| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 105/2020/0305/Э |
| Дугаар | 384 |
| Огноо | 2020-03-31 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Бямбадагва |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 384
2020 3 31 2020/ДШМ/384
Д.Амарбаярт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүгдэгч Д.Амарбаяр, түүний өмгөөлөгч Э.Үнэнсайхан,
нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 330 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Амарбаярын өмгөөлөгч Э.Үнэнсайханы гаргасан давж заалдах гомдлоор Д.Амарбаярт холбогдох 1906067880128 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Багаадаацаг овгийн Дамбийгийн Амарбаяр, 1964 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Сүм Их Бүрд” ХХК-ийн хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Төв аймгийн Баян-Өнжүүл сум, 1 дүгээр баг, Бараат гэх газарт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ЗА64061611/;
Шүүгдэгч Д.Амарбаяр нь 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ямаха” автомашины сэлбэгийн худалдааны гадаа Б.Амарбаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, Б.Амарбаярын баруун гуян тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Амарбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Багаадаацаг овгийн Дамбийгийн Амарбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Амарбаярыг 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Амарбаярт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Д.Амарбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, баримтаар төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 27 см урттай, бор өнгийн модон иштэй хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлж, хохирогч Б.Амарбаяр нь цаашид гарах эмчилгээний зардал, эрүүл мэндэд учирсан гэм хорын асуудлаар нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Д.Амарбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Амарбаярын өмгөөлөгч Э.Үнэнсайхан гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Амарбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны үед болон анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хийсэн хэрэгтээ гэмшиж, хохирогчоос уучлалт гуйж, эмчилгээтэй холбоотой зардал гэж 3.750.000 төгрөгийг төлсөн. Тэрээр хохирогчид цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд “Сүм их бүрд” ХХК-д 24/48 цагаар харуулын ажил эрхэлдэг тул ажил хөдөлмөрөө хэвийн үргэлжлүүлэн хийх нь хохирогчид санхүүгийн туслалцааг үзүүлэхэд ач холбогдолтой.
Д.Амарбаяр нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид бусад туслалцаа үзүүлсэн, мөн хохирлоо бүрэн барагдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан.
Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлд зааснаар торгох ял оногдуулж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Д.Амарбаяр “тус шүүх хуралдаанд тусгайлан гаргах тайлбар байхгүй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Д.Амарбаярт холбогдох хэрэгт, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Амарбаяр нь 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 22 цагийн орчим Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ямаха” автомашины сэлбэгийн худалдааны газрын гадаа Б.Амарбаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, Б.Амарбаярын баруун гуян тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Б.Амарбаярын “2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 22 цагийн орчим намайг гадуур байхад манай эхнэр Ганболор над руу утсаар яриад ээжийн хамтран амьдрагч Амарбаяр ирээд агсам тавиад намайг өшиглөсөн гэж хэлсэн. Би гэр рүүгээ очиход Амарбаяр гараад явчихсан байсан тул Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ямаха” автомашины сэлбэгийн худалдааны газар болох Д.Амарбаярын ажил дээр очоод “давраад байгаарай, яагаад хүүхэд айлгаад байгаа юм” гэж хэлэхэд Д.Амарбаяр миний нүүрэн тус газарт 1 удаа цохисон. Би барьж авч унагачихаад гараад явахад Д.Амарбаяр миний араас бор иштэй хутга бариад гараад ирсэн. Намайг хэд хэдэн удаа хутгалах гэсэн бөгөөд би зугтаж амжсан. Тэгтэл хажуугаар явж байсан нэг ах болиулж хутгыг булааж газарт хаяулсан. Би явах гэсэн боловч миний машины цонх, копуд, нэмэлт гэрлийг чулуугаар цохиж хагалсан. Би гарч очоод бариад авахад миний баруун гуя руу хутгалсан. ...” /хх 13-14/,
гэрч Г.Ганболорын “2019 оны 11 дүгээр сарын 12-ны орой 22 цагийн үед манай нөхрийн хойд аав Д.Амарбаяр гаднаас согтуу орж ирсэн. ...би нөхөр рүүгээ залгаад хойд аав Д.Амарбаярыг гараад явчихлаа гэж хэлсэн. Тэгтэл нөхөр “би тэгвэл ажил дээр нь очлоо” гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд удалгүй нөхөр манай хадам ээж рүү залгаад “хойд аав Д.Амарбаяр намайг хутгалчихлаа, би цус алдаад байна” гэж ярьсан. ...” /хх 17-18/,
гэрч Г.Баярбатын “Би 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Банязүрх дүүргийн 8 дугаар хороо “Хятад, Япон автомашины сэлбэг худалдаа” гэх нэртэй объектын гадаа ирээд харуулын байранд орж ирсэн. Удалгүй миний араас Тоёота Приус-20 загварын автомашинтай хүн “Ямаха” сэлбэгийн худалдааны газрын харуулын байрны гадаа ирж зогсох шиг харагдсан бөгөөд тус машинаас нэг махлагдуу залуу бууж ирээд харуулын байр руу орсон. Удалгүй “Ямаха” сэлбэг худалдааны газрын харуул хутга барьчихсан гарч ирсэн. Тэгэхээр нь би тэдэнд “больцгоо” гэж хэлээд, очоод нөгөө залууг нь машинд суулгах талаар хэлээд, харуулын барьж байсан хутгыг нь газар хаяулсан. Гэтэл тэр залуу машиндаа суулгүй харуул залуутай хэрэлдээд зогсоод байсан. Тэд удалгүй барилцан авч, харуул тэр залууг 2-3 удаа цохисон бөгөөд удалгүй тэд хамт газар унасан. Гэтэл нөгөө залуу “намайг хутгалчихлаа” гэж орилоод байсан бөгөөд тэр залуугийн баруун хөлнөөс цус гоожиж байсан. Би тэр залуугийн баруун хөлийг уяагаар боож өгөөд өөрийнхөө машинтай эмнэлэг хүргэж өгсөн. ...” /хх 19-20/,
шүүгдэгч Д.Амарбаярын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...би 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Банязүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Харуул-Алтай” хотхонд гэрээсээ мөнгө авах гэж очсон. ...Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ямаха” автомашины сэлбэгийн худалдааны төв дээр байхад Б.Амарбаяр хүрээд ирсэн. Б.Амарбаяр “чи юу яриад байгаа юм, ална шүү” гэсэн. Тэгээд бид хоёр маргалдаж байгаад би хоол хийж байсан хутгаа аваад Б.Амарбаярын гуя руу хутгалчихсан. ...” /хх 58/ гэх мэдүүлгүүд,
Хохирогч Б.Амарбаярын биед баруун гуяны хатгагдсан шарх, баруун гуяны булчингийн тасрал, артерийн /a.profunda femoralis/ судасны салаа гэмтсэн гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 766 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 22-23/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-8/, хохирлын баримтууд /хх 67-71/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Д.Амарбаярыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүх, шүүгдэгч Д.Амарбаярын хохирогч Б.Амарбаярын баруун гуян тус газар хутгалж хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Д.Амарбаярын өмгөөлөгч Э.Үнэнсайханы “...шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлд зааснаар торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүх, шүүгдэгч Д.Амарбаярын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Гэвч, давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Д.Амарбаярын “Сүм их бүрд” ХХК-ийн хамгаалалтын албанд хамгаалагчаар ажилладаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 3750000 төгрөгийг төлсөн зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг 240 цаг болгон багасгах нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 330 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
- 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Амарбаярыг 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй" гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Амарбаярыг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй” гэж,
- 3 дахь заалтад “...500 /таван зуун/ цаг...” гэснийг “...240 /хоёр зуун дөчин/ цаг...” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Үнэнсайханы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ