнө үү гэж ярьсан, надад сэжигтэй санагдсан ч миний мөнгө биш учир шилжүүлчихсэн, танай дээр системийн алдаа гарсан уу" гэж санал хүсэлт тавьсан бөгөөд бид шалгаж үзэхэд манай байгууллагад системийн алдаа гараагүй, харин байгууллагын бүртгэлтэй харилцагч нараас нийт давхацсан байдлаар Н  гэдэг нэртэй харилцагчийн мэдээллийг түүж авч 18 хүн дээр 6,220,000 төгрөгийн зээлийг хууль бусаар гаргасан байсан. Ингээд бид А  овогтой Т  гэх хүнийг хайж олсон ба тус хүнтэй холбогдоход "Би Сэлэнгэ аймагт амьдардаг, цэргийн албанаас сая халагдаж ирсэн, интернэт банк руугаа нэвтэрч чадахгүй байгаа, банкны карт ээжид байгаа, би юу болоод байгааг мэдэхгүй байна, маргааш банк ороод өөрөө хуулгаа аваад та бүхэнд явуулъя" гэж зөвшөөрч 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Т  нь өөрөө ирж уулзсан бөгөөд А.Т ий ахынх нь найз М.Л гэж хүн байсан ба уг хүн нь 2022 оны 8 дугаар сар хүртэл манай байгууллагад ахлах менежер албан тушаалтай ажиллаж байсан хүн байсан. Т ий данснаас М.Л нь өөрийн Хас банкны ...  дугаарын данс руу 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нийт 3,660,000 төгрөгийг шилжүүлж авсан байгаа юм. Ийм байдлаар манай байгууллагад нийт 6,220,000 төгрөгийн хохирол учруулаад байна. М.Л тэй түүний ...  дугаараар холбогдох гэхэд манай компанитай холбоотой бүх хүнийг блок хийсэн нь гэм буруутай хүний үйлдэл гэж бодож байна. М.Л нь манай байгууллагад багийн ахлах ажил хийж байсан бөгөөд манай байгууллагын харилцааны менежерүүд болох Б.Л , Б.Г нарын системд нэвтрэх менежерийн эрхийг ашиглах 18 нэр бүхий харилцагчийн утасны дугаарыг өөрчлөн тус дугаарт нууц үгийг шинэчлэх үйлдэл хийж, шинэ нууц үгээр зээл авсны дараа буцааж дугаарыг нь солиод харилцагч руу гар утсаар холбогдож "Андуурсан, системийн алдааны гүйлгээ орсон, техникийн шинэчлэлт хийж байгаа" гэж хэлж А.Т ий дансаар шилжүүлж аваад, үүнийгээ өөр лүүгээ шилжүүлж авсан байгаа юм. ... гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар тал/,

-шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч ... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У гийн өгсөн: ...М.Л нь 2022 оны 3 дугаар сараас 2022 оны 8 дугаар сар хүртэл ажиллаж байгаад ажлаасаа чөлөөлөгдсөн. 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрүүдэд манай байгууллагын дотоод цахим сүлжээнд хууль бусаар нэвтэрч харилцагчдын мэдээллийг ашиглаж харилцагчдын нэр дээр зээл авч нийт 6,220,000 төгрөгийн хохирол учруулсан. Манай байгууллага нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байнгын тогтвортой зээлийн үйлчилгээ эрхэлдэг байгууллага. М.Л гийн үйлдлийн улмаас хохирсон 6,220,000 төгрөгийг бусад харилцагч нарт зээлийн үйл ажиллагаагаа явуулсан бол уг зээлийн хүү 3,100,000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн М.Л нь манай байгууллагад дээрх хохирлыг учруулаагүй байсан бол өмгөөлөгчийн хөлсний үйлчилгээ төлөхгүй байсан. Тиймээс өмгөөллийн хөлс 5,000,000 төгрөг, түүний хүү болох 3,100,000 төгрөг, нийт 8,100,000 төгрөгийг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

 

Гэрч Б.Л гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би 2021 оны 12 дугаар сард “...”-д зөвлөхөөр ажиллаж байгаад 2022 оны 4 дүгээр сараас хойш харилцааны менежерээр ажиллаж байгаа юм. Манай байгууллагын харилцааны менежерүүд амралтын өдрүүдээр 1-2 хоногийн хугацаа хэтэрсэн зээлдэгч нар луу залгах шаардлага гардаг бөгөөд зарим тохиолдолд харилцааны менежерүүд бие биедээ системд нэвтрэх нэр, нууц үгээ дамжуулж өгөөд тухайн өдөр ажиллаж байгаа харилцааны менежерээрээ яриулчихдаг. Тийм учраас ахлах харилцааны менежерээр ажиллаж байсан М.Л нь миний болон бусад харилцааны менежерүүдийн нэвтрэх нэр, нууц дугаарыг мэдэж байх боломжтой гэж бодож байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 65 дугаар тал/,

 

Гэрч Б.Г ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би 2021 оны 12 дугаар сард ...-д зөвлөхөөр ажиллаж байгаад 2022 оны 4 дүгээр сараас хойш харилцааны менежерээр ажиллаж байгаа. М.Л нь ахлах менежер байсан учраас хариуцаж ажилладаг байсан харилцааны менежерүүдийн нэвтрэх нэр, нууц үгийг мэддэг байсан юм. Би кодоо солиогүй байж байгаад саяхан сольсон. 18 харилцагчийн нэр дээр зээл авсан байж болзошгүй үйлдэлд миний болон Б.Л гийн эрхээр нэвтэрсэн мэдээлэл нь систем дээр үлдсэн байсан. Манай системд интернэт байхад хаанаас ч нэвтэрч болдог юм. Харилцааны менежерийн эрхээр нэвтрэн харилцагчийн утасны дугаарт өөрчлөлт оруулах боломжтой. Өөр мэдээлэлд өөрчлөлт оруулах боломж байхгүй. М.Л гийн хувьд хэрэглэгчийн утасны дугаарыг өөрчлөөд, утасны дугаар дээрээ нууц үгийг сэргээж аваад зээл авчхаад буцаад сольчихсон үйлдэл гаргасан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 67 дугаар тал/,

 

Гэрч А.Т ий мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Би 2021 оны 10 дугаар сараас 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд байрлах Түшиг сумын хилийн 2 дугаар заставд хугацаат цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд Сэлэнгэд байх үед “...”-аас ажилтан холбогдож “Дансанд чинь мөнгө орсон байна, ямар учиртай юм бэ” гэж асуусан. Би энэ талаар мэдэхгүй байсан тул дансны хуулгаа интернэт банкаа шалгах гэтэл нууц үг нь алдаа заагаад орж болохгүй байсан. Тэгээд би банкин дээр очоод дансны хуулгаа авч шалгахад миний дансанд 3,660,000 төгрөгийн орлого орсон байсан. Би тэр дор нь интернэт банкаа идэвхгүй болгож мобайл банк суулгуулсан. Ингээд 2022 оны 10 дугаар сарын 20-ны үед Улаанбаатар хотод сургуульд сурахаар ирсэн. Энэ үед “...”-тай уулзсан бөгөөд тус байгууллагад дансны хуулгаа өөрөө зөвшөөрч өгсөн юм. Тэгээд шалгаж үзэхэд М.Л гэх миний зус таних хүний данс руу дээрх 3,660,000 төгрөг орсон байсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 69 дүгээр тал/,

 

А  гийн Т ий Хаан банк-нд эзэмшдэг ...  тоот депозит дансны хуулга /хх-ийн 23-24 дүгээр тал/,

 

            “... ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн ...... ХХК-ийн Хаан банкны ...  тоот дансанд 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 6,200,000 төгрөг М.Л гүйлгээний утгаар орж ирсэн нь үнэн болно... гэх албан бичиг /хх-ийн 118 дугаар тал/,

           

Шүүгдэгч  М.Л гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: ...Би өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг бүрэн төлж барагдуулсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 114 дүгээр тал/,

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Л гээс: ...Тухайн үед би 6 сарын хугацаанд ажилласан. Удирдлагууд намайг маш их шахаж ажиллуулдаг байсан. Миний буруутай үйлдэл байхгүй, ажлаа сайн гүйцэтгэдэг байхад намайг дарамталдаг, шахаж хараа хяналтдаа байлгадаг байсан учраас энэ ажлаас гарсан. Би уурандаа ийм үйлдэл хийсэн нь үнэн. Давж заалдах шатны шүүх дээр манай байгууллагаас М.Л г удаа дараа дуудаж ирж уулз гэхэд намайг ирээгүй, нэг ч уулзаагүй гэж хэлсэн. Өнөөдөр над руу залгаад тохиролцох талаар хэлэхэд энэ хэрэг шүүхийн шатанд шилжсэн байхад тохиролцох асуудал байхгүй гэдгээ хэлсэн... гэж мэдүүлэг зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:

Улсын яллагчаас: ...Шүүгдэгч М.Л нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... банк бус санхүүгийн байгууллагад 2022 оны 10 дугаар  сарын 12-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хооронд өөрийн урьдаас төлөвлөсөн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглан зээл хүсээгүй иргэдийн нэр дээр зээлийн бичилт хийж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, улмаар дансанд нь мөнгө шилжиж орсон харилцагч нарт утсаар холбогдож манай байгууллагад системийн алдаа гарсан учир таны дансанд алдаатай гүйлгээ хийгдсэн байна гэж хэлж итгүүлэн 18 удаагийн гүйлгээгээр 6,220,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогчийн зүгээс мөнгө хүлээж авсан гэдгээ илэрхийлсэн учир шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс нэхэмжилж байгаа 5,000,000 төгрөг нь баримтаар нотлогдсон зүйл байхгүй, хохирлын хүү болох 3,100,000 төгрөг нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг биш учраас энэ талаарх баримтаа бүрдүүлээд Иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй...” гэсэн дүгнэлтийг;

 

Хохирогч ... ХХК-ийн өмгөөлөгч Б.Хонгорзулаас: ...Гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол болох 6,220,000 төгрөгийг М.Л  нь төлж барагдуулсан. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч байгууллагын зүгээс бодит хохирлын хүү болон өмгөөлөгчийн зардлыг нэхэмжилж байна. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжилж байна. Шүүгдэгч нь энэхүү мөнгийг залилж аваагүй байсан бол ...-д хохирол гарахгүй байх байсан учраас хүүгийн төлбөр нь гэмт хэргийн хохиролд хамаарна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Өмгөөлөгчийн хөлс төлбөрийн асуудлыг хангах эсэх нь шүүх шийдвэрлэх байх. Хэрэгт авагдсан нотлох баримтаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн. Өмгөөлөгчийн зүгээс эдгээр нотлох баримтуудыг үндэслээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан цахим мэдээлэлд хууль бусаар халдсан үйлдэл тогтоогдож байна гэж үзэж байна. Хэргийн үйл баримтын хүрээнд шүүүгдэгч нь ажлаасаа чөлөөлөгдсөн байх хугацаандаа системд нэвтрэх эрхгүй байж энэ гэмт хэргийг үйлдсэн байдаг. Ийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлд заасан шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийг 60 хоног хүртэл хугацаагаар хойшлуулах боломжтой. Энэ үйлдлийг шалгах хүртэл шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү... гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгч М.Л гээс: ...Улсын яллагчийн гаргасан саналтай санал нэг байна. Хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг эсэргүүцэж байна. Хууль ёсны төлөөлөгч нь хуулийн фирмийн ажилтан болохоос биш энэ байгууллагын ажилтан биш учраас сайн мэдэхгүй байна. Энэ байгууллага нь одоо хүртэл надтай харилцахгүй байгаа нь өөрсдөө бусдын цахим санд хууль бусаар халддаг. Үүнийг би одоо ч гэсэн нотолж чадна. ...-аас ажилтан нь төлөөлж ирээгүй байж хуулийн фирмийн ажилтан хууль ёсны төлөөлөгчөөр сонгогдсон байгааг гайхаж байна... гэсэн дүгнэлт, тайлбарыг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Эрх зүйн дүгнэлт:

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгө /мөнгө/-ийг нь шилжүүлэн авсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын шүүгдэгч М.Л д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Тухайлбал шүүгдэгч М.Л гийн хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан үйлдэл нь идэвхтэй бөгөөд буцаан өгөхгүй байх гэсэн субьектив санаатай, шунахайн сэдэлттэй байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргээс “Залилах” гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх үзсэн болно.

Иймд шүүгдэгч М.Л г Залилах” гэмт хэргийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

 

Хохирол, хор уршиг:

Тус гэмт хэргийн улмаас хохирогч ... ХХК-д 6,220,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч М.Л нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Харин хохирогч ... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У , өмгөөлөгч Б.Хонгорзул нараас нэхэмжилсэн ...зээлийн хүү 3,100,000 төгрөг, өмгөөллийн хөлс 5,000,000 төгрөг тус тус нэхэмжилсэн...-ийг тус гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно...” гэж заасан. 

Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, өмгөөлөгч сонгон авах эрхтэй. Уг эрхээ эдэлж өмгөөлөгч сонгон авч, хөлс төлснийг, мөн хохирлын мөнгөн дүнд хүү, нэмэгдүүлсэн хүү тооцон нэхэмжилснийг тус тус гэмт хэргийн улмаас үүссэн үр дагавар гэж үзэх хууль зүйн үндэслэгүй юм.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Талуудын санал, дүгнэлт:

Улсын яллагчаас: “…Шүүгдэгч М.Л д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялыг Хэнтийн аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахгүйгээр тогтоож өгнө үү… ” гэсэн дүгнэлтийг;

Хохирогч ... ХХК-ийн өмгөөлөгч Б.Хонгорзулаас: ...Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч шүүх хуралдааны явцад өмгөөлөгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч рүү зүй бус үг хэллэгээр дайрч байна. Хохирогчийг хэн ч төлөөлж болно. Хохирогч байгууллагаас гомдолтой байна. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзаж үзээд хамгийн доод хэмжээгээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжгүй. Мөн шүүгдэгч нь Хэнтий аймагт ажилд орсон учраас энэ зорчих эрхийг хязгаарлах ялыг Хэнтий аймгаар хязгаарлах нь зохисгүй. Шүүгдэгч нь өмнө нь ял шийтгэл эдэлсэн ч өнөөдөр өөрийн үйлдэлдээ гэмшиж байгаа байдал харагдахгүй байна. Тиймээс торгох болон хорих ялаар шийтгэж өгнө үү... гэсэн дүгнэлтийг;

            Шүүгдэгч М.Л гээс: ...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч рүү дайрсан зүйлгүй. Прокурорын саналыг хүлээн зөвшөөрч байна... гэсэн дүгнэлт, тайлбарыг тус тус гаргаж мэтгэлцэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч М.Л г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч М.Л гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 119 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /хх-ийн 136 дугаар тал/, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 117 дугаар тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 120 дугаар тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 121 дүгээр тал/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 122 дугаар тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 123 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч М.Л д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч М.Л д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэв.

Шүүгдэгч М.Л нь ...  тоотод оршин суудаг болох нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.

 Иймд шүүгдэгч М.Л г дээрх хугацаанд Хэнтий аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Л нь шүүхээс оногдуулсан Хэнтий аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

 

Бусад асуудлын талаар:

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Л нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэжлүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.Л г хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Л г 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Л д шүүхээс оногдуулсан Хэнтий аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Л нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч ... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У , өмгөөлөгч Б.Хонгорзул нараас нэхэмжилсэн ...зээлийн хүү 3,100,000 төгрөг, өмгөөллийн хөлс 5,000,000 төгрөг-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Л д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Л д урьд авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.БАТСАЙХАН