Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 127/ШШ2020/0002

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:127/2019/0008/З

 

            Хэнтий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Балжмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: “М м” ХХК-ийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Х-д холбогдох

             “М м” ХХК-ийн байгаль орчны менежментийн 2018, 2019 оны төлөвлөгөөг батлахаас татгалзсан сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг төлөвлөгөөнүүдийг батлахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “М м” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, Б.Г нар, хариуцагч Х- Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч: “М м” ХХК-ийн захирал Т.Э шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Тус компани нь Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутагт ашигт малтмалын хайгуулын ХV-021174 тоот тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулж, Жаргалтхаан сумын Засаг даргад хүргүүлж, батлуулах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч тодорхой хариу өгөлгүй өдгөө хүрсэн.

2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Засаг даргад гомдол гаргахад ”Төрийн захиргааны байгууллагаас энэ талаар тодорхой тайлбар мэдээлэл авсны дараа танай байгууллагын асуудлыг хуулийн хүрээнд яаралтай шийдвэрлэж өгнө” гэсэн хариу өгсөн. Үүнийг үндэслэн Жаргалтхаан сумын Засаг даргатай 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр биечлэн уулзаж, хүсэлтээ өгсөн. Гэтэл сумын Засаг дарга төлөвлөгөөг батлахаас татгалзсан тухай 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн албан тоотыг шуудангаар ирүүлсэн.

... Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа нь манай компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг дараах байдлаар хөндөж байна: хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэх боломжгүйд хүргэж, тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөл байдал үүсгэнэ...” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Ашигт малтмал, газрын тосны газраас зарлаж, 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр явуулсан сонгон шалгаруулалтад Гүүдкэстл ХХК оролцож, шалгарсан. Улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 782 тот шийдвэрээр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг дэвсгэрт Хатагтай гэх нэртэй 374.1 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн.

Тус компани нь Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулж, Х-д хүргүүлж, батлуулах хүсэлтийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны 216/18 тоот албан бичгээр гаргаж байсан. “Гүүдкэстл” ХХК нь оноосон нэрээ “М м” ХХК болгон өөрчилж, 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн тул энэ байдлаа Жаргалтхаан сумын Засаг даргад мэдэгдэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах хүсэлтийг 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 28/19 тоот албан бичгээр хүргүүлсэн боловч баталж өгөөгүй. Иймд манай компани Хэнтий аймгийн Засаг даргад 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 41/19 тоот албан бичгээр гомдол гаргасан.

Аймгийн Засаг дарга манай компанид ирүүлсэн хариундаа “асуудлыг яаралтай шийдвэрлэж ажиллах болно” гэсэн тул хүлээзнээд Жаргалтхаан сумын Засаг даргад 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулах хүсэлтээ 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 139/19 тоот албан бичгээр хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй, ингээд дахин 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 350/19 тоот албан бичиг явуулахад сумын Засаг дарга “төлөвлөгөөг батлах, хамтран ажиллах боломжгүй” гэсэн хариуг албан бичгээр өгсөн.

Хариуцагч сумын Засаг дарга байгаль орчны төлөвлөгөөг батлахгүй байгаа үндэслэлээ, хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газар нь орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхардаж байгаа гэж тайлбарладаг.

Үүнийг  судалж үзэхэд, Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн А/16 дугаар тогтоолоор газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэсэн байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 “к”-д, “нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай Засаг даргын саналыг хэлэлцэн шийдвэрлэх” эрхийг сумын Хурал хэрэгжүүлэхээр заасан.

Иймд сумын Хурлын Тэргүүлэгчид уг асуудлыг шийдвэрлэх эрх бүхий этгээд биш тул Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны А/16 дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн  47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт заасны дагуу илт хууль бус акт юм. Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байдаг.

Иймээс энэхүү актыг үндэслэн, хариуцагч сумын Засаг дарга манай компанийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа нь хууль бус юм.

Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотой зардал маш их гарсан: сонгон шалгаруулалтад орж, тусгай зөвшөөрөл авахад 350 сая төгрөг зарцуулсан, мөн тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлж байгаа. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлагдаагүйгээс хайгуулын ажиллагаа явагдах боломжгүй, хугацаа алдаж байгаа ба тусгай зөвшөөрлийн хугацаа 2021 онд дуусах тул компанид хохиролтой байна.

Иймд  “М м” ХХК-ийн байгаль орчны менежментийн 2018, 2019 оны төлөвлөгөөг батлахаас татгалзсан Жаргалтхаан сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг төлөвлөгөөнүүдийг батлахыг даалгаж өгнө үү” гэв.

Хариуцагч Х- Б.Ц- шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх “Гүүд кэстл” компанийн төлөөлөгч ирж, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулах тухай хүсэлт гаргасан. Уг компанид манай сумын нутаг дэвсгэрт хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон талаар бид ямар ч мэдээлэлгүй байсан. Тусгай зөвшөөрөл олгогдсон газар нь манай сумын “Ундаргын булан” гэдэг нэртэй газар байсан ба уг газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн А/16 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан болохыг компанийн төлөөлөгч нарт амаар танилцуулсан. Нэхэмжлэгч тал намайг ямар нэгэн хариу өгөөгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Миний бие  Ашигт малтмал, газрын тосны газарт албан бичиг явуулж, “Гүүд кэстл” ХХК-д олгосон 021174 дугаартай тусгай зөвшөөрөл бүхий газар нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны А/16 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай давхардсан, мөн Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж тусгай зөвшөөрөл олгогдсон байгаа зэргийг судлан, тухайн зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авах”-ыг хүссэн. Гэвч уг газраас “хүсэлтийг хүлээн авах боломжгүй” гэсэн хариу ирсэн.

Иймээс би эдгээр нөхцөл байдлын талаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд албан бичиг хүргүүлж, 2017 оны А/16 дугаар тогтоолоо хянан үзэхийг хүссэн. Энэ асуудлыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцээд “А/16 дугаар тогтоол хүчинтэй, ямар нэгэн өөрчлөлт оруулахгүй” гэж шийдвэрлэсэн.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Хурал, Засаг даргаас хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр тухайн нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөх бөгөөд түүнийг холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэд заавал биелүүлнэ” гэж заасан.

Иймээс “Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн А/16 дугаар тогтоол хүчинтэй байгаа тул “Хадагтай” нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газарт Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах боломжгүй” гэсэн хариуг нэхэмжлэгч “М м” ХХК-д өгсөн болно.

Анх Ашигт малтмал, газрын тосны газраас албан бичиг ирүүлж, тухай солбицлоор хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох боломжтойг мэдэгдэж, санал авахад аймгийн Засаг дарга “Боломжгүй” гэсэн хариу хүргүүлсэн байдаг. Гэвч сонгон шалгаруулалт явагдаж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон байсан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн А/16 дугаар тогтоолыг илт хууль бус гэж тайлбарлаж байгаа ч энэ асуудал энд яригдахгүй, Хурлын Тэргүүлэгчид хариуцах асуудал” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангах үндэслэлтэй гэж үзэв.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч “М м” ХХК[1] нь байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулан, хайгуулын талбай байрших  Х-д хүргүүлсэн боловч Засаг дарга тус компанийн 2018 болон 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөнүүдийг батлахаас татгалзсан нь хууль бус болохыг тогтоолгож, эдгээр төлөвлөгөөнүүдийг батлахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч “М м” ХХК нь Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг дэвсгэрт Хатагтай гэх нэртэй 374.1 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг болох нь XV-021174 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, түүний 1, 2 дугаар хавсралтаар тогтоогдож байна. Тус компани нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс зарлан, 2018 оны 9 дүгээр сарын 29-ны өдөр явагдсан сонгон шалгаруулалтад орж шалгаран, Кадастрын хэлтсийн газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 782 тоот шийдвэрээр уг хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон гэж  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан.

Нэхэмжлэгч “М м” ХХК нь байгаль орчны менежментийн  төлөвлөгөө боловсруулж, уг төлөвлөгөөг батлуулахаар хариуцагч Х-д удаа дараа хандаж байсан болох нь тус компанийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 216/18, 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 28/19, 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 139/19, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 350/19 тоот албан бичгүүдээр, хариуцагч Жаргалтхаан сумын Засаг дарга Б.Ц- нь нэхэмжлэгч “М м” ХХК-ийн 2018, 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хариуцагчийн  2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн76 тоот албан бичиг зэргээр тус тус нотлогдож байна. Хариуцагч нь  “компанийн хүсэлтэд тухай бүр нь амаар хариу өгч  байсан, нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “хариу өгөөгүй” гэсэн нь үндэслэлгүй”  гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч “М м” ХХК нь хариуцагчийн дээд шатны байгууллага, албан тушаалтан Хэнтий аймгийн Засаг даргад 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн албан бичгээр гомдол гаргаж, 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 9/531 тоот албан бичгээр[2]  хариу авсан, нэхэмжлэгч нь хариуцагчийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн албан бичгийг хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй.

Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчид байгаль орчныг хамгаалах талаар хуулиар үүрэг хүлээлгэсэн байдаг.  Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.3-д, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь  “тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах”, “... төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах” үүрэгтэй гэж, 38 дугаар зүйлийн 38.2-т “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж тус тус заасан.  Нэхэмжлэгч “М м” ХХК нь хуульд заасан энэ үүргийн дагуу 2018, 2019 онуудад хариуцагч Жаргалтхаан сумын Засаг даргад хандаж, байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулах хүсэлт гаргахад хариуцагч нь уг төлөвлөгөөнүүдийг батлаагүй нь Ашигт малтмалын тухай хуулийн дээрх заалтуудтай нийцэхгүй байна.

Хариуцагч Жаргалтхаан сумын Засаг дарга Б.Ц нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа үндэслэл, шалтгаанаа, “тус компанид хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай нь Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн А/16 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан “Ундаргын булан” гэх газартай давхардсан, уг тогтоол хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байгаа” гэж тайлбарласныг шүүх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Улсын Их Хурлаас 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж,  хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шалгаруулалтын талбайг ялгах, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт гаргах, түүнийг бүртгэх журам, сонгон шалгаруулалт зохион байгуулах, тусгай зөвшөөрөл олгох тухай заалтуудыг шинэчлэн найруулж, зохицуулсан ба уг хуулийг 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн.

Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг дэвсгэрт орших Хатагтай гэх нэртэй 374.1 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт нь Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2017 оны хууль хүчин төгөлдөр дагаж мөрдсөн хугацаанд /2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш/ явагдсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал, Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 7/3748 тоот, Хэнтий аймгийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн 9/1159  тоот албан бичгүүд болон  2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр олгогдсон XV-021174 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, түүний 1, 2 дугаар хавсралт зэргээр нотлогдож байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д,  хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг Засгийн газар батлах, 17.4-т, төрийн захиргааны байгууллага Засгийн газраас баталсан талбайн солбицлын хүрээнд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг ялгаж, урилгыг нийтэд мэдээлэхээр зохицуулсан.

Хариуцагч Жаргалтхаан сумын Засаг дарга Цогт-Орших нь  XV-021174 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны А/16 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан “Ундаргын булан” гэх газартай давхардсан үндэслэл дурдаж, уг тусгай зөвшөөрлийг цуцлуулах  хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газарт 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 109 тоот албан бичгээр хүргүүлж, 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 7/251 тоот албан бичгээр[3] хариу авч байжээ.  Хариуцагч нь уг асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байна.  

Ашигт малтмал, газрын тосны газраас олгосон хайгуулын XV-021174 тоот  тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа нөхцөлд хариуцагч сумын Засаг дарга нь нэхэмжлэгч “М м” ХХК-ийн  байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 2018, 2019 онуудад батлаагүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.2 дахь заалтуудыг хэрэгжүүлээгүй, хууль бус эс үйлдэхүй байна. Хариуцагчийн энэхүү хууль бус эс үйлдэхүйн улмаас хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нэхэмжлэгч компанийн Ашигт малтмалын тухай хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна.

Иймд шүүх, нэхэмжлэгч “М м” компанийн 2018 болон 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөнүүдийг хариуцагч Жаргалтхаан сумын Засаг дарга батлаагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, эдгээр төлөвлөгөөнүүдийг батлахыг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц-,  “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 “к”-д, “нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай Засаг даргын саналыг хэлэлцэн шийдвэрлэх” эрхийг сумын Хурал хэрэгжүүлэхээр заасан, уг эрх хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар, Хурлын Тэргүүлэгчдэд олгогдоогүй, иймээс газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэсэн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны А/16 дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн  47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт заасны дагуу илт хууль бус акт” гэж тайлбарласан боловч уг асуудал нэхэмжлэлийн шаардлагад байхгүй тул шүүхээс тус А/16 дугаар тогтоолын талаар хууль зүйн дүгнэлт өгөх үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.4, 106.3.12-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.1.1, 38.1.3, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч “М м” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, тус компанийн 2018 болон 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөнүүдийг хариуцагч Х- батлаагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож,  нэхэмжлэгч “М м” ХХК-ийн 2018, 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөнүүдийг батлах ажиллагааг Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу хийж гүйцэтгэхийг хариуцагч Жаргалтхаан сумын Засаг дарга Б.Ц--д даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар, нэхэмжлэгч  “М м” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Засаг даргын ажлын алба-Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч  “М м” ХХК-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

4. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар, шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Н.БАЛЖМАА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

           

 

[1] Компанийн нэр хайгуулын тусгай зөвшөөрөл авах үед “Гүүд кэстл” байсныг дараа нь “Мета менежмент” болгож өөрчилсөн

[2] Хавтаст хэргийн 14-16 дугаар тал

[3] Хавтаст хэргийн 65-66 дугаар тал